Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 793

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                            

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч Э.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-д холбогдох эрүүгийн 1806008431080 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Ү, 1985 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Хэнтий аймгийн Бүрэнхан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл зүйн мэргэжилтэй, Хүрээ амаржих газар ариутгагч сувилагч ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олзвойн 14-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах, 

Шүүгдэгч Д.Ү нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Пүрэвнаран руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Ү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр юу болсныг сайн санахгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Төрсөн өдөр дээр 10 орчим хүн байсан. Би согтуу байсан, болсон асуудлыг санахгүй байна” гэв.

Хохирогч Э.Пүрэвнаран шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Билгүүн өдрийн 11-12 цагийн хооронд залгаад орой уулзая гэж ярьсан. Билгүүн би найзтайгаа хоёулаа байна гэж хэлсэн. Тэгээд орой нь байгаа газар нь очиход намайг Билгүүн нэг найзтайгаа цуг тосож авсан. Би найзын чинь төрсөн өдөр юм чинь олон хүн байгаа юм уу? гэхэд тийм гэсэн. Тэгээд эхлээд би орохгүй гэж байгаад орохоор болоод орсон. Яваад ороход 10 гаран хүн байсан. Ороод ширээний баруун талд суусан. Суухад Ү бид хоёрын дунд төрсөн өдрийн эзэн тасраад унтаж байсан. Тэгээд сууж байтал эхлээд миний баруун талаар ундааны сав хананд ойгоод миний дагзанд оносон. Би эхлээд андуурсан байх гэж бодсон. Гэтэл Үүрийнгэрэл баруун гараараа архи уугаад, зүүн гараараа даруулганыхаа сэнжтэй цагаан аягаа над руу савсан. Би нүд рүү оночихлоо цагдаа дуудъя гэтэл Билгүүнээ намайг тэвэрч аваад яах юм бэ, би хараад зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед хөрш айлын хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирэхэд гэрээс 2, 3 хүн гарсан. Эргүүлээр ирсэн цагдаа дотор орж ирээгүй. Тэнд байсан хүмүүс цагдаад хэлнэ гэж байхад намайг хориглож байсан. Тэгээд гэртээ үүрээр харьж, өглөө нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Хохирол төлбөр эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Э.Пүрэвнаран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”…Билгүүнийг залгаад байхаар нь шөнийн 03 цагийн үед тэндээс гараад таксинд суугаад Билгүүн дээр очиход 4 цаг 30 минут болж байсан ба намайг Билгүүн нэг найзтайгаа гарч ирж аваад бид нар хамт тэр айл руу ороход арваад хүмүүс байсан ба гурван эмэгтэй тэгээд хэд нь залуучууд нь арван жилд хамт сурч байсан манай нөгөө ангийн зүс таних хүүхдүүд байсан тэгээд би тэд нартай мэндлээд суусан,тэр 3 эмэгтэйг би ерөөсөө хараагүй танихгүй хүмүүс байсан. Би Билгүүн Мөнгөөнөө хоёртай юм яриад сууж байхад Цээгий гэгч эмэгтэй миний баруун урд талаас над руу 2-3 метрийн орчим зайнаас нэг зүйл шидсэн чинь тэр зүйл нь миний сууж байсан хананд ойгоод миний толгойн баруун хойд хэсэгт оносон юм. ...Цээгий гэгч эмэгтэй 2 гартаа тэдгээр зүйлсийг барьчихсан сууж байгаад архиа уугаад хойноос нь сэнжтэй аяганд байсан зүйлийг уугаад шууд сэнжтэй аягаа зүүн гараараа над руу саваад шидсэн. Тэгсэн тэр аяга нь миний зүүн нүдний гадна зүүн хэсэгт оносон. Тухайн үед би нүд рүүгээ цохиулчихлаа гэж бодож байсан…” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Ж.Дарханбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ү-ийн баруун талд Оригоо суугаад хүзүүгээр нь тэврээд сууж хэрүүл маргаан болох ямар ч асуудал байхгүй байхад Үүрийнгэгээ урдаа байсан ундааны савыг аваад хажуудаа сууж байсан Пүрэвнаран руу хажуугаараа саваад шидэхэд тэр зүйл нь оноогүй, толгойны дээгүүр нь хойд хананд оносон. Тэгтэл Ү дахин тонгойж газар байсан цагаан бариултай ногоон өнгийн цайны өндөр аяга аваад дахин Пүрэвнаранлуу саваад шидэхэд тэр аяга нь Пүрэвнарангийн арын ханыг оноод аяганы сэнж нь хагараад газар ойчсон. Аяга нь Пүрэвнарангийн сууж байсан диваны арлуу ойчсон. Тухайн үед би Пүрэвнаран, Ү, Билгүүн, Оогий нарын зүүн талд нь өөдөөс нь хараад сууж байсан юм. Ү болохоор Пүрэвнарангийн зэрэгцээ хажууд нь хоорондоо 20 см зайтай сууж байсан. Тэгээд газраас аяга аваад тонгойсон байдалтай дээшээ Пүрэвнарангийн толгой чигт нь шидсэн. Тэгэхдээ тэр шидсэн 2 зүйл нь Пүрэвнаранг оноогүй, …аяга шидсэний дараа зүүн гараараа зүүн нүдээ дараад “за ёстой явья” гээд босоод ирсэн. Тэгээд би “яасан” гэж асуухад зүгээр ч гэж хэлээгүй, цохичихлоо ч гэж хэлээгүй чимээгүй байж байгаад буйдангийн өмнө эргээд газар суусан. Тэгээд Ү-г явсаны дараа бид үлдсэн архиа уугаад өглөө 06 цаг хүртэл байж байгаад Пүрэвнаран 06 цагийн орчим “одоо найз нь ажилтай” гээд ганцаараа гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

Гэрч У.Аззаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Тэгсэн гэнэт Ү ундааны хоосон сав аваад Пүрэвнаранлуу шидсэн. Оноогүй юм. Тэгсэн 5 минут хиртэй сууж байгаад урдаа байсан ундааны сэнжтэй аягыг аваад Пүрэвнаранлуу шидэхэд Пүрэвнарангийн арын ханыг оноод аяганы сэнж нь тасарсан. Чухам тэр тасарсан сэнж нь Пүрэвнаранг оносон үгүйг би мэдэхгүй. Ямар ч байсан шидсэн аяга нь Пүрэвнарангийн бие болон толгойн хэсгийг оноогүй …Тэгээд намайг эргээд ороход тэд чимээгүй болцгоосон, Пүрэвнаран сандал дээр сууж байсан. Намайг ороход надтай зөрөөд ганцаараа гараад явсан. Тухайн үед цаг 06 цаг болох гэж байсан байх. Бид тэндээ амарцгаасан. ...Энэ асуудлаас хойш 3 хоногийн дараа Билгүүн, Эрдэнэзаяа бид 3 Эрдэнэзаяагийн гэрт нь байхад Пүрэвнаран 24 цаг өнгөрч байхад ганцаараа ирж байсан. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр үед Пүрэвнаран зүгээр л явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/

Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…ямар ч байсан Үүрийнгэрэл Пүрэвнаранлуу ногоон өнгийн аяга шидээд, тэр аяга нь Пүрэвнарангийн хойд талын ханыг оноод хагарсан үгүйг нь би мэдэхгүй байна. Тэгсэн Давхарбаяр Үүрийнгэрэлийг аваад гал тогооны өрөөний буланруу явсан. Харин Пүрэвнаран нүд оночихлоо гээд босож ирээд би явлаа гэж байсан. Тэгээд л би ер нь унтаад өгсөн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч П.Баясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…манай эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор хананы том хэмжээний хугарал, зөөлөн эдийн хавчуулагдсан оноштойгоор ухархайн хугарал засч, нөхөн сэргээх, суулгац тавих мэс заслын оройноо унтуулан доор хийсэн. Тухайн хагалгаа 45 минут үргэлжилсэн. Өвчтөний хэлж байснаар бол биднийг хагалгаанд орох үед асуухад 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр авсан гэмтэл гэж байсан. Бид тухайн өвчтөнийг 2018.01.18-ны өдөр үзээд 2018.01.25-ны өдөр хагалгаанд орсон. Тухайн хагалгаанд орох үед өвчтөн Пүрэвнарангийн зүүн нүдний ухархайн хананы гэмтэл нь шинэ гэмтэл буюу 2018.01.13-ны өдөр үүссэн гэмтэл байна. Учир нь 1 сар дотор мэс засал хийхэд сорвижилт хуурамч бороо үүсч амжаагүй байдаг юм. Шинэ гэмтэл байсан тул наалдац амархан салж мэс засал амжилттай болсон. Мэс заслын явцад хуучин шинэ гэмтлийг ялгах боломжтой байдаг Бид зөвхөн нүдний ухархайн хугарал мэс засал хийсэн тул бусад гэмтлийг мэдэх боломжгүй. Нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтлийг зургаас харахад хуучин шинэ гэж ялгах бэрхшээлтэй байдаг. Үзлэгт тухайн өвчтөний нүдний хөдөлгөөн алдагдсан зовхи их хэмжээгээр хөхөрсөн байгаа нь зураг шинжилгээтэй тохирсон, мэс заслын явцад зөөлөн эдийн наалдац бага ясны хуурамч бороо үүсээгүй байсан учраас шинэ гэмтэл байх боломжтой гэж үзэж байна. Тухайн гэмтэл нь өвчтөний нүд хөдлөхөд зовиурлах, юм давхардаж харагдах, нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрнэ. Өөр зовиур байхгүй. Нүд хонхойх, хялар болох зэрэг гоо сайхан алдагдар эрсдэлтэй. Удсан тохиолдолд засрахад хүндрэлтэй болдог.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹ 1463 дүгнэлтэд:

1. Э.Пүрэвнарангийн биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹ 476 дүгнэлтэд:

1. “Пүрэвнарангийн биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Э.Пүрэвнарангийн 2018.01.15-ны Люкс мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-ын зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр дахин уншуулахад зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл гэсэн байх тул тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хохирогч Э.Пүрэвнаран нь 2018 оны 1 сарын 25-ны өдөр “Окулапластик” эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгдсэн байна.

6. Э.Пүрэвнарангийн биед 2018 оны 1 сарын 15-ны Люкс мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээгээр оношлогдсон хамар ясны сэлтэрсэн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

7. 2018 оны 3 сарын 15-ны өдрийн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Б.Ариунзул, Т.Сэлэнгэ, Ш.Цэцэгмаа нарын 319 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт. /хх-ийн 85 дугаар хуудас/, Эрүүл мэндийн яамны дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Б.Эрдэнэбулганд гаргасан хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/, Эрүүл мэндийн яамны дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ү нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Пүрэвнаран руу аяга шийдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Э.Пүрэвнарангийн: ”…Билгүүнийг залгаад байхаар нь шөнийн 03 цагийн үед тэндээс гараад таксинд суугаад Билгүүн дээр очиход 4 цаг 30 минут болж байсан ба намайг Билгүүн нэг найзтайгаа гарч ирж аваад бид нар хамт тэр айл руу ороход арваад хүмүүс байсан ба гурван эмэгтэй тэгээд хэд нь залуучууд нь арван жилд хамт сурч байсан манай нөгөө ангийн зүс таних хүүхдүүд байсан тэгээд би тэд нартай мэндлээд суусан, тэр 3 эмэгтэйг би ерөөсөө хараагүй танихгүй хүмүүс байсан. Би Билгүүн Мөнгөөнөө хоёртай юм яриад сууж байхад Цээгий гэгч эмэгтэй миний баруун урд талаас над руу 2-3 метрийн орчим зайнаас нэг зүйл шидсэн чинь тэр зүйл нь миний сууж байсан хананд ойгоод миний толгойн баруун хойд хэсэгт оносон юм. ...Цээгий гэгч эмэгтэй 2 гартаа тэдгээр зүйлсийг барьчихсан сууж байгаад архиа уугаад хойноос нь сэнжтэй аяганд байсан зүйлийг уугаад шууд сэнжтэй аягаа зүүн гараараа над руу саваад шидсэн. Тэгсэн тэр аяга нь миний зүүн нүдний гадна зүүн хэсэгт оносон. Тухайн үед би нүд рүүгээ цохиулчихлаа гэж бодож байсан…” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Дарханбаярын: “...Ү-ийн баруун талд Оригоо суугаад хүзүүгээр нь тэврээд сууж хэрүүл маргаан болох ямар ч асуудал байхгүй байхад Үүрийнгэгээ урдаа байсан ундааны савыг аваад хажуудаа сууж байсан Пүрэвнаран руу хажуугаараа саваад шидэхэд тэр зүйл нь оноогүй, толгойны дээгүүр нь хойд хананд оносон. Тэгтэл Ү дахин тонгойж газар байсан цагаан бариултай ногоон өнгийн цайны өндөр аяга аваад дахин Пүрэвнаранлуу саваад шидэхэд тэр аяга нь Пүрэвнарангийн арын ханыг оноод аяганы сэнж нь хагараад газар ойчсон.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Билгүүний: “…ямар ч байсан Үүрийнгэрэл Пүрэвнаран руу ногоон өнгийн аяга шидээд, тэр аяга нь Пүрэвнарангийн хойд талын ханыг оноод хагарсан үгүйг нь би мэдэхгүй байна. Тэгсэн Давхарбаяр Ү-ийг аваад гал тогооны өрөөний булан руу явсан. Харин Пүрэвнаран нүд оночихлоо гээд босож ирээд би явлаа гэж байсан. Тэгээд л би ер нь унтаад өгсөн байх...гэсэн мэдүүлэг,

шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Ү-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Пүрэвнаран нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохирол нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдсон нийт 1.986.584 төгрөгийг шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Ү-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг тус тус дурьдсугай.

            3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Ү-ээс нийт 1.986.584 /нэг сая есөн зуун наян зургаан мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Пүрэвнаранд олгосугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

Шүүгдэгч Д.Үүрийнгэрэлд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Үүрийнгэрэл нь 20178оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д дэх хэсэгт заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.