Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2024/00023

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2024/00023

 

 

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00660 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Гд холбогдох

Гэм хорын хохиролд нийт 140,177,908 (нэг зуун дөчин сая нэг зуун далан долоон мянга есөн зуун найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.С /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.М нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 000 тоотод байрлах өөрийн гэртээ Н.Гд зодуулснаас эрүүл мэндэд хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий хүнд хохирол учирсан юм. Гд холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Гийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэйг дурьдсан.

Иймд би Н.Гээс эмчилгээнд зарцуулсан эм тарианы 7,346,768 төгрөг, байнга таксигаар үйлчлүүлсэн бензиний 1,955,416 төгрөг нийт 9,302,184 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ ...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан эмчилгээ болон шатахууны зардал 14,767,988 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг, нийт 140,177,908 төгрөгийг хариуцагчаас гаруулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид 8,270,000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг, нийт 18,270,000 төгрөгийг өгсөн. Дээрх эмчилгээний баримттай байгаа 10,218,152 төгрөгөөс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаашид гарах эмчилгээний зардалд зарцуулаарай гэж өгсөн 10,000,000 төгрөгийг хасахад 218,152 төгрөг үлдэж байна. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид 1,150,000 төгрөгийг өгсөн. Үүнийг 218,152 төгрөгөөс хасахад хариуцагч нь нэхэмжлэгчид 931,848 төгрөгийг илүү төлсөн байгаа.

...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж заасан байдаг учир Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөгийг урьдчилсан байдлаар төлөх хууль зүйн үндэслэлгүй учир уг мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

...Н.Гд холбогдох эрүүгийн хэрэг нь 2022 онд болсон хэрэг байна. Сэтгэцэд учирсан хохирсон хохирлыг арилгах тусгайлан гаргасан журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж хэрэгжүүлж эхэлнэ гэж заасан байдаг. ...2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол төлөх хуулийн үндэслэл байхгүй.

...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00660 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Н.Гээс сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, эмчилгээний зардал 9,068,152 төгрөг, нийт 39,068,152 (гучин есөн сая жаран найман мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,109,756 (нэг зуун нэг сая нэг зуун есөн мянга долоон зуун тавин зургаа) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Н.Гээс улсын тэмдэгтийн хураамж 353,291 (гурван зуун тавин гурван мянга хоёр зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мгээс шинжээчийн ажлын хөлс 206,800 (хоёр зуун зургаан мянга найман зуу) төгрөгийг, хариуцагч Н.Гээс шинжээчийн ажлын хөлс 206,800 (хоёр зуун зургаан мянга найман зуу) төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн 100170005001 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгийг өгч, хоёр талаас гарын үсэг зуран баталгаажуулсан. Энэ талаар ч шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгч нь тухайн 10,000,000 төгрөгийг цаашид гарах эмчилгээндээ хэрэглэхээр авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч анхан шатны шүүхээс тухайн 10,000,000 төгрөгийг төлсөн эсэх нь тогтоогдохгүй гэж нэхэмжлэгчийн авсан гэсэн, хариуцагчийн өгсөн гэсэн тайлбаруудыг баримтгүйгээр няцааж хэргийг талуудын тайлбар, нотлох баримтаар бус өөрсдийн үзэмжээр дүгнэн шийдвэрлэсэн. 2022/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчид нийт 8,270,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс нийт 18,270,000 төгрөг төлсөн болохыг дурдсан боловч анхан шатны шүүх ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэх заалтыг зөрчин тухайн мөнгийг төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн байх тул дээрх заалтыг хүчингүй болгож эмчилгээний зардалд үлдэх 9,068,152 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлан зохицуулалт байхыг заасан байх боловч ийм зохицуулалт 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед байхгүй байжээ гэж дүгнэсэн атлаа, нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь тогтоогдож байна гэж ашиглах ёсгүй журмыг дурдан дүгнэж, ямар хууль, журмын зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлыг 30,000,000 төгрөг гэж тооцон гаргасан нь тодорхойгүйгээр зөвхөн Нэхэмжлэгч нь ... сэтгэл санааны байдал зэрэгт үүссэн хохирлоо 30,000,000 төгрөгийн хэмжээнд тодорхойлсон байх тул гэж нэхэмжлэгчийн тодорхойлолтыг үндэслэн түүний санаанаасаа тодорхойлон гаргасан мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцож гаргах журам тухайн цаг үед байгаагүй учир энэхүү иргэний хэрэгт ашиглах боломжгүй юм бол нэхэмжлэгчийн шаардсан тухайн 30,000,000 төгрөг хаанаас, ямар хуулийн зохицуулалтын дагуу бодогдон тогтоогдсон нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн санаанаасаа зохиосон мэт мөнгөн дүнг хангаж шийдвэрлэсэн байгаа юм.

Иймд шүүх тус иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим шаардлага болох 95,409,920 төгрөгийг хуулийн дагуу зөв үнэлж дүгнэн хэрэгсэхгүй болгосон боловч эмчилгээний зардалд үлдэх 9,068,152 төгрөг, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг зэргийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 9,302,184 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У эмчилгээ болон шатахууны зардал 14,767,988 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг, нийт 140,177,908 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1,150,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигч маргаангүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, эмчилгээний зардал 9,068,152 төгрөг, нийт 39,068,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,109,756 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

Б.М 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Н.Гд зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохирол шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн эмчилгээний болон шатахууны зардалд нэхэмжилсэн 14,767,988 төгрөгийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, 9,068,152 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ ...хэний эзэмшлийн ямар улсын дугаартай автомашинд шатахуун хийж, эмнэлгийн ямар тусламж үйлчилгээг хүлээн авсан болох, ...Н.Гээс нэхэмжлэгч Д.Мд илүү төлсөн 10,000,000 төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардал болгож өгсөн, эмчилгээний төлбөрт оруулж тооцуулах талаар харилцан тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх ...зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй боловч энэ талаарх баримтуудыг шүүхэд гарган өгөөгүй, ... хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь, хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татаглзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Турк улсад эмчилгээ хийлгэхтэй холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Харин анхан шатны шүүх хариуцагчаас сэтгэл санаанд учирсан учирсан хохирол 30,000,000 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний эрх зүйн хамгаалалтын нэг болох эдийн бус гэм хорыг арилгуулах аргыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар уг заалтыг  Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. гэж өөрчилсөн. Энэ заалт нь эдийн бус гэм хорыг арилгах нарийвчилсан зохицуулалт тул дээрх зохицуулалтад заасан журмаар уг гэм хорыг арилгуулах боломжтой.

 Түүнчлэн Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. гэж зохицуулсан тул уг заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө болж өнгөрсөн үйл явдал, эрх зүйн харилцаанд хэрэглэхгүй.

Гэтэл анхан шатны шүүх ...сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхыг заасан байх боловч ийм зохицуулалт байхгүй. ... гэм хорын ерөнхий зохицуулалтын агуулга, зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй, ...шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмт хэргийн улмаас Б.Мгийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь тогтоогдож байна. гэж дүгнэн хариуцагчаас сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00660 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, эмчилгээний зардал 9,068,152 төгрөг, нийт 39,068,152 гэснийг эмчилгээний зардал 9,068,152 гэж, 101,109,756 (нэг зуун нэг сая нэг зуун есөн мянга долоон зуун тавин зургаа) гэснийг 131,109, 756 (нэг зуун гучин нэгэн сая нэг зуун есөн мянга долоон зуун тавин зургаа) гэж, 2 дахь заалтын 353,291 (гурван зуун тавин гурван мянга хоёр зуун ерэн нэг) гэснийг 160,040 (нэг зуун жаран мянга дөч) гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,300 /гурван зуун тавин гурван мянга гурван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ