Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 449

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,      

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Барваан овогт О-ы Сд холбогдох эрүүгийн 1909011140448 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээ охин нарын хамт  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар согоотын задгайд тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХБ73020190/ Барваан овогт О-ы С нь:

 

- 2019 оны 03 дугаар сарын 14-ний шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын задгай тоотод иргэн Өөдөсийг “агсан согтуу тавьж, хүн унтуулсангүй” гэх шалтгаанаар мөр орчимд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч  Д.Өөдөс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуучин танил ах Сэргэлэнгийнд очсон. Намайг очиход Сэргэлэн ах Мөнхтуул эгч хоёр 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Тэр архийг бид гурав уугаад ахиж Мөнхтуул эгч дэлгүүр орж 0.75 литрийн архи аваад бид 3 хувааж уусан юм. Тэгээд орой болж байхад унтахаар хэвтэхэд Сэргэлэн ах бид хоёр маргалдаад тэдний хүү Анар бид хоёрыг салгасан юм. Тэгээд бид хоёр орны хоёр талаас хоорондоо маргалдаад Сэргэлэн ах надруу ирсэн нэг мэдэхэд миний зүүн мөр зүсэгдсэн байсан гэжээ. / хх 32-33/

 

Яллагдагч О.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...тухайн өдөр юу болсон талаар санахгүй байна. .. эхнэрийн хэлж байгаагаар Өөдөс гэрт орилж хашгараад бид хоёр муудалцаад хутга аваад хоолой хэсгийг зүссэн гэсэн гэжээ. / хх 41-42 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4313 дугаар дүгнэлтэнд:

1. Д.Өөдөсийн биед зүүн мөрөнд шарх  гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 50 /

 

Шүүгдэгч О.Сг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 62-65 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 67 / зэрэг болно.

 

Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурорын санал болгосон ялыг оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.С нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын задгай тоотод иргэн Өөдөсийг “агсан согтуу тавьж, хүн унтуулсангүй” гэх шалтгаанаар мөр орчимд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Сэргэлэн ах бид хоёр орны хоёр талаас хоорондоо маргалдаад Сэргэлэн ах над руу ирсэн нэг мэдэхэд миний зүүн мөр зүсэгдсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч  Д.Өөдөсийн мэдүүлэг / хх 32-33 /, ... эхнэрийн хэлж байгаагаар Өөдөс гэрт орилж хашгараад бид хоёр муудалцаад хутга аваад хоолой хэсгийг зүүссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч О.Сгийн мэдүүлэг / хх 41-42 /, ... Д.Өөдөсийн биед зүүн мөрөнд шарх  гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4313 дугаар дүгнэлт  / хх 50 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хар иштэй хутга хуурагдаж ирснийг устгаж, шүүгдэгч О.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч О.Сг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Барваан овогт О-ы Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О-ы Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж,  О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар О.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. О.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ