Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 312

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш, хариуцагч А.Булган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж А.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй А.Булганд холбогдох 14.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Цэнд-Аюушийн эзэмшлийн Алдархаан сумын Өгөөмөр байгийн Шар тал гэх газарт байсан үнээний фермийн 2 блокон барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блокыг тус сумын иргэн А.Булган дур мэдэн буулган авч хувьдаа ашигласан нь холбогдох хуулийн байгууллагуудын шалгалт, үзлэг, нотлох баримтаар нотлогдсон. Иймд иргэн А.Булганаас тус барилгын үлдэгдэл материалын үнэ болох Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссоос тогтоосон 14.700.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Булганы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Булган нь Ган ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2014 оны 11 сарын 18-ны өдөр тус компанийг төлөөлж хуулийн зөвлөх ажилтай Б.Диваачамба болон Алдархаансумын Өгөөмөр багийн Шар талд байрлах 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл, ёомкостын өмчлөгч гэх Т.Буянжаргал нар нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр Г/2014/12 тоот гэрээгээр 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл ёомкостыг 5.500.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлэн төлбөр тооцоог 2015 оны 01 сарын 05-ны өдөр шилжүүлсэн болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурьдагдсан барилгын үлдэгдэл нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр Монгол улсын Иргэний хуулийн дагуу шилжүүлэн авсан Ган ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө юм. Дээрх эд хөрөнгө нь өмч хувьчлалын дагуу тус сумын иргэн Тангадын Буянжаргалын өмчлөлд шилжсэн хөрөнгө бөгөөд үүнийгээ ч нотлодог. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа хуулийн байгууллагын баримт шалгалт, үзлэг нь огт хийгдээгүй, шалгагдаж байгаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй байна. Иймээс уг эд хөрөнгийг А.Цэнд-Аюуш нэхэмжлэх эрхгүй байх ба уг эд хөрөнгө нь Ган ХХК-ийн өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Миний бие Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар талд байрлаж байгаа барилгын үлдэгдлийг Т.Буянжаргалаас худалдаж авсан. Худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээболон холбогдох бусад баримтуудыг эрүүгийн хэрэг шалгаж байх үед цагдаад гаргаж өгсөн байгаа. Уг барилгыг үлдэгдэл болох барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блок зэргийг А.Булганаас гаргуулж өгнө үү. Дээрх зүйлсийг А.Булган авсан болох нь хэрэгт баримтаар өгсөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын мэдэгдэх хуудсаар тогтоогдож байгаа юм. Завхан аймаг дахь Улиастай сумын үнэ тогтоох комиссоос миний дээрх эд хөрөнгийг 14700000 төгрөгөөр үнэлсэн. Иймд учир А.Булганаас 14700000 төгрөг болон эсвэл барилагын үлдэгдэл болох барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блок зэргийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Булган шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг барилгыг манай компани Т.Буянжаргалаас худалдаж авсан. Бид өөрийнхөө эд хөрөнгийг л захиран зарцуулсан. А.Цэнд-Аюуш энэ эд хөрөнгийн өмчлөгч биш учраас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш нь хариуцагч А.Булганаас өөрийн эзэмшлийн барилгын үлдэгдэл материалын үнэ 14.700.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Бусдаас эд хөрөнгө шаардах эрхийн үндэслэлүүд нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 /өмчлөгч хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй/, 90 дүгээр зүйлийн 90.2 /шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө 3 жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй/, 495 дугаар зүйлийн 495.2 /495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй/ гэсэн заалтууд байх боломжтой боловч дээрх зүйл хэсгүүдэд зааснаар шаардлага гаргахад нэхэмжлэгч нь уг эд хөрөнгийн өмчлөгч эсхүл эзэмшигч, хариуцагч нь хууль бусаар эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр уг эд хөрөнгийг авч ашигласан, захиран зарцуулсан байхыг шаарддаг.

Гэтэл нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш нь хариуцагч А.Булганаас нэхэмжилж буй дээрх барилгын үлдэгдэл материалын өмчлөгч эсхүл эзэмшигч болохоо, мөн хариуцагч А.Булганы эзэмшил болон өмчлөл хууль бус болохыг шүүхэд баримтаар нотлож чадаагүй байна.

Хэрэгт Ган ХХК-ныг төлөөлөн хуулийн зөвлөх ажилтай Д.Диваачамба Т.Буянжаргал нарын хооронд 2014 оны 11-р сарын 18-ны өдөр хийгдсэн худалдах худалдах авах гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээгээр Ган ХХК нь иргэн Т.Буянжаргалаас ёмкость- ус нөөцлөх сав, хөрөнгө-дөрвөн корпус барилгын үлдэгдэл бетон эдлэлийг худалдан авч байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш нь өөрийн шаардлагаа нотлох үүднээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Завхан аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас, хэрэг бүртгэгчийн тогтоол, Завхан аймгийн Улиастай сумын Үнэлгээний комиссын дүгнэлт, Завхан аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт зэргийг ирүүлсэн байх боловч дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчиж хуулбар нотлох баримт ирүүлсэн байна.

Мөн эрүүгийн хэрэгт гэрчээр асуусан А.Нацагмаагийн мэдүүлгийн тэмдэглэл, А.Цэнд-Аюушийн өөрийнх нь тайлбар зэрэг нь ИХШХШТ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт биш тул гэрчийн мэдүүлгийн хувьд нотолгооны чадвараа алдаж байгаа төдийгүй дээрх тэмдэглэлүүд нь хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдаагүй учир үнэн зөв бичмэл баримт гэж үнэлэгдэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 14 ширхэг фото зураг нь хэдэн сарын хэдний өдөр авагдсан, ямар үйл баримтыг нотлож байгаа болох нь ойлгомжгүй, тайлбаргүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас ньүнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. А.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Булганаас 14.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231450 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ