Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                              

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Амт овогт Г.Мд холбогдох эрүүгийн 1909006730399 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: Н3 77101778 / Амт овогт  Г.М нь:

 

- 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн орон сууц корпорацийн эзэмшлийн уурын зуухны байшин дотор хохирогч Т.Мөнх-Очирыг архи нэхлээ хэмээн хүрзээр зүүн гар орчим нь цохиж, эрүүл мэндэд нь богтос ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Мөнх-Очир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлаас доош байрлах 5 давхар байшингийн уурын зуухнаас ус авах гээд Батбаатар бид хоёр уурын зууханд ороход нэг залуу цаад талынхаа өрөөнд хэвтэж байсан. Би усаа аваад яг гарах гэтэл уурын зуухан дотор байсан хүрзийг аваад миний толгой руу хальт цохиод дараа нь нуруу руу цохиод би биеэ хамгаалаад гараа урдаа барьтал миний зүүн гарын шуу руу цохьсон. Батбаатар намайг тэр залуугаас хамгаалж, надаас холдуулахад би уурын зуухнаас гарсан.  Одоо шөнө унтах гэхээр гарын яс янгинаад өвдөөд байна. Эмчилгээний баримт материал байхгүй гэжээ. / хх 13-14, 17-18, 21 /

 

Гэрч Д.Батбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Т.Мөнх-Очирын хамт уурын зууханд очиход нөгөө ээлжийн галч Г.М хувцсаа угаах гээд ирчихсэн байсан. Т.Мөнх-Очир усаа аваад гарах гэтэл Г.М уурын зуухан дотор байсан хүрзийг аваад Т.Мөнх-Очирын цээж руу цохьчих шиг болсон. Тэгэхэд Т.Мөнх-Очир хүрзийг гараараа хаах шиг болсон гэжээ.  / хх 29 /

 

Гэрч Г.Гантулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Уурын зуухны галчийг манайх хариуцаж ажилладаг болохоор Г.М гэх залууг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр галчаар ажилд авсан. Нэлээн сүүлд нөгөө ээлжийн галч Д.Батбаатар надад ярихдаа “Г.М уурын зуухан дотор байж байхдаа гаднаас ирсэн нэг хүнтэй маргалдаж хүрзээр цохьсон” гэж сонссон гэжээ. / хх 33 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2217 дугаар дүгнэлтэнд:

1. Т.Мөнх-Очирын биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.  / хх 24 /

 

Яллагдагч Г.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хохирогчтой маргалдаж байгаад богино иштэй жижиг хүрзээр цээж рүү нь нэг л удаа цохиход тэр залуу миний цохилтыг гараараа хаасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна гэжээ. / хх 45 /

 

            Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 7 /

           

Шүүгдэгч Г.Мийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 42-45 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 48 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчтой сайн дуруураа эвлэрсэн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн орон сууц корпорацийн эзэмшлийн уурын зууханы байшин дотор хохирогч Т.Мөнх-Очирыг хүрзээр зүүн гар орчим нь цохиж, эрүүл мэндэд нь богтос ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...

... Уурын зуухны байшингаас ус авах гээд Батбаатар бид хоёр ороход нэг залуу цаад талынхаа өрөөнд хэвтэж байсан. Би усаа аваад яг гарах гэтэл уурын зуухан дотор байсан хүрзийг аваад миний толгой руу хальт цохиод дараа нь нуруу руу цохиод би биеэ хамгаалаад гараа урдаа барьтал миний зүүн гарын шуу руу цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Мөнх-Очирын мэдүүлэг / хх 13-14, 17-18, 21 /, ...Т.Мөнх-Очир усаа аваад гарах гэтэл Г.М уурын зуухан дотор байсан хүрзийг аваад Т.Мөнх-Очирын цээж руу цохьчих шиг болсон. Т.Мөнх-Очир хүрзийг гараараа хаахтал гар нь гэмтсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Батбаатарын мэдүүлэг / хх 29 /, ... Д.Батбаатар надад ярихдаа “Г.М уурын зуухан дотор байж байхдаа гаднаас ирсэн нэг хүнтэй маргалдаж хүрзээр цохьсон” гэж сонссон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Гантулгын мэдүүлэг / хх 33 /, ...Т.Мөнх-Очирын биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2217 дугаар дүгнэлт / хх 24 /, ...Би хохирогчтой маргалдаж байгаад богино иштэй жижиг хүрзээр цээж рүү нь цохиход тэр залуу гараараа хаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Мийн мэдүүлэг / хх 45 /, ... хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 6 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Г.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын саналыг үндэслэн  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Т.Мөнх-Очир нь 100.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Мийг  төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Мийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Амт овогт  Г.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Г.М  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ