Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1562

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04491 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 87 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Х” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож Max нийлүүлэх аман гэрээг байгуулсан. Тус Max нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн захиалгын дагуу мах нийлүүлэх, хариуцагч “Х” ХХК нь мах нийлүүлсэн өдрийн зах зээлийн ханшаар тооцож тухайн өдөрт нь үнийг нь төлөхөөр хоёр тал хүсэл зоригоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Х” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 55 тонн, 610 кг, 260 124 680 төгрөгийн үнэ бүхий мах нийлүүлсэн бөгөөд хариуцагч “Х” ХХК нь бууз, банш гэх зэрэг бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг бөгөөд борлуулалт сайн тул өдөр тутам нийлүүлсэн махны үнийг төлөөд байна гэж анх тохиролцсон. Гэвч хариуцагч “Х” ХХК нь 55 тонн, 610 кг махны үнэ болох 260 124 680 төгрөгөөс цувуулан төлж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Т нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч талын эрх бүхий хүмүүстэй нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Тооцоо нийлсэн актаар “Х” ХХК-ийн нягтлан бодогч н.О , нэхэмжлэгч Б.Т нар тооцоо нийлж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч Б.Т т 98 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

Хариуцагч “Х” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 11 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч Б.Т т үлдэгдэл 87 000 000 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. Нэхэмжлэгч Б.Т нь ХААН банкнаас зээл авч байраа барьцаанд тавьж, энэ асуудлаас болж хохирч байгаа иргэн юм. Өнөөдөр ХААН банк нэхэмжлэгчийн байрыг дуудлага худалдаагаар худалдаж, Б.Т нь өөрийн байраа “Х” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж алдсан байна. Энэ асуудлыг хариуцагч “Х” ХХК маш сайн мэдэж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр тооцоогоо яаралтай төлж барагдуулахыг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан бөгөөд хариуцагч “Х” ХХК нь удахгүй төлнө, их хэмжээний зээл авах гэж байна гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар өдийг хүрч байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр болох 87 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т нь 2015 оны 5 сараас 2015 оны 11 cap хүртэл махыг манай үйлдвэрийн дарга Ч.Ө-д хүлээлгэн өгч байсан. Б.Т нь тус компанитай гэрээ огт байгуулаагүй үйлдвэрийн даргатай аман гэрээгээр тэмээ, ямааны махыг нийлүүлж байсан болно. Тухайн үед тэмээний ястай махыг 4 400 төгрөгөөр нийлүүлж байсан бол зах зээлийн ханш нь 3 500 төгрөг, ямааны цул мах махыг 5 700-5 800 төгрөгөөр нийлүүлж байсан бол зах зээлийн ханш нь 5 000-5 100 төгрөг байсан болно. Б.Т т манай нягтлан манайхаас авах авлага чинь хуримтлагдаж байна шүү гэж сануулж хэлэхэд захиралтай ярьсан гээд махаа буулгаад байсан. Бид махны мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй зохих хэмжээгээр байнга төлж байсан. Өнөөдрийн байдлаар бид нэхэмжлэгчдэд 180 124 680 төгрөг төлсөн байна. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ирсэн тэмээний махнаас 749 кг мах муудсаныг өөрт нь хэлэхэд сольж өгнө гээд сольж өгөөгүй учраас устгалд оруулсан баримт байгаа. Иймд устгалд оруулсан 749 кг махны үнэ болох 3 295 600 төгрөгийг хасуулж тооцуулахаас гадна улс орны эдийн засгийн хямралтай хүнд үед үйлдвэрийн бүтээгдэхүүн гүйхгүй байгаа зэргийг шүүх харгалзан Б.Т-ийн нийлүүлсэн махыг тухайн үеийн зах зээлийн ханшаар бодож тооцон нэхэмжлэлийг ханган өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 87 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 592 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. ИХШХШ тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” заасан заалтыг зөрчсөн. Миний бие Ч.Б хөдөө сонгуулийн ажлаар явсан ба энэ тухайгаа өмгөөлөгч Б.Н т хэлж, өмгөөлөгч маань шүүх хуралдааны өмнө хүсэлт гаргаж өгсөн ч хүлээж аваагүй.

2. ИХШХШ тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн заалтуудыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хариуцагч нь зах зээлийн үнээс илүү үнээр бэлтгэн нийлүүлсэн гэж зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна гэж заасан. Мөн муудсан махны талаар маргаантай байсаар байхад хариуцагчийг оролцуулахгүй нэг талыг барьж асуудлыг шийдсэнд гомдол гаргаж байна. Энэхүү дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 04491 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Б.Т нь “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 87 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 55 тн, 610 кг махыг хариуцагчид нийлүүлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байх ба энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид 98 000 000 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй талаар өөрийн байгууллагын нягтлан бодогчийн түүнтэй тооцоо нийлж үйлдсэн акт болон уг төлбөрөөс 11 000 000 төгрөгийг төлж, 87 000 000 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Мөн нийлүүлсэн мах нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас илүү үнэтэй байсан, нийлүүлсэн махнаас 749 кг тэмээний мах муудсан, чанарын шаардлага хангахгүй буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан доголдолгүй эд хөрөнгө биш байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Тэмээний 749 кг муудсан мах актласан гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхын зэрэгцээ, уг мах нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн мах болох нь нотлогдохгүй байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө доголдолтой холбоотой шаардлага гаргаж байснаа баримтаар нотлоогүй байна.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгч Ч.Б т 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товын талаар 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудсыг хариуцагч компанийн ажилтан н.С-д гардуулсан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ч.Б ын өмгөөлөгч Б.Н нь түүнийг хөдөө сонгуулийн ажлаар явсан хүрэлцэн ирэх боломжгүй гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан хэдий ч, хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-иас гэрээний дагуу нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр 87 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т т олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. /хэргийн 14,15, 17, 30, 32 дугаар тал/

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

  

                            ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                      

                                                                                                        С.ЭНХТӨР