Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 307

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* сумын ******* баг *******гийн байранд оршин суух иргэн Б.*******ийн хүсэлттэй охин *******г 8 сартайгаас нь өнөөдрийг хүртэл өсгөн хүмүүжүүлж байгаа тухайгаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч: Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ :

Миний охин ******* нь оюутан байхдаа 2004 оны 10-р сарын 14-нд охин *******г төрүүлэн 2005 оны 8-р сард сургуульдаа явахдаа эцэг эх бидний гар дээр орхин явснаар өнөөдрийг хүртэл асран хүмүүжүүлж байгаа билээ. *******гийн эцэг *******а нь охиныг 1,2 сартай байхад нь гадаад яваад одоо хүртэл сураггүй явснаар гэрлэлтээ цуцлуулсан. ******* маань төрсөн эцэг *******ын нэр дээр бүртгэгдсэн байсныг хуулийн заалт мэдэхгүйн улмаас 2010 онд өөрөөр хэлбэл 6 нас хүрсэн хойно нь 4 дэх хүүхдээ болгон өөрийн нэр дээр үрчлэн авч бүртгүүлсэн байгаа. Хэдийгээр бичиг баримтаа хуулийн дагуу бүртгүүлээгүй ч амьдрал дээр охиныг 8 сартайгаас нь эхлэн өнөөдрийг хүртэл өөрийн гар дээр асран хүмүүжүүлж байгааг тухайн үеэр үрчилж авснаар тогтоож өгнө үү6 Энэхүү амьдралын бодит байдлыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, *******гийн газрын хамт олон болон *******гийн цэцэрлэг сургуулийн багш нар, айл хөршүүд гэрчилнэ. Иймд охин *******г 8 сартайгаас нь өнөөдрийг хүртэл өсгөн хүмүүжүүлж байгааг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б.******* З.******* бид нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд миний нөхөр Б.*******ийн шүүхэд гаргасан өргөдөлд миний бие итгэмжлэлээр оролцож байгаа юм. Бид эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор нэхэмжлэл шүүхэд өгсөн байсан бөгөөд тухайн үйл явдлыг тогтоох нь бидэнд ач холбогдолгүй, тогтоох шаардлагагүй болсон учир бид нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ийм учир бидний татгалзлыг баталж тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн татгалзлыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.5, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нь охин *******г 8 сартайгаас нь өнөөдрийг хүртэл өсгөнхүмүүжүүлж байгаа тухайгаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний тал хувь болох 35100 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д олгож, 35100 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ