Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 291

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Ё.*******гийн нэхэмжлэлтэй Л.*******эд холбогдох 4.890.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Л.*******ийн хүсэлтийн дагуу 3.260.000 төгрөг зээлэхээр болж, Л.******* нь өөрийн эхнэр И.*******ын нэр дээр зээлийн гэрээ байгуулан зээл авахыг хүссэн юм. Уг хүсэлтийн дагуу Л.*******ийн эхнэр И.*******тай 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3.260.000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүүгүй зээлдүүлсэн юм. Гэтэл Л.*******, И.******* нар нь зээлийг одоо болтол төлөхгүй байгаа бөгөөд зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүй, хамгийн сүүлд зээлээ төлүүлэхээр шаардахад 2015 оны 08 дугаар сард ажилд орсон, ажилд ороод 6 сар болохоор цалингийн зээл авах эрх үүсдэг тул 2016 оны 04 дүгээр сард зээл авч төлнө гэж 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захидал явуусан боловч одоо болтол зээлийг төлөлгүй намайг хохироож байна. Зээлийн гэрээний төлбөр 3.260.000 төгрөг, мөн гэрээний 3 дугаар зүйлд заасан гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэсний дагуу 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөөгүй алданги Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу 1.630.000 төгрөг, нийт 4.890.000 төгрөгийг И.*******, Л.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ё.*******гийн нэхэмжилсэн 4.890.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ё.******* нь Л.*******, И.******* нарт холбогдуулж 4.890.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч И.*******аас татгалзсан бөгөөд хариуцагч Л.******* нь Ё.*******гийн нэхэмжилсэн 4.890.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Ийнхүү хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ё.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 4.890.000 төгрөгийг хариуцагч Л.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 68.000 төгрөгийн 34.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 34.000 төгрөгийг, хариуцагчаас 34.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ