| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0851/Э |
| Дугаар | 847 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэл
шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.У-т холбогдох эрүүгийн 1903 00224 0174 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.У, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-484 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Н.У нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны оройн 21 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн “Тэгш хэм” дэлгүүрийн буудлын замд Тоёота приус-20 маркийн, 02-11 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас урдаа явсан Тоёота Спасио маркийн 32-80 УБЦ улсын дугаартай автомашиныг мөргөж, зорчигч 4 настай, А.Нандинболорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Автомашины хохирлын зардалд 6.000.000 төгрөг нөхөн төлсөн. Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 1сая төгрөгийг 2019.07.01-ны өдрөөс өмнө нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.
Хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Одоогоор хүүхдийн биеийн байдал гайгүй байгаа. Бид машинтайгаа явж байхад урьд явсан машин зүүн гар тийш эргэх гээд зогсохоор нь хойно нь хүлээгээд зогсож байхад хойноос ирээд мөргөсөн. Автомашины хохирол болох 6 сая төгрөгийг нөхөн төлсөн. Одоо хүүхдийн эмчилгээний зардалд 980.000 төгрөг гарсан энэ зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг ойлголоо” гэв.
Хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...миний охин Нандинболор нь 4 настай, 185 дугаар цэцэрлэгт хүмүүждэг. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад эхнэр Буянхишиг, охин Нандинболор нарын хамт Тоёота спасио маркийн, 32-80 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон Хужирбулангийн "Тэгш хэм" дэлгүүрийн буудлын замд явж байхад гэнэт араас машин хүчтэй мөргөсөн..." гэх мэдүүлэг /хх 15-16/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Буянхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тоёота спасио маркийн, 32-80 УБЦ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг. Автомашинд учирсан зардал болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх 19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3073 дугаартай
1. А.Нандинболорын биед зүүн шуу ясны доод 1/3-ийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх 29/,
"Ухаа шүрт консалтинг" ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №15279 дугаартай "Тоёота спасио маркийн, 32-80 УБЦ улсын дугаартай автомашинд 5.854.200 төгрөгийн хохирол учирсан" гэх автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 33-39/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ундармаагийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 171 дугаартай магадлагаа /хх 55-56/, Яллагдагч Н.У-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуугаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Н.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэл нь гэмт хэргийн улмаас хүүхдийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 980.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу 1.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлөхөө илэрхийлсэн тул дээрх төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.У нь бусдад учруулсан хохирлын ихэнх хэсгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.У-т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хэрэгт хураагдан ирсэн Н.У-ын №431843дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР