Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 848

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                           

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч П.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-т холбогдох эрүүгийн 1906 02050 0917 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П.Б, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хот тохижуулахад зам талбайн үйлчлэгч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 7 дугаар гудамж 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт Шар хадны 2 дугаар буудал дээр явж байхад А.Эрдэнэбатын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би хүүхэддээ тариа хийж өгөх гээд Шар хадны 2-н буудал дээр явж байхад замын эсрэг талд нэг согтуу залуу орилж байгаад нэг залуутай юм яриад зогсож байснаа гэнэт над руу гүйж ирээд миний нүүрний зүүн талын хөмсөг хавьд цохичихоод цаашаа гүйгээд явчихсан. Тэр залууг цохиход нь газарт унасан. Тэгтэл хажуугаар явж байсан 3 залуу намайг цохисон тэр залууг бариж аваад цагдаа, түргэн дуудаж өгсөн..." гэх мэдүүлэг /XX 12-13/,

Яллагдагч П.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Шархадны хоёрын буудал дээр зогсож байхад замын эсрэг талаас хоёр эрэгтэй хүн дуудахаар нь очтол намайг нэг шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлээд маргалдаад хохирогч А.Эрдэнэбатын баруун талын нүд орчимд нь гараараа нэг удаа цохитол А.Эрдэнэбат газар унасан. Тэгэхээр нь би цаашаа явтал араас 3 залуу ирээд намайг бариж аваад цагдаад өгсөн..." гэх мэдүүлэг /XX-30/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3695 дугаартай дүгнэлт:

1. А.Эрдэнэбатын биед зүүн баруун хөмсөгний гадна, зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, дээд уруулын гадна, эрүүний оч хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-36/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт Шар хадны 2 дугаар буудал дээр явж байхад А.Эрдэнэбатын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

            Хохирогч А.Эрдэнэбатын: "...Би хүүхэддээ тариа хийж өгөх гээд Шар хадны 2-н буудал дээр явж байхад замын эсрэг талд нэг согтуу залуу орилж байгаад нэг залуутай юм яриад зогсож байснаа гэнэт над руу гүйж ирээд миний нүүрний зүүн талын хөмсөг хавьд цохичихоод цаашаа гүйгээд явчихсан. Тэр залууг цохиход нь газарт унасан. Тэгтэл хажуугаар явж байсан 3 залуу намайг цохисон тэр залууг бариж аваад цагдаа, түргэн дуудаж өгсөн..." гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Эрдэнэбат нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР