Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 181/2023/04701/И |
Дугаар | 210/МА2024/01776 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01776
2024 09 13 210/МА2024/01776
Д.Эын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02680 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-н хариуцагч Ш.Б-д холбогдуулан гаргасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр 69,099,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С.С нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барж, өв нээгдсэн ба нэхэмжлэгч буюу төрсөн охин болох Д.Э нь түүний хууль ёсны өвлөгч юм. С.С нь Ш.Бтай 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, түүнд 20,000 америк долларыг сарын 2,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар олгохоор харилцан тохиролцож, 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр олгосон. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй. Нэхэмжлэгч нь С.Сийн хууль ёсны өвлөгчийн хувьд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний төлбөрт Ш.Бгаас 31,500 америк доллар буюу 99,720,495 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2023/00718 дугаар бүхий магадлал гарсан. Тус магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг хангалгүй хэвээр үлдээсэн хэдий ч магадлалын Хянавал хэсгийн 4е заалтад ... Талийгаач С.Сээс хариуцагч Ш.Бд өөр үндэслэлээр мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор түүний өвлөгчөөс шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно... гэж тодорхой зааж өгсөн болно.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар гагцхүү талийгаач С.С зээлийн гэрээний дагуу Ш.Бгаас зээлийн мөнгөн төлбөр шаардах эрхтэй эсэх асуудлыг л дүгнэсэн бөгөөд С.Сээс хариуцагчид олгосон 20,000 америк долларыг зээлийн гэрээнээс бусад үндэслэлээр шаардах эрх нээлттэй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Хариуцагч Ш.Б нь талийгаач С.Сээс 2012 онд 20,000 америк доллар авсан болохоо ямар нэгэн маргаангүйгээр бүрэн хүлээн зөвшөөрдөг. Бусдын эд хөрөнгө, мөнгийг авсан бол түүнийгээ буцаан төлж, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч бүрийн үүрэг болно. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг болон холбогдох бусад зүйл, заалтад заасны дагуу хариуцагч Ш.Бгаас 20,000 америк доллар буюу 69,099,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Э нь анх 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандаж Ш.Б надаас 99,720,495 төгрөгийг нэхэмжилсэн. Хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 181/ШШ2023/00249 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.Э уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлоор 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар .... гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж 210/МА2023/00718 дугаар магадлал гаргасан. Д.Э хяналтын журмаар гомдол гаргаагүй мөртлөө анхан шатны шүүхэд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг би эсэргүүцэж байна. Энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Д.Э нь түүний ээж талийгаач С.С бид хоёрын хооронд хийгдсэн бизнесийн тохироог мэдэхгүй мөртлөө өөрт нь үзүүлэх гэж ёс төдий гэрээний загварын дагуу хийгдсэн бичгийг үндэслэн удаа дараа мөнгө нэхэмжилж байгаа. Энэхүү зээлийн гэрээ гэгдэх баримт нь талийгаач С.С бид хоёрын хооронд яригдсан бизнест хамтрах, миний хийж байсан бизнесийг худалдан авах, надад дэмжин туслах тухай яриа байсан. Ингэснээр надад 2012 оны 06 дугаар сард дээрх мөнгийг өгсөн. Тэр үед ямар нэгэн гэрээ хэлцэл бичиг баримт үйлдээгүй. Дараа нь чамд мөнгө өглөө гээд манай охин Д.Э уурлаад байна, хоёулаа гэрээ хийе гэсний дагуу Д.Эд үзүүлэх бичиг баримт үйлдсэн. Зээлийн гэрээ байсан бол би 20,000 ам.доллар хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар батлуулан, авсан мөнгөн тэмдэгтээ бичих байсан. Талийгаач С.С надад мөнгөө төлөх талаар удаа дараа утасдаж, уулзаж сануулж байсан зүйл байхгүй. Ийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Бгаас 20,000 ам.доллар буюу 69,099,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 503,449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.1-д шүүх нэхэмжлэгчийг Зээлийн гэрээний үүрэг үндэслэлээр зээлийн гэрээний дагуу шаардаж урьд шүүхэд нэхэмжлэх гаргасныг буруутгах үндэслэлгүй, нөгөө талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 718 дугаар магадлалд Талийгаач С.Сээс хариуцагч Ш.Бд өөр үндэслэлээр мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор түүний өвлөгчөөр шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно гэж дүгнэсэн байх тул шүүх энэ нэхэмжлэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг хууль зүйн үндэс болгон бодит үндэслэх, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж хуульчилсан. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэлээ урьд гарсан шийдвэр, магадлалын дүгнэлтийг буруутгахгүй гээд нэхэмжлэлийн шаардлага өөр шийдвэрийг үндэслэж байна уу гэдэг нь огт ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1-д хариуцагчийн нотлох баримтуудыг заасан хирнээ 8.2-т нотлох баримт гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэжээ. Хариуцагч нь өөрийн тайлбар болон урьд шүүхэд гаргаж байсан тайлбаруудаар зээлийн гэрээний харилцаа бус хамтран ажиллах, хөрөнгө оруулах, өөрийн хийж байсан бизнесийн санаа, ноу хау, бүх мэдээллээ өгсөний хариуд авсан мөнгө гэдгээ тууштай нотолдог. Шүүх хөрөнгө буюу 20,000 ам.долларыг хариуцагч олж авсан, олж авсанд маргаангүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж үүргийн дагуу шилжүүлсэн боловч үүрэг үүсээгүйг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул уг зохицуулалтын дагуу шаардах эрх үүсжээ гэж дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслээд дүгнэлт хийлгүй урьд гарч байсан зээлийн гэрээний маргаантай шийдвэрийг үндэслэл болгож нэхэмжлэгч зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж мөнгө шилжүүлсэн боловч гэж дүгнээд Иргэний хуулийн 492.1.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж заасан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан гол үндэслэл нь Нийслэлийн тойргийн нотариатч П.Б-ийн үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гэсэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх дээр хэлэлцэгдэж байгаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгийг шаардах эрх биш гэж маргасан. Учир нь нэхэмжлэгчийн өвлөгдсөн эрх нь зээлийн гэрээний шаардлагыг Ш.Бгаас 20,000 ам.долларыг шаардах эрх байсан. Шүүх өвлөгдсөн эрхийг зээлийн гэрээний шаардлага бус үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хөрөнгийн эрх гэж үзсэн бол өвлүүлэгчийн бусад өвлөгч нар энэ эрхийг шаардах эрхтэй байсан эсэхэд дүгнэлт гаргах ёстой. Өвлөгч Д.Э нь өв залгамжлалын маргааныг өөрийн ахтай маргаж шүүхээр шийдвэрлүүлсэн гэж тайлбарладаг. Тэгвэл энэ эрх ахад нь өвлөгдөхгүй гэдгийг ямар баримтаар тогтоосон гэдгийг шүүх нягтлаагүй байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа бий болсон гэж ярьдаг боловч хамтран ажиллах гэрээний харилцаа бий болоогүй. Хамтран ажиллах гэрээний харилцаа бий болсон талаарх хөрөнгө оруулалт, бизнесийн хаяг авсан, худалдсан гэж тайлбарладаг боловч энэ талаар ямар ч баримт байхгүй, энэ үйл баримт нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл, анх нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000 ам.долларыг зээлдүүлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг үүсээгүй болохыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоосон. Үүрэг үүсээгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу буцааж үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө шаардсан. Үнэхээр олон ажил маргаж буй хугацаанд хамтран ажиллах харилцаа байсан, хаягаа нийлүүлсэн, гаднаас юм оруулж ирсэн гэдгээ нотлох хангалттай хугацаа байсан. Анхнаасаа бодит байдалд ийм нөхцөл байдал байгаагүй учраас нотлох баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүх энэ хэсгийг үндэслэлтэй дүгнэсэн. Өвлөх эрхийн асуудлын хувьд ямар нэгэн байдлаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Өвлөх эрхийн гэрчилгээнд дурдагдаж буй 20,000 ам.долларын хувьд тухайн үед зээлийн гэрээний шаардлага гарахаас өмнө өвлөх эрхийн эрх нээгддэг. Гэтэл тухайн зээлийн гэрээнд биш өв залгамжлах эрхийн гэрчилгээнд 20,000 ам.доллар гэснийг шаардсан. Талуудын хооронд зээлийн гэрээний 20,000 ам.доллар, үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,000 ам.доллар, нийт 40,000 ам.долларын харилцаа байгаа мэт ярьдаг боловч ийм зүйл байхгүй. Талуудын хооронд 2012 онд мөнгө өгсөн, авсан харилцаа байдаг. Энэ талаар талууд маргадаггүй. Тухайн мөнгийг авсан үндэслэлээ нэг бол зээлийн гэрээ байсан, хамтран ажиллах гэрээ байсан, эсвэл сайн сайнааны үүднээс тусалсан гэдэг боловч аль аль нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгөө буцааж шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ш.Бд холбогдуулан 20,000 ам.доллар буюу 69,099,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн ээж талийгаач С.С нь Ш.Бд 20,000 ам.доллар зээлдүүлсэн. Харин хариуцагч нь шалтаг тоочин зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа, уг мөнгийг авсан гэдэгт маргадаггүй тул тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч талийгаач С.С бид бизнесийн хамтрагчид байсан, уг 20,000 ам.долларыг зээлээгүй, харин өөрийн бизнесийн мэдээллийг өгсний хариуд авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
3. С.С нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч Д.Э нь түүний хууль ёсны өвлөгч болох, талийгаач С.С нь хариуцагч Ш.Бд 2012 онд 20,000 ам.долларыг өгсөн, авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгө шилжих болсон үндэслэлийн талаар талууд харилцан өөр тайлбар гаргаж маргасан байна. /хх-ийн 1,15-р тал/
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч Ш.Бд зээлдүүлсэн гэх 20,000 ам.долларыг түүнээс үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаарджээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгийг олж авсан этгээдийн хөрөнгө нэмэгдсэн байх, уг эд хөрөнгийг олж авсан үйлдэл нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нөхцлийг хуулиар шаардсан байна.
С.С, хариуцагч Ш.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй талаар гарсан шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2023/00718 дугаар магадлал хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Иймээс талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь энэ тохиолдолд хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байгааг буруутгахгүй.
5. Хариуцагч Ш.Б нь 20,000 ам.долларыг С.Сээс авсан, гэхдээ хамтран ажиллахаар харилцан тохиролцсон гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ илэрхийлсэн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Хамтран ажиллах гэрээнд хамтран хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж, талууд ямар байдлаар оролцохыг тохиролцсон байх ёстой.
Хариуцагч Ш.Б нь талийгаач С.Стэй бизнесийн хамтрагчид байсан, уг 20,000 ам.долларыг хамтран ажиллах гэрээний дагуу авсан, эсхүл харилцан тохиролцож өөрийн бизнесийн мэдээллийг өгсний хариуд авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
Иймд, хариуцагч Ш.Б, талийгаач С.С нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй, тэрээр 20,000 ам.долларыг авсан гэдэг нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 20,000 ам.доллар буюу 69,099,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
6. Хариуцагч давж заалдах гомдолдоо, нэхэмжлэгчийн өвлөгдсөн эрх нь зээлийн гэрээний шаардах эрх байсан гэх боловч хууль ёсны өвлөгч буюу нэхэмжлэгч Д.Э нь өвлөх эрхийн гэрчилгээнд дурдсан 20,000 ам.долларыг хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхийг хязгаарлахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,449 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ