Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0470

 

 

 

      

 

2019 оны 09 сарын 06 өдөр 

Дугаар 221/МА2019/0470

Улаанбаатар хот

 

“М Г И” ХХК-ийн 

гомдолтой зөрчлийн хэргийн тухай

    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Б.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н давж заалдах гомдлоор,  “М Г И” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.*******, Б.******* нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

        ТОДОРХОЙЛОХ нь:

    Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэр

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо:“М Г И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.*******, Б.******* нарт холбогдох захиргааны хэрэгт Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугар сарын 09-ний өдрийн 0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б би давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон атлаа Компанийн эрх бүхий албан тушаалтныг эсхүл, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож дахин шинэ акт гаргах буюу өмнөх буруу хийгдсэн ажиллагааг зөвтгөхийг даалгаж буй нь нэг талыг баримталсан шийдвэр гаргажээ гэж үзнэ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Татварын улсын байцаагч нар хяналт, шалгалт хийхдээ удирдамж, томилолтгүйгээр хийсэн, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий болох нь нотлогдохгүй этгээдийг оролцуулсан болох нь тогтоогддог. 

Энэ нөхцөлд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дүгээр сарын 09-ны өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.

ХЯНАВАЛ:

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 09-ны өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүхэд “М Г И” ХХК-аас Татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулсан атал үндэслэлгүй дүгнэлт хийж “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэж улмаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул татварын улсын байцаагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Энэхүү маргааны тухайд “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэх,  мөн “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.*******, Б.******* нар нь “М Г И” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсаар 307.982.958 төгрөгийн зөрчилд 49.686.030 төгрөгийн төлбөрийг “М Г И” ХХК-д ногдуулсан. Үүнд : 

1. 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайландаа 9.893.519 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тусгасан зөрчилд 989.351 төгрөгийн нөхөн татвар, 296.805 төгрөгийн торгууль, 494.675 төгрөгийн алданги, 

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2014 онд 294.526.738 төгрөгийн татвар ногдох орлогыг дутуу тусган, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 29.452.673 төгрөгийн нөхөн татвар, 14.726.336 төгрөгийн торгууль, 88.358 төгрөгийн хүү,

3. 2013-2016 оны хугацаандаа төлөөгүй хувь хүний орлогын албан татварын тайлангаар үлдэгдэл 2.868.000 төгрөгийн зөрчилд 1.693.649 төгрөгийн торгууль, 864.619 төгрөгийн алданги,

4. 2014 оны хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар үлдэгдэл 694.701 төгрөгийн зөрчилд 732.214 төгрөгийн торгууль, 347.350 төгрөгийн алданги /нийт 30.442.024 төгрөгийн нөхөн татвар, 17.449.004 төгрөгийн торгууль, 1.706.644 төгрөгийн алданги, 88.358 төгрөгийн хүү/-ийг тус тус төлүүлэхээр, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар /хавтаст хэрэгт авагдсан/ Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 1/548 тоот албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд ...3613054 регистрийн дугаартай, “М Г И” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн нэрийг Аюушийн Алтанцэцэг /хн65063006/...гэж бүртгэгдсэн байна. 

Гэтэл хариуцагчийн зүгээс Д.Б-д эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан, “М Г И” ХХК-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох тус хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож томилоогүй, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд мөн хэсгийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. 

Мөн 1102201812 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хяналт шалгалтын тасгийн дарга 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хоёр хоногийн хугацаатай хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчаар Н.Наран, Э.******* нарыг томилсон боловч хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг өөрчилж 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э.*******, Б.******* нарыг томилсон байхад татварын улсын байцаагч Б.******* нь 2018 оны 02 дугаар сарын 26, мөн оны 04 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “Миний говийн ирээдүй ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж мөн оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанид төлбөр ногдуулсан, уг шийтгэлийн хуудсанд татварын улсын байцаагч тэмдэг дарж эцэслэн ёсчлоогүй атал татвар төлөгч компанид хүргүүлсэн нь хууль бус болох ба Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 30.1.1-т “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх”, 30.1.3-т “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах...” гэж тус тус заасныг зөрчсөн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. 

Энэхүү маргааны тухайд “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэх,  мөн “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн  30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.*******, Б.******* нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, “3”  дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 зааснаар гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Э.******* нараас тус тус гаргуулж гомдол гаргагч “М Г И” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, уг заалтын дугаарыг “2” болгон, 4 дэх заалтын дугаарыг 3 болгон  тус тус өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

       

       

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.БАТБААТАР

        ШҮҮГЧ                           Д.БААТАРХҮҮ

        ШҮҮГЧ                           Э.ЗОРИГТБААТАР