| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2021/0844/З |
| Дугаар | 001/ХТ2023/0075 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2023/0075
“О и п” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0384 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0417 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 333 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч “О и п” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/300 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байршилтай 28962 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар захирамжаар “ой хамгаалах, нөхөн сэргээх” зориулалтаар 5 жилийн хугацаатай, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар “ой хамгаалах нөхөн сэргээх, зуслангийн зориулалтаар” 5 жилийн хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар захирамжаар “зуслан”-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч “О и п” ХХК-д эзэмшүүлжээ.
2.1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/300 дугаар захиармжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2.4, 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.15 дахь хэсгийг тус тус үндэслэн “О и п” ХХК нь Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нотлогдож байна хэмээн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
3.Нэхэмжлэгчээс “Манай компани уг газрыг “зуслан”-гийн зориулалтаар ашигласнаас өөр үйл ажиллагаа явуулаагүй ба газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын төлбөрөө цаг тухай бүрд нь төлсөн. Хандгайт орчимд мод, бут, ургамалтай бөгөөд зөвхөн манай компани гэлтгүй бусад иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн газарт зуслангийн зориулалтаар газар эзэмшсээр ирсэн.
3.1.Манай компани хуулийн дагуу зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байснаар ямар иргэн, хуулийн этгээдийн болон ямар нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн талаар захиргааны байгууллага тогтоогоогүй, нотлоогүй. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй болно” гэж,
4.Хариуцагчаас “...Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь ойн сан бүхий бүсэд хамаарах бөгөөд нэхэмжлэгч тус газартаа барилгын суурь цутгаж, мод бут гэмтээсэн үйлдэл хийсэн нь тогтоогдсон.
4.1.Нэхэмжлэгч Ойн тухай хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдож байх тул Засаг дарга өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хуулийг үндэслэл болгон нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0384 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1, 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О и п” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/300 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн “Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 03/962 дугаар хүсэлт уламжлах тухай албан бичгийн “О и п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0417 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0384 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/300 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/300 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтыг “4” гэж, 4 дэх заалтыг “5” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангажээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-аас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтыг зөрчсөн.
7.2.Захиргааны байгууллага нэг төлөөс өөрийн гаргасан хууль бус захирамжаа Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон, нөгөө талаас нэхэмжлэгч Ойн тухай хуульд заасан хориглосон арга хэмжээг явуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, хавтаст хэрэгт үйл баримтыг авсан. Эрх бүхий байгууллагаас дүүргийн Засаг даргад албан бичгийг удаа дараа ирүүлсэн байтал хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзол шаардлагыг хэрхэн зөрчсөн, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон эсэхийг тодруулаагүй гэж, мөн захирнааны байгууллагаас бодит байдлыг тодруулахад шаардлагатай арга хэмжээ аваагүй, үнэлгээ үзлэг хийх хүүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй гэжээ.
7.3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан чиг үүрэгт нутгийн захиргааны байгууллагад эд хөрөнгийн үнэлгээ хийх чиг үүрэг байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн байсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд дараах хариу тайлбарыг гаргасан байна.
8.1.2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг өөр өөрөөр ялгаатай байдлаар тайлбарлаж хэрэглээгүй.
8.2.Нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эзэмшлийн газар дээрээ зуслангийн байр барихад зориулж 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хөрөнгөө хууль зөрчиж буруу шийдвэр гаргасан этгээдээс нэхэмжлэн гаргуулах эрх зүйн үр дагавар үүсэх ба хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй учраас нэхэмжлэгчийн тайлбар, баримт гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрх нь зөрчигдсөн. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.
8.3.Анхнаасаа тодорхойгүй гарсан маргаан бүхий актыг дахин засаж гаргах эрхтэй захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн. Учир нь хуулиар захиргааны акт гаргах эрх бүхий этгээд нь захиргаа болохоос шүүх биш юм.
8.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонсох ажиллагааг явуулж, үндэслэл бүхий бодит байдалд хэрэгжих, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшаар нөлөөлөх эрсдэлийг бууруулж, оновчтой шийдвэр гаргах боломжийг захиргааны байгууллагад өөрт нь олгож шийдвэрлэсэн магадлалын утга, хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлан гомдол гаргасан байна. Ийнхүү хуульд заасны дагуу хариуцагчийг дахин шинэ акт гаргахаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.
8.5.2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/300 дугаар захирамж нь эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актуудын аль аль шинжийг зэрэг тусгаснаас гадна Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг тусгаснаараа Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасанд нийцээгүй.
8.6.Нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг тогтоосон Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоол хүчинтэй ба үүнд Хандгайтын зуслангийн газрууд ороогүй. 2012 оны нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар тогтоол хүчинтэй. Энэ тогтоолоор Хандгайтад зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 15/04 дүгээр тогтоол хүчинтэй, уг тогтоолоор аж ахуйн нэгжид 5 га хүртэлх хэмжээний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчинтэй байна. Эндээс үзэхэд хариуцагч олгох ёсгүй газрыг олгосон гэх тайлбар нь няцаагдаж байна.
8.7.Захиргааны байгууллагаас тухайн газар дээр очиж үзэж, судалж, газар эзэмшигчийн 2012 оноос хойш оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар ч шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийг зөрчөөгүй талаар шүүх дүгнэсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 333 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
10.Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
11.Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байршилтай 28962 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар захирамжаар “ой хамгаалах, нөхөн сэргээх” зориулалтаар 5 жилийн хугацаатай, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар “ой хамгаалах нөхөн сэргээх, зуслангийн зориулалтаар” 5 жилийн хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар захирамжаар “зуслан”-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч “О и п” ХХК-д тус тус эзэмшүүлсэн. Нэхэмжлэгчээс тухайн газартаа хашаа хатгаж, барилгын суурь цутгасан үйл баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдсон.
12.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/300 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2.4, 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.15 дахь хэсгийг тус тус үндэслэж, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 03/962, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 02-06/4521, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 02-02/2089 дүгээр албан бичгүүдээр “О и п” ХХК нь “Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдсон” гэжээ.
13.Нийслэлийн Байгаль орчны газраас ““О и п” ХХК-д газар эзэмших эрхийг Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг зөрчиж олгосноос ойн сан бүхий газрын байгаль орчинд хохирол учруулж байгаа тул зөвшөөрлийг цуцална уу” гэсэн 03/962 дугаар албан бичгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.
14.Үүнийг үндэслэн “О и п” ХХК-д эзэмшүүлсэн газрыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу цуцлуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 02-02/2089, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 06/4521 дүгээр албан бичгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл үүссэн эсэх,
-Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн эсэх,
-Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг зөв хэрэглэсэн эсэх тухай байна.
15.Нэг. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нэг үндэслэлээ “нэхэмжлэгч ойн сан бүхий бүсэд хамаарах газартаа барилгын суурь цутгаж, мод бут гэмтээсэн нь тогтоогдсон” гэж тайлбарлаж, 2021 оны А/300 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасныг үндэслэжээ.
16.Маргаан бүхий захиргааны акт, хариуцагчийн тайлбарын агуулга зэргээс үзвэл хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газарт хүргүүлсэн ““О и п” ХХК ойн сан бүхий газрын байгаль орчинд хохирол учруулж байна” гэх агуулга бүхий албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг Ойн тухай хуульд заасан хориглосон арга хэмжээ явуулсан нь нотлогдсон гэж үзжээ.
17.Нэхэмжлэгч “О и п” ХХК-ийг “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд байрлах “зуслан”-гийн зориулалттай эзэмшлийн газар дээрээ ногоон бүсийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан” үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаар шийтгэлийн хуудсыг “зөрчлийг нарийн шалгаж тогтоогоогүй” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 720 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.
18.Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газартаа хашаа хатгаж, барилгын суурь цутгаснаас өөрөөр байгаль хамгаалалд харшаар нөлөөлөх ямар үйл ажиллагаа явуулсан, уг үйл баримт нь ямар баримтаар нотлогдсон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох яг аль үндэслэл нь үүссэн гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгасан нь тодорхойгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч Ойн тухай хуульд заасан хориглосон арга хэмжээг явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон” талаарх хяналтын гомдол үндэслэлгүй.
19.Хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй, “нэхэмжлэгч “О и п” ХХК Ойн тухай хууль, Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн” гэх үндэслэл нь захиргааны актын үндэслэлтэй хэрхэн яаж уялдаж байгаа нь ойлгомжгүй байна.
20.Хоёр. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заасан. Иймд, аливаа захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хэн нэгэнд эерэг нөлөөлөлтэй хууль бус захиргааны актыг хүчингүй болгохдоо энэхүү хуульд заасан үндэслэлийг тодорхой зааж, нотлох учиртай.
21.Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасныг баримтлан, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь “ойд хориглох үйл ажиллагааг зохицуулсан” заалтыг үндэслэжээ.
22.Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурдсанаар ангилна”, 5.1.1-д “хамгаалалтын бүсийн ой”, 8 дугаар зүйлийн 8.5.1-д “Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор “нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоолоор нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагийг тогтоосон, түүний дотор нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар байрлах Хандгайт орчмын бүс хамаарна гэж үзэх боломжгүй байна.
23.Анхан шатны шүүх “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/341 дүгээр албан бичгээр ирүүлсэн “ойн сан бүхий давхцалтай бөгөөд Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан хамгаалалтын бүсийн ойд хамаарч байна” гэх утга бүхий албан бичиг болон ойн мэдээллийн сангаас гаргасан байршлын зурган мэдээллээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн боловч уг албан бичиг, түүний хавсралт зурган мэдээллийг үндэслэн нэхэмжлэгчийн “зуслан”-гийн зориулалтаар эзэмшиж буй газар нь ойн сан бүхий газарт хамаарч байна гэж шууд дүгнэх боломжгүй юм.
24.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоол хүчинтэй ба үүнд Хандгайтын зуслангийн газрууд ороогүй. 2012 оны нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар тогтоол хүчинтэй. Энэ тогтоолоор Хандгайтад зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 1 дүгээр тогтоолоор аж ахуйн нэгжид 5 га хүртэлх хэмжээний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчинтэй байна” гэсэн тайлбарыг няцаах баримт хэрэгт авагдаагүйн дээр хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмших эрхийг хүчингүй болгохдоо уг газар нь газар ойн сан бүхий газарт хамаарч байгаа эсэхийг баримтаар бүрэн, эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна.
25.Захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй асуудлыг шүүхээс нөхөн гүйцэтгэж, маргаан бүхий 28962 м.кв газар нь Ойн тухай хуульд заасан анхнаасаа бусдын эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон, хязгаарласан газар байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
26.Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар Хандгайт орчимд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг бодит байдалд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын эргэн тойронд бусад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн, сууршлын бүс бий болсон эсэх, хэрэв тийм тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй үндэслэл, шалтгааныг тодруулж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь Ойн тухай хуульд заасан ойн сан бүхий газарт хамаарагдаж байгаа эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй.
27.Мөн захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актын үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд актад үндэслэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасан үндэслэл үүссэн эсэх нь нотлогдохгүй байна.
28.Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэн байна.
29.Түүнээс гадна, хариуцагчийн маргаан бүхий актад үндэслэсэн хуулийн зүйл, заалтууд үр дагаврын хувьд ялгаатай, шүүхээс актад үндэслэсэн хуулийн зүйл, заалтуудын аль нэг нь үндэслэлтэй талаар дүгнэлт өгөх замаар захиргааны актыг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй бөгөөд хариуцагчаас шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг бүрэн судалж, бодит байдалд нийцсэн, ойлгомжтой, тодорхой шийдвэр гаргах үүрэгтэй.
30.Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг хүчингүй болгох, залруулах тохиолдолд тухайн шийдвэрт үндэслэж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн этгээдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг хэрхэхийг мөн хамт шийдвэрлэх учиртай. Харин газар эзэмшигч нь зөрчил гаргасан, түүний буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй тохиолдолд уг зөрчлийг хэзээ, хэрхэн, яаж гаргасан, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон эсэхийг бүрэн шалгаж, тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ