Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 182/2023/02720/И |
Дугаар | 210/МА2024/01589 |
Огноо | 2024-08-12 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2024/01589
2024 08 12 210/МА2024/01589
П.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01900 дугаар шийдвэртэй
П.Б-гийн нэхэмжлэлтэй, С ХХК, М.Б нарт холбогдох,
ХУД-ийн 4-р хороо, оо тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагч М.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний нөхөр Д.Гнь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан тул би өвлөх эрхийн гэрчилгээгээр ХУД-ийн 4 дүгээр хороо, 00 тоотбайрлах, 437.2 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг өвлөн авсан.
1.2. Талийгаач Д.Г-дээрх барилгын гэрчилгээ бүхий обьектийг худалдан борлуулах санаа зорилго байхгүй, харин өөрийн танил М.М-ийн гуйлтаар С ХХК-аас зээл авахад барьцаа хөрөнгө болгож барьцаалуулсан. Гэвч С ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өмчлөх эрхийг М.Б-ын нэр дээр бүртгэн хуульд нийцэхгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан.
Тодруулбал, М.М нь 150,000,000 төгрөгийн зээл авахад миний барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа учраас барьцаа хөрөнгө гаргаж туслаач гэж гуйхад Д.Гзөвшөөрч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 0000 хаягт байрлах 437.2 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Улмаар И ХХК нь С ХХК-аас 150,000,000 төгрөгийн зээлийг хүсч 50,000,000 төгрөгийг И ХХК, үлдэх 100,000,000 төгрөгийг Д.Гагсны дансаар шилжүүлж аваад түүнээс 55,000,000 төгрөгийг М.Мөнх-Эрдэнийн Хаан банк дахь дансаар, үлдэх 40,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгснийг тэрээр хүлээн зөвшөөрдөг.
1.3. С ХХК-аас хууль болон үйл ажиллагааны журмыг зөрчиж, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд И ХХК нь зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй байна. Д.Г болон М.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.8 дахь хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааны зорилгыг зөрчиж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иймд ХУД-ийн 4-р хороо, оо тоот бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Гэтэл миний өмчлөлд хууль ёсоор бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч П.Б-т олгосон нь хууль тогтоомжийг зөрчсөн.
2.2. Би Д.Г-той 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэл зэргийг байгуулж, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж. 0000 хаягт байрлах, 437 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу шилжүүлж авсан. Улмаар гэрээнд заасан үүргээ биелүүлж Д.Г-д 100,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн. Харин тэрээр 6 сарын дотор уг мөнгийг хүүгийн хамт буцаан төлж дээрх үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авахаар тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.
2.3. Дээрх гэрээ болон хэлцэл нь хуульд заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээнд хамаарна. Мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заасны дагуу буцаан худалдан авах эсэх нь Д.Г-ын хүсэл зоригоос шууд хамааралтай.
Тэрээр гэрээнд заасан хугацаанд болон түүнээс хойшхи хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөө буцаан худалдан авах талаар хүсэл зориг илэрхийлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй. Д.Гагсан надаас авсан мөнгөө цааш нь хэнд өгсөн, юунд зарцуулсан нь бидний хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар ХУД-ийн 4 дүгээр хороо, 00 тоотбайрлах, 4 давхар, 437,2 м.кв талбай бүхий, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Б-т буцаан шилжүүлэхийг хариуцагч М.Б-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч С ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар П.Б-гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас 728,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч М.Бын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн урьдчилсан нөхцөл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэлт зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон байх, эрх үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй гэх онцлогтой. Гэтэл Д.Г-той 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой, эрх зүйн үр дагавар бий болгосон шинжтэй тул дүр үзүүлсэн хэлцэл биш юм.
Учир нь Д.Г бидний хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэл болон 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 265-268 дугаар зүйлийн үндэслэн байгуулсан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ юм. Худалдагч нь өөрийн үл хөдлөх хөрөнгийн тодорхой үнийн дүнд худалдах, буцаан худалдан авахдаа худалдсан үнийн дүнгээ сарын 3.5 хувийн хүү тооцон буцаан авах үндсэн тохиролцоон дээр байгуулсан хууль ёсны гэрээ, хэлцэл байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хүсэл зорилго нь тодорхой байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч М.Б нь төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч тал төлбөр авснаа хүлээн зөвшөөрсөн.
Түүнчлэн, худалдагч талаас уг хөрөнгөө буцаан худалдан авах талаар ямар ч үйлдэл хийж байгаагүй, үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрч шүүх хурал дээр тайлбарласан. Тиймээс 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэл, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бол талууд тодорхой зорилгод хүрэхийн тулд хийсэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
4.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан бөгөөд нотлох баримт шинжлэн судалсны дараа даргалагч шүүгч нэхэмжлэлийн шаардлагын талаар 2 хэлцэл Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56.5-д зааснаар Б.Бүжлхамд шилжүүлсэн объектоо буцааж авъя гэж тодруулж байгаа юм уу гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тийм гэж хариулсан. Шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болох боловч шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөө томьёолон тодорхойлох үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон, уг шаардлагын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдааны явцад тодорхой болгосон учраас өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах, хоёр хариуцагчийн хэнд нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг болон хэлцийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзаж байгаа эсэхийг тодруулах, хариуцагчийн мэтгэлцэх тэгш эрхийг хангах ёстой байхад энэ талаар ажиллагаа явуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.
4.3. ХУД-ийн 4 дүгээр хороо, 00 тоотбайрлах үл хөдлөх хөрөнгө нь 80 хувийн гүйцэтгэлтэй биш одоо 100 хувийн гүйцэтгэлтэй болсон бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг М.Б би өөрөө гаргуулж авсан. Гэтэл шүүхээс шийдвэр гаргах өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй гэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болж 100 хувийн гүйцэтгэлтэй болсон нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтаар нотлогдож байна. Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн хамгаалалтад байгаа гэх нөхцөл байдал үндэслэлгүй бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө М.Б миний бүрэн өмчлөлд байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газрын болон арчлалт хамгаалалт, тог цахилгааны төлбөр зэргийг би төлдөг.
4.4. Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу надад мэдэгдээгүй учраас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Учир нь миний оршин суудаг хаяг болох Хан-Уул дүүргийн 11 хороо, 3 хэсэг, Түшээ гүн, Тэнгэр рашааны гудамж, 108 дугаар байр, 1 тоот хаягаар шүүх хуралдааны товын талаар мэдэгдэх хуудас ирүүлээгүй. Мэдэгдэх хуудсыг оршин суугаа хаягаар ирүүлсэн бол шүүх хуралдааны товын талаар мэдээлэл авах боломжтой байсан. Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөө орон нутагт утасны сүлжээгүй газарт зорчиж байсан учраас гар утсанд ирсэн мессежийг хараагүй. Мөн С ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Центр 34 дугаар байрны 303 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай компанид хурлын тов мэдэгдсэн талаар мэдэгдэх хуудас ирүүлээгүй, шүүхийн шийдвэрийг ч мөн адил гардуулаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн гаргасан гомдолд ...2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хэлцэл, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талууд тодорхой зорилгод хүрэхийн тулд хийгдсэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэрээ, хэлцэл учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна... гэх боловч тус хоёр гэрээ, хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед нэхэмжлэгчийн нөхөр нь зээлийн барьцаанд тавих хүсэл зорилготой байсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ байхгүйн улмаас тус 2 гэрээ, хэлцлийг байгуулж зээл авсан.
5.2. Хариуцагчийн гаргасан гомдолд ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдааны явцад тодорхой болгосон учраас энэ өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах, хоёр хариуцагчийн хэнд нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг, хэлцлийг хүчин төгөлдөр шаардлагаас татгалзаж эсхүл дэмжиж байгаа эсэхийг тодруулах, хариуцагчийн мэтгэлцэх тэгш эрхийг хангах ёстой байтал ийм ажиллагаа явуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангаагүй байна... гэх боловч нэхэмжлэгч анхнаасаа л үл хөдлөх эд хөрөнгийг буцаан даалгах тухай үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноороо үүсэх үр дагавар нь хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн буцаан шилжүүлэх хууль зүйн үр дагавартай юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй тул хариуцагчид гардуулах, хоёр хариуцагчийн хэнд нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг, хэлцлийг хүчин төгөлдөр шаардлагаас татгалзаж эсхүл дэмжиж байгаа эсэхийг тодруулах шаардлагагүй.
5.3. Хариуцагчийн гаргасан гомдолд ...шүүхээс шийдвэр гаргах өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй биш одоо 100 хувийн гүйцэтгэлтэй болсон бөгөөд энэ хэрэгт авагдсан улсын бүртгэлийн газраас ирсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтаар нотлогдож байна. Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн хамгаалалтад байгаа гэсэн нөхцөл байдал нь үндэслэлгүй бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь М.Б миний бүрэн өмчлөлд байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газрын төлбөр, арчлалт хамгаалалтын төлбөр, тог цахилгаан төлбөр зэргийг би өөрөө төлдөг... гэх боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ашиглалтад орсон зүйл байхгүй, цахилгаан болон ус дамжуулах шугамтай холбогдоогүй, хариуцагчийн дээр дурдсан зүйлс худал бөгөөд шүүхийг санаатайгаар төөрөгдөлд оруулж байна.
5.4. Хариуцагчийн гаргасан гомдолд ...шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу надад мэдэгдээгүй бөгөөд тов мэдээгүй учраас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй юм... гэх боловч хариуцагч М.Б нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд тус шүүх хуралдаанд оршин суугаа хаягаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 хэсэг түшээ гүн, Тэнгэр рашаан гудамж, 108 дугаар байр, 1 тоотод оршин сууж байгаа гэж өөрийн биеэр хэлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болон дараагийн хуралдааны товыг мэдэж байсан болох нь хэрэгт авсан баримтаар тогтоогддог.
Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд оролцсоноос хойш 6 удаагийн шүүх хуралдаан болоход хариуцагч М.Б ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Шүүхээс хариуцагчийн албан ёсны хаягаар тов мэдэгдсэн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 02 дугаар сарын 01-ний өдөр, 02 дугаар сарын 13-ны өдрийн монгол шуудангийн баримт, хариуцагчийн цахим хаягт мэйл илгээсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, мөн гар утсаар ярьсан тэмдэглэл болон мессеж илгээсэн баримтуудаар нотлогддог.
Мөн хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суух хаяг руу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шуудангаар явуулсан монгол шуудангийн баримт, 2024 04 дүгээр сарын 18-ны өдрийн мессеж илгээсэн баримт, 4 дүгээр сарын 25-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл зэргээс үзэхэд хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн байна. Мөн хариуцагч нь хуульд зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч С ХХК, М.Б нарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ХУД-ийн 4-р хороо, оо тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ХУД-ийн 4-р хороо, оо тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах гэж тодруулсан.
3.1. Хариуцагч М.Б нь ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон, уг шаардлагын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдааны явцад тодорхой болгосон учраас өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах, хоёр хариуцагчийн хэнд нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг болон хэлцийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзаж байгаа эсэхийг тодруулах, хариуцагчийн мэтгэлцэх тэгш эрхийг хангах ёстой байхад энэ талаар ажиллагаа явуулаагүй, мөн даргалагч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болох боловч шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөө томьёолон тодорхойлсон нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбогдуулан чиглүүлэх үүргийнхээ хүрээнд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг тодруулж шийдвэрлэсэн байхаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа ХУД-ийн 4-р хороо, оо тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах гэж тодруулсныг тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч М.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний нөхөр Д.Г нь И ХХК-ийн захирал М.М-ийн хүсэлтийн дагуу С ХХК-аас авсан 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн хэдий ч газрын гэрчилгээ байхгүй байсан учраас М.Б-тай худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тухайн эд хөрөнгийг сар бүр 3.5 хувийн хүү төлж буцаан худалдан авах болзолтой хэлцэл хийсэн бөгөөд дээрх хоёр хэлцлийг барьцааны гэрээний оронд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохоос эд хөрөнгөө худалдах хүсэл зориг байгаагүй, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө миний бодит эзэмшил, хамгаалалтад байдаг, би өвлөж авсан ... гэж,
Хариуцагч татгалзлаа ...хууль ёсоор бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан нь хуульд нийцээгүй. Талийгаач Д.Г болон М.Б бидний хооронд байгуулсан гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, төлбөрийг бүрэн төлсөн, харин Д.Г нь 6 сарын дотор мөнгөө, хүүгийн хамт төлж эд хөрөнгөө буцаан авах байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөө буцаан худалдан авах эсэх нь түүний хүсэл зоригоос шууд хамааралтай учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарласан
5. Хэргийн баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
5.1. Зохигчдын маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 0000 хаягт байрлах, аялал жуучлалын зориулалтай 437,2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу Пи ХХКнь 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр тус компанийн өмчлөх эрхийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /1-р хх223/
5.2. Д.Г нь Пи ХХК-ийн 3.3 хувийн хувьцаа эзэмшиж байсан бөгөөд тус компанитай 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлснээр түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
5.3. Д.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан байх ба 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түүний хүү Г.Ганбаяр, охин Г.Билгүүн нар өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаснаар мөн өдөр талийгаачийн эхнэр П.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 0000 хаягт байрлах, аялал жуучлалын зориулалттай, 437,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ авчээ.
5.4. Д.Гнь М.Бтай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 0000 хаягт байрлах, аялал жуучлалын зориулалттай, 437,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг М.Б-ын өмчлөлд шилжүүлж, Д.Г нь 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр М.Б 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. /1-р хх10, 2-р хх40/
5.5. Мөн Д.Г болон М.Б нар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Гнь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг сар бүр 3.5 хувийн хүү тооцож, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд М.Бд төлөх, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар тохиролцсон байна. /1-р хх4/
5.6. Дээрх гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэнтэй холбоотойгоор Д.Г нь М.М-д холбогдуулан 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...ОБЕГ-ын ажилчдын орон сууц барих зорилгоор ХУД-ийн 4 дүгээр хороо, 00 тоотбайрлах, 4 давхар, 437,2 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С ХХК-ийн барьцаанд тавьж 100,000,000 төгрөгийн зээл авсан... гэх агуулга бүхий гомдол гаргаснаар шалган мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1241 дугаартай тогтоолоор ...тус маргаан нь иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн... гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 191101541 дугаартай хэргийг хаасан баримт хэрэгт авагдсан байна. /1-р хх13-16/
6. Эрүүгийн хэрэгт Д.Гхохирогчоор өгсөн мэдүүлэгт ... М.М нь өөрийн И ХХК-иараа ОБЕГ-ын ажилчдын орон сууц барих ажилд хамтарч оролцооч гэсэн санал тавихаар нь зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түншлэлийн гэрээ байгуулж, орон сууц барих ажилд хамтарсан. М.М хөрөнгө оруулалт шаардлагатай гэхээр өөрийн эзэмшлийн Нүхтийн 19/10 тоот 437,2 м.кв таун хаусыг 100,000,000 төгрөгний барьцаанд С ХХК-д тавьсан...... гэж
6.1. Мөн эрүүгийн хэрэгт Д.А гэрчээр өгсөн мэдүүлэгт ...Т.М нь ОБЕГ-аас барилгын ажил аваад 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан. Ингээд М.М захирал Д.Г хоёр С ХХК-иас 150 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээгээ надад өгөөгүй, компанийн кассанд 20,000,000 төгрөг тушаасан... тэд зээлийн мөнгийг барилгын ажилд зарцуулсан... гэж
6.2. Мөн эрүүгийн хэрэгт Н.М гэрчээр өгсөн мэдүүлэгт ...2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ОБЕГ-ын ажилчдын орон сууцыг барихад зориулж Д.Гбид хоёр нийлж 150,000,000 төгрөгийн зээл авсан. С ХХК-аас Д.Г-ын данс руу 150,000,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орсон. Тэгээд Д.Г өөрөө 50 сая төгрөгийг авч үлдсэн, 5 сая төгрөгийг Д.Г-ын хаусыг С ХХК руу шилжүүлэхэд зарцуулсан. Учир нь Д.Г-ын хаус газрын гэрчилгээгүй байсан болохоор худалдах, худалдан авах гэрээ хийж барьцаанд тавьсан... гэж мэдүүлжээ. /1-р хх94-105, 116-117, 120-121/
6.3. С ХХК-тай И ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон байна.
6.4. Хэргийн 1 дүгээр хавтасны 10-11 дүгээр талд С ХХК-аас И ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн 150,000,000 төгрөгийн зээл эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн талаарх 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдлийг С ХХК-ийн захирал М.Б гардуулсан баримт, И ХХК-аас зээл, зээлийн хүүг төлөхөө илэрхийлсэн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагджээ. /1-р хх11-12/
6.5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, эрүүгийн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болох бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл И ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М, талийгаач Д.Г нар ОБЕГ-ын ажилчдын орон сууцыг хамтран барих, хөрөнгө оруулах зорилгоор С ХХК-аас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 150,000,000 төгрөгийг зээл авч, үүнээс И ХХК нь 50,000,000 төгрөгийг зээл болон барьцааны гэрээний дагуу, харин талийгаач Д.Гнь 100,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу тус тус авсан. Улмаар талийгаач Д.Г нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаанд тавих хүсэл зориг байсан ч газрын эзэмших гэрчилгээгүйн улмаас дүр үзүүлж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ, мөн зээлийг хүүгийн хамт төлснөөр буцаан худалдах, худалдан авах агуулга бүхий хэлцлийг тус тус байгуулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6.6. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагч М.Б нь талийгаач Д.Ганболдыг эд хөрөнгөө худалдах хүсэл зориггүй, харин зээлийн барьцаанд тавих хүсэл зоригтой байсан болох нь тогтоогдсон, хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад тухайн этгээдийн бодит хүсэл чухал тул уг илэрхийлэлийн утгыг давуу гэж үзэхгүй.
6.7. Иймд талийгаач Д.Г нь хөрөнгө оруулах зорилгоор зээл авахын тулд хариуцагч М.Бтай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэлцэл нэртэй гэрээг тус тус байгуулсан нь хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна. Дээрх үндэслэлээр хариуцагч М.Бын ...гэрээ болон хэлцэл нь эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ, мөн талуудын хүсэл зорилго нь тодорхой байхаас гадна гэрээний дагуу хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн тул дүр үзүүлэн хийсэн хэцэл биш... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
7.1. Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагаврыг шийдвэрлэхдээ ХУД-ийн 4 дүгээр хороо, 00 тоотбайрлах, 4 давхар, 437,2 м.кв талбай бүхий, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Б-т буцаан шилжүүлэхийг хариуцагч М.Бд даалгаж шийдвэрлэсэн буруу байна.
7.2. Учир нь хэргийн баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2012 онд Пи Ди Ай Экс ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байхдаа 80 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга гэж байсан бөгөөд Д.Г-ын өмчлөлд 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр шилжихдээ мөн 80 хувийн гүйцэтгэлтэй байсан. Харин Д.Гнь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин гаргуулах хүсэлт гаргаснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 0000 хаягт байрлах, аялал жуучлалын зориулалттай, 437,2 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ түүний нэр дээр 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Ингэхдээ тус үл хөдлөх хөрөнгө 80 хувийн хувийн гүйцэтгэлтэй бус 100 хувийн гүйцэтгэлтэй түүний өмчлөлд бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. Түүнчлэн, талийгаач Д.Ганболдоос хариуцагч М.Б-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хэлцэлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй талаар тусгаагүй байна.
7.3. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 0000 хаягт байрлах, аялал жуучлалын зориулалттай, 437,2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч П.Б-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.Бд даалгах гэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулав.
8. Харин анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн оролцогч субьект нь хариуцагч С ХХК биш гэж дүгнэн, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
9. Хариуцагч нь ...шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй учраас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
9.1. Шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 188/ШЗ2024/07171 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр товолж, шүүхийн мэдэгдэх хуудсыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч нарын оршин байх хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн, шүүгчийн туслах 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч М.Б-ын 9811-0108 дугаарын утсанд шүүх хуралдааны товыг мэдэгдэж мессэж илгээсэн, түүний утас руу тов мэдэгдэхээр залгасан болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, мессэж илгээсэн баримтаар тус тус тогтоогдож байна. /2-р хх56-58/
9.2. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхаас гадна тэрээр шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...80%-ийн гүйцэтгэлтэй... гэснийг хасч өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч М.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 728,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ