Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01582

 

 

Г.Г, Г.Ж нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01980 дугаар шийдвэртэй,

Г.Г, Г.Ж нарын нэхэмжлэлтэй, К ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус холбогдох,

Г.Г нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 109,23 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн, Г.Ж нь мөн барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 59,41 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, нэхэмжлэгч Г.Ж, өмгөөлөгч Ц.С, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Г.Г, Г.Ж нараас Ю ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Энхтайван найрамдлын ордны 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай 4 машины авто зогсоолын зориулалт бүхий заал, мөн баруун талын 59,41 м.кв талбайтай зоогийн газрын зориулалттай нийт 168,64 м.кв талбай бүхий хөрөнгийг худалдан авч төлбөр тооцоо дууссан боловч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй. 

1.2. Энхтайван найрамдлын ордон нь К ХХК-ийн өмчлөлд шилжиж ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хэсэгт байрлалтай 3,054 м.кв контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус банкны нэр дээр гарсан. Гэвч Г.Г-ийн худалдаж авсан 109,23 м.кв болон Г.Ж худалдаж авсан 59,41 м.кв талбай нь К ХХК-д шилжсэн үл хөдлөх хөрөнгөд хамаарахгүй талаар хөрөнгө хүлээлцсэн актаар баталгаажсан.

Ю ХХК-д барилга байх үед барилгын талбайг хэмжиж баталгаажуулсан бөгөөд хөрөнгө хүлээлцсэн актанд К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урьд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө нь Г.Г-ийн эзэмшилд, 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Г.Ж-ы эзэмшилд тус тус байдаг болохыг хүлээн зөвшөөрсөн.

1.3. Г.Г, Г.Ж нараас өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт нь шилжүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг салгаж бүртгүүлэх талаар К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хүсэлт тавьсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан.

Иймд Г.Г нь ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 109,23 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг, Г.Ж нь мөн барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 59,41 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. К ХХК-ийн өмчлөлийн ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт байршилтай 3,054 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар тус банк хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Улмаар К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь төрийн хохирлыг барагдуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж, 3,054 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудад хувь тэнцүүлэн шилжүүлсэн.

2.2. Тухайн барилга анх 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдэн, контор үйлчилгээний зориулалттай 3,054 м.кв талбайтай Энхтайван Найрамдлын ордны 3 давхар барилга гэж бичигдэж Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоо ТББ-ийн өмчлөлд гэрчилгээ олгогдсон. Үүний дараа 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ю ХХК-ийн өмчлөлд, 2015 оны 06 сарын 18-ны өдөр Б.Бүдийн өмчлөлд, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр К ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдэж өмчлөгч нь өөрчлөгдсөн боловч талбайн хэмжээ буюу 3,054 м.кв талбай өөрчлөгдөөгүй.

2.3. Тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбайтай цайны газар, баруун хойд талын 109,23 м.кв талбайтай 4 автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгө нь 3,054 м.кв талбайтай барилгын нэг хэсэг байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайлбар, татгалзлын агуулга:

К ХХК дахь банкны эрх хүлээн авагчтай байгуулсан Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээгээр ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт байрлах 3,054 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай газарт болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хувь тэнцүүлэн шилжүүлсэн.

Тус үл хөдлөх хөрөнгө нь төрд учирсан хохирлыг барагдуулахаар сангийн өр төлбөрт шилжүүлэн авсан хөрөнгө бөгөөд иргэн даатгуулагчийн нийгмийн даатгалын санд үүссэн хохирлыг барагдуулах зорилготой. Мөн К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс эд хөрөнгө хүлээлцэх үед маргаантай асуудлын талаар хөрөнгө хүлээн авагч талуудад албан ёсоор мэдэгдээгүй.

Иймд хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайлбарыг дэмжин оролцож байна гэжээ.

 

4. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тайлбар, татгалзлын агуулга:

4.1. К ХХК дахь банкны эрх хүлээн авагчтай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулж, ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт байрлах 3,054 м.кв тайлбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай газарт болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хувь тэнцүүлэн шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулсан. Улмаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн хариуг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн.

4.2. Тус үл хөдлөх хөрөнгө бол төрд учирсан хохирлыг барагдуулахаар сангийн өр төлбөрт шилжүүлэн авсан хөрөнгө бөгөөд иргэн даатгуулагчийн эрүүл мэндэд учирсан санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой, Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх шаардлагатай хөрөнгө гэх утгаараа төрийн хохирлыг барагдуулах үүднээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулах тухай А/106 тоот тушаал гарган дуудлага худалдаа зохион байгуулсан. Гэвч уг хэрэг маргаантай холбогдон зогсонги байдалд орсон тул нэхэмжлэгч Г.Ж, Г.Г нарт манай байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ашиглалтын зардлаа төлж, тус үл хөдлөх хөрөнгийн ашиглаж буй талбайг нэн даруй чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн.

4.3. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан ба нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 онд Ю ХХК-тай байгуулсан гэх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дээрх хуулийн заалтын дагуу нотариатаар гэрчлүүлээгүй байх бөгөөд гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар гэрээтэй холбоотой үүссэн харилцаагаа тус гэрээг байгуулсан Ю ХХК-тай шийдвэрлэх шаардлагатай. Манай байгууллага нэхэмжлэгч нарт ямар нэгэн үүрэг хүлээсэн зүйл байхгүй, нийтийн эрх ашгийн төлөө, төрийн санг хохиролгүй болгож иргэн даатгуулагчид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас худалдан авч санхүүжилтийг олгодог чиг үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г нь ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 109,23 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг, Г.Ж нь мөн барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 59,41 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Г.Гийн төлсөн 407,950 төгрөг, нэхэмжлэгч Г.Ж-ы төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т, 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлэх байсан боловч гэрээ байгуулагдах үед нотариатаар гэрчлүүлээгүй нь хуульд заасан хэлбэрийг хангаагүй. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Энэ талаар хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс шүүхэд тайлбарласан боловч харгалзан үзээгүй.

6.2. Тус барилгын өмчлөгч өөрчлөгдөж К ХХК-ийн өмчлөлд ирэхдээ анх бүртгэгдсэн талбайн хэмжээ 3,054 м.кв талбайгаас өөрчлөгдсөн, хасагдсан зүйлгүйгээр шилжсэн. Энэ нь К ХХК тус барилгыг бүхэлд нь өмчилж байсан шударга өмчлөгч гэдгийг харуулсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйл 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан. Энэ тохиолдолд К ХХК нь Ю ХХК болон Г.Г, Г.Ж нарын хооронд ямар гэрээ хэлцэл хийгдсэн талаар мэдэх боломжгүй бөгөөд хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч юм.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд шүүхийн үзлэг хийлгэж нэхэмжлэлд дурдагдаж байгаа тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбай бүхий цайны газар, мөн баруун хойд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн автомашины авто зогсоол зэргийг тус 3,054 м.кв талбайтай барилга дотор байгаа уг барилгын нэг хэсэг гэдгийг харуулсаар байтал тусдаа мэтээр тайлбарлаж уг барилгыг 3,222.64 м.кв гэж ойлгогдохоор шүүхийн шийдвэртээ тусгасан. Хуулиар тогтоосон хэлбэр хангаагүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй нотлох баримтыг хуульд нийцсэн мэтээр тайлбарлаж үнэлсэн, уг иргэний хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, бодит байдлыг гуйвуулсан, хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг бүхэлд нь үнэлж дүгнээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү.

 

7. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас тус хөрөнгийг бүхэлд нь 3,054 м.кв гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өр төлбөрт тооцон өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэтэл уг хөрөнгийг хүлээн авсны дараа маргаан үүсч хариуцагчаар татагдаж хүлээн авсан хөрөнгийн зарим хэсгийг нэхэмжлэгч нарт эзэмшүүлэх шаардлага үүсээд байна. Энэ нь өр төлбөртөө тооцон хүлээн авсан эд хөрөнгийн дүнгээс хасах эсэх, өр төлбөрт авсан хөрөнгөөс шалтгаалан иргэний эрхийг зөрчсөн хуулийн этгээд болон шийдвэрлэгдсэн.

Түүнчлэн, шүүхээс Г.Ж, Г.Г нар Ю ХХК-тай байгуулсан гэрээний 4.4 дэх хэсэгт 3,222 м.кв гэж тодорхойлсон байх тул уг барилга нийтдээ 3,222 м.кв байсан үүнээс нэхэмжпэгч нарын гэрээгээр шилжүүлэн авсан хэсгийг хасаад 3,054 м.кв байсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэвч улсын бүртгэлийн байгууллагад 3,054 м.кв гэж бүртгэгдсэн, улмаар нэг ч удаа өөрчлөлт ороогүй. Талбайн хэмжилт хийж тус барилгыг хэдэн м.кв байгааг шүүх тогтоогоогүй, барилга эрхийн маргаантай байхад шилжүүлж өгсөн К ХХК-ийн банкны эрх хүлээн авагч барилгын нийт талбайг 3,054 м.кв гэж маргаж байхад түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хамтран хариуцагч нарт цаашид хөрөнгийн үнэлгээ, эзэмших эрхийг хэрхэн шийдэх талаар эргэлзээтэй байдал үүссэн.

Иймд барилгын нийт талбай 3,222 м.кв байсан эсэхийг эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс шийдвэрийг хүчингүй болгон хэргийг тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь К ХХК, Ю ХХК болон нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нарын хооронд ямар гэрээ хэлцэл хийгдсэн талаар мэдэх боломжгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар уг үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч юм. Гэтэл шүүх К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хариуцагч биш гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн Ю ХХК-тай байгуулсан гэх Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлээгүй байх бөгөөд уг гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй. Нэхэмжпэгч Г.Г, Г.Ж нар гэрээтэй холбоотой үүссэн харилцааг тус гэрээг байгуулсан Ю ХХК-тай шийдвэрлэх ёстой.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Г.Гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нараас 3,054 м.кв-аас 168 м.кв талбайг салгаж авах гээд байна гэж тайлбарласан боловч уг хэмжээг шүүхийн үзлэгээр тогтоосон. Улмаар хэрэгт тухайн барилгын план зураг нотлох баримтаар авагдсан. Шүүхийн шатанд өрөө болгоны тоог нэмж, хасч банк руу 3,054 м.кв талбайн хэмжээгээр шилжсэн ч 168 м.кв талбай үлдсэн байна. Энэ нь нэхэмжлэгч нарын өмчлөл мөн болохыг тооцож гаргасан, уг барилгыг өмчилж байсан өмнөх өмчлөгч нар тооцоо нийлж акт үйлдэж баталгаажуулсан. Хамгийн сүүлд Капитрон банкны эрх хүлээн авагчтай бас тооцоо нийлж баталгаажуулсан. Тухайн хоёр үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмч болохыг хүлээн зөвшөөрч бусад үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээн авчихаад одоо манайх байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр хөрөнгийг авч төрд учирсан хохирлыг арилгуулна гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч нар төрд хохирол учруулаагүй, нэхэмжлэгч нарын худалдан авсан өмчлөлийн зүйлийг авч төрийн хохирлыг нөхөн барагдуулна гэсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд м.кв талбайгаар бүгдийн салгасан бөгөөд шүүхээс үзлэг хийхдээ маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгө гаднаасаа орц, гарцтай тул үндсэн барилгатай хамааралгүй болохыг тогтоосон. Банкны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэрийг аль хэсэгт гомдол гаргасан нь тодорхойгүй бөгөөд өөрт нь холбогдох хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгосон байхад буцааж өгнө гэсэн нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй ойлгомжгүй байна. Банкны эрх хүлээн авагч нь гэрээг хуулийн шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагыг гагцхүү гэрээ байгуулагч талууд гаргах эрхтэй зохицуулалт юм. Хэрэв өөрт нь хохирол учруулсан гэж байгаа бол түүний үр дагаврыг арилгуулахаар шаарддаг. Шүүхийн шийдвэрт барилга хэд байснаас ямар ажлын үр дүнд нэхэмжлэгч нарт шилжсэн, түүний төлбөр тооцоо хэрхэн барагдуулсан талаар дэлгэрэнгүй дүгнэсэн. Иймд давж заалдах гомдлын үндэслэл хуулийн шаардлага хангаагүй тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Г.Жы өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэх агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргах эрхтэй этгээд биш. Учир нь гэрээний нэг тал биш учраас уг шаардлагыг гаргах эрхгүй. Мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон ямар нэгэн шийдвэр, нотлох баримт авагдаагүй байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Шударга өмчлөгч, хөрөнгийг авах үедээ мэдээгүй гэж талуудын хэн алин тайлбарладаг боловч өмчлөгч нар шилжүүлж хүлээлцсэн актад маргаан бүхий объект нэхэмжлэгч нарын гэж тусд нь тэмдэглэсэн. Гэтэл хариуцагч нар тайлбарлахдаа ...бид мэдээгүй гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь хэргийн баримтаар анх Капитал банкны эрх хүлээн авагч тухайн хөрөнгийг хүлээж авахдаа төлөөлөгчийг томилж хүлээж авсан бөгөөд хүлээлцсэн актад гарын үсэг зурсан.

Өөрөөр хэлбэл, Капитал банкны эрх хүлээн авагч өөрт нь эрх олгогдоогүй хөрөнгийг хүлээн авч цааш нь шилжүүлсэн мэтээр тайлбарласан. Хууль болон журамд зааснаар Капитал банкны эрх хүлээн авагч гэдэг нь Капитал банкны хөрөнгийг хүлээн авч тухайн хөрөнгийг захиран зарцуулж, холбогдогч хохирогч этгээдийн төлбөрийг барагдуулахад зарцуулах ёстой. Гэтэл хүлээж аваагүй хөрөнгөө хүлээн авсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Энхтайван Найрамдлын ордоныг Капитал банкны эрх хүлээн авагч болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хооронд хүлээлцсэн. Ингэхдээ давхрын өрөө болгоноор нэг бүрчлэн хүлээлцсэн гэж тайлбарладаг. Тухайн хөрөнгийг 14,704,616,616 төгрөгөөр үнэлсэн. Давхрын өрөө болгоныг хүлээлцэхдээ маргаан бүхий талбайг хүлээлцсэн баримт байхгүй. Дээрх хөрөнгийн үнэлгээнд тухайн 2 объектын үнэлгээ ороогүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрийг хэвээр үлдээж, харуицагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар нь хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус холбогдуулан Г.Г нь ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 109,23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн, Г.Ж нь мөн барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 59,41 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг анх улсын бүртгэлд Монголын Энх Тайван Найрамдалын байгууллагуудын холбоо ТББ-ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд талбайн хэмжээг 3,054 м.кв гэж тодорхойлж 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэгдсэн, 2011 оны 06 сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ю ХХК-ийн, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Б-ийн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр К ХХК-ийн өмчлөлд тус тус шилжихдээ талбайн хэмжээ 3054 м.кв өөрчлөгдөөгүй бүртгэгдсэн талаарх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан байна. /1-р хх158-193/

 

3.1. Харин нэхэмжлэгч Г.Ж, Г.Г нар нь Ю ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 109,23 м.кв талбайтай, мөн давхарын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 59,41 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба гэрээний 4.4-т ЧД-ийн 3-р хороо, ЧӨЧ гудам 00 тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга нийт 3,222.64 талбайтай, ... уг 168,64 м.кв талбай нь үндсэн барилгын 3,054 м.кв талбайд ороогүй талаар тусгажээ. /1-р хх9-11/

 

3.2. Нэхэмжлэгч нар дээрх худалдах, худалдан авах гэрээг үндэслэл болгон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа нөхцөлд гэрээний нэг тал болох Ю ХХК-ийн эрх зүйн байдлыг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.

 

4. Мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга хэдэн онд баригдсан, энэ барилгын талбай хэдэн м.кв болох талаарх барилга баригдах үеийн план зураг болон холбогдох баримтуудыг архивын ерөнхий газар болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас түүхчилсэн лавлагааг авах шаардлагатай.

 

5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын талбайг улсын бүртгэлд бүртгэхдээ 3054 м.кв талбайтай гэж бүртгэсэн байхад нэхэмжлэгч нар нь 3222 м.кв талбайтай, тэдний худалдан авсан 109,23 м.кв талбайтай 4 автомашины зогсоол болон 59,41 м.кв талбайтай хоол цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 3054 м.кв талбайд багтаагүй гэж маргаж байна.

 

Энэ тохиолдолд маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг 3054 м.кв талбайд нэхэмжлэгч нарын худалдан авсан 109,23 м.кв талбайтай 4 автомашины зогсоол болон 59,41 м.кв талбайтай хоол цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө багтсан эсэх, уг барилга 3054 м.кв талбайтай эсхүл 3222 м.кв талбайтай гэх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

6. Капитал банк банкны эрх хүлээн авагчийн зүгээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар ямар хэмжээтэй барилга хүлээн авсан уг барилгын талбайд нэхэмжлэгч нарын худалдан авсан 109,23 м.кв талбайтай 4 автомашины зогсоол болон 59,41 м.кв талбайтай хоол цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө багтсан эсэх, хүлээн авсан барилгыг цааш өгөхдөө ямар хэмжээтэй барилга өгсөн, уг талбайд нэхэмжлэгч нарын худалдан авсан гэх талбай орсон эсэхийг эдгээр байгууллагуудаас тодруулах шаардлагатай.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ