Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 183/2023/04010/И |
Дугаар | 210/МА2024/01605 |
Огноо | 2024-08-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01605
2024 08 14 210/МА2024/01605
Т НҮТББ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01994 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т НҮТББ-ын хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т НҮТББ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө *** тоот хаягт байрлах 1,365 м.кв талбайтай, сургуулийн зориулалттай, үл хөдлөх эд хууль ёсны дагуу өмчилж авсан. Үүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байгаад байгаад 2016 оноос эхлэн хариуцагч О ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ашиглуулж ирсэн боловч хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрөө удаа дараа төлөхгүй, улмаар гэрээний хугацаа дууссан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө *** хаягт байрлах 1,365 м.кв талбайтай, сургуулийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг О ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай сургууль 2016 оноос хойш түрээсийн төлбөрт нийт 398,305,180 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд мөн хугацаанд түрээсийн байранд 90,338,515 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Нэхэмжлэгч талтай 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний сарын төлбөр 20,000,000 төгрөг бөгөөд 63,000,000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. Мөн түрээслүүлэгч талтай гэрээний хугацааг сунгах талаар 2023 оны 4 сараас ярилцаж эхэлсэн бөгөөд түрээслэгч талаас үргэлжлүүлэн түрээслэх, түрээсийн гэрээний хугацаа сунгагдана гэсэн итгэлтэйгээр явж ирсэн. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа тодорхой бус хугацаагаар үргэлжилж байгаа гэсэн итгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ттай байгуулсан гэрээний төлбөр, уг гэрээнд заагдсан Голомт банкин дахь 2209181502 тоот данс руу шилжүүлэгдсэн. Энэ данс нь Ж.Т гэдэг хувь хүний данс болоыг 2023 оны 08 сард мэдсэн. Ж.Тт нийт 378,672,180 төгрөгийг төлсөн. Үүнээс үзвэл манай сургууль хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн баримтлан хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Оном сургуул ХХК-ийн эзэмшлээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17042/, чингисийн өргөн чөлее *** тоот, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220602**** дугаартай, 1,365 м.кв талбайтай, 2 давхар сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Т НҮТББ-д олгуулахаар шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагч талд урьдчилан мэдэгдээгүй, шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өгсөн боловч авч хэлэлцээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэнд хэрэгжүүлэх ёстой боловч хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь дээрх зарчмыг хэрэгжүүлээгүйн илрэл болно. 2024 оны 04 сарын 17-ны өдөр 183/11132024/08770 дугаартай шүүгчийн захирамж гарсан бөгөөд уг захирамжаар хурлын товыг 05 сарын 06-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан байна. 2024 оны 04 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч миний бие оролцож чадаагүй тул дараагийн хурал хэзээ товлогдсоныг мэдээгүй, мөн утсаар залгаж урьдчилан мэдэгдсэн зүйл огт байхгүй. Шүүхээс 05 сарын 06-ны өдрийн хурлын товыг мэдэгдэхдээ тухайн өдрийн 10 цагт буюу хурал эхлэхээс ердөө 1 цагийн өмнө утсаар мэдэгдсэн нь хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.
Тодруулбал, шүүх хуралдаан 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 11 цагт товлогдсон байсныг хариуцагчийн өмгөөлөгчид урьдчилан мэдэгдээгүй бөгөөд товыг шүүх хуралдаан болох өдөр буюу 05 сарын 06-ны өдрийн өглөөний 10 цагт буюу шүүх 4 хурал эхлэхээс 1 цагийн өмнө утсаар залгаж мэдэгдсэн. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие тухайн өдрийн 11 цагаас иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор товлогдсон байсан тул Т НҮТББ-ын нэхэмжлэлтэй, О-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Ингээд миний бие 05 сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтдээ Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны товыг хавсаргасан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талуудад эрх тэгш мэтгэлцэх боломжийг олгож, хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлжүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд нийт 8 удаа шүүх хурал товлогдож, 7 удаа хойшилсон. Хариуцагч талаас хэргийн материалтай танилцах, эвлэрэх, шүүгчээс татгалзах гээд бүх л боломжит аргыг хэрэглэж хурлыг хойшлуулсаар ирсэн. Тухайн өдрийн шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас хуульд заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг. Иймд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч Т НҮТББ нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, *** тоотод байрлах, 1,365 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220602**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Маргаан бүхий *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Т НҮТББ болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 11-р тал/ Талууд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Т НҮТББ нь *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар, нэг сарын 20,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 6-10-р тал/
3.а.Дээрх түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч Т НҮТББ нь хариуцагч О ХХК-д 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн албан бичигтээ 2016 оноос хойш хуримтлагдсан түрээсийн өр төлбөрийн задаргааг бичиж, цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэх агуулгыг заажээ. /хх-ийн 47, 81-82-р тал/
3.б.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
3.в.Талуудын байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор нэхэмжлэгч Т НҮТББ нь хариуцагч О ХХК-д түрээсийн гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаарх албан бичгийг хүргүүлсэн нь дээрх хуульд нийцсэн байна.
3.г.Нэгэнт талуудын байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан байх тул хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч Т НҮТББ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
3.д.Нэхэмжлэгч Т НҮТББ нь үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгнө. Талууд түрээсийн гэрээний төлбөртэй холбоотой шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх түрээсийн төлбөрт 378,677,000 төгрөг төлөгдсөн, Ж.Т нь Т НҮТББ-ыг төлөөлөн түрээсийн төлбөрийг авах эрх бүхий этгээд болох нь баримтаар нотлогдоогүй. гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.
3.е.Харин анхан шатны шүүх түрээсийн гэрээний хугацаа дууссан нөхцөл байдлыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэхдээ өмчлөгчийн шаардах эрхийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэжээ.
4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасан хэдий ч хэргийн 85 дугаар талд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуралдааны товыг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн талаарх баримт авагдсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
4.б.Шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж тус тус заасан бөгөөд зохигч дээрх хуульд заасан хугацааны дотор эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.
4.в.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаад хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэсэн байна.
4.г.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 260 гаруй хоног үргэлжилсэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч талын нотлох баримт бүрдүүлэх, хэргийн материалтай танилцах, өмгөөлүүлэх, эвлэрэх, шүүх хуралдаанд оролцох зэрэг эрхийг хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан нь хариуцагч талын хүсэлт, түүнийг хангасан шүүгчийн захирамж зэргээр тогтоогджээ.
4.д.Хариуцагчийн өмгөөлөгч нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр энэхүү хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч нь мөн өдрийн шүүх хуралдааныг дахин шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
4.е.Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн хугацаа болон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж зэргийг харьцуулан дүгнэвэл анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх болон хуульд заасан бусад эрхийг ижил тэгш олгосон гэж үзэхээр байна. Иймд, энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зүйл заалтыг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилаагүй байгааг залруулах шаардлагатай.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01994 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас ... баримтлан хуулийн ... гэснийг хасаж,
2 дахь заалтын ... 70,200 төгрөгийг ... гэсний өмнө нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ