Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 458

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,      

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дорж Боржигон овогт Д-н Эд холбогдох эрүүгийн 1909014710464 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Сити дизайнер” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68-17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: АЭ78080517 / Дорж Боржигон овогт Д-н Э нь:

 

- 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна иргэн З.Баттөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                            

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч  З.Баттөрийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед би “Блю скай” зочид буудлын баруун урд зам дээр өөрийн машинтай явж байтал урд талын машин урд талд зам хоосон байсан боловч явахгүй байсан. Тэгэхээр нь сигнал дартал урд байсан машины яг ард талд явж байсан дугуйтай хүн өөр рүү нь сигнал дарж байна гэж бодоод уурлаад хүрээд ирсэн. Учраа хэлэх гээд цонхоо доошлуултал миний нүүр лүү 2 удаа нударга зангидаж цохьсон. Би цагдаа дуусан  гэжээ. / хх 9 /

 

Яллагдагч Д.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед гэр рүүгээ харих гээд “Блю скай” зочид буудлын урд талд явж байхад нэг машин урд урсгал сөрөөд зогсож байгаад надруу тулж ирээд олон удаа сингалдсан. Тэгээд би тэр машины хамарт дугуйгаа түшүүлж тавьж байгаад жолоочийн талын цонхон дээр очтол цонхоо нээгээд “пизда минь зайлаад өгөөч”  гэхээр нь  “чи хүнийг ингэж хэлж болохгүй шүү дээ” гэхэд “чамайг юу гэж хэлсэн ч яадаг юм” гэхээр нь дургүй хүрээд хамар руу нэг цохичихсон. Тэр хүн бууж ирээд намайг чирээд ойрхон байрлах нэг зогсоол руу ороод намайг цагдаа иртэл боосон. Боож байх үедээ “чамайг ална” гэж дайраад байсан. Удалгүй цагдаа ирсэн гэжээ. / хх 28-29 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 586 дугаар дүгнэлтэнд:

1. З.Баттөрийн биед хамрын ясны  хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 19 /

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохиролд 1 сая төгрөг төлсөн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Д.Э 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна иргэн З.Баттөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Урд байсан машины яг ард талд явж байсан дугуйтай хүн өөр рүү нь сигнал дарж байна гэж бодоод уурлаад ирэхээр нь учраа хэлэх гээд цонхоо доошлуултал миний нүүр рүү 2 удаа нударга зангидаж цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч  З.Баттөрийн мэдүүлэг / хх 9 /, ... Машиных нь хамарт дугуйгаа түшүүлж тавьж байгаад жолоочийн талын цонхон дээр очтол цонхоо нээгээд “пизда минь зайлаад өгөөч”  гэхээр нь  “чи хүнийг ингэж хэлж болохгүй шүү дээ” гэхэд “чамайг юу гэж хэлсэн ч яадаг юм” гэхээр нь дургүй хүрээд хамар руу цохьчихсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Эгийн мэдүүлэг / хх 28-29 /, .... З.Баттөрийн биед хамрын ясны  хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 586 дугаар дүгнэлт  / хх 19 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг болохыг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Эг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Дорж Боржигон овогт Д-н Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эд оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ