Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2023/04625/И |
Дугаар | 210/МА2024/01632 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01632
Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02226 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц-д холбогдох, төрд учирсан хохирол 14,110,233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ц.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2016 оны 08 сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга О.Г-ыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Иргэн О.Г тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 221/МА2017/116 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор О.Г-ыг тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02350 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай" А/80 дугаар тушаалаар 14,110,233 төгрөгийг О.Г-д ажилгүй байсан хугацааны цалин гэж олгосон.
Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 14,110,233 төгрөгийг Ц.Ц ээс гаргуулж өгнө үү. Төлбөр төлөх дансны дугаар: Төрийн банк *********** тоот данс гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 08 сарын 08-ны өдөр Б/13 дугаар тушаалаар тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын санхүү, эдийн засгийн даргын албан тушаалаас О.Г-ыг чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн Яамдьн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тогтоолыг үндэслэж, цомхотгосон. Гэвч О.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Уг шийдвэр 2017 оны 04 сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Яамны орон тоо цомхотгогдсоны улмаас О.Г-ыг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хэрэгжээгүй. Энэ нь яамны төрийн нарийн бичгийн даргын дангаар шийдвэрлэх асуудал биш бөгөөд Засгийн газраас батлагдсан яамны бүтэц, орон тоогоор зохицуулагдах асуудал байдаг. Миний бие Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан чиг үүргийн дагуу О.Г-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд Ц.Ц гэх хувь хүний өмнөөс шийдвэр гаргаагүй. Яамны нэрийн өмнөөс гарч буй бичгийн шийдвэрийн төслийг холбогдох мэргэжилтнүүд, хуулийн хэлтэс бэлтгэдэг бөгөөд иргэний шүүх дээрх тушаалын хуулийн үндэслэлийг хянасан гэж ойлгож байна. Намайг дээрх албан тушаалыг хашиж байх үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан байсан. Харин 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалт нь уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэглэх ёстой гэж үзэж байна. Улмаар Т нь уг хуулиас өмнө төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байсан бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-ээс нийт 14,110,233 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 228,501 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болсон 182/ШШ2018/02350 дугаар шийдвэр нь иргэн О.Г-ыг ажил, албан тушаалд эгүүлэн томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, улмаар уг эс үйлдэхүйн үр дагаврыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцахыг тогтоосон байтал төлбөрийг Ц.Ц хариуцах гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар тушаал нь дээр дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн баримтыг хариуцагч Ц.Ц-ийн буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн Б/136 дугаар тушаалын улмаас төрд хохирол учирсныг нотлох баримт гэж үзэн үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.3. 2017 оны 12 сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасны дагуу мөн өдрөөс хойших харилцаанд хэрэглэгдэнэ. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагчийн хууль бус үйлдэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал гарах хүртэл үргэлжилсэн гэж дүгнэн уг хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй.
4.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг Т-ийн эрхэд хамаатуулан төсөөтэй байдлаар хэрэглэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг хохирлыг арилгасан ажил олгогч төрийн байгууллага эсхүл хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн ашиг сонирхлыг прокурор төлөөлнө гэж Улсын дээд шүүхийн онолын тайлбарт дурдсан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3-т зааснаар буюу нэхэмжлэл гаргах субъект, эрх зүйн харилцааны оролцогчдын хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалт хохирлыг арилгасан байгууллагад хамаатай зохицуулалт болох нь харагдана.
4.5. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар бусад үндэслэлээр Т нь нэхэмжлэл гаргах эрхгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс Т-ийн хариуцан арилгаагүй төлбөрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулж Т-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар Т нь албан тушаалтны үйл ажиллагаанаас болж төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д албан тушаалтны ямар үйлдлийн улмаас учирсан хохирлыг төрд учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэл гаргах эрхийг Тд олгосон. Ц.Ц-ийг төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн үйлдлийг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс буруутай гэж үзэж, тухайн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, улмаар эгүүлэн албан тушаалд нь томилох шийдвэрийг гаргасан. Ц.Ц нь тухайн албан тушаалд ажиллаж байхдаа Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг цаг алдалгүй биелүүлээгүйн улмаас О.Г иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 14,110,233 төгрөгийг О.Г-д ажилгүй байсан хугацааны цалинд олгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэж, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах 80 дугаар тушаалаар 14,110,233 төгрөгийг О.Г-д олгосноор төрд бодит хохирол учирсан. Захиргааны шүүхийн шийдвэр, Иргэний шүүхийн шийдвэр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргасан багцаас гарч буй үр дагавар, шалтгаант холбоотой үйлдлүүд байна. Бодит хохирол нь 2021 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш учирсан бөгөөд төрийн 4,200 байгууллага, 226,000 албан хаагчтай. Т нь холбогдох байгууллагуудаас баримт мэдээллийг нэг бүрчлэн татаж, нягтлан үзсэний үндсэн дээр төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагчаас уг мэдэгдлийг эс зөвшөөрсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан төрд учирсан хохирол 14,110,233 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...яамны орон тоо цомхотгогдсоны улмаас О.Г-ыг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, Ц.Ц нь хувь хүнийхээ өмнөөс бус Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын чиг үүргийн дагуу О.Г-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалт 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул Т нь шаардах эрхгүй, энэ тохиолдолд хуулийг буцаан хэрэглэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 51/
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар О.Г-ыг Төсвийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, худалдан аван ажиллагааны зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргын ажлаас чөлөөлсөн; /хх 71-76/
3.2. Тус тушаалыг ажилтан О.Г-ээс зөвшөөрч шүүхэд хандсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 221/МА2017/0116 дугаар магадлалаар тушаалын О.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, О.Г-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,590,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн; /хх 15-22, 23-30/
3.3. Шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэр, магадлалыг хариуцагч эс биелүүлсний улмаас ажилтан О.Г шүүхэд хандсанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02350 дугаар шийдвэрээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,329,232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Гд олгож шийдвэрлэсэн; /хх 31-34/
3.4. Үүний дагуу, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн А/80 дугаартай Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар өмнө дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн О.Г-д 14,329,232 төгрөгийг олгож шийдвэрлэсэн; /хх 60-68/
3.5. Улмаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021 оны 05 сарын 13-ны өдөр төлбөр авагч О.Г-ын эзэмшлийн Хаан банк дахь ********* тоот данс руу 14,110,233 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн; /хх 36/
3.6. Хариуцагч Ц.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас 2019 оны 12 сард чөлөөлөгдсөн. /хх 99-101/
4. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Ц-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 14,110,233 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэн нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
5.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасны дагуу нэхэмжлэгч Т нь төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Иймд, ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалт 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул Т нь шаардах эрхгүй, энэ тохиолдолд хуулийг буцаан хэрэглэхгүй... гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан тул ...яамны орон тоо цомхотгогдсоны улмаас О.Г-ыг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, Ц.Ц нь хувь хүнийхээ өмнөөс бус Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын чиг үүргийн дагуу О.Г-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан... гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021 оны 05 сарын 13-ны өдөр төлбөр авагч О.Г-ын эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот данс руу 14,110,233 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн огноог төрд бодит хохирол учирсан гэж үзэх тул уг хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан 5 жилийн хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Иймд, ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан прокурор төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохицуулалт нь төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл прокурорын өөрийн санаачилгаар хийгдэх үйл ажиллагаа тул ...төрийн ашиг сонирхлыг прокурор төлөөлнө... гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Ц-ээс төрд учирсан хохирол 14,110,233 төгрөгийг гаргуулан Төрийн банк дахь Төрийн сангийн төлбөр төвлөрүүлдэг ************* тоот данс руу оруулах-ыг хүссэн байхад анхан шатны шүүх Тд олгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02226 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Т-д олгосугай гэснийг ...Төрийн банк дахь Төрийн сангийн ******** тоот данс руу оруулсугай гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 228,501 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР