Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 517

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        05           30                                     2019/ШЦТ/517

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Т.Жавхлантөгс;

шүүгдэгч: Б.Даваасамбуу (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Баян эрхт овогт Бямбажавын Даваасамбууд холбогдох эрүүгийн 1909011570501 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Баян-Эрхт трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 дүгээр байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НЭ86081174 регистерийн дугаартай, Баян эрхт овогт Бямбажавын Даваасамбуу.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Даваасамбуу нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Түмэн” караокед 2019 оны 03 дугаар сарын 15-ны шөнө иргэн М.Мөнхтулгын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваасамбуу мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Мөнхтулга /хх-ийн 6-7/, гэрч А.Мөнхбаяр /хх-ийн 8-9, 16/, Б.Дөлгөөн /хх-ийн 14-15/, Б.Болор-Эрдэнэ /хх-ийн 18/ нарын мэдүүлэг, Б.Даваасамбуугийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 10-12, 30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3434 тоот дүгнэлт /хх-ийн 20/, Б.Даваасамбуугийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-54/, хохирогч М.Мөнхтулгын хүсэлт /хх-ийн 63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Номин нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах нийтийн байранд Д.Цэгмэдийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч М.Мөнхтулгын /хх-ийн 6-7/:“... 2019 оны 03 дугаар сарын 15-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Түмэн” караокед манай найзын төрсөн өдөр болоод бид олуулаа орсон. 3, 4 цаг өнгөрөөд уг караокеноос гарахад зөөгч нь тооцооноос илүү мөнгө бид нараас нэхсэн. ... илүү мөнгө нэхээд байхаар нь кармаанд байсан цэвэр усны 0,33 литрийн жижиг усыг мөнгө нэхээд байсан зөөгч рүү шидсэн боловч оноогүй. Тэгсэн цаанаас нэг эрүүндээ сахалтай, бага зэргийн мираатай залуу гарч ирээд над руу орилоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр залуу гэнэт гартаа пивоны шил хагалаад миний нүүрний зүүн шанаа орчим зоогоод эргүүлсэн. Би “чи яасан сонин залуу вэ, яаж байгаа юм бэ” гэж хэлээд салцгаасан. Миний нүүр, амнаас их хэмжээний цус гойжоод түргэн тусламж дуудаад гэмтэл рүү явж зүүн нүүрний шанаанд 2 газарт оёдол тавиулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Мөнхбаярын /хх-ийн 8-9/: “... 2019 оны 03 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын үед гаднаас 15 хүн орж ирээд манай караокены 7 номерын өрөөнд орсон. Анх орохдоо “хөнгөлөлт байгаа юу” гэхээр нь “2 цагт 1 цаг үнэгүй” гэж хэлсэн. Ингээд үйлчлүүлж байгаад 04 цаг 30 минутын үед тухайн өрөөнд орсон хүмүүс гараад тооцоогоо хийх үед би андуурч караокены гурван цагийн мөнгө бичсэн байсан. Тэгтэл тооцоо хийсэн гурван ах над руу дайрч “чи мөнгө идэх гэлээ, хоёр цагт нэг цаг үнэгүй гэж хэлсэн биз дээ” гэхээр нь би санаад “уучлаарай ахаа нэг цагийг чинь нэмээд бичсэн байна” гээд илүү авсан нэг цагийн мөнгөө буцаагаад өгсөн. Тэгтэл “чи үл тоолоо” гээд гурвуулаа над руу дайрч эхлээд нэг нь хоосон усны сав над руу шидсэн. Тэгтэл хоёр дахь эрэгтэй дүүрэн устай 0,5 литрийн цэвэр ус над руу шидэх үед миний зүүн нүдийг онож гэмтэл учруулсан. Тэгтэл манай танил Даваасамбуу гарч ирээд “юу болсон юм” гэхээр нь юу болсон талаараа хэлчхээд ариун цэврийн өрөөнд ороод гарч иртэл Даваасамбуу ах нөгөө хүмүүстэй маргалдсан байсан. Тэгтэл төд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Дөлгөөний /хх-ийн 14-15/: “... 2019 оны 03 дугаар сарын 15-ны шөнө... пиво авсан залуу текний тавиур дээр авсан пивоо хагалаад Мөнхтулгын хацар руу далайгаад зүүн хацарны доод хэсэг болон хацрыг нь зүссэн. Мөнхтулгын хацраас их хэмжээний цус гарсан. Би очиж тухайн залуугийн гараас хагархай пивоны шилийг авч шидээд холдуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Даваасамбуугийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11-12, 30-31/: “... нөгөө залуу намайг цохих гээд над руу дайраад ирэхээр нь өөрөөсөө холдуулах гээд түлхтэл текний тавцан дээр байсан хагархай пивоны шил гарт таархаар нь тэр залуугийн зүүн шанаан тус газрыг зүсчихсэн...” гэх мэдүүлгээр,

 

М.Мөнхтулгын биед “... зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүсэгдсэн шарх” бүхий мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3434 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Даваасамбуугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Даваасамбуугийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч М.Мөнхтулгын “...сайн дураараа эвлэрсэн, ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Даваасамбууг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасамбуу нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баян эрхт овогт Бямбажавын Даваасамбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасамбууг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасамбуу торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваасамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ