Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 314

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Ц.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******т холбогдох 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын 4-р багт оршин суух Ц.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие хувиараа модон, төмөр, чулуун сийлбэрээр хөшөө дурсгал, бэлэг дурсгал хийдэг бөгөөд 2013 оны Цагаан сарын дараа ******* сумын ИТХ болон удирдлагууд надад Монгол Улсын заан Я.*******ийн хөшөөг сумандаа хийж өгөөч гэсэн санал тавьсан. Би ч гэсэн өөрийн бүтээлээ сум орон нутагтаа хийхэд тааламжтай байсан учир саналыг зөвшөөрч уг хөшөөг 15.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Би зааны хөшөөг хийх загвараа жижиг макетээр гаргаж үзүүлэн яг ийм хийнэ гэдгээ үзүүлж байж хийсэн. Тэгээд 2013 оны 04 сард ажлаа эхэлж миний хаан банкны данс руу Завхан аймгийн ******* сумын төрийн сангаас урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд ажлаа хийж байтал нэг мөнгөгүй болсон гэж хэлснийхээ дараа дуудаж таны хөшөөний мөнгийг хувь хүнд өгөх боломжгүй гээд байна та заавал нэг хоршооны нэр дээр гэрээ хийж, түүнийхээ дансаар үлдсэн мөнгөө авах боломжтой та тийм хоршооны нэр дээр гэрээ хийх ёстой гэхээр нь сумынхаа ******* хоршоон дээр 2013 оны 07 сарын 20-ны өдөр Я.*******ийн хөшөө барих гэсэн нэртэй захиалагч Завхан аймгийн ******* сумын *******, ******* С.*******тай миний бие гэрээ байгуулсан. Түүнээс хойш дахиад л энэ онд орж ирэхээргүй боллоо гээд мөнгөгүй учир яах ч аргагүй ажил зогссон. Тэгээд 2014 оны Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас хөшөөнийхөө ажлыг үргэлжлүүл мөнгийг нь чинь оруулна. 2014 оны 06-р сард хүлээн авна гэсний дагуу ажлаа хэлж яг хэлсэн өдөр нь буюу 2014 оны 6 сарын 01-нд дуусгаж, хүлээн авах тухай сумын удирдлагуудад мэдэгдсэн. Энэ хугацаанд нийт 6 сая төгрөг хоршооны дансаар дамжуулж хүлээн авсан бөгөөд үлдэх мөнгийг 2014 ондоо багтаан өгнө гэсэн боловч өгөөүй.

...Иймд алжын хөлсний үлдэгдэл болох 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* С.******* хариу тайлбартаа: Миний бие нь2013 оны 07 сарын 20 өдөр Монгол Улсын заан Я.*******ийн хөшөөг орон нутаг хөгжлийн сангийн санхүүжилтээр 15.000.000 төгрөг, 2013 оны 10 сарын 07-ны өдөр хийж дуусгах гэрээг ******* хоршоотой байгуулсан нь үнэн болно.

Дараах үндэслэлээр уг хөшөөний санхүүжилтийг бүрэн өгөх, гүйцэтгэлийг хүлээн авах боломжгүй байгаа болно. Үүнд:

1. ******* хоршооны гишүүн гэх иргэн Ц.******* нь уг хөшөөний зураг төсвийг хийж батлуулахдаа хөшөөний бие өнгөлгөөг зэс хүрлээр хийх өнгөлөх, баталгаат хугацааг 15-20 жил байх баталгаа гаргасан болно. Хөшөөний нээлтийг 2014 оны 7 сарын 18 өдөр хийсэн бөгөөд 2014 оны 10 сард буюу 3 сарын дараа уг хөшөө нь хагарч өнгөн хэсгүүд хуурч унасан.

2. 2013 онд хөшөөний санхүүжилтэнд нийт 8.000.000 төгрөг, 2014 онд 1.900.000 төгрөг нийт 9.900.000 төгрөгийн санхүүжилт авсан нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийн үлдэгдэл гэх мөнгөн дүн зөрүүтэй байна.

3. Иргэн Ц.*******д уг хөшөөний гүйцэтгэлийн тайланг гаргаж хөшөөг янзлан хүлээлгэн өгөх саналыг удаа дараа тавьсан боловч гүйцэтгэлийн тайланг одоо болтол гаргаж өгөөгүй байна.  Иймд үлдэгдэл санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.******* нь хөшөө барьсан хөлсний үлдэгдэл 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн талаар дараах тайлбарыг хүргүүлж байна.

...Хөшөө барих ажлын эхлэл, макет хийх явцад сумын удирлагууд, төрийн сангийн төлөөлөгч нар очиж танилцаад зөвлөгөө өгч байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн санхүүжилт батлагдсан хуваарийн дагуу хийгдэхгүй байснаас мөнгийг бүрэн олгоогүй байсан ба хөшөөний чанар 2014 оны 10-р сар буюу баригдснаас хойш 3 сарын дараа танигдаж өнгөн хэсэг нь халцарч түүх соёлын дурсгалт зүйл байх баталгаа болж чадахааргүй болсон. Иймд чанарын шаардлага хангахуйц болгох саналыг сумын удирдлагуудын зүгээс тавьсан.

2015 оны 10-р сард өнгөц өнгөлгөө хийсэн байсан. Хөшөө нь түүх соёлын дурсгалт зүйл болж удаан жилийн баталгаатай, бат бөх хийцтэй байх нь чухал ба 15-20 жилийн баталгаа гаргасан байсан. Хэдийгээр хөшөө хийгдсэн боловч зарим орц, материал дутуугаас бат бөх чанар алдагдаж шаардлага хангахгүй болж гэрээг дүгнэж хүлээж авах асуудал маргаантай болсон. Тухайн ажлыг одоогийн байдлаар хүлээн авъя гэхээр ажлын гүйцэтгэлийн тайлан гаргаж өгдөггүй ажлын гүйцэтгэл тодорхой бус байгаа учир гүйцэтгэлийн тайланд гарын үсэг зурж хүлээлцэх боломжгүй байна. Хөшөөний бат бөх байх чанарыг хангаж ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж баталгаажуулах үед мөнгийг бүрэн гаргах боломжтой гэж миний хувьд үзэж байна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******, Г. бид нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 5.000.000 төгрөгийг өгч авахаар тохиролцоод, 3.000.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас Ц.*******гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн дараа өгч авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч миний бие 3-н жилийн баталгаа гаргаж өгч байна. Хөшөөг дахин бүтэн шингэн зэсээр бүрэхээр тохиролцов гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын *******т холбогдуулж 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 5.000.000 төгрөгөөр тогтон эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Уг гэрээндээ 5.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг 2016 оны 04 сарын           20-ны өдөр нэхэмжлэгч Ц.*******гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж, үлдсэн 2.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн дараа буюу нэхэмжлэгч Ц.*******г  Я.*******ийн хөшөөг дахин засварлаж, 3 жилийн баталгаа гаргаж гаднах өнгөлгөөг зэсээр бүрж өгсний дараа өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож 5.000.000 төгрөг өгч авахаар, уг 5.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.*******гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж, үлдсэн 2.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн дараа буюу нэхэмжлэгч Ц.*******г Я.*******ийн хөшөөг дахин засварлаж, 3 жилийн баталгаа гаргаж гаднах өнгөлгөөг зэсээр бүрж өгсний дараа өгөхөөр болж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгнөөс 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн 090000941 тоот данснаас 32000 төгрөгийг, хариуцагч байгууллага Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 94950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                          Т.БАЛЖИННЯМ