Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2024/00025

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2024/00025

 

 

 

Ш.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Л.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2024/00750 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШХХК-нд холбогдох

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 4 давхар, 16 тоотод байрлах 68,58 кв.м гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ... Ш.Г нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2022/19 дугаартай орон сууц захиалан байгуулах гэрээг ШХХК-ны захирал З.Гал-Эрдэнэтэй байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8-р баг , 000байрны  0 давхар 0тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцыг бариулахаар ШХХК-нд захиалга өгч урьдчилгаа төлбөр болох 33 хувь буюу 20,000,000 сая төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10-р сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд тушаасан. Орон сууц захиалан байгуулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 1 мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2022 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд зааснаар орон сууц ашиглалтанд ороогүй, харин 2022 оны 11-р сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтанд орж улсын комисс одоо хүртэл хүлээж аваагүй. ...Байрны нийт төлбөр болох 60,350,400 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Г нь бүрэн төлж барагдуулсан.

Иймээс Шинэнхүүгийн Гийг Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8-р баг, 000байрны  0 давхар 0тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчөөр тогтоолгох гэж гаргасан байсан. Нэхэмжлэлийн утга нь гэрээний үүрэг шаардсан байсан. Иргэний хуулийн 106.1-т зааснаар өмчлөгчийн шаардах эрхийг заасан байдаг. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 60,350,500 төлсөн гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтын дүнг нэмээд үзэхэд 59,900,500 төлсөн байна. Дулааны засвар төлсөн гээд 437,500 төгрөгийг нэмээд 60,350,450 гарч байна. Гэрээнд засвар үйлчилгээний төлбөрийн талаар огт заагаагүй байхад 437,500 төгрөгийг нэмж тооцоод гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2024/00750 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цахирт Шинэнхүүгийн Г (РЮ77030614)-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 4 дүгээр давхрын, 16 тоотод байрлах 68.58 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,702 (дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 459,702 ( дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гдавж заалдах гомдолдоо: ...1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой эсэх:

Нэхэмжлэгч Ш.Г, түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон атлаа шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2022 онд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд үндэслэн 2017 оноос 2022 оны хооронд гэрээний урьдчилгаа 33 хувийг төлж, орон сууц ашиглалтад орсны дараа үлдэгдэл төлбөрөө төлөх тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тодорхойлдог. Тэгэхээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу шаардлага гаргаад байна уу эсхүл талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шаардаад байна уу гэдэг асуулт үүсэх буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байна...

2. Талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2022/19 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэдгээ дурддаг. Тэгсэн атлаа 2017 оноос 2022 он хүртэл буюу 5 жилийн хугацаанд урьдчилгаа 33 хувь буюу 20 сая төгрөгийг төлсөн гэдгээс үзвэл талуудын хооронд 2017 онд гэрээний харилцаа үүссэн болох нь тодорхой. Түүнээс гадна талуудын хооронд 2022 онд байгуулсан гэрээний 2.3-т Орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө урьдчилгаа 5.5 сая төгрөгийг шилжүүлсэн гэдгийг бичсэн нь угтаа 2017 онд анхны гэрээ байгуулагдсан гэдгийг нотолж буй хэрэг бөгөөд талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ бус Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

3. Гэрээ цуцлагдсан эсэх:

Хариуцагч ШХХК нь нэхэмжлэгчтэй 2022 оны 5 дугаар сард байгуулсан гэрээний 2.5-д Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албатай 2017 оны гэрээ, уг гэрээнд үндэслэн Ш.Гтэй байгуулсан 2017 оноос хойшхи бүх гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлын зардал орон сууцны 1 м.кв талбайн үнэд багтаагүй болохыг дурдаж, үүнийг нэхэмжлэгч Ш.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. ...Хариуцагчийн зүгээс гэрээний 2.5-д заасан зардлын тооцоог гаргаж Шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагч буюу гэрээ байгуулсан шийдвэр гүйцэтгэгч нарт хандан 2023 оны 6 дугаар сард албан бичиг хүргүүлж, гэрээг эцсийн байдлаар шинэчлэн байгуулах саналыг хүргүүлсэн. ...Гэвч Ш.Г нь гэрээгээ шинэчилж байгуулаагүйн зэрэгцээ талуудын хооронд байгуулсан гэрээний 4.7-д заасан үүргээ зөрчиж эрхээ бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээг цуцлах үндэслэл болсон. Энэ талаар Ш.Гэд аман байдлаар хэд хэдэн удаа сануулж, боломж олгосон боловч гэрээ зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас арга буюу гэрээ цуцалсан мэдэгдлийг түүний ажлын хаяг болон өөрийнх нь хувийн Фээсбүүк чат руу хүргүүлсэн. ...хариуцагч ШХХК нь Иргэний хуульд заасны дагуу гэрээг цуцалсан нь хуульд нийцэх ба харин шүүгчийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ аль хэдийн цуцлагдсан болно.

4. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь шийдвэрт нөлөөлсөн эсэх:

Хариуцагчийн өмгөөлөгч нь төлөөлөгчийн хамт хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн агуулга нь нэхэмжлэгч Ш.Г нь гэрээгээ зөрчсөн учраас талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргасан. ...Сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгө гаргуулах шаардлагаа больж, зөвхөн орон сууц албадан чөлөөлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжаа хуульд заасны дагуу төлсөн ба цаг нь тулсан байсан учраас сөрөг нэхэмжлэлээ засах боломжгүй байсан. Үүнийгээ шүүх хуралдаанд биечлэн тайлбарласаар байхад шүүх үндэслэлгүйгээр бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхэд халдсан болно.

...Хариуцагчийн зүгээс гэрээ цуцалсан мэдэгдлийг хүргүүлсэн болохыг нотолсон нотлох баримтыг хэрэгт хавсаргахын зэрэгцээ нэхэмжлэгч нь орон сууцыг хэзээ хүлээн авсан болохыг нотлох зорилгоор нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан ч шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор уг баримт ач холбогдолгүй гэж тайлбарлан хангахаас татгалзсан. Угтаа тэрхүү нотлох баримтыг гаргуулснаар нэхэмжлэгч хэзээ орон сууцаа хүлээн авсан, орон сууцаа хүлээн авснаар төлбөр төлөх үүрэг хэзээ үүссэн, шаардлага гаргах эрхтэй эсэх асуудалд дүгнэлт хийхэд ач холбогдолтойн зэрэгцээ хариуцагчид мэтгэлцэх боломжийг олгох байсан.

5. Гуравдагч этгээдийг оролцуулаагүй тухайд:

...Хариуцагч ШХХК нь маргаан бүхий орон сууцнаас гадна тухайн 49 тоот байрыг бүхэлд нь Алаг-Уул ган ББСБ ХХК-д барьцаалсан бөгөөд уг барьцаалбартай холбоотойгоор тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаалагч ББСБ-г гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасан ч барьцаалсан талаарх баримт хэрэгт байхгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг.

...Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь интернэт холболтоос болж цахим хуралдаанаас гарсан ба үргэлжлүүлэн оролцох хүсэлтээ илэрхийлсээр байхад зориуд оролцуулаагүй нь талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 00750 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь Ш.Гийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 4 давхар, 16 тоотод байрлах 68.58 кв.м гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн өмгөөлөгч Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох-ыг хүссэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цахирт Шинэнхүүгийн Гийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 4 дүгээр давхрын, 16 тоотод байрлах 68.58 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон байна.

Хэргийн баримтаас үзэхэд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын орон сууцыг барих барилгын ерөнхий гүйцэтгэгч ШХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 4 дүгээр давхрын 16 тоот 68.58 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 880,000 төгрөгөөр тооцон барьж, 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч Ш.Г нь гэрээний үнийн дүнгийн 30 хувь хүртэлх төлбөрийг байр ашиглалтад орохын өмнө, үлдсэн төлбөрийг барилга улсын комисст өгсний дараа төлж барагдуулахаар тохиролцон Орон сууц захиалгын гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Ш.Г нь орон сууцны урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 54,413,000 төгрөгийг З.Галмөнх, З.Гнарын данс руу шилжүүлж, бохирын шугам сүлжээний засварт 437,500 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч захиалгын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ авагдсан байх ба уг гэрээнд Худалдан авагч нь орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө урьдчилгаа 5,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. гэж тусгасан, захиалагч урьдчилгаа төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн зэргээс үзэхэд гэрээг анх 2017 онд буюу орон сууцны барилгын ажил эхлэхээс өмнө байгуулжээ.

Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан, орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсны дагуу нэхэмжлэгч захиалсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэж буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрээг шинэчилж байгуулах санал, гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ аль хэдийн цуцлагдсан гэх агуулга бүхий гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгчид дээрх санал, мэдэгдлийг хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татаглзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлага хангасан байх учиртай.

3.Зохигчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах эсэх, хэрхэн шийдвэрлэх нь тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцагч талын хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байна.

4.Зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч барилгыг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж 2022 оны 11 сард ашиглалтанд оруулсан гэх боловч гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэх өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд орон сууц өөр этгээдийн барьцаанд байгаа нь уг орон сууцыг өмчлөх нэхэмжлэгчийн эрх, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх хариуцагчийн үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь  болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж зохицуулсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах эсэхийг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо Цахим оролцогчийн баталгаа гаргаж, цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг өөрөө хангах баталгаанд гарын үсэг зурсан байх ба түүний цахим холболтын техникийн нөхцөл, бололцоогоо бүрэн хангаагүйгээс шүүх хуралдааны цахим холболтоос гарсанд шүүхийг буруутгах улмаар шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гал-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2024/00750 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,702 /дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ