Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0441

 



 

  

2019 оны 08 сарын 23 өдөр 

                   Дугаар 221/МА2019/0441

        Улаанбаатар хот

 

 

“С” ХХК-ийн гомдолтой 

зөрчлийн хэргийн тухай

    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Ж нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0050 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн гомдолтой, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0050 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 17 дугаар зүйлийн 17.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

“1.Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “С" ХХК-иас ямар нэгэн тайлбар гаргуулан аваагүй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчсөн байна. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна. Үүнийг шүүх огт анхаарч үзээгүй, хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг хянах үүргээ биелүүлээгүй байна.

2.“Өлгий ойл” ХХК-аас  худалдаж авсан 8,710,000 төгрөгийн шатахууны үнийг бүхэлд нь орлого гэж үзэж, 10 хувиар татвар тооцон 820.400 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч тухайн шатахуун борлуулагдаагүй, тухайн үнийн дүн нь бүхэлдээ орлого биш болохыг огт анхаарч үзээгүй байна. 

Хариуцагч болон анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т .Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно: 8.1.1-т .үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого 12 дугаар зүйлийн 12.1-т Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж тус тус заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч уг борлуулалтын орлогыг огт олоогүй, үйл ажиллагаа явуулаагүй болохоо хангалттай тайлбарласан.

3. Нэхэмжлэгч нь борлуулалтын орлого олоогүй, үйл ажиллагаа явуулаагүй тул нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөх хууль зүйн үндэслэл байхгүй ба нэмэгдсэн өртгийн албан татварыг ямар үндэслэлээр ногдуулж байгаа тухайгаа хариуцагч тайлбарлаж, энэ талаар танилцуулж байгаагүй байна.

4. “С” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй байхад юуг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж байгаа нь ойлгомжгүй байх ба санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн нийт үнийг 28,305.000 төгрөгөөр тооцсон нь илт үндэслэлгүй. Учир нь санхүүгийн тайланд зөвхөн компанийн ажилд зориулж ашигладаг хөдлөх хөрөнгийг тусгасан ба үүнийг үл хөдлөх хөрөнгө гэж шүүхээс үзэхдээ ямар ч нотлох баримтгүйгээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн байна. 

Хэрэгт “С” ХХК үл хөдлөх хөрөнгө өмчилдөг талаар нотлох баримт авагдаагүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т. Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулна гэж заасныг зөрчсөн.

5.Зөрчил үйлдэгдээгүй, татвар ногдох орлого олоогүй тул торгууль, алданги төлөх үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

    Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 110/ШШ2019/0050 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

    “С” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Нурлан, Х.Сейфуллин нарт холбогдуулан  улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай“ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

    Уг гомдлынхоо үндэслэлийг тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, татвар төлөгч биш, 2016 онд “Рысжан” болон “Өлгий-Ойл” ХХК-иас 11.288.000 төгрөгийн бензин, шатахуун худалдан авсан боловч 11.288.000 төгрөгийн бензин шатахууны борлуулалтыг станцын түгээгүүр эвдэрсэн тул өнөөдрийг хүртэл хийгээгүй, татварын улсын байцаагчид Ногооннуур сумд байрлалтай шатахуун түгээх станцад байгаа бензиний үлдэгдлийг шалгаагүй, газар дээр нь үзлэг хийгээгүй, манай компаниас дээрх төгрөгийн бензин шатахууныг борлуулсан эсэхийг тогтоогоогүй, ААНОАТ-ын тайланд 399.600 төгрөгөөр тусгагдсан, харин 5.600.000 төгрөгийн борлуулалтыг хаанаас гаргаж ирсэн нь тодорхой бус гэж тайлбарлан маргажээ.

    Анхан шатны шүүх маргааны гол агуулгад анхаарлаа хандуулж, түүнд дүгнэлт хийж шийдвэрлэжээ. Энэ нь ч зүй ёсны юм. Гэхдээ зөрчлийн тухайд зөрчил шалган шийдвэрлэсэн процесс ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах нь чухал ач холбогдолтой.

    Давж заалдах гомдолд “Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “С" ХХК-иас ямар нэгэн тайлбар гаргуулан аваагүй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчсөн байна. 

    Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна. Үүнийг шүүх огт анхаарч үзээгүй, хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг хянах үүргээ биелүүлээгүй байна” гэжээ. Анхан шатны шүүх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэх талаар,  оролцогчийн эрхийг эдлүүлсэн эсэх талаас нь дүгнэлт хийх шаардлагатай байна. 

    Түүнчлэн маргаан бүхий захиргааны актаар “С” ХХК нь 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлох, тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй, тодруулбал, Аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогыг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэлд дутуу тусгасан 8.200.400 төгрөгийн зөрчил, Нэмэгдсэн орлогын албан татварын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй дутуу тооцсон 11.288.000 төгрөгийн зөрчил, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөөгүй 28.305.000 төгрөгийн зөрчлийг тус тус гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 635.601 төгрөгөөр торгож, хохирол 2.118.670 төгрөг, нөхөн төлөх татварын алданги 745.227 төгрөг, нийт 3.499.498 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

    ““Өлгий ойл” ХХК-иас худалдаж авсан 8.710.000 төгрөгийн шатахууны үнийг бүхэлд нь орлого гэж үзэж, 10 хувиар татвар тооцон 820.400 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч тухайн шатахуун борлуулагдаагүй, тухайн үнийн дүн нь бүхэлдээ орлого биш болохыг огт анхаарч үзээгүй байна” гэж нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо дурджээ.

    Шүүх олон жил болсон тул худалдан борлуулсан гэж үзээд, дутуу тайлагнасан гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн шатахууныг худалдан борлуулсан гэх баримт үгүй байна. 

    Хариуцагч болон анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-т “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж тус тус заасан тул тухайн шатахууныг борлуулсан эсэх нь ач холбогдолтой гэж үзнэ. 

    Хэрэгт “С” ХХК үл хөдлөх хөрөнгө өмчилдөг талаар нотлох баримт авагдаагүй, мөн тус хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг шалган тогтоох нь  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байхаар байна.

     Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн нийт үнийг 28.305.000 төгрөгөөр тооцсон байгаа нь үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг гэсэн ойлголтыг илэрхийлэхгүй. Энэ маргааны тухайд 28.305.000 төгрөгийн үндсэн хөрөнгө гэдэг нь  зөвхөн компанийн ажилд зориулж ашигладаг хөдлөх хөрөнгө үү, эсхүл үл хөдлөх хөрөнгө үү гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай.

    Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

         

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.БАТБААТАР

              ШҮҮГЧ                    Г.БИЛГҮҮН

              ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР