Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2024/00077

 

 

 

 

Х.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч А.Жархынгүл, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *********** багт оршин суух Ш овогт Х.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ********** багт оршин суух Н овогт А.А-д холбогдох,

Гэм хорын хохирол 1,979,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Х.М-, хариуцагч А.А- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Миний бие ************** тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг.

1.2. Уг байрыг 2020 онд 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгөөр худалдан авсан бөгөөд анх худалдан авах үед заал, унтлагын өрөө, угаалтуурын өрөөнүүдэд иж бүрэн засвар хийж паркетан шал, ханын обой, таазны абажур, унтлагын, угаалгын өрөөнүүдийн хаалга, гэрлийн унтраалга, розетка, суултуур, халуун усны ванн, гар нүүрний угаалтуур, хаалтын пар зэргийг өөрийн хөрөнгөөр шинээр хийсэн.

1.3. 2023 оны 10 дугаар сард дээд давхрын айлын тагтнаас ус гоожиж тухайн үед дээд айлд очиж мэдэгдэн шалтгаан нөхцөлийг тайлбарлаж гэрийн эзэнд нь хэлж сануулсан. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин ус алдаж миний өмчлөлийн байрны хаалганы баруун булангийн тааз, унтлагын өрөөний хойд хананы тааз, тагтнаас маш их хэмжээний ус гоожиж тагтанд байсан эд хөрөнгөд хохирол учирч, тухайн үед унтлагын өрөөний таазанд ус шингэсний улмаас унтлагын өрөөний хоёр абажур шатсан.

1.4. Өвлийн улирал эхэлж байранд ус алдаж, эд хөрөнгийн хохирол учирсны зэрэгцээ удаа дараа хэлж мэдэгдээд, мэргэжлийн байгууллагуудаар үнэлэлт, дүгнэлт гаргуулсаар байхад биднийг үл тоомсорлон өрөөндөө биеийн тамирын дасгал хийж техник хэрэгслүүдийг дур мэдэн хаяж шиддэгээс болж таазны абажурын адаптор гэмтэл авч гэрэл нь удаа дараа шатаад байна.

1.5. Мөн шөнийн цагаар хүүхдүүдээр бөмбөг тоглуулж доромжилдог, үг хэлээр дарамталдаг зэргийг бид байрны Эрчим-48 айл группт эхнэр Х.С тэмдэглэснээр бичиж авсан бөгөөд тэдгээрийн үр дүнд манай гэр бүлд санхүүгийн болоод маш их хэмжээний сэтгэл санааны дарамт учруулсан. Үүний улмаас миний бие толгой, зүрхний хэсгээр өвдөлт өгч түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэснээс гадна уг этгээд хэл амаар доромжилсноос болж цагдаа дуудсан явдал болсон. Өөрөө хуульч мэргэжилтэй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст улсын байцаагчаар ажилладаг ч иймэрхүү ёс бус үг үйлдэл хийж ирсэн нь харамсалтай.

1.6. Тухайн ус алдсан өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын мэргэжилтэн н.Еркешт утсаар дуудлага өгсний дагуу ирж үзэж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 904 дугаартай тушаалаар баталгаажсан дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч М.Дауренбект 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргаж өгсний дагуу М.Дауренбек биеэрээ ирж үзэж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7-03/1121 дугаартай дүгнэлт гаргаж өгсөн. 7 дугаар давхар 41 тоот айлын буруугаас болж миний өмчлөлийн орон сууцны тагт, өрөөнүүдийн тааз, эд хөрөнгөд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргаж өгсөн юм.

Иймд 7 дугаар давхар 41 тоот айлын надад учруулсан хохирлыг дараах хүснэгтээр тоймлон хүргүүлж байна. Үүнд:

Худалдан авалт хийсэн байгууллага, дэлгүүр

Худалдан авсан барааны нэр

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Дизайн абажур материалын дэлгүүр

Унтлагын өрөө уналттай модон абажур тус бүрийн үнэ 350.000 төгрөг хоёр ширхэг

700,000 төгрөг

2

Дизайн абажур материалын дэлгүүр

Үүдний гоёлын лед абажур

200,000 төгрөг

3

Оргил барилгын материалын дэлгүүр

Дөрвөлжин лед гурван эгнээтэй абажур

480,000 төгрөг

4

Бек-Импекс ХХК (Пи си молл)

SDA (Small Domestic Appliances)-Тоос сорогч

599,000 төгрөг

5

Нийт дүн

1,979,000 төгрөг

 

1.7. Иймд 7 давхар 41 тоот айлын буруутай үйл ажиллагааны улмаас надад учруулсан хохирол 1,979,000 /нэг сая есөн зуун далан есөн мянган/ төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нөхөр Ж.Ав бид хоёр 2016 оны 6 дугаар сард Эрчим 48 айлаас 41 тоот 76 м.кв бүхий 2 өрөө байрыг худалдан авч өдий хүртэл 8 дахь жилдээ амьдарч байна.

2.2. Жилийн жилд байр өвөлдөө дулаахан байдаг болохоор унтлагын өрөөний 2 паарны зөвхөн 1 паарыг ажиллуулдаг байсан. Энэ жил бид нялх хүүхэдтэй болсон. 2023 оны 12 дугаар сарын 16-17-ны үеэр байх гадаа маш их хүйтэрсэн. Нөхөр Ав- хөдөө ажлаар явсан байсан. Унтлагын өрөө сэрүүсэж нялх хүүхэд маань ханиад хүрч өвдсөн болохоор унтлагын өрөөний тагтны хажуудах паарны хаалтыг нээж ажиллуулсан бөгөөд маргааш өдөр нь доод айлын эхнэр Эрчим-48 айлын нэгдсэн группт маргаан гаргаж нөхөр М- нь ирж тагтнаас ус дусаж байна гэж хэлсэн. Хөдөөгөөс нөхөр маань ирсэн байсан тул доод айлд очиж үзээд тагны аваарын гарцын хаалганы завсраас ус дуссан юм байна эвдэж гэмтсэн юм байхгүй байна гэж хэлсэн.

2.3. Манай өрөөний паар цоороогүй, ус алдаагүй, тагтанд паар халаалт, ус байхгүй байхад ямар учиртай юм бол гэж би гайхсан. Тэгэхэд сүүлийн 2-3 жил энэ паарыг ажиллуулаагүй энэ паарыг ажиллуулснаас болж байж магадгүй, намар халаалт өгөх үед би энэ паарыг нээж байсан тэр үед доод айл тагтнаас ус дуссан гэхээр тухайн паарыг хаахад зогсож байсан гэж хэлсэн. Өнөөдөр сантекникч дуудаж үзүүлье гэж нөхөр маань тухайн паарны хаалтыг үүдний хэсгийн коллектороос хаасан. Би Мобиком ХХК-ийн хажуудах Эрчим ХК-ийн дулаан дамжуулах №5 дугаар төвд очиж дуудлагын слесарь дуудсан. Манай паарнаас ямар нэгэн ус алдсан асуудал гараагүй, нэг ч дусал ус дусаагүй, паркет цэвэрхэн, ховхроогүй, бүгд жигд ажиллаж байсныг болон тагтыг доод айлын эзэн М- өөрийн биеэр шалгаж үзэж байсан.

2.4. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуудлагын слесарь Степан гэдэг хүн ирж манай халаалтын системийг шалгаж үзээд паар цоороогүй, хагараагүй, ус алдсан асуудал байхгүй байна гэж хэлсэн. Слесарийг доод айлын тагтыг үзүүлэхээр дагуулж очсон боловч доод айл хүнгүй байсан. Маргааш нь бас нэг өөр дуудлагын селасарь ирж үзсэн. Түүнийг М- дуудсан байсан. Тэр ч бас шалгаж үзээд паар цоорсон, ус алдсан асуудал байхгүй гэж хэлсэн. Унтлагын өрөөний тагтны хэсгийн далд шугамыг хавар шалгуулаарай одоогоор доод айлын тагтнаас ус дуссан асуудал зогссон байна гэж хэлээд унтлагын өрөөний тагтны хажуудах паарыг хаалттай байлгахыг зөвлөөд явсан. Болж байгаа үйл явцыг ойлгуулж хэлэх гээд доод айлд очиход доод айлын эхнэр С хүний үг сонсохгүй ёс бус харьцаж явуулсан. Түүнээс хойш доод айлын хүмүүстэй ярилцах, ойлголцох боломжгүй хүмүүс байна гэдгийг ойлгосон юм. Бид тэр өдрөөс хойш тагтны хажуу дахь паарыг нээгээгүй, доод айлын тагтанд ус дусах асуудал тухайн үед зогссон гэдгийг слесарь хэлсэн, өвөлжингөө унтлагын өрөө маань ганц паартай сэрүүвтэр байсан ч иргэний үүргээ ухамсарлан өдий хүрсэн.

2.5. Тухайн үед М- болон түүний эхнэр С- нь намайг хивс угааж бохир ус асгасан байж болзошгүй гэж гүтгэж Эрүүл мэндийн газарт, паар хагарсан гэж гүтгэж аймгийн Засаг даргын тамгын газрын Эрчим хүчний хяналтын байцаагчид гомдол гаргаж нялх биетэй ээж болох намайг ийшээ тийшээ дуудуулж сэтгэл санааны дарамт үзүүлэхээс гадна өвлийн цагт нялх хүүхэдтэй гэрт маань энэ тэндээс шалгалт оруулж, үзлэг хийлгүүлж сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. Эрүүл мэндийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газар М-ын гаргасан гомдлыг үндэслэлгүй болохыг тогтоож холбогдох хариуг нь бичгээр өгч байсныг материалд М-ын хавсаргаж өгснөөс харж болно. Эрүүл мэндийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газраас улсын байцаагчийн дүгнэлт гараагүй, мөн ямар нэгэн хохирол тогтоогдоогүй, бидний буруу байхгүйг бичсэн байна.

2.6. Бид энэ байрны халаалтын систем нь шаардлага хангасан, улсын комиссын дүгнэлт гарсан байр болохоор худалдаж авсан, бид халаалтыг гараар тавьж суурилуулаагүй, өөрийн өмчлөлийн байранд өвлийн цагт халаалт авах нь бидний эрхийн асуудал, халаалтын далд системд ашиглалтын явцад ямар нэгэн гэмтэл үүссэн бол биднээс шалтгаалаагүй, бидний буруутай үйлдэл биш гэж ойлгож байна. Одоогоор далд шугамд гэмтэл байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс тогтоож гаргаж ирээгүй.

2.7. Иргэн М- нэхэмжлэлдээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахиж ус алдаж хаалганы баруун булангийн тааз, унтлагын өрөөний хойд хананы тааз, тагтнаас маш их хэмжээний ус гоожсон гэж худлаа гэж бичсэн байна. Энд маш их хэмжээний ус гоожсон асуудал болоогүй. Тагтнаас нь ус бага хэмжээгээр дуссан гэж харагдсан. Эрүүл ухаанаар бодвол ус гоожсон бол 1-2 цагийн дотор шал бүхэлдээ усанд автаж гамшгийн байдалд хүрэх ёстой. Тийм асуудал болоогүй. Үүдний хэсгийн хананы жоохон хэсэг газарт байгаа ус алдсан ул мөр Эрчим-48 айлын бүх айлд байгаа манайх ч ялгаагүй. Учир нь тэр хэсэгт халаалтын коллектор байрладаг ба доошоо 2 труба байдаг. Жил бүр Эрчим компаниас халаалт өгч ус дамжуулах үед коллекторын нээлт хаалтаас ус бага хэмжээгээр алдаж байж зогсдог гэж дуудлагын слесарь тайлбарлаж байсан. Тухайн үед бид М-ын гэрт өөрийн биеэр очиж үзэж байсан. Хананаас нь ус гоожиж абажур шатсан, тоос сорогч шатсан, бусад эд хөрөнгөөрөө хохирсон асуудлыг бид хараагүй, тэд ч хэлээгүй, мэдэгдээгүй, үзүүлээгүй.

2.8. Хана таазнаас ус гоожсон асуудал гараагүйг, тухайн үед тагтанд нь эд зүйл байгаа эсэхийг шалгалт хийсэн Эрүүл мэндийн газрын байцаагчид болох Х.Еркеш, Б.Гүлбану, тухайн үед очиж үзэж байсан бусад хүмүүс бүгд гэрчлэх болно. М-ын тагтнаас ус дуссан ул мөр байсан ус гоожоогүй, унтлагын өрөөнийх нь болон үүдний хэсгийн таазны хэсэгхэн газарт усны ул мөр тогтсоныг далимдуулж таазанд ус бүхэлдээ шингэсэн мэт төөрөгдүүлж эвдэрсэн ажиллагаатай эсэх нь тодорхойгүй абажуруудаа, тагтнаас ус дуссан асуудалтай он цагийн хувьд огт хамааралгүй гал тогооны өрөөнийх нь 2023 оны 6 сард шатсан абажур, эвдэрсэн тоос сорогчоо өш хонзон санаж надаар төлүүлж авах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.9. Нэхэмжлэлдээ манай гэрт биеийн тамирын дасгал хийж техник хэрэгслүүдийг хаяж шиддэг, мөн намайг ёс бус үйлдэл гаргасан гэж гүтгэж, нэр төрд минь халдаж бичсэн байна. М- нь өглөө, өдөр, орой харгалзахгүй айлын хаалга өшиглөж, бариул эвдэж бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлдэг, эхнэр нь хар өглөө хаалга өшиглөөд зогсохгүй бусдын нөхрийг хараалын үгээр доромжилчхоод өөрсдийгөө ёс зүйтэй гэж явдаг нь харамсалтай байна. Энэ явдлыг бүх хөршүүд харж сонсож байсан гэрчлэх ч болно. Бусдыг гүтгэхээс өмнө өөрсийнхөө үг, үйлдэлд дүгнэлт хийвэл зүйтэй байна.

2.10. Манай гэрт биеийн тамирын арга хэмжээ явуулдаггүй, гэрт дасгал хөдөлгөөн хийх техник хэрэгсэл ч байхгүй, тэнд амьдрал өрнөж байна, хүүхэд өсөж торниж байна. Өнөөдөр ямар нэгэн нотолгоогүй хүнийг гүтгэж, нэр төрд нь халдвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг нэхэмжлэгч анхаармаар байна. Миний бие төрийн албанд олон жил ажилласан нэр төртэй, ёс зүйтэй, 4 хүүхэд хүмүүжүүлж өсгөж байгаа эх хүн гэдгийг хүн бүр мэддэг. Надад худлаа ярих, хүн гүтгэх шаардлага байхгүй, би болсон үйл явдал, учир байдлыг үнэн мөнөөр нь тайлбарлаж байна.

2.11. Бидний байрны халаалтын шугам нь далд шугам байдаг. Анх баригдахдаа тийм байсан одоо ч тийм байгаа. Бидний зүгээс тухайн шугамыг эвдэж тэндээс ус алдуулсан асуудал байхгүй, мэргэжлийн хүн биш учраас тухайн шугамыг яагаад далд байдлаар хийснийг мэдэхгүй. Хэрэв шалны доогуур байгаа далд шугамаас ус алдсан бол тэр нь бидний буруу биш. Тухайн хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж ус алдсан, үүнээс болж М-т хохирол учирсан талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Иймд 48 тоот айл 6 давхрын оршин суугч иргэн Х.М-ын хууль бус нэхэмжилсэн 1,979,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00642 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ын хариуцагч А.А-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,979,000 (нэг сая есөн зуун далан есөн мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,614 (дөчин зургаан мянган зургаан зуун арван дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие холбогдох бүх нотлох баримтаа бүрдүүлэн өгсөн байхад миний амьдарч байгаа байрны өрөөнүүдийн дөрвөн тооны абажур, мөн тоос сорогч гэмтэж хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн байна. Тухайн үед хариуцагч А.А-ийн буруутай үйлдлийн талаар холбогдох байгууллагууд болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын мэргэжилтэн Н.Еркешт утсаар дуудлага өгсний дагуу ирж үзэж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023.12.19-ний өдөр 904 дугаартай тушаалаар баталгаажсан дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч М.Дауренбект 2023.12.20-ны өдөр өргөдөл гаргаж өгсний дагуу М.Дауренбек биеэр ирж үзэж, 2023.12.25-ны өдөр 7-03/1121 дугаартай дүгнэлт гаргаж өгсөн. 7 дугаар давхар 41 тоот айлын буруугаас болж миний өмчлөлийн орон сууцны тагт, өрөөнүүдийн тааз, эд хөрөнгөд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргаж өгсөн байгаа. Эдгээр нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй миний нэхэмжлэгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.2. Миний бие Дизайн абажур материалын дэлгүүрээс унтлагын өрөө уналттай модон абажур тус бүрийн үнэ 350.000 төгрөг хоёр ширхэг 700.000 төгрөгөөр, үүдний гоёлын лед абажур 200.000 төгрөгөөр, Оргил барилгын материалын дэлгүүрээс дөрвөлжин лед гурван эгнээтэй абажур 480.000 төгрөгөөр, Бек-Импекс ХХК (Пи си молл) дэлгүүрээс SDA (Small Domestic Appliances)-Тоос сорогч 599.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан материалаа шүүхэд гаргаж өгсөн.

4.3. Эдгээр дөрвөн тооны абажур болон тоос сорогч маань дээд давхрын айл буюу хариуцагч А.А-ын шууд буруутай үйлдлээс болж гэрийн аважур, тос сорогч шатаж устаж гэмтэж, ашиглах боломжгүй болсон. Ус алдаж эд хөрөнгөөр сэтгэл санаагаар хохирч амар тайван байдал алдагдсаныг тухайн цаг өдөр цагдаа дуудаж учир байдлыг үзүүлж танилцуулан арга хэмжээ авсан. Зургаар бэхжүүлэн шүүхэд гаргаж өгсөн.

4.4. Иймд миний гаргаж өгсөн хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг минь үнэн зөв талаас нь хянаж өгч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00642 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч А.А-ээс хохирол 1979000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Намайг А.А- гэдэг. Эрчим 40 айлын 7 дугаар давхарт нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Анх 2016 онд нүүж ирсэн. 8, 9 дэх жилдээ тухайн байранд амьдарч байна. 2023 онд доод айл болох М.М-ын айлаас сантехникийн асуудал гарсан гэхээр нөхөр бид хоёр хоёулаа очоод үзсэн. Доод айлын тагтны аваарын гарцаар ус алдсан асуудал гарсан. Тухайн үед нэхэмжлэгч М.М-ын гэр эд хөрөнгөөрөө хохирсон зүйл байхгүй байсан. Балконд байсан хивс ноорсон байдалтай байсан. Нэхэмжлэгч өөрөө бас эвдэрсэн, шатсан зүйл гэдэг зүйл яриагүй байсан. Дараа нь Эрчим ХК-ийн слесарийг дуудаж үзүүлэхэд унтлагын өрөөний шалны радиатрын шаланкнаас ус алдаж байж магадгүй гэж хэлээд явсан. Тухайн үед унтлагын өрөө хоёр паартай байдаг. Нэг паарны калетрийг салгаж, таслан зогсоох арга хэмжээ авсан. Манай гэрээс паар хагарсан асуудал байхгүй. Нэхэмжлэгч ирээд ус алдаж байна гэхэд нь учир зүггүй уурлаж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудал байхгүй.

5.2. Эрчим ХК-ний слесарьд шалгуулсан. Ил ус алдаж байгаа асуудал байхгүй, тогтоогдоогүй. Манайх унтлагын өрөөний хоёр паарыг тухайн оны 11 дүгээр сард хаасан. Гэр дулаахан болохоор дахиж нээгээгүй. Манай гэрийн балконд паар байхгүй.

5.3. Нэхэмжлэгч намайг хэл амаар доромжилж байна. Манай гэрт тийм асуудал байхгүй. Эд хөрөнгөөрөө хохирсон талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Би ч гэсэн төрийн албан хаагч, зөндөө олон хүнтэй харьцаж ажиллаж байгаа. Уг байранд зөвхөн нэхэмжлэгч бид хоёр биш, 40 айл амьдарч байна. Бидний ч гэсэн эрх ашиг зөрчигдөж байна. Нэг юм болбол паар цохиж, зүгээр байлгахгүй.

5.4. Гантель унагасан асуудал байхгүй. Спортоор хичээллэдэг хүн ч байхгүй. Том хүүхэд маань 14 настай энэ жил 9 дүгээр ангид сурч байгаа. Хамгийн бага хүүхэд маань 1 настай. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудал гаргаагүй. Орон сууцны тааз нь модон тааз биш, хавтангаар хийсэн тааз байгаа. Бидний буруугаас болсон асуудал байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.

 

6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: ...Нэхэмжлэлийг хариуцахгүй.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч А.А-д холбогдуулан "Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,979,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...дээд айлын тагтнаас ус алдаж миний өмчлөлийн байрны хаалганы баруун булангийн тааз, унтлагын өрөөний хойд хананы тааз, тагтнаас маш их хэмжээний ус гоожиж тагтанд байсан эд хөрөнгөд хохирол учирч, тухайн үед унтлагын өрөөний таазанд ус шингэсний улмаас унтлагын өрөөний хоёр абажур шатсан. Өвлийн улирал эхэлж байранд ус алдаж, эд хөрөнгийн хохирол учирсны зэрэгцээ удаа дараа хэлж мэдэгдээд, мэргэжлийн байгууллагуудаар үнэлэлт, дүгнэлт гаргуулсаар байхад биднийг үл тоомсорлон өрөөндөө биеийн тамирын дасгал хийж техник хэрэгслүүдийг дур мэдэн хаяж шиддэгээс болж таазны абажурын адаптор гэмтэл авч гэрэл нь удаа дараа шатаад байна. гэж тайлбарлаж,

Харин хариуцагч нь ...М-ын тагтнаас ус дуссан ул мөр байсан, ус гоожоогүй, унтлагын өрөөнийх нь болон үүдний хэсгийн таазны хэсэгхэн газарт усны ул мөр тогтсоныг далимдуулж таазанд ус бүхэлдээ шингэсэн мэт төөрөгдүүлж эвдэрсэн ажиллагаатай эсэх нь тодорхойгүй абажуруудынхаа, тагтнаас ус дуссан асуудалтай он цагийн хувьд огт хамааралгүй гал тогооны өрөөнийх нь 2023 оны 6 сард шатсан абажур, эвдэрсэн тоос сорогчоо өш хонзон санаж надаар төлүүлж авах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Х.М-ын байрны тагт хэсэгт ус гоожсон үйл баримт тогтоогдсон боловч үүнээс болж түүний нэхэмжилж буй унтлагын өрөөний уналттай модон абажур /гэрлийн бүрхүүл/, үүдний гоёлын лед абажур, дөрвөлжин лед гурван эгнээтэй абажур, SDA (Small Domestic Appliances) маркийн тоос сорогч шатаж, ажиллагаагүй болсон эсэх талаар нотлох баримтгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

9.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан бол буруутай этгээд хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Үүнээс үзвэл, гэм хор учруулагчийн үйлдэл, эс үйлдэхүй буюу түүний шууд болон шууд бус гэм буруутай ажиллагаа болон учирсан хохирол хооронд бодитой, шууд шалтгаант холбоотой байж тухайн хуульд заасан үндэслэлийг хэрэглэх урьдчилсан нөхцөл бий болох бөгөөд хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн орон сууцны үүдний холигч буюу коллектор болон унтлагын өрөөний халаагч буюу радиаторыг холбосон шланкаар татсан шугамаас ус алдсан нь тогтоогдох боловч тухайн ус алдалтын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн гэх үйл баримт бодитой тогтоогдоогүй байна.

9.2. Нэхэмжлэгч Х.М-ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит эрчим-48 айлын орон сууцны 106 дугаар байрны 35 тоотын тагт, хаалганы баруун булан, унтлагын өрөөний хойд хананы тааз хэсэгт ус алдсан ул мөр хавтаст хэрэгт авагдсан зохигчийн мэдүүлэг тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон боловч гагцхүү нэхэмжлэгчийн нэхэмжилж буй унтлагын өрөөний уналттай модон абажур тус бүрийн үнэ 350.000 төгрөг хоёр ширхэг 700,000 төгрөг, үүдний гоёлын лед абажур 200,000 төгрөг, дөрвөлжин лед гурван эгнээтэй абажур 480,000 төгрөг, SDA (Small Domestic Appliances) маркийн тоос сорогч 599,000 төгрөг, нийт 1,979,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол уг ус алдалтаас болж учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт унтлагын өрөөний уналттай модон абажур, үүдний гоёлын лед абажур, дөрвөлжин лед гурван эгнээтэй абажур, SDA (Small Domestic Appliances) маркийн тоос сорогч нь хэзээ, ямар шалтгааны улмаас шатаж, эвдэрч гэмтсэн буюу ажиллагаагүй болсон нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх үүргээ бүрэн биелүүлсэн, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

11. Анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс хариуцагчийг ...нэхэмжлэлийг хариуцахгүй гэж дүгнэлт гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4 дэх заалтад хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дээрх нэхэмжлэлийг хариуцахгүй гэх дүгнэлтийг харгалзаж үзсэн болно.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,614 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,614 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ Д.КӨБЕШ