Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01566

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01566

 

КБЭХА ,

Х.С нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/02250 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч КБЭХА , Х.Снарын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч КБЭХА ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч КБЭХА ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Сийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00579 дугаар тогтоолын дагуу Капитал банк ХХК-д 907,685,107 төгрөг төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн зүгээс барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэ нь 1,000,000,000 төгрөг болохыг тодорхойлж үнийн санал хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шинжээч томилж, үнэлгээг 441,420,000 төгрөг хэмээн тогтоосон байна. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй/15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоотод байрлах, 228,69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220202**** дугаартай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна. Дээрх үнэлгээ нь хэтэрхий бага тогтоогдсон болохыг unegui.mn, remax.mn зэрэг үл хөдлөх хөрөнгийн зарын сайтуудаас хараад шууд тогтоож болох нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт юм. Учир нь тус байранд одоо ч үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд хүнсний болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм. Банкны төлбөр барагдуулах газар нь хаанаас ямар үнэлгээчин томилж байгаа талаараа төлбөр төлөгч талд мэдэгдээгүй, төлбөр төлөгчийн санал хүсэлтийг аваагүй нь үнэлгээ хэт багаар гарахад нөлөөлсөн, төлбөр авагч талд ашигтай байдлаар үнэлгээ гарсан хэмээн үзэж, хардаж байна. Иймд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоотод байрлах, 228,69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220202**** дугаартай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, холбогдох газрын хамт 404,610,000 төгрөг, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18639319366684 дугаартай, 700 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг 36,810,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгч КБЭХА ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шүүхийн шийдвэрийн дагуу Банкны төлбөр барагдуулах газар Улсын бүртгэлийн Ү-220202**** дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 150101**** нэгж талбарын дугаартай, эрхийн бүртгэлийн Э-220200**** дугаартай 678 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, талууд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийг томилон үнэлүүлсэн. Ф ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээгээр үл хөдлөх дээрх хувийн сууц, эзэмших эрхтэй газрыг нийт 441,420,000 төгрөгөөр үнэлснийг дараах үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Үнэлгээний 1.3.1-д Захиалагч зах зээлийн үнэ цэнийг хараат бусаар тогтоолгохоор захиалсан болно, 1.6.1 Захиалагчийн үнэлүүлэхээр хүсэлт гаргасан үл хөдлөх өмчийн зах зээлийн үнэ цэнийг хараат бусаар тодорхойлох нь энэхүү гэрээт ажлын зорилго болно гэж дурдсан боловч газар эзэмших эрхийн үнэ цэнийг 36,810,000 төгрөгөөр, хувийн сууцыг өртгийн хандлагаар 404,610,000 төгрөгөөр тогтоосон нь үнэлгээний захиалга, зорилгыг зөрчсөн. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнээр үнэлгээг тогтоох байсан.

2. Үнэлгээчин хувийн сууц, газар эзэмших эрхийн нийт зах зээлийн үнийг тухайн үеийн байдлаар зах зээлд худалдан борлуулж байгаа хөрөнгөтэй харьцуулж 382,420,000 төгрөгөөр үнэлгээг гаргасныг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Тухайн хувийн сууц нь 2015 онд ашиглалтанд орж үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн зориулалтаар богино хугацаанд ашиглагдсан бөгөөд дотор нь хэзээ ч хүн амьдарч байгаагүй. Гэтэл шинжээч хувийн сууц /хаус/-ны зориулалтаар ашиглагдаж байгаа хөрөнгөтэй харьцуулсан байна.

4. Тухайн хувийн сууц 2016 оноос хойш ашиглагдаагүй, одоо ч ашиглаагүй байхад шинжээч үнэлж байгаа барилга нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа тул үйл ажиллагааны болон эдийн засгийн элэгдэл байхгүй гэж үзлээ.

5. Шинжээч зах зээлд 650,000,000 төгрөгөөр зарлагдсан хаустай хөрөнгийг харьцуулж үнэлсэн байх бөгөөд үнэлэгдэж байгаа хөрөнгийн ойролцоо байршилд шинжээчийн ашигласан www.unegui.mn сайтаас хайж үзэхэд шинээр барьсан 1 давхар 100 м.кв талбайтай хувийн сууц 120,000,000 төгрөг буюу 1 м.кв нь 1,200,000 төгрөг байна. Мөн 365 м.кв талбайтай, 3 давхар шинэ хаусыг 490,000,000 төгрөгөөр буюу 1 м.кв нь 1,342,000 төгрөгөөр санал болгож байхад яагаад 650,000,000 төгрөгөөр санал болгосон хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн нь тодорхойгүй байна.

6. Шинжээчийн харьцуулж үнэлгээг гаргасан 650,000,000 төгрөгийн хаус шинжээчийн үнэлсэн хувийн сууцны чанар, дотоод засал, байдал эрс тэс байдалтай.

7. Шинжээч эзэмших эрхтэй газрын үнэлгээг 1 м.кв талбайгаар гаргаж нийт үнэлгээг гаргасан ба ингэхдээ тухайн газар дээр байрлах хувийн сууцны суурийн доод хэсэгт байгаа газрын хэмжээг хассангүй. Өөрөөр хэлбэл хувийн сууцны суурийн доор байрлах газар нь тухайн хувийн сууцны үнэлгээнд шингэх нь тодорхой бөгөөд 2 дахин үнэлэгдэж байгаа нь үндэслэлгүй болсон.

8. Үнэлгээний тайлангийн 1.15.6 дахь хэсэгт Үнэлж буй хөрөнгөтэй холбоотой бид мэдүүлэг өгөх эсвэл шүүх үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээхгүй гэсэн нь өөрийн гаргасан үнэлгээнд эргэлзээтэй, хамгаалах сонирхолгүй байгааг харуулж байна. Дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.5-д заасанд нийцэхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1906 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 579 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай Капитал банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн гаргасан хүсэлт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2 дугаар зүйлийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж капитал банк барьцаалагдсан С компанийн гүйцэтгэх захирал буюу 100%-ийн хувьцаа эзэмшигч Х.Сийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22023450 дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, зүрх уул 1 дүгээр хэсэг гудамж 112-2 тоотод байрлах 228,69 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг болон нэгж талбарын 150101**** дугаартай 678 м.кв талбайтай газрыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2036032730 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20350327/30 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/07 дугаартай тогтоолоор зах зээлийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчин Файн Эстимейт компанийн шинжээч Э.Цээр тогтоолгоход нийт 441,420,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/727, 3/726 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч С компанийн итгэмжилсэн төлөөлөгч н.Баяраа болон төлбөр авагч Капитал банк компанийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Г нарт гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Капитал банкны эрх хүлээн авагч хөрөнгийн үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох, Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Чингэлтэй /15032/, 1-р хэсэг гудамж, 112/2 тоотод байрлах, 228,69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220202**** дугаартай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 404,610,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18639319366684 дугаартай, 700 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг 36,810,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Сэ, КБЭХА нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КБЭХА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч КБЭХА ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Үнэлгээний 1.3.1-д Захиалагч зах зээлийн үнэ цэнийг хараат бусаар тогтоолгохоор захиалсан болно, 1.6.1 Захиалагчийн үнэлүүлэхээр хүсэлт гаргасан үл хөдлөх өмчийн зах зээлийн үнэ цэнийг хараат бусаар тодорхойлох нь энэхүү гэрээт ажлын зорилго болно гэж дурдсан боловч газар эзэмших эрхийн үнэ цэнийг 36,810,000 төгрөгөөр, хувийн сууцыг өртгийн хандлагаар 404,610,000 төгрөгөөр тогтоосон нь үнэлгээний захиалга, зорилгыг зөрчсөн. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнээр үнэлгээг тогтоох байсан. Тухайн хувийн сууц нь 2015 онд ашиглалтанд орж үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн зориулалтаар богино хугацаанд ашиглагдсан бөгөөд дотор нь хэзээ ч хүн амьдарч байгаагүй. Гэтэл шинжээч хувийн сууц /хаус/-ны зориулалтаар ашиглагдаж байгаа хөрөнгөтэй харьцуулсан. Шинжээч зах зээлд 650,000,000 төгрөгөөр зарлагдсан хаустай хөрөнгийг харьцуулж үнэлсэн байх бөгөөд үнэлэгдэж байгаа хөрөнгийн ойролцоо байршилд шинжээчийн ашигласан www.unegui.mn сайтаас хайж үзэхэд шинээр барьсан 1 давхар 100 м.кв талбайтай хувийн сууц 120,000,000 төгрөг буюу 1 м.кв нь 1,200,000.00 төгрөг байна. Мөн 365 м.кв талбайтай, 3 давхар шинэ хаусыг 490,000,000 төгрөгөөр буюу 1 м.кв нь 1,342,000 төгрөгөөр санал болгож байхад яагаад 650,000,000 төгрөгөөр санал болгосон хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн нь тодорхойгүй байсан. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх., 8.3.5.үнэлгээний тайланд үнэлгээний өдөр болон үнэлгээний тайлан бэлтгэсэн он сар, өдрийг тусгана гэж заасанд нийцэхгүй байсан. Дээрх үндэслэлээр гомдол, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч КБЭХА ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч КБЭХА , Х.Снар нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00579 дугаар тогтоолоор С ХХК-иас 907,685,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дотор Х.Сийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220202**** дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хэсэг гудамж 112/2 тоот хаягт байрлах 228.69 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 150101**** дугаартай 678 м.кв газар багтжээ. /хх-ийн 145-154/

 

4.а.Төлбөр төлөгч С ХХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч КБЭХА ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 182/ГХ2019/00734 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 141-142-р тал/

 

4.б.Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох Х.Сийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220202**** дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хэсэг гудамж 112/2 тоот хаягт байрлах 228.69 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 150101**** дугаартай 678 м.кв газрыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 159, 162-р тал/

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнэлгээнд тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 169-170-р тал, хх-171-173-р тал/

 

4.г.Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК нь барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уул 9-22/1 дүгээр хэсэг гудамж 112/2 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-220202**** дугаартай эд хөрөнгө болон нэгж талбарын 150101**** дугаартай 678 м.кв газрыг 441,420,000 төгрөгөөр үнэлж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх үнэлгээг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч КБЭХА , Х.Снарт мэдэгдсэн болох нь үнэлгээний мэдэгдэлд гарын үсэг зурсан байдлаар тогтоогджээ. /хх-ийн 205, 207-р тал/.

 

4.д. Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Ф ХХК-ийн үнэлгээчин Э.Ц үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга, аргачлалын дагуу ойролцоо байршилд ижил хийцээр баригдаж, ойролцоо онд ашиглалтанд орсон, мөн ижил зориулалтаар ашиглагдаж буй хамгийн бага ялгаа үүсгэх үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

 

5.Түүнчлэн, Ф ХХК-ийн үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч КБЭХА нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс өндрөөр үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч КБЭХА ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/02250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч КБЭХА ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КБЭХА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ