Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01606

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/02340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 13,860,099 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Э ХК-аас 2023 оны 04 сарын 13-ны өдөр цахим хуудсаар дамжуулан зарласан Тээвэр зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн ажилд авах нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн. Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн Б/409 дугаар тушаалаар Тээвэр зохицуулалтын хэлтэст ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон, Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ-г 3 сарын хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 06-ны өдрөөр дуусгавар болох байсан ч хэлтсийн шууд удирдлагаас жинхлэх саналыг Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлсэн талаар надад мэдэгдсэн тул үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж байна гэж ойлгосон. Гэтэл Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Б/673 дугаар тушаалаар надад урьдчилан мэдэгдэлгүй ажлаас чөлөөлсөн. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй, уг тушаалыг эс зөвшөөрч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч харилцан тохиролцоогүй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Иймд Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Б/673 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, урамшуулалд нийт 13,860,099 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн Б/409 дугаар тушаалаар Б.Б-г Тээвэр зохицуулалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр 3 сарын хугацаатай томилж, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Э ХК-ийн зүгээс туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож, маргаан бүхий Б/673 дугаар тушаалыг гаргасан. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хууль тогтоомжоор олгогдсон шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхийн хүрээнд тушаал гаргасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т заасны дагуу туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаад хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг сунгахгүйгээр дуусгавар болгосон. ЭХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.2-т заасан журмын дагуу Б.Б нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө ажлын тайлан, дүгнэлтийн хуудсыг Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 09 сарын 12-ны өдөр туршилтын хугацааны дүгнэлтийн хуудсыг харьяа нэгжийн удирдлагаар баталгаажуулан хүргүүлсэн. Холбогдох нэгжийн удирдлагаас жинхлэх санал гаргасан нь уг албан тушаалд томилогдсон агуулгыг илэрхийлэхгүй. Нэхэмжлэгч нь туршилтын хугацааны дүгнэлтийн хуудсыг 2023 оны 09 сарын 12-ны өдөр Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтэст ирүүлснээс хойш Захиргаа, удирдлагын газрын дарга, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчид танилцуулан маргаан бүхий тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч Э ХК-д холбогдох, Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Б/673 тоот Б.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал болох 13,860,099 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх ажил олгогчийг хамгаалсан буюу ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ажилтныг ажиллуулж болно гэх ойлгомжгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, миний туршилтын хугацаа 2024 оны 06 сарын 06-ны өдрөөс эхлэн 2023 оны 09 сарын 06-ны өдөр дуусах байсан ч надтай холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй үргэлжлүүлэн ажиллуулсан ба шууд харьяалах нэгжийн даргын зүгээс намайг жинхлүүлэх саналын хуудсыг хүргүүлсэн байсан.

4.2.  Миний туршилтын гэрээний хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн ажиллуулж буй үйл явцыг Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.5-д заасны дагуу үндсэн ажилтнаар ажиллуулах шийдвэр гаргах ёстой буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх байсан ч дээрх хуулийн үзэл санаа хэм хэмжээг зөрчин ажилтны эрх ашгийг дордуулж шийдвэр гаргасанд мөн гомдолтой байна.

4.3.  Энэ шийдвэр нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг дордуулахын зэрэгцээ гэрээний чөлөөт байдал болон Хөдөлмөрийн тухай хуулийн гол зохицуулалтын арга болох диспозитив /зөвшин тохирох/ зарчмыг зөрчсөн.

4.4. Шүүхээс ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэж гарсан шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэснээр ажил олгогч өөрийн хүссэн үедээ Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмыг баримтлахгүйгээр ажилтныг дээрх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж болох жишиг бий болгох сөрөг үр дагавартай юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Б.Б туршилтын хугацааны тайланг өгөх гэхэд дээд удирдлага амралттай байсан гэж тайлбарладаг. Э ХК нь Н.Э даргыг ээлжийн амралттай байх хугацаанд эгүүлэн дуудсан. Энэ талаар Н.Э дарга болон хүний нөөцийн албаны холбогдох хүмүүсийг гэрчээр асуусан. 2023 оны 09 сарын 06-ны өдөр туршилтаар ажиллах гэрээ дуусах байтал Б.Б тайлангаа 2023 оны 09 сарын 04-ний өдөр Н.Э даргад хянуулахаар өгсөн бөгөөд 2023 оны 09 сарын 12-ны өдөр Н.Э дарга тайланд гарын үсэг зурсан байдаг. Ингэсээр 2023 оны 10 сарын 02-ны өдөр ажил албан тушаалаас Б.Б-г чөлөөлсөн. Нэхэмжлэгч тал тайланд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч дэмжих гэж гарын үсэг зурсан гэж маргадаг. Хүний нөөцийн хэлтсийн дарга жинхлэхгүй гэхэд захиргаа удирдлагын хэлтсийн дарга дэмжив гэж гарын үсэг зурсан бөгөөд тус саналыг дэмжив гэж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурсан. ЭХК-ийн зүгээс Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.1.2-т заасан ажилд тавигдах шаардлагад тэнцэхгүй гэж үзэн туршилтын хугацаанд ажиллах хугацааг дуусгасан тушаал гаргасан бөгөөд 2023 оны 10 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан цалин хөлсийг олгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.  Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 13,860,099 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...туршилтын хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдаагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2023 оны 06 сарын 06-ны өдөр G/2023/0074 дугаартай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХК нь Б.Б-г Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтний ажилд туршилтаар 3 сарын хугацаатай ажиллуулж, 3,860,578 төгрөгийн цалин хөлс олгох нөхцөлийг харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т тус тус заасантай нийцэж байна.

4.  Улмаар, Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Б/673 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17, 4.1.2, 5.2.18-д заасныг тус тус үндэслэж, ...туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан... гэсэн үндэслэлийг дурджээ.

5.   Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хэлтсийн удирдлагын зүгээс жинхлэх саналыг Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлсэн, үүнийг миний бие үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулсан гэж ойлгосон, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байна гэж хуульчилсан... гэсэн агуулгаар тайлбарлаж байх ба уг тайлбар нь дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

5.1. Ахлах мэргэжилтэн Б.Б-г Тээвэр, зохицуулалтын хэлтсээс жинхлэх саналыг гаргасан бол Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс болон Захиргаа, удирдлагын газар нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох саналыг тус тус гаргасан байна.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт Төлөөлөгч нь дэмжив гэж гарын үсэг зурсан нь олонхын саналыг дэмжсэн гэж ойлгогдохоор байна.

5.2. Түүнчлэн, жинхлэх санал нь үндсэн ажилтнаар томилсон, мөн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан гэсэн агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулсан гэж ойлгосон нь уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

5.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний нийт хугацаа зургаан сар байж болох агуулгатай байна.

6. ...Ахлах мэргэжилтэн Б.Б нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.2-т заасны дагуу туршилтын хугацаа дуусахаас 2 долоо хоногийн өмнө ажлын тайлангаа харьяа нэгжийн удирдлагаар дүгнүүлж, Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлээгүй тул туршилтын хугацааг сунгаагүй, мөн ажлын тайланг 2023 оны 09 сарын 12-ны өдөр ирүүлсэн тул саналыг ажлын тайлангийн хамт ажил олгогчид танилцуулсны дараа 2023 оны 10 сарын 02-ны өдөр туршилтын хугацаа дууссан үндэслэлээр тушаал гаргасан... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь, нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.2-т заасны дагуу 2023 оны 08 сарын 23-ны өдөр ажлын тайлангаа харьяа нэгжийн удирдлагаар дүгнүүлээгүй шалтгаанаа ...нэгжийн удирдлага тухайн хугацаанд эзгүй, ээлжийн амралттай байсан... гэж тайлбарласан боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан Ээлжийн амралттай ажилтныг ажлын шаардлагаар дуудаж ажиллуулах хуудас, мөн Н.Э-ын ирцийн мэдээлэл гэсэн бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, Ээлжийн амралттай ажилтныг ажлын шаардлагаар дуудаж ажиллуулах хуудас-т нэгжийн удирдлага нь 2023 оны 08 сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд дуудагдан ажилласан болох нь, мөн Н.Э ын ирцийн мэдээлэл-д нэгжийн удирдлага нь 2023 оны 08 сарын 29, 30, 31, 09 сарын 01, 04, 05, 06, 11-ний өдрүүдэд ажиллаж, ирцээ бүртгүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

7.  Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасан ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн зохицуулалт нь туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээний харилцаанд хамаарахгүй болно.

8. Иймд, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Б/673 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/02340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР