Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01590

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 12 210/МА2024/01590

 

 

 

Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02750 дугаар шийдвэртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох,

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ажлын хөлс 53,094,120 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг нийт 83,094,120 төгрөг гаргуулах тухай үндсэн,

66,099,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:

1.1. Тус компани Х ХХК-тай 2021 оны 9 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат хорооллын 20 дугаар байрны гадна хөөсөнцөр фасадны ажил гүйцэтгэх, ажлын гүйцэтгэлийн хөлсийг бартераар авахаар тохиролцсон. Гүйцэтгэх захирал Б.С нь ковид-19 халдварт өвчин авч хүндээр өвдөн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд компани ажлаа тасалдуулаагүй. 2022 оны 01 дүгээр сарыг хүртэл гадна фасадны ажлын гол хэсэг болох хөөс наах, хадах ажлыг бүрэн дуусгасан, урд хойд хананы хар замаск, тортой шавардлагыг бүрэн хийж цаг агаар хүйтэрсний улмаас гадна фасадны ажил үргэлжлэх боломжгүй болсон.

2022 оны 01 дүгээр сард гэрээг бичгээр байгуулж гэрээний гүйцэтгэлийн хөлсийг бартер байсныг өөрчилж бэлэн мөнгөөр авахаар тохиролцохдоо бидний гаргасан үнийн саналыг үндэслэн тооцоо нийлэхээр болж, Б.С захирал гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч хувийг өгөөгүй. Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар, мөн сард 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2 дугаар сард 2,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 12,000,000 төгрөгийн санхүүжилтийн урьдчилгааг авсан. Х ХХК нь тооцоо нийлэхгүйгээр 2022 оны 01 дүгээр сард гэрээг нэг талын санаачилгаар цуцлан, өөр этгээдтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Харин 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай компаниас тооцоо нийлэхээр очиход хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын үнийн саналыг үндэслэлгүйгээр бууруулан тохиролцохгүйгээр тооцоо гаргасан байсан.

1.2. Х ХХК-ийн ажлын талбайд байршуулсан 6 цахилгаан өргүүрийг авахаар очиход өгөөгүй. Хариуцагч өргүүрийг барьцаалж, үнэ төлбөргүйгээр ашигласан нь орлого олох боломжийг хаасан. Б ХХК-дөөрсдийн өмчлөлийн цахилгаан өргүүрийг 6 сарын хугацаатайгаар түрээслүүлэхээр тохиролцсон. 1 өргүүрийг хоногт 50,000 төгрөгөөр түрээслэх байсан тул 6 ширхэг өргүүрийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг олох байсан. Иймд хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлс 65,094,120 төгрөг, олох байсан орлогод 30,000,000 төгрөг, нийт 85,094,120 төгрөгийг гаргуулна.

1.3. Тус компанийн захирал Б.С нь сэтгэцийн түр зуурын сааталд орсон болох нь эмнэлэгийн магадлагаа, СЭМҮТ-ийн шийдвэрээр тогтоогдсон. Тиймээс талуудын хооронд бичгээр байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ажлын хөлсөнд 53,094,120 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 83,094,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчилж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчээс гэм хорын төлбөрт 53,094,120 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компаниас тооцоо нийлэхэд 57,327,800 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн боловч үүнээс хугацаандаа ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй учраас гэрээгээр тохиролцсоны дагуу торгууль 35,704,100 төгрөг, алданги 19,280,214 төгрөг, дотор засварт зарцуулсан 8,090,280 төгрөг болон гадна фасадны хөөсөнцөрийн дахин засварт зарцуулсан 3,025,000 төгрөг, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын урьдчилгаанд төлсөн 12,000,000 төгрөгийг тус тус хасч тооцоход төлбөрийн үлдэгдэлгүй болно.

2.2. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй.

2.3. Нэхэмжлэгч нь цахилгаан өргүүрийг авах нь нээлттэй, өргүүрийг өгөхөөс татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэгч нь ажилчдынхаа цалинг өгөлгүйгээр ажлаа хаяад явсан тул ажилчид нь цалингаа авсны дараа өргүүрийг өгөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Уг өргүүр нь нэхэмжлэгч байгууллагын ажилтнуудын хооронд маргаан гарсны улмаас манай барилгын талбайд байна. Иймд хариуцагчийн зүгээс хариуцлага хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Манай компаниас Х ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Х ХХК нь Баганат хорооллын 20 дугаар байрны гадна хөөсөнцөр фасад хийх ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, харин тус компани тохирсон ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэтэл Х ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйл 5.2 дэх хэсэгт ...ажлыг гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр өөрийн материал, багаж, техник хэрэгсэл, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд, алдаа дутагдал, доголдолгүй хийж гүйцэтгэж, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх... гэж тохиролцсоныг зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх ажлыг хийж гүйцэтгэх явцдаа буюу үр дүнгийн гүйцэтгэл 50 хувьтай байх үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдэгдэлгүйгээр орхисноор барилгын ажлыг зогсонги байдалд орсон. Гэрээний үүргээ зөрчснөөс болж цаг алдаж санхүүгийн хохирол амссан. Мөн Х ХХК нь нийт 128,763,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээс 57,327,800 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, харин 71,408,200 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй.

3.2. Манай компаниас нэхэмжлэгчийн хийсэн гэх ажлын чанарын шаардлагыг хангаж засварлахад нийт 11,115,280 төгрөг зарцуулсан.

3.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувьтай тэнцүү дүнгээр алдангийг тооцно гэж тохирсон тул 71,408,200*0.3%=214224,6*90хоног=19,280,214 төгрөгийн алдангийг төлөхөөр байна.

Мөн гэрээний 6.2.1 дэх хэсэгт гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүй цуцалсан, гэрээ дэх хэсгийг зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төлөхөөр тохирсон тул 35,704,100 төгрөгийн торгуулийг төлөх үндэслэлтэй.

Иймд Х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж алдангид 19,280,214 төгрөг, торгуульд 35,704,100 төгрөг, засварт зарцуулсан 11,115,280 төгрөг, нийт 66,099,594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл гэж зааснаар хариуцагчийн гэрээний дагуу нэхэмжилж буй алданги, торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Х ХХК нь Х ХХК-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь бодитоор байгуулагдаагүй бөгөөд Б.С захирал сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Б.С нь холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэгтэй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний хооронд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.

Манай компаниас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлын талбай дээр очиход хариуцагчаас Н.О гэх Х ХХК-дажиллаж байсан ажилтантай гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн байсан. Гэрч Н.Оийн шүүхэд өгсөн мэдүүлэгт ...2021 оны намар, өвлөөс Б.С өвдсөнөөс хойш бие даан Х ХХК-тай ажилладаг болсон гэдэг нь нотлогддог.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдолтой байсан гэж тайлбарласан боловч энэ талаар нэг ч удаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, доголдлыг арилгах талаар шаардаагүй. Гадна фасадны ажлын гүйцэтгэлийн тооцоо болон үл тохирлын мэдэгдэл гэх баримт нь хариуцагчийн нэг талын гаргаж өгсөн нотлох баримт бөгөөд нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх хугацаанд гаргаж өгөөгүй. Х ХХК-иар баталгаажуулаагүй, барилгын хяналтын зөвлөх компанийн дүгнэлтгүй доголдлын талаар гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хийморьт магнай ХХК-аас 45,327,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,766,320 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн 66,099,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793,138 төгрөг, хариуцагчийн төлсөн 488,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 384,589 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэрч Н.О-ийн мэдүүлгийг зөвхөн нэхэмжпэгчид ашигтай байдлаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал, хэргийн материалд Б.С ковид-19 халдварт өвчин авсан гэх баримт авагдаагүй байхад гэрч Н.О-ийн 2021 оны намар, өвлөөс Б.С өвдөөд би ажилласан гэх мэдүүлгээр Б.Сыг ковид-19 халдварт өвчин авсан гэж эргэлзээгүй тодорхойлсон. Харин гэрч Н.О нь ...баруун талын хөөс хадаагүйн улмаас салаад унасан, би анхнаас нь урд талын цонхгүй ханыг авч хийсэн... гэж мэдүүлсэн байх бөгөөд энэхүү мэдүүлгээр манай Х ХХК нь Х ХХК-ийн хийсэн ажлын чанарын шаардлага хангаагүй хэсэгт дахин засвар оруулсан нь нотлогдож байна.

6.2. Х ХХК болон Х ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар талууд тохиролцсон боловч хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөөгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 8-д заасны дагуу гүйцэтгээгүй нийт үнийн дүн 71,408,200 төгрөгийн 0,3 хувь буюу 214,224.6 төгрөгийг хэтэрсэн хугацаа 90 хоногт үржүүлж тооцвол нийт 19,280,214 төгрөгийг алдангийг төлөх, мөн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 буюу 35,704,100 төгрөгийг торгууль тус тус төлөх нь үндэслэлтэй.

Х ХХК хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлсон мэдэгдэл өгөхгүйгээр орхин явсан үйл баримт талуудын мэтгэлцээнээр тогтоогдсоор байхад шүүх Х ХХК-ийг торгууль, алдангиас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Х ХХК-ийн захирал Б.С нь гэрээний үүргийг гүйцэтгэх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл байсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Н.О-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Х ХХК-ийн дутуу үлдээсэн ажлыг гүйцэтгүүлсэн. Мөн Х ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйл 5.2 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь хэргийн материалд цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс торгууль, алданги шаардах эрхтэй.

6.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 45,327,800 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч 45,327,800 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжпэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй.

6.4. Х ХХК-ийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээ үүргээ биелүүлээгүй гэдгээ нотолж чадаагүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт ...давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн тал нь нөгөө талд нэн даруй мэдэгдэх бөгөөд тухайн хүчин зүйлийн нөлөөнд өртөөгүй өөрийн үүрэгт хамаарах үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэж, гэрээний хэрэгжилтэд гарсан саатлыг аль болох богино хугацаанд арилгах, үйл ажиллагааг сэргээх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана... гэж тусгайлан заасан.

Хэрэв тогтоосон хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хэрэгжилтэд гарсан саатлыг манай компанид нэн даруй мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч болох байсан боловч манай компанид мэдэгдээгүй. Х ХХК өнөөдрийг хүртэл гэрээг цуцлахаа илэрхийлээгүй, гэрээг цуцлахтай холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй байхад анхан шатны шүүх ...хэрэгт авагдсан СЭМҮТ-ийн комиссын шийдвэр, шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт, Рехамед эмнэлгийн дүгнэлт, Б.С-ын өвчний түүх зэрэг баримтаар нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.С нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээгээр тохиролцсон ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, гэрээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан гэж үзэхээр байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн зүгээс доголдол гарсан гэх асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа тайлбарласан боловч хэдий хэмжээний хөөс унасан, хэзээ, хэр их талбайд дотор заслын ажил хийсэн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуухад хариулт хэлээгүй. Хэргийн 81-84 дүгээр талд авагдсан баримтуудыг гаргаж өгсөн хэдий ч тухайн нотлох баримтууд нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн он сартай байдаг ч уг баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй. Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд доголдол илэрсэн тохиолдолд гүйцэтгэгчээр дахин засварлуулах, шинээр гүйцэтгүүлэх ёстой гэж заасан боловч хийгдсэн зүйл байхгүй. Мөн доголдол илэрсэн тохиолдолд тухайн 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжгүй байсан тул логикийн алдаатай байна. Уг доголдлыг засварласантай холбоотой нотлох баримтуудыг хариуцагч талаас хэрэгт хавсаргаж өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй.

7.2. Х ХХК-ийн зүгээс талуудын хооронд гэрээг бичгээр байгуулсан эсэх талаар маргасан. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлыг хийж эхлээгүй бөгөөд барилгын хундам цутгалтын ажил удааширснаас үүдэн барилгын гадна фасадын ажлыг 2021 оны 10 дугаар сард эхлүүлсэн. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У тухайн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайн байгууллагын гүйцэтгэх захирал Б.У байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Түүнчлэн, төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан гэрээг анхан шатны шүүхээс талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.

Б.У-ээс н.Мандахтөр рүү имейлээ мессежээр илгээсэн өдөр н.С гарын үсэг зурж, тухайн гэрээтэй танилцаж харж өгөхийг өөрийн эгч Б.У-т цахим шуудан явуулсан. Мөн н.С өвдсөнтэй холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан гэж үзсэн. Хэргийн бодит нөхцөл байдалд н.С өвдсөний дараа ажлаа гүйцэтгэж чадаагүй учраас Х ХХК нь Н.О-тэй гэрээ байгуулж, үргэлжлүүлэн ажилласан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцалсан. Бодит нөхцөл байдалд хариуцагч нь гэрээг цуцалж, Н.О-тэй ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн. Тиймээс ямар нэгэн байдлаар сул зогсолт, хохирол үүсээгүй учраас уг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

7.3. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар 40,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь үндэслэлгүй гэж дурдсан. Х ХХК-ийн зүгээс хийсэн ажлын объектэд маргаагүй. Хэргийн 55 дугаар талд авагдсан баримтаар 57,327,800 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ хариуцагч нь хүлээн зөвшөөрдөг гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хууль хэрэглээ болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажлын хөлс 65,094,120 төгрөг, олох байсан орлого 18,000,000 төгрөг, нийт 71,094,120 төгрөг гаргуулахаар анх шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ажлын хөлс 53,094,120 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 83,094,120 төгрөг гаргуулахыг хүссэн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч үүрэг зөрчсөнөөс гэрээ цуцалсан буруутай үндэслэлээр алданги 19,280,214 төгрөг, торгууль 35,704,100 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 11,115,280 төгрөг, нийт 66,099,594 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Х ХХК нь Баганат хороолол, 20 дугаар байрны гадна хөөсөнцөр фасад хийх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч Х ХХК нь ажлын хөлсөнд 128,736,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх57-65/

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Тодруулбал, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээгээр гэрээ байгуулах үед Х ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.У болох нь тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасны дагуу гэрээг хожим бичгээр хийхдээ гүйцэтгэгч талыг төлөөлж Б.С гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

 

3.2. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 65,094,120 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, үүнээс хариуцагчаас ажлын хөлсөнд бэлэн болон бэлэн бусаар төлсөн 12,000,000 төгрөгийг хасч, үлдэх 53,094,120 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэгч 57,327,800 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж тус тус зөрүүтэй тайлбарласан.

 

3.3. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 65,094,120 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 57,327,800 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн гэж дүгнэж, үүнээс хариуцагчийн төлсөн 12,000,000 төгрөгийг хасч, үлдэх 45,327,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч 45,327,800 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.4. Харин шүүх нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийн орлого зайлшгүй олох байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, Б.С сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнээд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.1. Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлд гэрээний дуусах хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байхаар тохиролцжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь талууд гэрээг бодитоор цуцалсан он, сар, өдөр байхгүй боловч манай компаниас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлын талбай дээр очиход хариуцагч Х ХХК болон Н.О нар ажлаа эхлүүлсэн байсан гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч Х ХХК дээрх ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн гүйцэтгэлгүй орхин явснаар талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цуцлагдсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

4.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.1-д гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний нөхцөлийг бүрэн хангасан ажлыг захиалагчийн заасан хугацаанд хийгээгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний тусгай нөхцөлийн 8-д заасан 0.3 хувьтай тэнцүү хэмжээгээр алданги төлнө... гэж тохиролцжээ.

 

4.5. Дээрх гэрээний тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, гэрээг бичгээр байгуулж хугацаа тогтоосон тул хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 6.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс алданги шаардах эрхтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс гэрээний хугацаа дуусах 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс гэрээ цуцлагдсан гэх 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг /71,408,200*0,3%=214,224.6*56х=11,996,577 төг/ тооцон, нэхэмжлэгч Х ХХК-аас 11,996,577 төгрөгийг гаргуулан хариуцагч Х ХХК-д олгож, үлдэх 7,283,637 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

5. Талуудын байгуулсан гэрээний 6.2.1-д гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, гэрээний 7.1 дэх хэсгийг зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төлөх бөгөөд тийнхүү зөрчсөнөөс захиалагч болон түүний харилцагчид учирсан аливаа зардал, хохирлыг барагдуулна гэж, гэрээний 7.1-д талууд гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон харилцан солилцсон мэдээлэл, баримтын нууцлалыг гэрээ байгуулагдсанаас хугацаагүйгээр чанд хадлгалах бөгөөд нөгөө тал зөвшөөрөл олгосон эсвэл хууль тогтоомжоор шаардсанаас бусад тохиолдолд аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй байх, гэрээнд заагдаагүй зорилгоор ашиглахгүй байхаар тохиролцов гэжээ.

 

5.1. Дээрх зохицуулалт нь гэрээний нууцлалыг зөрчсөн бол гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төлөхөөр тохиролцсон байх тул гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй нь торгууль ногдуулах үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн нэхэмжлэгч ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн гүйцэтгээгүйд хариуцлага тооцож алданги гаргуулсан тул давхардуулан торгууль тооцох үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.2. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар гадна фасадны хөөсөнцөрийн засварт 3,025,000 төгрөг, дотор заслын засварт 8,090,280 төгрөг, нийт 11,115,280 төгрөгийн засан сайжруулалт хийсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас торгууль 35,704,100 төгрөг, доголдол арилгахад гарсан зардал 11,115,280 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн олох байсан орлого 30,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар болгож өөрчлөх, мөн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичээгүй орхигдуулсныг залруулж, нэмж оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээ болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02750 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Хийморьт магнай ХХК-аас 45,327,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгч Х ХХК-аас 11,996,577 төгрөгийг гаргуулан хариуцагч Х ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 37,766,320 төгрөгт холбогдох хэсэг, мөн Х ХХК, Х ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх 54,103,017 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...56.1 гэсний дараа ...56.2 гэж нэмж, ...олгосугай. гэснийг ...олгож, нэхэмжлэгч Х ХХК-аас 206,895 төгрөг гаргуулж хариуцагч Х ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 873,100 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ