Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 320

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Н.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1966 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн. Би 1982 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байсан учир суурийн ахлагч эцэг *******гийн нэр дээр миний хөдөлмөрийн хөлс тооцогддог байсан. Улмаар 1988 оноос 1990 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд тасралтгүй мал малласан. Тухайн үеийн ******* сумын архив шатсан учир миний ажиллаж байсан хугацааны нотлох баримтууд олдохгүй байгаа юм. 
Иймд намайг 1982 оноос 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  
Хүсэлт гаргагч Н.******* нь 1982 оноос 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн А/576 тоот лавлагаанд “Н.******* нь 1982-1993 онд ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Богдын гол, Туслах үйлдвэрт мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1982 онд 1738,46 төг 1-12 сар /суурийн ахлагч О.*******/, 1984 онд 686,11 төг, 6-12 сар /өөрийн нэрээр/ 1985 он 3038.70 төг, 1-12 сар, 1986 онд 1771,40 төг, 1-12-р сар, 1987 онд 4399 төг, 1-12-р сар Жич: Өгөөмөр бригадын 1983 оны 70-р дансанд холбогдох баримт олдохгүй, 1988-1993 оны Туслах үйлдвэрийн хөдөлмөрчдийн хөдөлмөрийн хөлс тооцсон баримт манай архивт шилжигдэн ирээгүй байна” гэжээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх архивын лавлагаан дахь тасалдсан жилүүдэд /1983, 1988, 1989, 1990 онууд/ түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.
Түүний дээрх хугацаанд нэгдлийн мал маллаж байсан болох нь гэрч Ц.*******гийн “... ******* ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн ******* бригадад 1982-1990 он хүртэл буюу нэгдэл тартал аавынхаа хамтаар мал маллаж байсан. Аавыг нь ******* гэдэг байсан. Мал маллахаас өөр төрлийн ажил хийж байгаагүй. Би нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас нэг нэгнийгээ сайн мэднэ” гэсэн, 
Гэрч А.*******гийн “...******* ******* сумын Партизан Чойбалсан нэгдэл аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан хүн юм. Манай аав, ээж хоёр мөн нэгдлийн мал маллаж байсан, *******ийнхтэй айл байсан болохоор би сайн мэддэг юм. Би ******* суманд сургууль төгсөөд сургуульд сурч ирээд 1990 оноос тасралтгүй тус суманд эмч хийсэн хүн. *******ийн аавыг ******* гэдэг байсан” гэсэн, 
Гэрч Ч.*******ын “... Би ******* сумын Богдын гол багт тоо бүртгэгч хийдэг байхад энэ хүүхэд аав, ээжийнхээ хамтаар мал малладаг байсан. Аавыг нь Очирын ******* гэдэг хүн байсан. Ээжийг нь Дуламсүрэн гэдэг байсан. 1982-1990 он хүртэл мал малласан. Би 1995 он хүртэл ******* суманд ажилласан. Тухайн үед цалин хөлс өрхийн тэргүүн суурийн ахлагчийн нэр дээр л гардаг байсан” гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
    Иймд хүсэлт гаргагч Н.*******ийг 1982 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.  
        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ийг 1982 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байснаар тогтоосугай.
2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
 3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                    Ш.ОДОНЗУЛ