Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01607

 

Г.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/02456 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.З, Б.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, хамтран ажиллах гэрээний үүрэгт 70,640,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч О.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2020 оны 08 сард О.З надтай уулзаж өвсний бизнест хамтарч хөрөнгө оруулж ажиллахаар ярилцаад Сүхбаатар аймгийн Э сум руу О.З, М.Г, О.З ын хүү 3.О нарын хамт явж өвс худалдан авахаар болсон. Ингээд 8,000 боодол өвсийг 8,000 төгрөгөөр, 2,000 боодол өвсийг 6,000 төгрөгөөр худалдан авсан. Өвсний үнэд 2020 оны 10 сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 10 сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 10 сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг миний бие төлсөн. Мөн өвс тээвэрлэх болон бусад шаардлагатай зардал гэж надаас 2020 оны 10 сарын 09-ний өдрөөс 11 сарын 15-ны өдрийн хооронд 34,700,000 төгрөг авсан. Үүнээс гадна өвсөө татах шланз машин БНХАУ-аас оруулж ирнэ гээд 2020 оны 10 сарын 09-ний өдөр машины үнэ 51,000 юань буюу 22,440,400 төгрөгийг надаар төлүүлсэн. О.З нар хамтран ажиллахад мөнгөн хөрөнгө оруулаагүй, харин үйлчилгээ үзүүлэх, зуучлах байдлаар оролцсон. Бид нар худалдаж авсан өвсөө Сүхбаатар аймгаас авчрах үед Ковид-19 өвчин гарч, 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосны улмаас зөвхөн О.З явж өвсөө авчраад тэрээр өвсийг зарж борлуулсан. Өвсийг ямар үнээр хэрхэн борлуулсан талаар надад мэдэгдээгүй. Миний оруулсан мөнгийг өгөх, ашгаа хэрхэн хуваарилах талаар мэдээлэл өгөөгүй. Өвс бэлтгэх үед тээвэрлэх болон бусад шаардлагатай зардалд надаас авсан 34,700,000 төгрөгийг О.З өөрийн эхнэр Б.Б-ийн дансаар, машины үнэ 22,440,000 төгрөгийг би БНХАУ-д байх өөрийн түншээр дамжуулан төлсөн. Автомашиныг Монгол улсын хилээр оруулж ирсний дараа оношилгоо, улсын дугаар авах 100,000 төгрөгийг би гаргаж, машиныг Б.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Эдгээр хүмүүс машиныг ашиглаж, эзэмшиж байгаа болно. Тухайн үед буюу 2020 оны 11 сард өөрийн бизнест хөрөнгө оруулах шаардлага гарч О.З-аас оруулсан мөнгөө авъя гэхэд хүнээс зээлээд түр зохицуулж байгаач гэсэн. Үүний дагуу 2020 оны 11 сард иргэн Г.М-өөс 20,000,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн хүүд 3,000,000 төгрөг төлж давхар хохирсон.

Мөн О.З мөнгө хэрэгтэй байна гээд 2020 оны 08 сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, түүний хэлсний дагуу Хаан банкны ************** тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2021 оны 03 сард О.З нартай уулзахад өвсний бизнесийн ашиг 7,000,000 төгрөгийг өгнө гэж амласан боловч өгөөгүй.

Иймд зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг, хамтран ажиллахаар авсан өвсний мөнгө 35,000,000 төгрөг, тээвэрлэлтийн болон бусад зардал 34,700,000 төгрөг, машин, оношилгоо, улсын дугаарын үнэ 22,540,000 төгрөг, ашиг 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, нийт 117,240,000 төгрөг төлөхөөс төлсөн 31,600,000 төгрөгийг хасаж, үлдэх 85,640,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч О.З хариу тайлбартаа: Миний бие өвс худалдан авах тухай дангаар шийдвэр гаргаагүй. Г.У, н.М, М.Г нар өвсний наймаа хийхээр тохиролцсон байдаг. М.Г-ийн ах Сүхбаатар аймагт өвс тээвэрлэлт хийдэг, ашиг сайн олдог гэсэн учраас н.М, М.Г, Г.У , О.З нар хамтарч өвс тээвэрлэхээр тохиролцож, Сүхбаатар аймаг руу явсан. Улмаар Б.Г-аас өвс авч, худалдан борлуулж Г.У, н.М, М.Г, О.З нар ашгаа хуваахаар тохиролцсон. О.З нь мөнгөний эх үүсвэрийг н.М-өөс гарна гэж ойлгосон байдаг. 12,000 боодол өвсийг 75,000,000 төгрөгөөр авахаар тохирч 50,000,000 төгрөгийн өвсийг Сүхбаатар аймгийн төвд буулгасан. Уг 50,000,000 төгрөгийн 35,000,000 төгрөгийг нь Г.У-аас Б.Г болон Б.Г-ын эхнэрийн дансанд шилжүүлсэн. 50,000,000 төгрөгийн өвснөөс 35,000,000 төгрөгийн өвсийг Улаанбаатарт авчирч, 15,000,000 төгрөгийн өвсийг Сүхбаатар аймгийн төвд Б.Г-ын хашаанд үлдээсэн. 50,000,000 төгрөгийн өвсний асуудал байгаа. О.З өвсийг худалдан борлуулахын тулд том тэвштэй, чиргүүлтэй машиныг 21,000,000 төгрөгөөр авах боломжгүй. Ковидын үед М.Г Сүхбаатар аймагт байхдаа өвсийг хаашаа ачиж борлуулсан нь тодорхойгүй. Г.У нь Б.Б-ийн данс руу 100,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч Б.Б-ийн дансанд мөнгө ороогүй. Уг маргаанд өвсний тээврийн зардал, шатахуун, машины сэлбэгийн асуудал яригдахгүй. О.З аас нэхэмжилсэн мөнгийг ойлгохгүй байна. Хамтран ажиллах гэрээгээр хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах, хэдий хэмжээний ашиг олох тухай тохиролцдог. Г.У-ыг манай талаас тооцоо нийлье гэхээр ирдэггүй. Хамтран ажиллах гэрээгээр ашиг, зардлыг тооцож байж хэн хэдэн төгрөг өгч авахыг шийдэх ёстой. н.М, Г.У нар н.Э гэх хүнээс мөнгө зээлсэн эсэхийг бид мэдэхгүй. О.З хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон үүргээ гүйцэтгэсэн. Тооцоо нийлэлгүй Г.У-т 7,000,000 төгрөг өгөх үндэслэл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нөхөр О.З-т дансаа ашиглуулсан. Дансаар орж ирсэн мөнгийг О.З-т өгсөн нь баримтаар нотлогдоно. Г.У нь өөр бусдад шилжүүлсэн мөнгөө Б.Б-ээс нэхэмжилж байгаа ч тухайн мөнгийг Б.Г-д шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Б.Г-д шилжүүлсэн мөнгийг М.Г авсан байдаг. Эдгээр хүмүүсийн маргаан Б.Б-т хамааралгүй. Машины мөнгө нэхэж байгаа ч машиныг зараад мөнгийг нь Г.У дансандаа авсан. Г.У-ын хүнээс зээлсэн мөнгө Б.Б-т хамааралгүй. Зээлсэн мөнгийг буцааж өгсөн талаар О.З ын төлөөлөгч тайлбартаа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б-т холбогдуулсан нь үндэслэлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг баримтлан О.З-аас 4,525,000 төгрөг гаргуулж Г.У-т олгож, нэхэмжлэлийн бусад хэсэг болох 66,115,000 төгрөг болон Б.Б-ээс 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,140 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.З-аас 87,350 төгрөг гаргуулж Г.У-т олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Өвс худалдан авч борлуулах улмаар ашиг олох талаар хариуцагч О.З бид хоёр тохиролцож, өвс худалдан авах мөнгийг болон бусад бүхий л зардлыг нэхэмжлэгч гаргаснаа нотлох баримтаар хангалттай нотолсон байхад шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.2. О.З бид нар 8,000 боодол өвсийг тус бүр 8,000 төгрөгөөр, чанар муу 2,000 боодол өвсийг тус бүр 6,000 төгрөгөөр авахаар болж 2020 оны 10 сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 10 сарын 16-ний өдөр 10,000,000 төгрөг, 10 сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг өвс худалдан авсан Сүхбаатар аймгийн иргэн Б.Г-ын эхнэр Н.У-ийн дансанд би өөрийн данснаас шилжүүлсэн. Уг 35,000,000 төгрөгийн өвсийг хариуцагч О.З Улаанбаатар хотод авчирч худалдсаныг гэрч М.Г, өвс худалдан авсныг Б.Г, Н.У нар гэрчилсэн. Мөн өвсний зардалд зориулан зөвхөн нэхэмжлэгч миний бодит гаргасан 92,140,000 төгрөгөөс буцаан авсан 31,600,000 төгрөгийг хасаж тооцоход 60,500,000 төгрөгийг хариуцагч О.З төлөхөөр тооцоолол гарч байна. Хариуцагч нар тайлбар татгалзлаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэгч миний гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй.

5.3.  Шүүхийн журмаар Авто тээврийн Үндэсний төвөөс гаргуулсан нотлох баримтаар 2020 оны 10 сарын 24-ний өдөр хариуцагч Б.Б-ийн нэр дээр North Benz маркийн /шланз нэрээр/ машин чиргүүлийн хамт БНХАУ-аас орж ирсэн баримтыг ирүүлсэн. Уг машины үнэ 22,400,000 төгрөгийг би төлсөн болохоо мөн нотолсон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан БНХАУ-аас оруулж ирсэн машины нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй боловч Б.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн, машины үнийг буцааж төлсөн талаар маргаагүй гэсэн хоёрдмол утгатай, ойлгомжгүй дүгнэлт хийж 22,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон.

5.4. 2020 оны 08 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч О.З-аас шаардсан байхад Б.Б-ээс шаардсан мэтээр ойлгон буруу дүгнэлтийг хийж, зээлийн 15,000,000 төгрөгийг Б.Г, М.Г нарын хооронд үүссэн өвс худалдах, худалдан авах төлбөр тооцоонд шилжүүлсэн мөнгө гэж үзэхээр байна гэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож шийдвэрлэсэн гэхэд эргэлзэж байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэл болон машины үнэ зээлийн гэрээний дагуу зээлж авсан мөнгө зэргийг төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

5.5.  Түүнчлэн миний өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх хангаагүй зөрчлийг гаргаж, улмаар миний эрх ашгийг хохироосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр нь эрх зүйн маргааны талаар ямар дүгнэлт гаргаж байгаа, зарим гаргасан хагас дутуу дүгнэлт ямар нотолгоо, бодит нөхцөл байдалд тулгуурласан, хуулийн ямар зүйл заалтад үндэслэсэн нь ойлгомжгүй, хууль зөрчсөн, шударга үнэнд нийцээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч О.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

6.1. Талууд анхнаасаа өвс худалдан авч, худалдан борлуулж, ашиг хуваах тохиролцоо хийгээгүй. М.Г-ийн хуулийн этгээдийн нэр дээр хөрс хуулалтын ажил хийж хамтран ажиллахаар тохиролцсон боловч боломжгүй болсны улмаас М.Г-ийн санаачилгаар Г.У , н.М, О.З, М.Г нар Сүхбаатар аймгаас өвс худалдан авч борлуулж ашиг орлого олж хамтран ажиллах тухай яриа амаар хийгдсэн. Г.У нь 2020 оны 08 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр О.З-т зээлдүүлсэн гэх 15,000,000 төгрөг нь дээрх гүйцэтгэгдээгүй хөрс хуулалтын ажилд зарцуулсан мөнгө юм. Мөн Г.У-ын данснаасаа О.З-т шилжүүлсэн гэх мөнгөнүүд бүгд хамтын ажиллагаанд зарцуулагдсан тухай нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байгаа болно.

6.2. Нэхэмжлэгч Г.У нь О.З-т 15,000,000 төгрөг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нь уг 15,000,000 төгрөгийг хэрвээ хамтран ажиллах гэрээнд оруулж буй хөрөнгө гэж тооцохгүй зээлийн гэрээ гэж үзвэл М.Г нь зээлийн гэрээний хамтрагч байсан болохыг нотолсон.

6.3.  Бодит байдалд О.З **-** У** улсын дугаартай Nort Benz маркийн автомашиныг БНХАУ-аас оруулж ирэх зардлын 45,000,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т заасан хамтран ажиллах гэрээний хураамжийг төлсөн. Түүнчлэн О.З дээрх өвс тээвэрлэх зориулалтаар авсан машиныг БНХАУ-ын Эрээн хотоос ачих тээврийн зардал 252,000 төгрөг, Монгол Улсын хилээр оруулж ирсэн гаалийн хураамжид төлсөн 2,800,000 төгрөг, мөн дээрх автомашиныг засаж сайжруулах зардалд 12,142,030 төгрөгийг оролцуулж, нийт 17,571,030 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй.

6.4.  Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хамтран ажиллах гэрээнээс М.Г, Г.У, н.М нар гараагүй бөгөөд Г.У нь өөрөө гэрээний ажиллагаанд хяналт тавьж байсан, харин М.Г өвс худалдан авах, тээвэрлэх, худалдан борлуулах ажиллагаанд оролцож байснаа огт үгүйсгэдэггүй. М.Г-ийг өвс авах ажилд биечлэн оролцож байсан тухай болон мөн Г.У нь 2020 оноос хойш М.Г-тэй байнгын харилцаа холбоотой байсан тухай С.А гэрчилдэг ба Г.У-ын оролцооны тухайд ...Г.У , М.Г нар анх хөрс хуулалтын ажилдаа зарцуулах гэж байсан байх. Би бүр баримтыг нь бүрдүүлж өгч байсан... гэж мэдүүлэг өгдөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Г , Н.У нар ...өвсийг М.Г-д өгсөн, О.З тай ямар нэгэн тооцоо байхгүй, М.Г-тэй хамт ирж байсан болохоор танина. М.Г-ээс өвсний мөнгөний авлагатай... гэх утга бүхий мэдүүлгүүдийг өгсөн.

6.5.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00721 дугаартай шийдвэрээр М.Г-ээс өвсний үлдэгдэл төлбөрт 8,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Г-д олгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан баримтыг хариуцагч талаас шүүхэд гарган өгсөн байдаг. Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч О.З ын төлөөлөгчийн зүгээс тооцоо нийлж төлбөр тооцооны асуудлыг нэг мөр шийдвэрлэх тухайд удаа дараа Г.У, н.М, М.Г нарт санал тавьж байсан тухай тайлбарыг гаргадаг ба энэ талаар нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй болно.

Анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу талуудын тайлбарыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч О.З-аас 4,525,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч О.З-аас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, хариуцагч О.З, Б.Б нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 70,640,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч О.З-аас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

3.1.  Талууд 2020 оны 08 сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, Г.У нь О.З-т 15,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

3.2.  Үүний дагуу Г.У-аас 2020 оны 08 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг болон 7,400,000 төгрөг, 2020 оны 08 сарын 26-ны өдөр 2,600,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг О.З ын нэрлэн заасан этгээд болох Б.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь ************** тоот данс руу ...З... гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгсөн байна.

3.3.  Дээрх 15,000,000 төгрөгийг хариуцагч О.З нь ...хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, хөрс хуулалтын ажилд зарцуулагдсан... гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

3.4. Иймд хариуцагч О.З-аас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.У-т олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, холбогдох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

4. Хариуцагч О.З, Б.Б нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 70,640,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

4.1.  Нэхэмжлэгч Г.У, хариуцагч О.З болон М.Г нар өвс худалдан авч, цааш нь худалдаж, ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, улмаар Б.Г-аас 8,000 боодол өвсийг тус бүр 8,000 төгрөгөөр, 2,000 боодол өвсийг тус бүр 6,000 төгрөгөөр, нийт 10,000 боодол өвсийг нийт 76,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.Г, түүний эхнэр Н.У, М.Г, түүний эхнэр С.А нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.У, хариуцагч О.З болон М.Г нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Б.Б нь уг хамтран ажиллах гэрээний оролцогч биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.Б-ээс 15,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Б.Б-ээс 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь алдаатай болжээ.

4.2.  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний онцлог нь хоёр буюу түүнээс дээш этгээд ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж, ийнхүү ашиг гарсан тохиолдолд ашгаа хуваарилах, алдагдалтай ажилласан тохиолдолд мөн хуваарилахад оршино.

4.3. Хамтран ажиллах гэрээний талууд ашигтай ажилласан эсэх, ашигтай ажилласан бол хэдэн төгрөгийн ашигтай ажилласан болох, үүнээс хамтран ажиллах гэрээний талуудад тус бүр хэдэн төгрөгийн ашиг хуваарилах талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

4.4. Түүнчлэн, хамтран ажиллах гэрээнд хариуцагч О.З-аас гадна М.Г оролцсон байхад нэхэмжлэгч Г.У нь ямар үндэслэлээр дан ганц О.З т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

4.5. Нэхэмжлэгч Г.У-ын тайлбараар хариуцагч О.З нь 31,600,000 төгрөгийг түүнд төлсөн болох нь тогтоогдсон.

Үүнээс үзвэл, хариуцагч О.З нь дээрх мөнгийг хамтран ажиллах гэрээний ашиг, алдагдалд тооцон нэхэмжлэгч Г.У-т төлсөн гэж дүгнэхээр байна.

5. Иймд хариуцагч О.З, Б.Б нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 70,640,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6.  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасан гэрээний талууд хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болох зохицуулалтыг баримталсан нь тус маргаанд хамааралгүй тул уг заалтыг хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

7.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/02456 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус зааснаар хариуцагч О.З-аас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,640,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Б-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...87,350 төгрөг... гэснийг ...232,950 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 586,140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 90,575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР