Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 54

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б-ын Ц-д холбогдох 1916001410064 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Е сумын Р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2003 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сум дундын 5 дугаар шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ДЗ регистрийн дугаартай, Х овогт Б-ын Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 04 сарын 29-ны өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах Дааган дэл дэлгүүрийн гадаа А.Д-ийн зүүн хөмсгөн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: А.Д дэлгүүрийн гадаа бууж ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь уур хүрээд цохиод авсан. Л гэдэг нутгийн ах ирээд бид хоёрыг салгаж аваад явсан. Дүү нь хамт явж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 50.000 төгрөг бэлнээр, 1 ишигтэй ямаа өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 04 сарын 12-ны 18 цагийн үед хөдөө гэрлүүгээ буцах гээд дэлгүүр орж ойр зуурийн юм авах гээд Дааган дэл гэх дэлгүүрийн үүдэнд очоод зогсож байтал Ц гэх залуу өмнөөс мотоциклтой ирээд таарсан. Тэгээд Ц мотоциклын араас буугаад ирсэн. Нөгөө мотоцикл нь хөдлөөд явсан. Удалгүй Ц ирээд намайг заамдаад авсан. Чи яаж байгаа юм бэ гэтэл урдаас чи их том болчихсон юм байна гэж хэлэхээр нь би гарыг нь тавиулаад дэлгүүрлүү яваад орсон. Дэлгүүр орж ундаа авах гэтэл байхгүй болохоор нь гарч иртэл Ц дахиад намайг заамдаад авсан. Заамдахаар нь би гарыг нь тавиулахад Ц чулуу гарандаа барьсан байсан тэгэхээр нь бид 2-т ямар нэгэн өс хонзон байхгүй шүү гэж хэлтэл чулуугаар зүүн талын хөмсгөн дээр цохисон. Тэгээд Цогнийжанцан цаашаа эргээд хашааны хажуугаар тойроод явсан. Удалгүй би эргээд барьж аваад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь манай нутгийн ах Л гэх залуу хүрч ирээд салгасан. Миний хөмсөгнөөс цус гараад доошоо хараад сууж байтал эхнэр Ариунтуяа хүрээд ирсэн. Эхнэр ирээд Ц-г чи ингэж хүнийг зодоод байхдаа яадаг юм бэ би цагдаа дуудна гэтэл Ц зугтаагаад явчихсан. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн газар дээр ирчихээд эмнэлэг ороод боолт хийлгэх гээд дээлээ тайлсан чинь хөөрөг байхгүй байсан ...” гэх мэдүүлэг/хх 26-27-рт/,

Гэрч А.Н-ийн мэдүүлсэн: “...2019 оны 04 сарын 12-ны өдрийн 18 цагийн үед талд хүргэнийдээ байж байгаад манай нөхөр Д өөрийн дүү О-ын хамт дэлгүүр явсан. Тэгээд байж байтал манай хүргэн Отгонбаяр утсаар залгаад Дааган дэл дэлгүүрийн хажуу талд Д ах Ц-той зодолдоод салахгүй байна гэхээр нь би тухайн дэлгүүр дээр нь очсон чин Д доошоо хараад суучихсан хөмсөг нь язарчихсан цус нь гоожсон байдалтай байсан. Би цагдаа дуудсан. Ц зугтаачихсан...” гэх мэдүүлэг/хх 6-7-рт/,

Гэрч А.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Дааган дэл дэлгүүрийн гадаа иртэл нутгийн ах Цогнийжанцан хүрээд ирсэн. А.Д мотоциклоос буугаад Дааган дэл дэлгүүрлүү орсон.  Би гадаа дэлгүүрийн хашааны дээд талд хүлээгээд зогсож байсан. Б.Ц дэлгүүрийн дээд талд миний хажууд зогсож байсан. А.Д-г над дээр хүрээд ирэхэд Б.Ц бариад авсан. Дараа нь тэр 2 хоорондоо хэрэлдээд зодолдсон. Нэг мэдсэн Б.Ц, А.Д ахын толгойруу ямар нэгэн зүйлээр цохисон. А.Д-ийн толгойноос цус гарсан. Б.Ц миний толгойг хагалчихлаа гэж А.Д хэлсэн. Удалгүй манай нутгийн ах Л ирээд тэр 2-ыг салгасан ...” гэх мэдүүлэг/хх 31-32-рт/,

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №118-д “...Б.Ц-ийн биед баруун хөмсөг, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх 40-41-рт

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №117-д “...А.Д-ийн биед зүүн хөмсгөнд шарх, хамар зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 45-46-рт/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч А.Д-ийн хүсэлт: “...Миний бие А овогтой  би Ц-д санал гомдолгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Бид 2 сайн дураараа эвлэрсэн. Нэг ишигтэй ямаа 100.000 төгрөгөөр бодож авсан, дээрээс нь 50.000 төгрөг авсан. Нийт 150.000 төгрөгийг барагдууллаа. Хөөргөн дээр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Нотариатаар батлуулах гэсэн боловч аймаг явах боломжгүй тул бичгээр үйлдэв” гэх хүсэлт,

Б.Ц-ийн 2018 оны жилйин эцсийн мал тооллогын баримт /80 толгой малтай гэх/ хх 86-рт   зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг /хх26-27-рт/, гэрч Н.А-ийн мэдүүлэг /хх2-29-рт/, гэрч А.О-ын мэдүүлэг /хх31-32-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 41, 46-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирогч Д-ийн мэдүүлэг /хх 26-27-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 41-рт/, шүүгдэгчийн мал тооллогын талаар баримт /хх 86-рт/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж байна гэв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Ц-г яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ц хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Прокурор 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх 95-рт/ байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж хэлдэг. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь одоо төрөх гэж байгаа. Прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал дээр тохирсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 80 тооны малтай. Үүнээс харахад 8 сая гаруй төгрөгийн хөрөнгөтэй гэж үнэлэхээр байна. Иймээс малын тоо толгойг хараад улсын яллагчийн санал оруулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж торгуулийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэж дүгнэлтээ гаргасан байна.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, урьд нь ял шийтгэл эдэлж байсан болон засрал хүмүүжил олсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийн харгалзан прокурорын гаргасан шүүгдэгчид “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний ял шийтгэл оногдуулах санал оруулж байна...” гэх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ц урьд нь 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2003 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сум дундын 5 дугаар шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогч А.Д-д учруулсан хохиролоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэлд тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ц-г шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА