Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                  

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт М-н Ад холбогдох эрүүгийн 1809012980418 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Аптай аймгийн Жаргалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал зуучлал, зочид буудлын менежер мэргэжилтэй, “Хан хужирт” рашаан сувилалын цогцолборт зочид буудлын менежер ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар байрны 408 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ДЖ 89011918 / Боржигон овогт М-н Ань:  

 

- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчт Э.Марал-Эрдэнээс бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Марал-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Эрч” нэртэй фитнесс клубын фитнессийн багш Сүхээ гэх залуу надад манай хамаатны залуу их сургуульд багшилдаг. Урьд нь манай найзад их сургуулийн диплом гаргаж өгч байсан гэж хэлсэн. Тэгээд надад 88101924 гэсэн дугаарыг өөр нэг дугаарын хамтаар өгөхөөр нь би ярьж байгаад багшийн дээд дээр тэр залуугийн ажилладаг “Сантис” сургалтын төв дээр очиж уулзахад миний бичиг баримтыг үзээд болохоор юм байна гэж хэлээд нийт 6 сая төгрөгөөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийн диплом гаргаж өгөхөөр тохирсон. Ерөнхийдөө бол анх Монгол Улсын Их сургууль гэж байгаад их оочертой байна гээд сүүлдээ ШУТИС болсон юм. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багшийн дээдийн автобусны буудал дээр Алтаншагай гэх залуутай уулзахаар болсон юм. Уулзаад урьдчилгаанд 2 сая төгрөг өгөхөөр өөрийнхөө Голомт банкны 108700161366 тоот данснаас Голомт банкны бэлэн мөнгөний машинаас 2 сая төгрөгийг авч, бэлнээр өгч зээлийн гэрээ байгуулъя гэж ярьж тохиролцсон. Зээлийн гэрээ байгуулахдаа 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгөхөөр байгуулсан. Нотариатаар батлуулахдаа 3 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлуулсан. М.А нь миний дипломыг ШУТИС-ийн төгсөлт болох өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж өгнө гэсэн боловч хугацаандаа гаргаж өгөөгүй. Тэгэхээр нь би хүлээсэн боловч яаман дээр асуудалтай байна. Түр хүлээ гэх мэтээр яваад байсан. Сүүлдээ намайг нэг бол хүлээ, нэг бол мөнгөө ав гэхээр нь би мөнгөө авъя гэтэл мөнгийг маань одоо хүртэл өгөхгүй байгаа гэжээ. / хх 14-15 /

 

Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга / хх 22 /

 

Гэрч Ц.Сүх-Очир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд М.А гэж ШУТИС-ийн багшаар ажилладаг хүн байдаг бөгөөд Э.Марал-Эрдэнэ надаас Солонгос руу сурахаар явах гэсэн чинь диплом байхгүй виз гардаггүй ээ гэхээр нь би Э.Марал-Эрдэнэтэй бас найзын харилцаатай болсон байсан учраас туслах санаатай М.Атай яриад диплом гаргаад өгөх боломж байна уу гэсэн чинь М.А ямар ч байсан уулзаж байж болъё гэхээр нь би Э.Марал-Эрдэнэд М.Агийн гар утасны дугаарыг өгсөн. Тэгээд Э.Марал-Эрдэнэтэй дараа нь уулзсан чинь урьдчилгаа мөнгө өгсөн байгаа гэж байсан ба Э.Марал-Эрдэнэ гэр нь нүүгээд манай фитнесст ирэхээ болиод тэгээд холбогдохоо больсон. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Э.Марал-Эрдэнэ над руу залгаад диплом гаргаж өгөхгүй байна мөнгөө авмаар байна гээд над руу ярьж байсан. Тэгэхээр би М.Атай мөнгийг нь өгөөч ээ гэж ярьсан чинь удахгүй өгнө гэж байсан. Яагаад диплом нь гарахгүй байгаа талаар М.А надад яриагүй. Би М.Аг өөр хүмүүст диплом гаргаж өгч байсныг ёстой мэдэхгүй байна. Манай хамаатны хүн бөгөөд их сургуульд багшилдаг болохоор нь би Э.Марал-Эрдэнэд диплом гаргаж өгч чадах байх гэж бодоод М.Аг танилцуулсан гэжээ. / хх 17-18 /

 

Гэрч М.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сард би Сүх-Очир гэдэг дүүдээ “Диплом гаргаж өгдөг хүн байдаг юм байна” гэж хэлэхэд Сүх-Очир надад манай найз Маралаа диплом гаргуулах хүсэлтэй байна гэхэд нь би завгүй байсан учраас 4 хоног хариу өгөөгүй байж байхад Э.Марал-Эрдэнэ гэдэг хүн 80041708 дугаараас миний 88101924 дугаар руу залгаж диплом гаргуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд би “Хамгийн багадаа 21 хоногийн дотор диплом гардаг. Үнэ өртгийн хувьд 4 сая төгрөг болдог. Диплом гаргаж өгөх хүн нь боловсролын яаманд бүртгэлтэй найдвартай хүн байгаа” талаар хэлэхэд биечлэн уулзах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багшийн дээдийн Сантисд уулзахад Э.Маргад-Эрдэнэ дипломоо захиалъя гэж хэлээд Сонор плазагийн Төрийн банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах гүйлгээ хийж надад бэлэн 2.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э.Марал-Эрдэнэ нь би чамд мөнгө өгсөн. Үүний баталгааг надад гаргаж өг гэж хэлэхээр нь би зээлийн гэрээ хийж болно гэж хэлээд Э.Маргад-Эрдэнээс 2.000.000 төгрөг зээлсэн гэсэн утгатай зээлийн гэрээг байгуулж гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Үүнээс хойш бид 2 гар утас болон интернетээр харилцаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Э.Маргад-Эрдэнийн диплом гарах ёстой байсан боловч хэд хоног хүлээгдэх болсон бөгөөд Э.Маргад-Эрдэнэ нь би хурдан дипломоо авмаар байна. Яаравчлуулж өгнө үү гэж хэлэхэд нь би хурдан гаргаж өгөх талаар хөөцөлдье гэж хэлсэн гэжээ. / хх 27 /

 

Яллагдагч М.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэжээ.

 

Шүүгдэгч М.Аг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Шүүгдэгч М.А нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Марал-Эрдэнээс бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийн диплом гаргуулж авахаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багшийн дээдийн автобусны буудал дээр М.А гэх залуутай уулзаад урьдчилгаанд 2 сая төгрөгийг өөрийнхөө Голомт банкны 108700161366 тоот данснаас банкны бэлэн мөнгөний машинаас 2 сая төгрөгийг авч, бэлнээр өгч улмаар зээлийн гэрээ байгуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Марал-Эрдэнийн мэдүүлэг / хх 14-15 /, ... Э.Марал-Эрдэнэ надаас Солонгос руу сурахаар явах гэсэн чинь диплом байхгүй виз гардаггүй ээ гэхээр нь би Э.Марал-Эрдэнэд туслах санаатай М.Атай яриад “Диплом гаргаад өгөх боломж байна уу” гэсэн чинь М.А ямар ч байсан уулзаж байж болъё гэхээр нь би Э.Марал-Эрдэнэд М.Агийн гар утасны дугаарыг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Сүх-Очирын мэдүүлэг / хх 17-18 /, ... Э.Марал-Эрдэнэ гэдэг хүн 80041708 дугаараас миний 88101924 дугаар руу залгаж диплом гаргуулах хүсэлтэй байгаагаа хэлэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багшийн дээдийн Сантисд уулзахад Э.Маргад-Эрдэнэ Сонор плазагийн Төрийн банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах гүйлгээ хийж, надад бэлэн 2.000.000 төгрөгийг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Агийн мэдүүлэг / хх 27 /, ...Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга / хх 22 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Аг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.А нь  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, учруулсан хохирол, прокурорын саналыг харгалзан түүнийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                     

1. Шүүгдэгч Боржигон овогт М-н Аг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ад оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ОЮУНЧИМЭГ