Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямаагийн Баярхүү |
Хэргийн индекс | 155/2024/00634/И |
Дугаар | 225/МА2024/00022 |
Огноо | 2024-09-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 225/МА2024/00022
2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 225/МА2024/00022 |
М.Дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2024/00775 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А, Д.Ц нарт холбогдох
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000 дүгээр байрны 000 тоот56.56 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Д нь ШХХК-иас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээрбайрны 2 тоот 56.56 м.кв байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 11- ний өдрийн 155/ШШ2024/00264 дугаартай шүүхийн шийдвэрээр намайг тус байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Одоо уг байранд Ц.А гэх айл байгаа бөгөөд байр суллаж өгөхийг мэдэгдсэн боловч байрыг чөлөөлөхгүй байгаа тул албадан чөлөөлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.
Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээрбайрны 2 тоот 56.56 м.кв байрыг албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг байранд Ц.А амьдраагүй тул хариуцагч Ц.Ааас татгалзаж, хариуцагч Д.Цгийн эзэмшлээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000 дүгээрбайрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү. гэв.
Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний ээж Манзраева овогт Дашжамцын Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ШХХК-ийн захирал З.Галмөнхтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шалбаны албан хаагчдын орон сууцны байрны 1 дүгээр давхрын 2 тоотод байрлах 56.74 метр квадрат байрыг захиалсан билээ.
Ц.А би тус Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шалбаны албан хаагчдын орон сууцны барилгын ажилд талбайн инженерээр ажиллаж байсан. Ажлынхаа хөлсийг ШХХК-аас аваагүй. Улмаар ажлын хөлс буюу цалингаа Шалбаны албан хаагчдын орон сууцны байрны 1 дүгээр давхрын 2 тоотод байрлах 56.74 метр квадрат байрны үнэ өртөгт нь тооцуулахаар З.Галмөнхтэй 2018 тохиролцон гэрээ байгуулсан. Үлдсэн төлбөр болох 51,300,000 төгрөгийг миний ээж Д.Ц бэлэн мөнгөөр төлж уг байрыг худалдаж авахаар тохирсон юм.
...Би Шалбаны албан хаагчдын орон сууцны байрны 1 дүгээр давхрын 2 тоотод байрлах 56.74 метр квадрат байранд оршин суудаггүй, тус байрны өмчлөгч, эзэмшигч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ худлаа зүйл бичсэн байсан. Үүндээ уучлал хүсэх хэрэгтэй гэж бодож байна. Бид нарт байр суллаж өгнө үү гэж удаа дараа хэлсэн боловч суллаж өгөөгүй мэтээр бичсэн байсанд гомдолтой байна. Тийм зүйл байхгүй. Мөн энэ асуудал гэнэтийн болсон тул даруй хугацаанд чөлөөлөх боломжгүй. Миний бие хотод хагалгаанд орох гээд ирсэн байна. Нэг хүүхэд маань Улаанбаатарт, нэг нь хөдөө байдаг. Би өөрөө ганц бие. Ах, дүү нар цөөтэй учраас намайг нүүлгэж өгөх хүн байхгүй. Нэхэмжлэгч өөрөө намайг нүүлгэж өгөх юм уу. Урьдчилан хэлсэн зүйл огт байхгүй, сэтгэл санааны ямар ч бэлтгэлгүй байхад гэнэт л байрнаас гарах болж байна. М.Д бид хоёрын тухайд хоёулаа хохирсон гэдэг нь үнэн. Тэтгэвэрт байгаа надад дахин ажил хийх боломж байхгүй. Би цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан мөнгөөрөө байр авсан. З.Гал-Эрдэнэ та хоёрын мөнгө төгрөг зээлсэн асуудлаас болж би байргүй болж байна гэв.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2024/00775 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.Цгийн хууль бус эзэмшлээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000 дүгээрбайрны 02 тоотод байрлах, 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Даас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Дт олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Ц давж заалдах гомдолдоо: Миний бие Д.Ц нь ШХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Мөрөн сумын 8-р багт байрлах 000-Р байрны 2 тоот орон сууцыг худалдан авахаар болж, 2021 оны 11 дүгээр сард байрандаа нүүж орсон. Мөн миний бие 2022 оны 5 дугаар сараас хойш байрны төлбөр төлж эхэлсэн бөгөөд нийт 51,300,000 төгрөгийг төлчихөөд байсан. Би байранд орсноос хойш байрны ашиглалтын зардлуудыг бүрэн төлж, нийтийн засварт 600 гаруй мянган төгрөг, хуучин цэвэр, бохир усны төлбөр, цахилгааны төлбөр зэргийг хийж, байрны дотор засварыг өөрөө хийсэн. Ингээд байрандаа амьдарч байгаад 2024 оны 6 дугаар сард М.Дын орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад миний байрыг М.Д өмчлөгчөөр тогтоолгосон болохыг мэдсэн.
Миний хувьд өөрийн эрхээ хамгаалах ямар ч боломжгүйгээр байрыг албадан чөлөөлөх шийдвэр гарсанд гомдолтой байна. Орон сууцыг М.Дын өмчлөгчөөр тогтоосон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг оролцуулаагүй. 775 дугаар шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэж байрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан байх ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Би ШХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй, барилгын компанийн зөвшөөрснөөр орон сууцанд нүүн орж, хууль ёсны дагуу холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан хууль ёсны эзэмшигчийн үүднээс орон сууцыг эзэмшиж, ашигласаар ирсэн. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ намайг хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотолж чадаагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй байж хуулийг алдаатай, буруу хэрэглэж шийдвэр гарган намайг орон сууцнаас албадан чөлөөлөх шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.08-ны өдрийн 155/ШШ2024/00775 дугаар шийдвэрийг хянан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000 дүгээрбайрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардсан ба хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Харин хариуцагч Ц.А нь ...Би Шалбаны албан хаагчдын орон сууцны байрны 1 дүгээр давхрын 2 тоотод байрлах 56.74 метр квадрат байранд оршин суудаггүй, тус байрны өмчлөгч, эзэмшигч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх тайлбарыг, нэхэмжлэгч М.Д нь анхан шатны шүүх хуралдаанд Ц.Аыг хариуцагчаар татах шаардлагагүй байсан юм байна. Иймд Ц.Аыг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэх тайлбарыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч М.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000 дүгээрбайрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00264 дугаартай шийдвэрээр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон, мөн дээрх орон сууц нь хариуцагчийн эзэмшилд байгаа зэрэг үйл баримт хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн хуулбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдлоо.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч М.Д нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хариуцагч Д.Цгийн ...ШХХКомпанитай харилцан тохиролцсоны дагуу Мөрөн сумын 8 дугаар багийн 000 дүгээрбайрны 000 тооторон сууцыг худалдан авахаар болж, 2021 оны 11 дүгээр сард байрандаа нүүж орсон. Мөн миний бие 2022 оны 5 дугаар сараас хойш байрны төлбөр төлж эхэлсэн бөгөөд нийт 51,300,000 төгрөгийг төлчихөөд байсан. ...Орон сууцыг М.Дын өмчлөгчөөр тогтоосон, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг оролцуулаагүй. ...Би ШХХКомпанитай байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй, барилгын компанийн зөвшөөрснөөр орон сууцанд нүүн орж, хууль ёсны эзэмшигчийн үүднээс орон сууцыг эзэмшиж, ашигласаар ирсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ намайг хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотолж чадаагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй байж хуулийг алдаатай, буруу хэрэглэж шийдвэр гарган намайг орон сууцнаас албадан чөлөөлөх шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. ...шийдвэрийг хянан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тайлбар нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талуудын гаргаж өгсөн нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрээс өөр баримт авагдаагүй тул хариуцагч Д.Цг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000 дүгээрбайрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэхээргүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид эрх, үүрэг, хэргийн материал танилцуулаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр итгэмжлэлээр өөрийгөө төлөөлүүлэхээр Г.Заяажаргалд эрх олгосон байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Заяажаргалд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эрх, үүрэг, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материал танилцуулж шүүхээс тогтоосон хугацаа болох 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан боловч хариуцагч болон түүний төлөөлөгчийн зүгээс хариу тайлбар ирүүлээгүй байна.
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Д.Ц нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Заяажаргалаас татгалзаж өөрөө шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Мөн хариуцагч Д.Цг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцоход түүнд эрх, үүрэг танилцуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаас шинжлэн судлуулах зүйл байхгүй гэж өөрөө тайлбарласан зэрэг нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 155/ТМ/2024/00702 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2024/00775 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ