| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0830/Э |
| Дугаар | 839 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 00920 1023 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Н, 1993 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хэнтий аймгийн Батноров, 1 баг оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо тог; ойн 2-6 тоотод түр оршин суух хаягтай, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Генерал” зочид буудлын өрөөнд Д.Баатарсүрэнг зодож эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Баатарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би корпорет зочид буудалд хүлээн авалтанд орж хөгжим тоглочихоод 23 цагийн үед гараад гэртээ харьсан. Гэрээсээ 02 цагийн үед гараад замдаа хүү Сүхбаттай уулзаад өглөө эрт ажилтай байсан учир “Генерал” нэртэй зочид буудалд орж унтахаар болоод 2 давхарын өрөөнд орсон. Хүү бид хоёр унтах гээд бэлэн гоймон дэвтээгээд байж байхад коридороор хоёр залуу явж байсан. Тэр залуустай танилцаад манай өрөөнд юм ярьж сууж байгаад гараад явсан. Гарч явсаных нь дараа нэг согтуу залуу орж ирээд нөгөө хоёр залууг асуухаар нь гараад явсан гэж хэлэхэд ширээн дээр байсан дэвтээсэн гоймонг аваад шууд идэхээр нь яаж байна гэхэд юун сүртэй юм чи гэхээр нь чи надтай ингэж харьцаж болохгүй, би чиний аав шиг хүн байна гэж хэлэхэд тэр залуу би офицер хүн байна гэж өөдөөс томорсон. Чиний офицер надад ямар хамаатай юм өрөөнөөс гар гээд түлхэхэд тэр залуу гараараа нүүр рүү нэг удаа, цээж рүү нэг удаа, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний дээд уруул язарч их цус гарч хавдсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч Б.Сүхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 02 цагийн үед санагдаж байна аав Баатарсүрэнтэй Генерап зочид буудалд уулзсан...Би өрөөнөөс гараад буудлын ажилтнаас ус авах гээд явахдаа хаалгаа онгорхой орхиод өрөөнөөс гарсан. Гоймондоо халуун ус хийчихээд буцаад өөндөө очиход өрөөнд гаднаас хоёр танихгүй хүн орж ирсэн байсан. Нэг баяр болсон гээд аавтай юм яриад сууж байхад нээх удалгүй танихгүй залуу орж ирсэн. Тэр залуу аав бид хоёрын дэвтээж байсан гоймонг аваад идэхээр нь чи яагаад хүний юм дураараа авч байгаа юм бэ гэхэд би офицер хүн байна чи хэн юм гээд нүүр рүү цохьсон. Юм узээгүй хар пизда бэ гэж хэлчихээд гараад яваад өгсөн. Тэр үед аавын дээд уруул язраад цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх 20-21/,
Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ширээн дээр бэлэн гоймон болгочихсон байхаар нь нэгнээс нь идчих үү? гэж асуутал хэн ч дуугарахгүй болохоор нь аваад идчихсэн чинь 40 гаран насны намхан эрэгтэй нь уурлаад “чи ид гээгүй байхад хүний юм идлээ” гээд над руу их уурласан. Тэгээд хэсэг маргаж байгаад би “чи ямар тэй юм бэ? гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохьчихоод гараад яваад өгсөн шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Санал нийлж байна. Тухайн гэмтлийг би учруулсан. Намайг цохисны дараа цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх 32-33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1442 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Генерал” зочид буудлын өрөөнд Д.Баатарсүрэнг зодож эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.Баатарсүрэнгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би корпорет зочид буудалд хүлээн авалтанд орж хөгжим тоглочихоод 23 цагийн үед гараад гэртээ харьсан. ...Хүү бид хоёр унтах гээд бэлэн гоймон дэвтээгээд байж байхад коридороор хоёр залуу явж байсан. Тэр залуустай танилцаад манай өрөөнд юм ярьж сууж байгаад гараад явсан. Гарч явсаных нь дараа нэг согтуу залуу орж ирээд нөгөө хоёр залууг асуухаар нь гараад явсан гэж хэлэхэд ширээн дээр байсан дэвтээсэн гоймонг аваад шууд идэхээр нь яаж байна гэхэд юун сүртэй юм чи гэхээр нь чи надтай ингэж харьцаж болохгүй, би чиний аав шиг хүн байна гэж хэлэхэд тэр залуу би офицер хүн байна гэж өөдөөс томорсон. Чиний офицер надад ямар хамаатай юм өрөөнөөс гар гээд түлхэхэд тэр залуу гараараа нүүр рүү нэг удаа, цээж рүү нэг удаа, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний дээд уруул язарч их цус гарч хавдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Н-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР