| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0854/Э |
| Дугаар | 849 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Шүүгдэгч М.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01211 1116 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.А 1970 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангын 1 дүгээр хэсэг 7 дугаар гудамж 194 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 1 дүгээр хэсэг 7 дугаар гудамж 194 тоотод өөрийн гэртээ эхнэр Ш.Удаажавыг хэл амаар доромжилж улмаар гараараа толгойн тус газар нь 2 удаа цохиж, зүүн нүдэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд: “2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манайд эхнэрийн дүү нар ирж бид нар манайд оройн хоол идэж, 2 шил архи уусан. Тэгээд хүмүүс явсны дараа би эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орох гэсэн, намайг түлхэж дургүйцээд намайг орноос унагаахаар нь би уурлаад цохисон. Дахиж ийм зүйл хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Ш.Удаажав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... А-ийг орноос тийрээд унагаачихсан чинь эргэж хараад л намайг зодоод унасан. Тэгээд л цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..." /хх-ийн 13-15/ гэх мэдүүлэг
Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Нүүрэн тус газар нь 2 удаа хүчтэй цохиж үүсгэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3695 дугаартай дүгнэлт:
1. Ш.Удаажавын биед баруун дээд доод зовхи, эрүүний ооч хэсэгт цус хуралт, доод уруулын салстанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үед үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-26/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч М.А нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 1 дүгээр хэсэг 7 дугаар гудамж 194 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ш.Удаажавыг хэл амаар доромжилж улмаар гараараа толгойн тус газар нь 2 удаа цохиж, зүүн нүдэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ш.Удаажавын: "... А-ийг орноос тийрээд унагаачихсан чинь эргэж хараад л намайг зодоод унасан. Тэгээд л цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..." гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.А-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.А-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ш.Удаажав нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.М.А-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР