Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2024/00076

 

 

 

К.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2024/00473 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч ************* багт оршин суух Д овогт К.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **************багт оршин суух, Х овогт Ш.А-, хариуцагч ********* багт оршин суух Х овогт Х.Х-, хамтран хариуцагч ********** багт оршин суух Б овогт Х.Н- нарт холбогдох,

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ах дам ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хамтран хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч К.Д-, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир /цахим сүлжээгээр/, хамтран хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ак дам захаас Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Ш.А-ээс стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийг 14.000.000 төгрөгийг Ш.А-ийн ************* тоот данс руу шилжүүлэн худалдаж авсан. Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед Ак дам захын захирал болох талийгаач О.Ш-нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй.

1.2. Анх уг үл хөдлөх хөрөнгийг Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Д.Б, Д.Д нар өөрийн хөрөнгөөр стандарт блокоор сэлбэгийн дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийг Ш.А-д 8,000,000 төгрөгөөр худалдсан. 2017 онд миний бие уг дэлгүүрийг Ш.А-ээс 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгүүр анхнаасаа үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан. Ак дам захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй.

1.3. Мөн би 2020 онд Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Х.Х-аас Ак дам захад хүнд даацын сэлбэг зарж байсан 24 м.кв талбайтай стандарт блокоор барьсан дэлгүүрийг 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9,000,000 төгрөгийг дэлгүүрийн эзэн Х.Х-ын хүсэлтийн дагуу Х.Х-ын төрсөн ах болох Х.А-ийн Хаан банкны ************* тоот данс руу 9,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Дэлгүүрийг мөн адилхан 2007-2008 оны үед Ак дам захын захирал байсан талийгаач О.Ш-нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө барьж болох талаар зөвшөөрөхөд Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Б.Е нь өөрийн хөрөнгөөр үнсэн блокоор уг дэлгүүрийг барьж үйл ажиллагаа явуулсан. Б.Е- нь Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Т.А- үл хөдлөх дэлгүүрийг 3,000,000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Иргэн Т.А- нь уг үл хөдлөх хөрөнгийг дугуй засвараар үйл ажиллагаа явуулж байгаад Х.Х-ад 7,500,000 төгрөгөөр худалдсан. Х.Х- нь уг дэлгүүрийг хүнд даацын авто машины сэлбэгийн дэлгүүр болгож ажиллуулж байгаад 2020 онд дэлгүүрийг К.Д- надад 9,000,000 төгрөгөөр худалдсан. Одоо хүртэл барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.

1.4. Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна.

1.5. Ах-дам ХХК нь хариу тайлбартаа хүмүүст үл хөдлөхийн гэрчилгээ өгч байгаагүй, хэн ч гаргаж авч байгаагүй гэж тайлбарладаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ах-дам захад худалдаа эрхэлдэг 4 иргэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээ авсан байсан. Тиймээс хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбарууд нь үндэслэлгүй болох нь харагдаж байна. Үл хөрөнгө хэзээ бий болдог бэ гэх асуудал байгаа. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Харин газраас салгаж болох хөрөнгө бол эд хөрөнгө байдаг. Эд хөрөнгө дээр бүртгэл шаарддаггүй. Үл хөрөнгө Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхгүй. Харин үл хөдлөх хөрөнгө нь бий болгож, бүтээж, ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар үүснэ. Хөрөнгө хүний хөдөлмөрөөр бий болж, улмаар худалдагдаж, үл хөдлөх хөрөнгийн үнийг төлснөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжсэн.

1.6. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дэлгүүрийн зориулалттайгаар ашиглаж байгаа ба газрын төлбөрийг эзэмшигчид нь төлж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгүүд нь газраас салгаж үл болох хөрөнгө байгаа. Мөн уг газрын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

1.7. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ах дам ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч Ш.А-ийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие 2017 онд К.Д-ад 54 м.кв талбайтай үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14,000,000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй.

 

3. Хариуцагч Х.Х-ын тайлбар, татгалзал:

3.1. Миний бие Ак дам захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан Сергей гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-ад зарахдаа Ак дам захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх.

 

4.Хамтран хариуцагч Х.Н-ын тайлбар, татгалзал:

4.1. Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2024/00012 дугаартай тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч К.Д-аас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Х.Н- намайг тус хэрэг маргааны хамтран хариуцагчаар тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт тодорхой байх ёстой. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

4.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчилэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай А/353 дугаартай захирамжаар Акдам зах буюу худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 кв.метр газрын эрхийг надад шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Газар эзэмшигч дараах эрхтэй: ...35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан. Миний бие уг худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг Акдам захаас шилжүүлэн авсны дараа өмнөх 63 түрээслэгч нартай байгуулсан талбайн түрээсийн гэрээг цуцлахгүйгээр өмнөх нөхцөлтэйгөөр үргэлжлүүлээд түрээслэх байдлаар ашиглуулаад явж байгаа. Эдгээр түрээслэгч нарын нэг болох нэхэмжлэгч К.Д- нь талбайн түрээсийн төлбөрт төлбөл зохих хураамжаа сар бүр тогтмол төлж ирсэн, хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр талбайн түрээсийн төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан Талбайн түрээсийн гэрээ-ний 2.1.2-т Түр ашиглаж байгаа газрын эзэмших эрх нь АК-Дам ХХК-ийн мэдэлд байгаа учир үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, банкны барьцаанд тавих эрхгүй ба тухайн байрыг зориулалтын дагуу ашиглаж үйлчилгээ явуулж, ашиг олох эрхтэй", 2.1.9-д Энэхүү гэрээний хугацаанд байшингаа газрын хамт ашиглах эрхтэй бөгөөд гэрээ дуусгавар болоход газрыг чөлөөлж, байшинг буулгаж, нүүлгэх үүрэгтэй гэж заасан.

4.3. Хариуцагч Ш.А- 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...2017 онд К.Д-ад 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдаж авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Би зарахад уг дэлгүүрт үл хөдлөхийн гэрчилгээгүй 14,000,000 төгрөгөөр худалдсан гэжээ. Түүнчлэн, хариуцагч Х.Х- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Ак Дам захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-ад зарахдаа Ах дам захыг хариуцсан хүний хэлснийг хэлж өгсөн." гэжээ. Нэхэмжлэгч К.Д- нь 2017 онд түрээслэгч асан Ш.А-ээс 54 кв.м талбайтай барилгын материалын дэлгүүр, түрээслэгч асан Х.Х-аас 24 кв.м талбайтай сэлбэгийн дэлгүүрийг худалдаж авсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд талбайн түрээсийн хураамжаа төлж ирсэн, мөн энэ хугацаанд түрээсийн зүйлийн үр шимийг хүртэж ирсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой бус байна. Түрээслэгч асан Ш.А-ийн барьсан 54 кв.м талбайтай барилгын материалын дэлгүүр, түрээслэгч асан Х.Х-ын 24 кв.м талбайтай сэлбэгийн дэлгүүр барих эрх нь тус тус тэдгээртэй байгуулсан талбай түрээсийн гэрээнд заасан хугацаагаар хязгаарлагдах бөгөөд Ш.А-, Х.Х- нараас эдгээр барилгыг бусдад шилжүүлснээр уг барилга барих эрх дуусгавар болсон. Энэ нь хэргийн 6 дахь талд авагдсан Талбайн түрээсийн гэрээ-ний зорилго, нөхцөл зэргээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К.Д- нь газрын эзэмшигчээс барилга, байгууламж барих эрх олж аваагүй, хариуцагч Х.Н-аас нэхэмжлэгчид барилга байгууламж барих эрх олгоогүй юм. Дашрамд хэлэхэд, миний бие Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлж, 5120 м.кв бүхий газарт жил бүр 768,000 төгрөгийн төлбөрийг улсад төлж байгаа болно. Иймд нэхэмжлэгч К.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ак дам ХХК-ийн төлөөлөгч И.А-н тайлбар:

5.1. Ак дам ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай зах, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хойд талд нь байрлах 5120 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар иргэн Х.Н-ад шилжүүлэн эзэмшүүлсэн. Одоогоор тус газар нь иргэн Х.Н-ын эзэмшилд байгаа тул К.Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэрэгт тус компани нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

5.2. К.Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Ак дам ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй. Зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглуулж ирсэн болно. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан.

5.3. Ак дам ХХК-ийн зүгээс тухайн түрээслэгч нарын барьсан дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С-ийн тайлбар:

6.1. Миний бие Ак дам ХХК-ийн эзэмшил газраас ертөнцийн зүгээр урьд талын газраас тодорхой хэсгийг эзэмшихээр болж эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байна. К.Д- нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна. Уг газрыг одоо Х.Н- эзэмшдэг тул миний бие уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна. К.Д- болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд К.Д-ын нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

7.Хамтран хариуцагч болон Х.Н-ын сөрөг нэхэмжлэлд:

7.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчилсэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай А/353 дугаартай захирамжаар Акдам зах буюу худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 кв.метр газрын эрхийг Х.Н- надад шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Газар эзэмшигч дараах эрхтэй: ...35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан. Миний бие уг худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг Акдам захаас шилжүүлэн авсны дараа өмнөх 63 түрээслэгч нартай байгуулсан газар түрээслэх гэрээг цуцлахгүйгээр өмнөх нөхцөлтэйгөөр үргэлжлүүлээд түрээслэх байдлаар ашиглуулаад явж байгаа. Эдгээр түрээслэгч нарын нэг болох нэхэмжлэгч К.Д- нь сар бүр талбайн түрээсийн төлбөрт төлбөл зохих 250,000 төгрөгийн хураамжаа шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл К.Д- нь шүүхэд маргаан гаргаснаас хойш буюу сүүлийн 20 сарын хугацааны газрын түрээсийн төлбөрөө огт төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөгийг хариуцагч К.Д-аас гаргуулж өгнө үү.

 

8. Нэхэмжлэгч К.Д-ын хамтран хариуцагч Х.Н-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар:

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тооцогдох боломжгүй байна. Учир нь 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 мк.в талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр өөрийн биеийг тогтоолгох бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагатай түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн гэрээний төлбөр төлүүлэх, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага харилцан тооцогдох боломжгүй.

8.2. Өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар гаргасан нэхэмжлэлд газрын түрээсийн гэрээний төлбөрийн асуудлыг хольж хутган сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

8.3. Х.Н- сөрөг нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай А/353 тоот захирамжаар гэрчилгээг авсан гэжээ. Гэтэл миний бие болон Ахдам захад худалдаа эрхлэгч нэр бүхий иргэдийн нэхэмжлэлээр тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх хүртэл тус маргааныг түдгэлзүүлсэн болно. Иймд Х.Н-ыг тухайн маргааныг хянан шийдвэрлэж дуустал хууль ёсны газар эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй.

8.4. Иймд гэрээ цуцлах, газар чөлөөлөх, төлбөр нэхэмжлэх хууль ёсны эрх бүхий этгээд биш юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

9.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2024/00473 дугаар шийдвэрээр:

9.1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ах дам ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах тухай нэхэмжпэлийг, сөрөг нэхэмжлэгч Х.Н-ын газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

9.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Х.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 /нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

10.1. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-д Иргэний хуулийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, мөн хуулийн 4.2-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р багийн нутаг дэвсгэрт хариуцагч Х.Нурлболатын эзэмшлийн Ах дам захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр нэхэмжлэгч К.Дөпутатыг тус тус тогтох үндэслэл тогтоогдохгүй байна" гэжээ. Тус үл хөдлөх хөрөнгүүд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан бол хуулийн дээрх заалтыг хэрэглэж болох бөгөөд ер нь нэхэмжлэгч шүүхэд өөрийн хөрөнгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах ямар ч шаардлага байхгүй юм. Гэтэл бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргаагүй хөрөнгийн тухайд тухайн хөрөнгийг өөрийн хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Иргэний хуулийн 9.4.8-д Иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох" гэж заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хүсэж шүүхэд хандсан. Иймд шүүх Иргэний хуулийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1, 4.2-д заасныг хэрэглэх ёсгүй байсан.

10.2. Харин Иргэний хуулийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан. Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан.

К.Д- нь бетон суурьтай өрлөг бүтээц бүхий үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийн 54 м.кв байшинг иргэн Ш.А-ээс 2017 онд 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. 2020 онд Х.Х-аас мөн бетон суурь өрлөг бүтээц бүхий 24м.кв талбайтай машины сэлбэгийн дэлгүүрийг 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар худалдаж авсан цагаас хойш тус үл хөдлөх хөрөнгүүдэд өнөөдрийг хүртэл барилгын материалын дэлгүүр, сэлбэгийн дэлгүүр ажиллуулж байна. Тус хугацаанд аливаа этгээдээс тухайн хөрөнгийн талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй өнөөдрийг хүрсэн. К.Д- тус хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгч мөн. Иргэний хуулийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх төлбөрийг төлснөөр К.Д-ад үүссэн.

Тус дэлгүүрийн барилгыг анх Д.Б, Д.Д нар барилгын материал, хөдөлмөр хүчийг шингээж бий болгосон тэр үеэс Иргэний хуулийн 83.1-д зааснаар хөрөнгө бий болсон. Харин тус хөрөнгийг дараагийн худалдан авагч нар болох Ш. А- худалдан авснаар Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу хөрөнгийн өмчлөх эрх Ш.А-д шилжсэн хожим Ш.А- мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу К.Д-ад худалдаж К.Д- төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг авсан. 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн байшингийн хувьд ч анх барьж Б.Е- байгуулсан үеэс хөрөнгө болж хожим Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдан авагч өмчлөгч нар болох Т.А-, Х.Х- нар өмчлөх эрх шилжсэн. Үүнийг мөн адил К. Д-ад мөнгийг төлж худалдан авснаар өмчлөх эрх К.Д-ат үүссэн.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, төлбөр шилжүүлсэн дансны хуулга байшинг шилжүүлэн авч зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа зэргээр нотлогдоно.

10.3. Иргэний хуулийн Иргэний хуулийн 84.1-д Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ гэж заасан. 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна мөн хуулийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан.

Тус эд зүйлсийг бүтээж бий болгосноор эд юмс болох бөгөөд түүнийг эзэмшилдээ авснаар эд хөрөнгө болно. Газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгө гэнэ. Үл хөдлөх хөрөнгө газартай салшгүй байдлаар барьж байгуулж зориулалтын дагуу ашиглах боломжтой болсноор үл хөдлөх эд хөрөнгө болно. Харин тийнхүү бий болсон үл хөдлөх хөрөнгө нь өөрөө хэлцэл гэрээний зарчмаар бусдад худалдагдах боломжтой.

10.4. ИХШХШТХ-д заасан зарчмыг зөрчсөн. Иргэний эрх зүйн нэгэнт бий болсон харилцааг төр бүртгэж баталгаажуулдаг болохоос бүртгэл нь өөрөө иргэний эрх зүйн харилцааг бий болгодоггүй. Гэтэл шүүхийн шийдвэр бүртгэл анхдагч бөгөөд зөвхөн улсын бүртгэлээр хөрөнгө бий болдог мэтээр дүгнэлт хийсэн зарчмын шинжтэй ноцтой алдаа байна. Мөн шүүх шийдвэрээрээ хөрөнгө бий болгодоггүй. Зөвхөн бодитоор хөрөнгө бий болгосон иргэний эрх зүйн харилцаа болсныг нотлох баримтаар тогтоосны үндсэн дээр баталгаажуулдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт газар эзэмших эрх Ах дам захын эзэмшилд байгаа бөгөөд ИХ-ын 150.1-д зааснаар Ах дам захаас газарт барилга барих эрх олгосон талаарх баримт байхгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл тус тохиолдолд бичгийн баримт олдохгүй байгаа боловч анх 2007 онд тус газарт байшин бариулсан түүнээс хойш 15 жил тус байшинд бусад этгээд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Ах дам захаас гомдлын шаардлага гаргаагүй. Иймд Ах дам зах тус нийтэд илэрхий үйл баримтын талаар маргаагүй тул бодит үйл баримтаар зөвшөөрөл өгсөн гэж тооцож болно.

10.5. Иргэний хуулийн Иргэний хуулийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан мөн хуулийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу тус байшингууд 15 жил бусдын эзэмшил, ашиглалтад байсан тул тэргүүн ээлжид өмчлөх эрхийг баталгаажуулах эрхтэй этгээд бол нэхэмжлэгч мөн.

10.6. Тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг төрөөс баталгаажуулсан баримт бичиг байхгүй /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/ байхгүй, газар эзэмшигч /Ах дам зах/-ын зүгээс анх өөрийн газарт бусад этгээдийг өөрийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгө барих эрх боломжийг олгож /2007, 2008/ бариулсан, өнгөрсөн цаг хугацаанд тус үл хөдлөх хөрөнгийн газар дээр нь оршин буй асуудлаар аливаа гомдол гаргаагүйгээрээ хүлээн зөвшөөрсөн атал одоо нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах газар эзэмшигчийн зөвшөөрлийг бичгээр гаргаж өгөхгүй байгаа тул тус эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ шүүхийн журмаар тогтоолгож эрхээ баталгаажуулахаас өөр арга зам нэхэмжлэгчид байхгүй. Тус байшингууд үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь маргаагүй үйл баримт бөгөөд түүнийг худалдах, худалдан авах хэлцлээр худалдан авч өмчлөгч нь К.Д- болсон гэдэг нь бодит, тодорхой үйл баримт. Харин тус өмчлөх эрхээ баталгаажуулах баримт дээр дурдсан нөхцөл байдлын улмаас байхгүй учраас шүүхийн журмаар өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандсан.

10.7. Мөн талууд худалдан авах гэрээний харилцааны үндсэн дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж худалдсан одоогийн өмчлөгч нь К.Д- мөн гэдэгт маргаагүй байхад шүүх зохигчдын маргаагүй асуудал болох Ах дам захын газар эзэмших эрх болон шаардлагын агуулгаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ- ын 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан мэтгэлцэх зарчим болон шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх, хөндлөнгийн байх гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна.

10.8. Улсын дээд шүүхийн 2024.01.04-ны өдрийн 12 тоот тогтоолын 11-д зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаар маргаагүй, түүний эрхийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй буюу түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байна... улмаар хариуцагчийг зөв тогтоосноор шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох боломжтой болохоос гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдэх юм гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11-р баг Ахдам захын дотор байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус өөрийн биеийг тогтоолгох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах гэж нэмэгдүүлж хамтран хариуцагчаар Х.Н-ыг татсан.

Газар эзэмшигч Ах дам ХХК болон түүний газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан Х.Н- нарын хувьд Ах дам захад үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа эрхлэгч нар ялгавартайгаар хандаж байна. Тухайлбал К.Д-тай зэрэгцээ худалдаа эрхлэгч ижил нөхцөл байдалд байгаа иргэн Ж.Ш, Х.М нар үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргаж өгсөн атлаа К.Д-ын барилгын материалын дэлгүүр, авто сэлбэгийн дэлгүүрийн хөрөнгүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад газар эзэмшигчийн зүгээс зөвшөөрөл өгөхөөс татгалзаж эрхийг нь хязгаарлах зүй ёсны шаардлага байхгүй бөгөөд шударга бус үйлдэл юм.

10.9. Харин газар эзэмшигч болон түүний дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарын хоорондын харилцаа талуудын хооронд байгуулсан Талбайн түрээсийн гэрээ-ээр цаашид зохицуулагдаад явах бүрэн боломжтой юм.

10.10. Иймд Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2024.05.08-ны өдрийн 473 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

11. Хамтран хариуцагч Х.Н-ын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

11.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2024/00473 дугаартай шийдвэрээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

11.2.Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2024/00012 дугаартай тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч К.Д-аас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

11.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч К Д-аас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах" гэсэн нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасныг ноцтой зөрчсөн явдал болсон.

11.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчилсэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай А/353 дугаартай захирамжаар Акдам зах буюу худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 к.м газрын эрхийг Х.Н-ад шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Түрээслэгч асан Ш.А-ийн барьсан 54 кв.м талбайтай барилгын материалын дэлгүүр түрээслэгч асан X.Х-ын 24 кв.м талбайтай сэлбэгийн дэлгүүр барих эрх нь тус тус тэдгээртэй байгуулсан талбай түрээсийн гэрээнд заасан хугацаагаар хязгаарлагдах бөгөөд Ш.А-, X Х- нараас эдгээр барилгыг бусдад шилжүүлснээр уг барилга барих эрх дуусгавар болсон. Энэ нь хэргийн 6 дахь талд авагдсан Талбайн түрээсийн гэрээ-ний зорилго. нөхцөл зэргээр нотлогдоно.

Талбайн түрээсийн гэрээ-ний 2.1.2-т Түр ашиглаж байгаа газрын эзэмших эрх нь АК-Дам ХХК-ийн мэдэлд байгаа учир үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх банкны барьцаанд тавих эрхгүй ба тухайн байрыг зориулалтын дагуу ашиглах үйлчилгээ явуулж, ашиг олох эрхтэй. 2.1.9-д Энэхүү гэрээний хугацаанд байшингаа газрын хамт ашиглах эрхтэй бөгөөд гэрээ дуусгавар болоход газрыг чөлөөлж, байшинг буулгаж, нүүлгэх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К.Д- нь газрын эзэмшигчээс барилга, байгууламж барих эрх олж аваагүй, хариуцагч Х.Н-аас нэхэмжлэгчид барилга байгууламж барих эрх олгоогүй юм.

11.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Газар эзэмшигч дараах эрхтэй. 35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно" гэж заасан.

11.6. Хамтран хариуцагч Х.Н- уг худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг Акдам захаас шилжүүлэн авсны дараа өмнөх 63 түрээслэгч нартай байгуулсан газар түрээслэх гэрээг цуцлахгүйгээр өмнөх нөхцөлтэйгөөр үргэлжлүүлээд түрээслэх байдлаар ашиглуулаад явж байгаа. Эдгээр түрээслэгч нарын нэг болох нэхэмжлэгч К.Д- нь сар бүр талбайн түрээсийн төлбөрт төлбөл зохих 250,000 төгрөгийн хураамжаа шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл К.Д- нь шүүхэд маргаан гаргаснаас хойш буюу сүүлийн 20 сарын хугацааны газрын түрээсийн төлбөрөө огт төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

11.7. Иймээс Х.Н- нь газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөгийг хариуцагч К.Д-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлуудыг анхаарсангүй.

11.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2024/00473 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

12. Хамтран хариуцагч өмгөөлөгч А.Серикжан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хамтран хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэгч К.Д- нь нэхэмжлэлийн шаардлагаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ах дам ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах тухай гэж тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие Ш.А-ээс 54 м.кв барилгын материалын дэлгүүр, Х.Х-аас 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Ак дам захаас худалдаж авсан дэлгүүрийг 2007-2008 оны үед тус захын захирал байсан талийгаач О.Ш-нь энэ захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй. Ак дам захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй. Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ах дам ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгаж өгнө үү. гэж тайлбарлажээ.

 

14. Хариуцагч Ш.А- нь Миний бие 2017 онд К.Д-ад 2017 онд 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14000000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй гэж тайлбарлажээ.

 

15. Хариуцагч Х.Х- нь Миний бие Ак дам захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан Сергей гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-ад зарахдаа Ак дам захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн гэж тайлбарлажээ.

 

16. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.********* нь ...Ак дам ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно гэж,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С- нь К.Д- нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна. Уг газрыг одоо Х.Н- эзэмшдэг юм. К.Д- болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд К.Д-ын нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж,

17.Хамтран хариуцагч Х.Н- нь ... Ак дам ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглуулж ирсэн болно. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан. Ак дам ХХК-ийн зүгээс тухайн түрээслэгч нарын барьсан дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно. гэж эс зөвшөөрч, Газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

18. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар болон зохигчийн тайлбараар:

- нэхэмжлэгч К.Д- нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ш.А-ээс Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ак дам зах дотор буюу бусдын эзэмшил газарт стандарт блокоор барьсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүрийг 14,000,000 төгрөгөөр, 2020 онд Х.Х-аас Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ак дам зах дотор, мөн бусдын эзэмшил газарт стандарт блокоор барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан,

- нэхэмжлэгчийн хариуцагч нараас худалдаж авсан дэлгүүрийн барилга буюу хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй,

- дээрх хоёр дэлгүүрийн байрлаж буй газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар хамтран хариуцагч Х.Н-ад үргэлжлүүлэн 35 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

 

19. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ах дам ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

19.1. Нэхэмжлэгч К.Д-ын хариуцагч Ш.А-ээс худалдаж авсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, хариуцагч Х.Х-аас худалдаж авсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөх эрхийн талаар хэн нэгэн маргаагүй боловч тэрээр түүнийг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох учраас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мөн болохыг тогтоолгох талаар нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа дурддаг боловч тухайн дэлгүүрүүд анх Ах дам захын эзэмшил газарт, одоо хамтран хариуцагч Х.Н-ын хууль ёсоор эзэмшиж буй газарт баригдсан, К.Д- нь анх тухайн дэлгүүрийн барилгуудыг Ш.А-, Х.Х- нараас худалдаж авах үед тэдгээр хөрөнгүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаагүй, бусдын эзэмшил газарт баригдсан барилга, байгууламжуудыг худалдаж авсан нь зохигчийн тайлбар болон гуравдагч этгээдийн тайлбар, түрээсийн гэрээ, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

19.2. Хэдийгээр нэхэмжлэгч К.Д-ын Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ак дам зах дотор, гуравдагч этгээд Х.Н-ын хууль ёсоор эзэмшиж буй газарт байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус тухайн барилгуудын байрлаж буй газар бусдын эзэмшилд байгаагаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч тэрээр тухайн хоёр дэлгүүрийн барилгыг Ш.А-, Х.Х- нараас худалдаж авсан нь тогтоогдсон, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзгаагүй, тухайн дэлгүүрүүдийн барилгыг түүнд худалдсан болохоо үгүйсгээгүй, нэхэмжлэгч К.Д-ын тухайн дэлгүүрийг өмчлөх эрхийг хариуцагч нар зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул бусдын эзэмшил газарт баригдсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

20. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ах дам ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

20.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай нэгж талбарын 8312023363 дугаартай газрыг хамтран хариуцагч Х.Н- 35 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *********** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

20.2. Нэхэмжлэгч К.Д- нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ш.А-ээс Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ак дам зах дотор буюу бусдын эзэмшил газарт барьсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүрийг 14,000,000 төгрөгөөр, 2020 онд Х.Х-аас Ак дам зах дотор, мөн бусдын эзэмшил газарт барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авахдаа анхнаасаа уг дэлгүүрүүд бусдын эзэмшил газарт баригдсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, бүртгэлгүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан, тухайн үед уг дэлгүүрүүдийг худалдаж авсны дараа Ак дам ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

20.3. Хэдийгээр нэхэмжлэгчийн 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрүүд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, бусдын эзэмшил газарт баригдсан талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй газартай холбоотой бичиг баримт шаардлагатай байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд дараах мэдээллийг тусгана., 10.3.1. газрын эрх олгосон шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, хугацаа., 10.3.2.нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, зориулалт, хаяг, байршил., 10.3.3.газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт., 10.3.4.тухайн нэгж талбар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, ашиглалтад орсон он, сар, өдөр, үнэ. зэрэг мэдээллийг тусгасан бичиг баримтыг үндэслэж улсын бүртгэлд бүртгүүлэхээр байна.

20.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Нэхэмжлэгчийн 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрүүд нь бусдын эзэмшил газарт баригдсан өөрийн гэсэн газаргүй, түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа үйл баримт зохигчдын тайлбар, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *********** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар бүрэн тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

 

21. Нэхэмжлэгчийн 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрүүд байрлах газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, хамтран хариуцагч нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх зөрчигдөж, ашиг сонирхол нь хөндөгдсөн болон хохирсон байдал тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч талын хууль ёсны эрх хариуцагчийн дээрх үйл ажиллагаанд өртсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч тухайн маргаан бүхий, хамтран хариуцагчийн хууль ёсоор, зохих зөвшөөрлөөр эзэмшиж, ашиглаж байгаа газрыг өөрийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд шилжүүлж аваагүй учир тухайн газрыг эзэмших, ашиглах субьектив эрх хөндөгдөөгүй, өөрийн өмчлөл, хууль ёсны эзэмшлийн бус газартай холбоотой баримтыг бусдын хууль ёсны эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

22. Хамтран хариуцагчийн гаргасан газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

22.1. Нэхэмжлэгч К.Д- нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ш.А-ээс Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Ак дам зах дотор буюу бусдын эзэмшил газарт барьсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүрийг 14,000,000 төгрөгөөр, 2020 онд Х.Х-аас Ак дам зах дотор, мөн бусдын эзэмшил газарт барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авч 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ак дам ХХК-ийн захирал Ш.*********тай түрээсийн гэрээ байгуулж, сар бүр 250.000 төгрөг төлөхөөр тохиролцож түрээсийн төлбөрийг Ак дам ХХК-д болон хамтран хариуцагч нарт 2023 оны 03 дугаар сар хүртэл төлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга, түрээсийн гэрээний захын хураамж төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

22.2. Нэхэмжлэгч К.Д-ын Ак дам ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Талбайн түрээсийн гэрээ-ний зорилго нь энэхүү гэрээний 1.1-д зааснаар ...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд байрлах Ак дам захын эзэмшилд байгаа газрыг түр ашиглан явуулж байгаа түрээслэгч /нэг талаас К.Д-/, нөгөө талаас түрээслүүлэгч /Ах дам ХХК/ нарын хооронд үүссэн харилцааг зохицуулна гэсэн байна. Уг талбайн түрээсийн гэрээгээр Ак дам ХХК нь үйлчилгээ явуулж байгаа түрээслэгч (нэхэмжлэгч К.Д-)-д тодорхой хугацаатай газар түр ашиглах эрхийг тус гэрээгээр өгч, үйлчилгээ хийх боломжийг бүрдүүлсэн, мөн түр ашиглаж байгаа газрын эзэмших эрх нь Ак дам ХХК-ийн мэдэлд байгаа учир ҮХЭХ-ийн бүртгэлд бүртгүүлэх, банкны барьцаанд тавих эрхгүй ба тухайн байрыг зориулалтын дагуу ашиглаж үйлчилгээ явуулж, ашиг олох эрхтэй болох нь Талбайн түрээсийн гэрээ-ний 2.1.2, 2.2.1, 2.2.3 дугаар заалтад тодорхойлжээ.

22.3. Талбайн түрээсний гэрээний хугацааг талууд 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэлх нэг жилийн хугацаагаар тогтоож цаашид сунгаж байхаар заасан ба гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ак дам ХХК-ний эзэмшлийн 5120 м.кв газрыг хамтран хариуцагч Х.Н-ад шилжүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *********** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 35 жилийн хугацаагаар эзэмшжээ. Энэ хугацаанд нэхэмжлэгч К.Д- нь түрээсийн төлбөрийг хамтран хариуцагч Х.Н-ад төлж байсан нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн маргаан үүсэх хүртэл түрээсийн төлбөрөө төлсөн маргаан үүссэнээс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй гэх тайлбараар нотлогджээ.

 

23. Энэхүү талбайн түрээсний гэрээ нь бусдын өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрх олгосон гэрээ биш түрээсийн гэрээ болох нь түрээсийн гэрээний холбогдох заалтуудаар тодорхойлогдож байна. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна. гэж заасан ба талбайн түрээсийн гэрээний 2.1.2-д түр ашиглаж байгаа газрын эзэмших эрх нь Ах дам ХХК-ийн мэдэлд байгаа учир ҮХЭХ-ийн бүртгэлд бүртгүүлэх, банкны барьцаанд тавих эрхгүй ба тухайн байрыг зориулалтын дагуу ашиглаж үйлчилгээ явуулж, ашиг олох эрхтэй гэж зааснаас үзэхэд тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авах эрхийг олгоогүй байна. Дээрх гэрээг бусдын өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрх олгосон гэрээ биш түрээсийн гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

24. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай захирамжаар Ак дам ХХК-ийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 5310 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 м.кв газрын эрхийн гэрчилгээг Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч ************** регистртэй Б овогт Х.Н-ад ... шилжүүлж өмнөх зориулалтаар үргэлжлүүлэн 35 жилийн хугацаатай эзэмшүүлсэн тухай эрхийн акт гарсан боловч сөрөг нэхэмжлэгч Х.Н- нь хариуцагч К.Д- нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч К.Д- нь Ак дам ХХК-ийн захиргаатай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Талбайн түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байх ба энэхүү гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Гэтэл сөрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү гэрээ үргэлжилж байгаа, гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч сөрөг нэхэмжлэгч Х.Н- нь хариуцагч К.Д- нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

25. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ. Нэхэмжлэгч К.Д- нь хамтран хариуцагч Х.Н-ад Ак дам ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл төлбөр төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

26. Нэхэмжлэгч К.Д- нь маргаан гарсны дараа түрээсийн төлбөр төлөөгүй гэж тайлбарлах боловч өнөөдрийг хүртэл Ак дам захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүртээ үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байх тул түрээсийн гэрээг сунгагдсан гэж үзэхээр байна. Нэгэнт нэхэмжлэгч Ак дам захад үйл ажиллагаа явуулж гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж байх тул гэрээнд заасан төлбөрөө төлөх нь шударга ёсны зарчид нийцнэ.

 

27. Нэхэмжлэгч К.Д- нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 20 сарын хугацааны төлбөр болох 5.000.000 төгрөгийг /сарын 250.000 төгрөг/ төлөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

28. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-д Газар буюу эрх түрээслэх гэрээний хугацааг талууд тогтоогоогүй бол гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно. гэж, 320.4.Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална. гэж зааснаас үзэхэд хамран хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Х.Н- нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-д заасан журмыг зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

29. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 20 сарын түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хамтран хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлоос түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

30. Анхан шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 130/ШШ2024/00473 дугаартай шийдвэрийг гаргахдаа шийдвэрийн огноог 2023 гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

31. Хамтран хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 төгрөгөөс 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хамтран хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 төгрөгөөс 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 130/ШШ2024/00473 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 318 дугаар зүйлийн 318.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсгийг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Ак дам захад байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-ад даалгах тухай, газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 20 сарын түрээсийн төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, К.Д-аас 5.000.000 төгрөг гаргуулан Х.Н-ад олгосугай гэж,

2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Х.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, К.Д-аас 94.950 төгрөг гаргуулан Х.Н-ад олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээж, хамтран хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын давж заалдах гомдлын тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хамтран хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 төгрөгөөс 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж А.Серикжанд буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ Д.КӨБЕШ