| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0451/Э |
| Дугаар | 451 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 451
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Т.Мхолбогдох эрүүгийн 1809004170369 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Х овогт Т.М, /регистрийн дугаар/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.М нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН банкны АТМ-р 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1.000.000 төгрөгийг иргэн С.Туулаас залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Т.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.М нь “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-р 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1.000.000 төгрөгийг иргэн С.Туулаас авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч С.Туулын "...Би М гэх хүнд 1.000.000 төгрөг өгсөн. М-ын дүү нь цагдаад ажилладаг хэрэгт холбогдоод хэцүү байна гээд надаас 1.000.000 төгрөг зээлсэн юм. Тэр мөнгөө 7-14 хоногийн хугацаатай буцааж төлөх нөхцөлөөр зээлж байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Ц.Лхагважавын "...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зүс таних эмэгтэй болох Т.М “хүүхдийн бие муу байна” гээд 1.000.000 төгрөг түр хугацаагаар өгөөч” гэж гуйгаад уйлаад байхаар нь өрөвдөөд 1.000.000 төгрөгийг М гэх хүнд зээлүүлсэн юм. Эргэн мөнгө өгөх хугацаа болсон боловч огт мөнгө өгөхгүй байсан. Дараа нь өөртэй нь ярьсан боловч удахгүй буцаагаад өгнө гээд хүлээлгээд байсан. Улмаар утсаа авахгүй байж, одоогийн байдлаар утас нь бүр холбогдохгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн Т.М-ын "...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Лхагважав гэх хүний эхнэр Туул над руу залгаад "24 сарын тэтгэврийн зээл авах хэрэгтэй байна, чамд таньдаг хүн байна уу, туслаад өгөөч" гэхээр нь би Энхмаа гэх Капитал банкны салбарын эрхлэгч хуурай эгчтэйгээ Туул эгчийг холбож өгөөд зээлийг нь бүтээлгэсэн. Туул эгч Энхмаа эгчид 500.000 төгрөг өгсөн байсан. Би тэр өдөр Туул эгчтэй уулзахад надад 150.000 төгрөг өгөөд баярлалаа гэхээр нь би "та надад 1.000.000 төгрөг зээлчих" гэж хэлэхэд Туул эгч 150.000 төгрөгийг зүгээр өгөхийн оронд чамд 1.000.000 төгрөг зээлье гээд би 150.000 төгрөгийг шагналд аваагүй, 1.000.000 төгрөг зээлсэн юм. Сүүлд Лхагважав гэх хүн "Туулын нөхөр байна, мөнгөө авъя" гэхэд нь надад тухайн үед боломж байхгүй байсан. 2017 оны 12 дугаар сард Алтанхуяг гэх газрын албанд ажиллаж байгаад гарсан нэг залуу, Туул эгчийн дүү "эзэмшлийн гэрчилгээг чинь өмчлөлийн гэрчилгээ болгож өгье" гээд 750.000 төгрөгийг миний газрын гэрчилгээтэй авч байсан юм. Сүүлд тэр хэлэхдээ “ажил нь бүтээгүй, Туул эгчид өртэй юм байна, би чиний өмнөөс Туул эгчид мөнгийг чинь өгье” гэж Алтанхуяг хэлсэн. Ингээд миний өрийн асуудал цайрсан гэж ойлгосон. Алтанхуяг гэгчийг би Болдсайхан гэх хүнээр дамжуулж танилцсан. Би Туул эгчтэй мөн адил Болдсайханаар дамжуулж танилцсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
“ХААН” банкны Т.М-ын 5024748475 дугаартай дансны
2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн
дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 33-40 дүгээр хуудас/,
“ХААН” банкны 5003809262 дугаартай дансны Депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19, 20 дугаар хуудас/,
Т.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Майнбаярт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Туул 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэнийг шүүгдэгч Т.М нөхөн төлсөн байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т.М-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.М-ыг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.М-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ