| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0456/Э |
| Дугаар | 457 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөхчүүд овогт Б-н Бт холбогдох эрүүгийн 1909013040454 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Энержи кастль констрашн” ХХК-д мужааны ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 2 дугаар баг, Арслан цохио 2-13 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 503 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: АП95032516 / Бөхчүүд овогт Б-н Б нь:
- 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 13-49 тоотод оршин суугч З.Одбаярыг гэрт нь бусдын маргааныг зогсоох гэлээ хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч З.Одбаярын мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б, Мөнхнасан нартай архи уусан, нэг сэрсэн чинь миний нүд хөхөрсөн, нурууны ард хэсэгт сэрээний ором гарсан байсан. Энэ талаар Мөнхнасангаас асуухад “Батхишиг та хоёр хоорондоо муудалцаад байсан” гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Батхишиг, Мөнхнасан, Б-гийн 2 найз гэрт ирж архи хувааж уусан. Мөнхнасан, Б-т “нэгнийгээ согтуу байхад нь ингэж зодож болохгүй ш дээ” гэсэн чинь Б уурлаад босоод ирсэн. Тэр хоёрыг зодолдуулахгүй гээд тэр хоёрын голоор ороод зогссон чинь Батхишиг миний нүүр рүү гараараа 2 удаа цохьсон, хамраас цус гарсан гэжээ. / хх 12-13 /
Яллагдагч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Мөнхнасан бид хоёр маргалдаад Одбаяр бид хоёрын дундуур орж ирэхээр нь Одбаярын нүүр хэсэгт нь би нэг удаа цохьсон. Тэгээд салсан. Тэгээд би Одбаяраас уучлалт гуйхаар архи авч очсон бөгөөд тэнд Мөнхнасан бид хоёр дахин маргалдаж, бид хоёр барьцалдаж аваад байж байхад Одбаяр бас дундуур орж ирээд би Одбаярын толгой хэсэг рүү нэг удаа цохьсон. Одбаярын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон. Хэргээ хүлээж байна. Надад бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ. / хх 4-5 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3849 дүгээр дүгнэлтэнд:
1. З.Одбаярын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун нүдний гадна хэсэгт цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, эмтрэл, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн зовхины цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт нь үзүүлэхээс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, баруун нүдний гадна хэсэгт цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, эмтрэл, баруун тохойд зулгаралт гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн байж боломжтой.
3. Баруун нүдний гадна хэсэгт цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, эмтрэл, баруун тохойд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чавдар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 17 /
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохиролд 200.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Бт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 22 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 13-49 тоотод оршин суугч З.Одбаярыг маргааныг зогсоох гэлээ хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Архи хувааж уусан. Б уурлаад босоод ирсэн, тэр хоёрыг зодолдуулахгүй гээд тэр хоёрын голоор ороод зогссон чинь Б миний нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Хамраас цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч З.Одбаярын мэдүүлэг / хх 12-13 /, ... Мөнхнасан бид хоёр маргалдаад Одбаяр бид хоёрын дундуур орж ирээд Одбаярыг би нүүрэн хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Бийн мэдүүлэг / хх 4-5 /, ... З.Одбаярын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун нүдний гадна хэсэгт цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, эмтрэл, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3849 дүгээр дүгнэлт / хх 17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөхчүүд овогт Б-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ