| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2023/0271/З |
| Дугаар | 001/ХТ2023/0070 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2023/0070
Д.Ж-гийн нэхэмжлэлтэй,
Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0364 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/0451 дүгээр магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 358 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Д.Ж-гаас Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан “... газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/30 дугаар тушаалын 1 дэх хэсгийг зөвтгөж, 28,094,768 (хорин найман сая ерэн дөрвөн мянга долоон зуун жаран найм) төгрөгөөр дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх зөрүүг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал: Д.Ж-гаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газрын даргад хандан Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар түүнд албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 68,644,504 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.
2.1.Д.Ж- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй, тушаал хэдэнд гарсан талаар албан ёсоор мэдэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй, ... Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг тушаалын удирдлага болгон “албан тушаалынх нь 36 сарын цалинтай тэнцэх” гэсэн атал сүүлийн 3 жилийн дунджаар бодон 68,644,504 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон шийдвэр нь эрх ашгийг минь хохироож, зөрүү 28,094,768 төгрөгийг дутуу олгосон, Авлигатай тэмцэх газрын ахлах ажилтны албан тушаалын цалин нь Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолоор 2,687,202 төгрөг болсон, уг мөнгийг 36 сараар үржүүлээд 96,739,272 төгрөгийг надад олгох ёстой ...” гэсэн агуулгаар тодорхойлон маргасан.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо түүний өмнө авч байсан цалингийн 3 жилийн дунджаар бодож олгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн авахыг хүсэж буй Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолоор баталсан 2,687,202 төгрөгийн цалинг тэрээр 2 сарын хугацаанд авч байсан бөгөөд уг цалинг шууд /2,687,202*36=96,739,272/ төгрөгөөр бодож олгох боломжгүй, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д заасан баталгаа нь тусдаа зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд илүү нарийвчилсан буюу Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь хэсгийн 2.1-д заасан зохицуулалтуудыг мөрдөх учиртай ...” гэж дүгнэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад “... холбогдох шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд үндэслэж шийдвэрлээгүй тул “... нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй” нь хууль бус гэж үзэхээр байна, ... шүүхээс 28,094,768 төгрөгийг шууд болон шууд бус байдлаар гаргуулж шийдвэрлэх боломжгүй, нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох нь хариуцагч байгууллагын эрх хэмжээ бөгөөд түүний эрхэнд шүүх халдаж маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг урьдчилсан байдлаар өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхгүй ...” гэсэн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулсан.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6.1.“... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын “Дөрөв” дэх хэсэгт “Бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох” зохицуулалтыг түүний дотор Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход, Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т зааснаар мөнгөн тэтгэмж олгохтой болон “нэг удаагийн буцалтгүй тусламж” бус “тэтгэмж”, “мөнгөн тэтгэмж” олгохтой холбогдсон, онцлог төрийн зохицуулалтыг тусгасан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаардаг. Иймд “нэг удаагийн буцалтгүй тусламж”-ийг тооцон олгосонтой холбогдуулан нэхэмжлэл гаргасан Б.Ж- нь тус журмын “Дөрөв”дэх хэсэгт зааснаар цэргийн албан хаагч эсхүл боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч биш учраас “Дөрөв” дэх хэсэгт заасан тэтгэмж, мөнгөн тэтгэмж олгохтой холбогдох зохицуулалт нь нэхэмжлэгчид хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг нэг ойлголт мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
6.5.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8-д зааснаар Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж, нэмэгдлийг давхардуулан олгохгүй байх зохицуулалттай бөгөөд сонголтыг албан хаагч хийхээр хуульчилснаас өөрөөр аль нэгийг илүүг сонгох тухай асуудлыг хуульчлаагүй. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”- ын 4.4-т “... төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасныг үндэслэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй. Шүүхээс холбогдох хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд хариуцагчаас Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Засгийн газрын тогтоолоор баталсан журамд зааснаар буцалтгүй тусламжийн хэмжээг тооцон олгохдоо авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, авлигын нөхцөл бүхий шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх, шийдвэр гаргагч хэн нэгэнд давуу байдал олгохгүй байх, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримталсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
6.6.Авлигатай тэмцэх газраас Д.Ж-д буцалтгүй тусламжийг тооцон олгохдоо Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэсэн, энэ талаарх үндэслэл бүхий тайлбаруудыг анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасныг шүүхээр хянан хэлэлцсэн. Иймд “... нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд үндэслэж шийдвэрлээгүй ...” гэсэн нь үндэслэлгүй.
6.7.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Авлигатай тэмцэх газрын албан хаагчид олговол зохих буцалтгүй тусламжийн хэмжээг тооцон олгох эрхийг “нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох нь хариуцагч байгууллагын эрх хэмжээ бөгөөд түүний эрхэнд шүүх халдаж ... шийдвэрлэхгүй ...” гэж дүгнэн тус байгууллагын даргын бүрэн эрхэд үлдээн шийдвэрлэсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” гэж дүгнэж, “... Авлигатай тэмцэх газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Д.Ж-д Авлигын эсрэг хуулийн 30 дүгээр зүйлийн 30.4-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож, зөрүүг олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагч Авлигатай тэмцэх газрын даргад даалгаж ...” шийдвэрлэсэн нь эрхийг “нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох нь хариуцагч байгууллагын эрх хэмжээ бөгөөд түүний эрхэнд шүүх халдаж ... шийдвэрлэхгүй” гэсэн шүүхийн өөрийнх нь дүгнэлттэй зөрчилдөж, ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа төдийгүй хариуцагч яагаад зөрүүг олгох үүрэг хүлээх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
8.Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн Д.Ж-д албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 68,644,504 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн; нэхэмжлэгч Д.Ж-гийн албан тушаалын цалин нь 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд 1,919,430 төгрөг байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосны дагуу цалингийн хэмжээ нэмэгдэж, 2022 оны 01 дүгээр сараас 2,687,202 төгрөг болсон, нэхэмжлэгчийн хувьд уг цалинг 2 сарын хугацаанд авч байсан, дээрх тушаалыг эс зөвшөөрч “10 буюу түүнээс жил ажилласан байхад албан тушаалын цалингаар тэтгэмж олгохгүй байгаад гомдолтой, цалин нэмэгдсэний дараа тэтгэвэрт гарсан, сүүлийн 3 жилийн албан тушаалын цалингийн дунджаар бус, сүүлд авч байсан 2,687,202 төгрөгийн цалинг 36 сараар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой атал олгоогүй” гэж маргажээ.
9.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтад “албан тушаалын цалин”-г хамгийн сүүлд олгож байсан “цалин”-гаас бодож олгох, эсхүл сүүлийн 36 сарын хугацаанд олгож байсан цалингийн дундажийг тодорхойлж олгох асуудлыг нарийвчлан заагаагүй учраас шүүхүүд хуулийг зөрүүтэй тайлбарлажээ.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ…” гэж зааснаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд уг асуудлыг тодорхой тусгаагүй бол ерөнхий зохицуулсан хуулийн заалт, агуулга, зарчмыг баримтлах учиртай.
11.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгох бөгөөд ингэхдээ үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож олгох талаар хууль тогтоогч тодорхой заажээ.
12.Төрийн албаны тухай хуульд “үндсэн цалин” гэх ойлголтыг тодорхойлоогүй боловч “цалин хөлс”-ний бүрэлдэхүүнийг заахдаа, тухайлбал, хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан төрийн албан хаагчийн цалин хөлс нь 57.2.3-т заасан тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон ... бусад нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаас үзэхэд Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтын “албан тушаалын цалин” гэх ойлголт нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн “үндсэн цалин”-тай адил агуулгатай гэж үзэхээр байна.
13.Түүнчлэн, хуулийн дээрх заалтыг үндэслэн Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь хэсгийн 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно”, 2.2-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” хэмээн Засгийн газраас тогтоохдоо Төрийн албаны тухай хуулийн “үндсэн цалингийн дундаж” гэх хуулийн ойлголтыг “албан тушаалын үндсэн цалингийн дундаж” хэмээн хууль тогтоогчийн шилжүүлсэн эрхийн хүрээнд илүү тодорхой болгожээ.
14.Мөн Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/70 дугаар тушаалаар батлагдсан тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчид үндсэн цалингийн дундажаас ажилласан хугацааг нь үндэслэн, Авлигын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт зааснаар 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол албан тушаалынх нь цалингаас тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын албан тушаалын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур, нөхцөлийг тодорхойлохдоо Засгийн газраас тогтоосон журмыг баримтална” гэж тус тус заажээ.
15.Авилгын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол болон Авилгатай тэмцэх газрын Хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан холбогдох заалтыг маргааны үйл баримтад системчилсэн байдлаар тайлбарлан хэрэглэхэд, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн Д.Ж-д албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо сүүлийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас тооцож олгосон Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/30 дугаар тушаал хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
16.Мөн үүний зэрэгцээ “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.2-т “... 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно ...” гэсэн нь дараагийн өгүүлбэр болох “... Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” гэснээр хязгаарлагдахаар байна. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын буюу 3 жилийн дундаж цалингаас их байх боломжгүй тул журмын 2.2 дахь заалтын эхний өгүүлбэр нь төрийн албанд 36 жилээс бага ажилласан албан хаагчдын хувьд хэрэглэгдэнэ гэж үзнэ.
17.Гэтэл давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч Д.Ж-гийн тухайд Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасны дагуу тэтгэмжээ авах хүсэлтээ бичгээр илэрхийлж энэ үндэслэлээр маргаж байх тул хариуцагч энэ хуульд заасны дагуу тэтгэмжийг тооцож олгох үүрэгтэй ... Өөрөөр хэлбэл, холбогдох шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд үндэслэж шийдвэрлээгүй тул “... нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй” нь хууль бус ...” гэх дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй болжээ.
18.Тиймээс “... нэхэмжлэгчийн авахыг хүсэж буй Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолоор баталсан 2,687,202 төгрөгийн цалинг тэрээр 2 сарын хугацаанд авч байсан бөгөөд уг цалинг шууд /2,687,202*36=96,739,272/ төгрөгөөр бодож олгох боломжгүй. Учир нь Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д заасан баталгаа нь тусдаа зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд илүү нарийвчилсан буюу Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь хэсгийн 2.1-д заасан зохицуулалтуудыг мөрдөх учиртай ...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
19.Нөгөө талаас, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан хүрээнд шүүх захиргааны байгууллага сонгох боломжоо энэ хүрээнд хэрхэн хэрэгжүүлснийг хянах бөгөөд хариуцагч нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо хуулийн “36 сар хүртэл” гэх сонгох боломж бүхий зохицуулалтын хүрээнд хамгийн дээд хэмжээгээр тооцож олгосон нь хууль, журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “... хариуцагчаас Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Засгийн газрын тогтоолоор баталсан журамд зааснаар буцалтгүй тусламжийн хэмжээг тооцон олгохдоо авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, авлигын нөхцөл бүхий шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх, шийдвэр гаргагч хэн нэгэнд давуу байдал олгохгүй байх, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримталсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ...” гэх тайлбар, гомдлын шаардлагыг хүлээн авах үндэслэлтэй байна.
20.Дээрх байдлаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2022/0451 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ