Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01588

 

 

 

 

 

 

2024 08 12 210/МА2024/01588

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02558 дугаар шийдвэртэй,

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, О СӨХ-дхолбогдох

Автомашины зогсоол болон дугаар танигч хаалтыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 000000000 дугаарт бүртгэлтэй, 726 м.кв талбай бүхий газар болон нэгж талбарын 000000000 дугаарт бүртгэлтэй, 1167 м.кв талбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч Э ХХК-д5 жилийн хугацаатайгаар үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн. Улмаар Нийслэлийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дугаар захирамжаар дээрх 2 газрыг дахин 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

1.2. Иргэн Ц.Х-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 000 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3700 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд тэрээр тус газарт орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хариуцагч О СӨХ хариуцан ажилласан. Ингэхдээ нэхэмжлэгч Э ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 000000000 болон 000000000 дугаарт бүртгэлтэй газарт нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр авто машины зогсоол барьж, уг зогсоолыг өөрийн холбооны сууц өмчлөгч нарт төлбөргүйгээр, харин бусад иргэдэд төлбөртэйгөөр ашиглуулах байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандан газар чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргасан. Үүний дагуу Нийслэлийн газрын албанаас иргэн Ц.Х-д 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл газар чөлөөлж өгөөгүй.

1.3. Хариуцагч О СӨХ болон Ц.Х нараас маргаан бүхий газартай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд зөвшөөрөлгүйгээр барьсан автомашины зогсоол болон дугаар танигч хаалтыг албадан буулгуулж, газар чөлөөлж үү гэжээ.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн эзэмших эрхэд хариуцагчийн зүгээс хэрхэн саад учруулсан эсэх, юуг чөлөөлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн маргаан бүхий газарт барьсан зогсоолыг манай СӨХ хариуцвал зохих этгээд биш, орон сууцыг ашиглалтад оруулсан Ц.Х нь өөрийн хөрөнгөөр зогсоол барьсан. Харин авто машины дугаар танигч хаалтыг манай СӨХ барьсан тул хаалтыг буулгаж болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 000000000 дугаарт бүртгэлтэй Э ХХК-ийн эзэмшлийн газрыг чөлөөлж, автомашины дугаар танигч хаалтыг буулгахыг хариуцагч О СӨХ-ддаалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас О СӨХ-ноос 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-долгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшилд буй аль газар дээр автомашины зогсоолын хаалтыг байршуулсан, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхмэжлэгч нэгж талбарын дугаар бүхий 2 тусдаа газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшдэг бөгөөд хариуцагч О СӨХ нь аль нэг талбарын дугаар бүхий газарт авто замын хаалт байрлуулсныг тогтоогоогүй, Нийслэлийн автозамын газраас олгосон зөвшөөрөл бүхий орон сууцны нэвтрэх орц гарц газарт байрлуулсан авто замын хаалт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн эсэх тодорхойгүй.

Мөн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй бөгөөд хариуцагч хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй, газар чөлөөлөх шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Мөн автомашины зогсоолын 1,167 м.кв талбай бүхий газрыг чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эзэмших эрхэд халдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч О СӨХ-д холбогдуулан автомашины зогсоол болон дугаар танигч хаалтыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3700 м.кв газрыг иргэн Ц.Х-д, мөн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар энэ байршилд 1895 м.кв газрыг иргэн Ө.Булганд эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэснээр Ц.Х, Ө.Б нарт газар эзэмших эрх үүссэн, уг газрууд хоорондоо давхцалгүй, хил залгаа байх бөгөөд газар эзэмшигч Ө.Б нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000 дугаар захирамжаар 1895 м.кв талбай бүхий газрыг Э ХХК-дшилжүүлсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. /хх93/

 

3.2. Дээрх газрыг Э ХХК-дэзэмшүүлсэн Нийслэлийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд иргэн Ц.Х нэхэмжлэл, гуравдагч этгээд О СӨХ-ны бие даасан шаардлага тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх116-129/

 

3.3. Э ХХК-аас Нийслэлийн газрын албанд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээг сунгах хүсэлт гаргасан байх ба Нийслэлийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дугаартай захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 02 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 000000000 болон 000000000 дугаар бүхий 0726, 1167 м.кв талбайтай газруудыг, үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн 0000000000, 000000000 дугаарт бүртгэн гэрчилгээ олгожээ. /хх11, 17, 73/

 

3.4. Э ХХК-аас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагчид 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Х-ын газар эзэмших эрх зөрчсөн үйлдлийг зогсоолгох агуулга бүхий өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01-08/3700 дугаартай мэдэгдлээр бусдын газар эзэмших эрхийг зөрчихгүй байх, илүү талбай ашиглаж буй зөрчлөө арилгахыг иргэн Ц.Х-д мэдэгдсэн. /хх40-41/

 

3.5. Үүний дараа Э ХХК-аас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хандан ...тус компанийн эзэмшлийн газрыг иргэн Ц.Х хууль бус үйлдлээс чөлөөлөх, маргаан шийдвэрлүүлэх тухай агуулга бүхий өргөдлийг гаргасан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/3435 тоот албан бичигт ...Газрын тухай хуульд газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил газраа хамгаалах үүрэгтэй гэж заасан тул танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгчээ. /хх41-42/

 

3.6. Улмаар нэхэмжлэгч Э ХХК-аас хариуцагч О СӨХ-д хандан 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ...манай эзэмшлийн газарт байрлуулсан хаалт болон тээврийн хэрэгслүүдийг холдуулж, газар чөлөөлөх... тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч ...шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх болсон гэх агуулга бүхий хариу мэдэгдсэн байна. /хх43-44/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэгж талбарын 000000000 дугаартай 1167 м.кв газрыг хариуцагч нь байрныхаа оршин суугчдын зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа тул автомат хаалтыг буулгуулж, зогсоол байрлаж буй газрыг чөлөөлүүлнэ гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлаа ...үлдэх нэгж талбарын 000000000 дугаартай газраа ашиглах боломж нээлттэй, хаалт байршуулсан боловч зогсоолыг Ц.Х барьж ашиглалтад оруулсан учраас манай СӨХ хариуцагч биш... гэж маргажээ.

 

4.1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

 

4.2. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Э ХХК нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо /хуучнаар 02 дугаар хороо/-нд байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1167 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай газрын эзэмшигч болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

4.3. Харин хариуцагч О СӨХ нь нэхэмжлэгч Э ХХК-ийн эзэмшлийн маргаан бүхий Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо /хуучнаар 02 дугаар хороо/-нд байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1167 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай газарт автомашины дугаар танигч хаалтыг байршуулсан, үүнийг эзэмшиж ашиглаж байгаа болох нь хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Э ХХК нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо /хуучнаар 02 дугаар хороо/-нд байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1167 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай газарт хариуцагч О СӨХ-ноос автомашины дугаар танигч хаалт байршуулсныг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар буулгахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас маргаж буй газарт барьсан гэх автомашины зогсоолыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, хариуцагч О СӨХ нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 1167 м.кв талбайтай газарт байрлах автомашины зогсоолыг хариуцвал зохих этгээд биш байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь автомашины зогсоолыг иргэн Ц.Х барьсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна уг зогсоолыг О СӨХ эзэмшиж ашигласнаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02558 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 000000000 дугаарт бүртгэлтэй, Э ХХК-ийн эзэмшлийн газраас автомашины дугаар танигч хаалтыг буулгахыг хариуцагч О СӨХ-ддаалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх автомашины зогсоолыг албадан буулгах, газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмжийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ