Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01623

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01623

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02321 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Д.Уд холбогдуулан гаргасан гэрээний үүрэг болон хохиролд нийт 208,397,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, С.Г, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д овогтой У нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК-д худалдан авалтын ажилтнаар ажилд орсон. Тэрээр ажил үүргийн хуваарь албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг гадаадын компаниудыг судлах, холбоо тогтоох хамтран ажиллах, судалсан компаниудын бүтээгдэхүүний үнэ, чанар тээвэр зэргийг харьцуулан дүгнэлт гаргаж удирдлагад танилцуулах, нийлүүлэгч болон тээврийн компаниас үнийн санал авах, тооцоолол хийн хугацаа тогтоох, Оюу толгой компанийн худалдан авалтын системд үнийн санал илгээх, мэдээлэл өгөх, захиалга гарсан, орсон тохиолдолд тооцоолол хийн дахин нягтлан шалгах нэхэмжлэл авах, захиалгын хуудас илгээх, удирдлагад төлбөр гаргах хүсэлт танилцуулах, баталгаажуулах зэрэг үүрэгтэйгээр ажилладаг байсан.

Гэтэл Д.У нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зүй ёсоор гүйцэтгэж чадаагүй бөгөөд байгууллагын мөнгөн хөрөнгө шамшигдуулсан, хувьдаа завшсан, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажил үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруутай үйл ажиллагаанаас компанид эд хөрөнгө, мөнгөний хохирол учруулсан, олгосон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, ажил олгогчийн итгэлийг эвдсэн, гадаад дотоодын түнштэй ажил бизнесийн нэр хүндэд халдсан ноцтой зөрчил гаргасан зэргээс байгууллагад их хэмжээний хохирол учруулсан.

Тодруулбал, байгууллагын мөнгөн хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр төлөхөөр илэрхийлсэн өргөдөл гаргасан байдаг. Гэвч Төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл төлбөр тооцоо хийгдээгүй байна. Иймд, төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр хандаж байна. Д.У нь 150,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд өнөөдрийг хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл төлөөгүй байгаа, төлбөр төлөх хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 10-наас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 75 хоног хэтрээд байна. Тиймээс 75 хоногийн алданги 37,5 хувь буюу 56,250,000 төгрөг, шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөгийн үндсэн төлөх ёстой мөнгөн дүн дээр нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд, хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, алданги 56,250,000 төгрөг, шүүхэд өгөх материалыг нотариатаар батлуулсан зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөг, нийт 208,397,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдан авалтын ажилтан албан тушаалыг эрхэлж эхэлсэн. Уг ажлыг эрхэлж байх хугацаанд БНХАУ-аас захиалгын бараа худалдан авах ажлыг хариуцан хийдэг байсан. Тухайн үед захиалгын зарим бараа гэрээнд заасан хугацаанаас хожимдож ирэх, захиалга хойшлох шалтгаан нөхцөл байдаг байсан тул яаралтай боломжит нийлүүлэгч олж, захиалгыг амжилттай зохион байгуулдаг байсан. Улмаар БНХАУ-ын иргэн В-тай ажил хэргийн журмаар танилцаж, хэд хэдэн удаагийн захиалгыг түүний тусламжтай амжилттай зохион байгуулж, цаг хугацаанд нь үйлчлүүлэгч нартаа захиалгыг хүргэж ажилласан. Тэрээр манай компанийн захиалгыг богино хугацаанд, түргэн шуурхай нийлүүлэх ажилд их тус болж байсан юм.

Гэтэл БНХАУ-ын иргэн В нь 2023 оны... сараас хойш манай захиалгуудыг нийлүүлээгүй. Миний хувьд ажил үүргийнхээ дагуу удаа дараа Ван-тай холбогдох гэж хичээсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүйн улмаас компанид хохирол учирч эхэлсэн. Ингээд миний үүрэгт ажил доголдож эхэлсэн тул арга буюу ажил олгогчтой харилцан зөвшилцөж, гэм буруутай этгээдээр хохирлыг гаргуулах шаардлагатай болсон ч БНХАУ-ын иргэн В Монгол улсад оршин суудаггүй тул түүнийг олж, асуудлыг шийдэж чадаагүй. Компани дээр намайг тухайн иргэнтэй хуйвалдаж мөнгийг өөртөө шилжүүлж авсан гэх байдлаар хандаж, хохирлыг яаралтай шийдвэрлэж өг, үгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж сүрдүүлсэн. Ингээд миний бие 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан. Гэхдээ гарын үсэг зурах үед компанид учирсан хохирлыг тодорхойлоогүй байсан тул хохирлын үнийн дүнг хоосон үлдээсэн. Мөн манай ээж Л.С ийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл, гэрээнд гарын үсэг зурсан боловч түүнд энэ асуудал огт хамаагүй. Миний хувьд эрх зүйн бүрэн чадамжтай, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн ухамсарлах боломжтой хувь хүн тул аливаа үүрэг хариуцлагыг өөрөө хариуцах боломжтой. Би, Э ХХК-иас нэг ч төгрөг өөрийн данс рүү хүлээн авч компанийн эд хөрөнгийг шамшигдуулсан, завшсан үйлдэл байхгүй. Гэхдээ 150,000,000 төгрөг нь бодитоор компанид учруулсан хохирол гэж үзэх боломжгүй. Миний хувьд компаниас өөр лүүгээ дээрх хэмжээний мөнгийг шилжүүлж аваагүй. Тийм учраас миний хариуцаж хийсэн захиалгын дараа дахин захиалга хийсэнтэй холбоотой зардал, валютын хохирол гэх байдлаар огт үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг нэмэгдүүлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд, дээрх байдлаар компанид учирсан хохирлыг зохих хэмжээнд хариуцан арилгахад татгалзах зүйл байхгүй бөгөөд харин үлдэх хэсэг нь огт үндэслэлгүй тогтоогдсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ЗЭНГ/СС210128043-4 дугаартай Э ХХК болон Г ХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хохирлын тооцоонд оруулсан бололтой. Гэтэл миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн компанид ажилд орсон бөгөөд тухайн зээлтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Компаниар дамжуулж уг зээлийг өөрт шилжүүлэн аваагүй. Гэтэл зээлийн төлбөрийг бүхэлд нь надаас гаргуулахаар тооцоолол хийсэн нь огт үндэслэлгүй байгаа. Мөн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Г ХК-тай байгуулсан зээлийн гэрээний хувьд би уг зээлийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдэл байхгүй тул уг зээлийн төлбөрийн үүргийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд биш. Захиалга хийгээгүй орхисон бараа гэх тухайд бол нэхэмжлэгчээс нотлох баримтаар миний огт хийгээгүй гүйлгээг захиалга хийгээгүй орхисон бараа гэдэг байдлаар гаргаж өгч хохиролд тооцуулахаар өгсөн байгаа бололтой.

Гэтэл миний хувьд дээрх гүйлгээнүүдийг өөртөө хийгээгүй, төлбөрийг хүлээн авсан зүйл огт байгаагүй. Тухайн гүйлгээтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй атал дээрх гүйлгээний төлбөрийг өөрөө хүлээн авч, компанийг хохироосон мэтээр хохирлыг тооцож байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл миний хувьд дээрх гүйлгээг хийсэн ч, хийгээгүй ч надаас гадна өөр ажилтан тухайн гүйлгээг хийх боломжтой. Энэ нь компанид хохирол гэж тооцогдох боломжгүй. Харин уг гүйлгээ хийгээгүйтэй холбоотой хохирол бий болох шалтгаан нөхцөл болсон эсхүл ажил үүргийн хувьд хийх ёстой гүйлгээг өөрт шилжүүлж авсан нь тогтоогдсон бол хохиролд тооцогдож болно. Компаниас гараагүй гүйлгээг хохиролд тооцох ямар ч боломжгүй тул энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх зорилгоор дээрх байдлаар нэхэмжлэлд огт хамаагүй баримтууд хавсаргасан байна. Иймд, дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг огт үндэслэлгүй байгаа тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгчийн хувьд өмнө шүүхэд гаргасан тайлбартаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдан авалтын ажилтан албан үүргийг гүйцэтгэж байсан ба ажил үүргийнхээ дагуу холбогдсон нийлүүлэгч БНХАУ-ын иргэн манай компанийн захиалгыг удаа дараа биелүүлээгүй тул ажил олгогчтой харилцан зөвшилцөж, гэм буруутай этгээдээр хохирлыг гаргуулах шаардлагатай болсон ч БНХАУ-ын иргэн Монгол Улсад оршин суудаггүй тул түүнийг олж асуудлыг шийдэж чадаагүй. Тухайн үед компани дээр мөнгийг өөртөө шилжүүлж авсан гэх байдлаар хандаж, хохирлыг яаралтай шийдвэрлэж өг, үгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж ярьж эхэлсэн. Миний бие, манай эцэг, эх энэ асуудалд их сандарч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан. Компанийн зүгээс энэ асуудал цагдаад очвол Д.У шоронд орно. Одоо гарын үсгээ зурчихвал бид цагдаад өгөхгүй. Энэ бол гэмт хэрэг мөн гэх байдлаар би болон миний ээж н.С нарыг хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед хууль зүйн зөвлөгөө авах боломжгүй үе байсан бөгөөд заавал гарын үсгийг зуруулахаар хуурсан. Түүнчлэн компанийн хуульч ажилтай хүн уг асуудлыг хэрэв гэрээнд гарын үсэг зурахгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гэж тайлбарласан тул хуульчийн үгэнд итгэж гарын үсэг зурсан байна. Энэ бодит байдлыг нуун далдлах үгэндээ итгүүлэх байдлаар хуурч мэхлэн гэрээг байгуулсан болж байгаа юм. Тодруулбал, дээрх хохирол гэх мөнгийг Д.У аваагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч компаниас Д.У руу, эсхүл түүний ээж н.Сэлэнгэ рүү мөнгөн шилжүүлэг огт хийгдэж байгаагүй атал уг завших гэмт хэрэг байдлаар тайлбарлаж, хуурч, гэрээг хийсэн байна. Мөн Д.У дээрх гадаад шилжүүлэг хийх болгондоо захирлын гарын үсгээр шилждэг тул шууд өөртөө шилжүүлэн авсан гэх үйлдэл байхгүй. Иймд, шууд гэмт хэрэг болно, хорих ял авна гэдэг байдлаар тайлбарлаж гэрээ байгуулсан нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Д.Уд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн. Түүний ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа компанид учруулсан хохиролтой холбоотой асуудлыг анх завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байсан. Гэвч яваандаа энэ нь ажил гүйцэтгэж байх үедээ хөдөлмөрийн гэрээг зөрчсөнтэй холбоотой асуудал буюу иргэний эрх зүйн маргаан байна гэж үзэж шүүхэд хандсан. Д.У нь төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа өмгөөлөгч дагуулж ирэх боломжтой байсан. Гэрээг байгуулахаас өмнө ээжтэй нь 1-2 удаа уулзаж байсан. Тэгэхдээ уг нөхцөл байдлыг бүгдийг тайлбарласан учраас ээж нь энэ талаар маш сайн мэдэж байсан. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийхдээ насанд хүрсэн хүн тул ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдэж байсан. Иргэний хуульд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.2.8-д зааснаар хариуцагч Д.Уас 172,147,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Д.У-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,198,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-с 1,018,687 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс талуудын хооронд бий болсон иргэний эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн харилцаа болохыг оновчтой тодруулсан. Улмаар ажилтны хөдөлмөр эрхлэх явцад ажил олгогчид учруулсан хохирлыг тодорхойлохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэхдээ мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-д заасны дагуу бодит хохирлын хэмжээг тодорхойлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч шүүхэд маргахдаа хохирол барагдуулах гэрээний үнийн дүн болох 150,000,000 төгрөг нь бодит хохиролтой нийцэхгүй талаар тайлбарлаж, маргасан боловч огт харгалзаж үзэлгүйгээр шууд гэрээний үнийн дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлсон нь илт хууль зүйн үндэслэлгүй болсон. Мөн нэхэмжлэгчийн зүгээс санаатайгаар хохирлын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө компанийн үйл ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын зорилгоор арилжааны банкнаас зээл авсан тухай баримт материалыг гаргаж өгсөн байсныг бодит хохиролд оруулан тооцсон байж болзошгүй байгаа юм.

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид харилцан бие биенээсээ асуулт асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нягтлан бодогч ажилтай этгээдээс нэхэмжлэгч компанид учирсан бодит хохирол хэдэн юань, хэдэн төгрөг болохыг тодруулж асуусан боловч хариулт өгч чадаагүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчид хохирлын дүн, хэмжээг 150,000,000 төгрөгөөр тодорхойлж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй болохыг тодорхой харуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрт хэдэн төгрөгийн бодит хохирол учирсныг бодитоор тодорхойлж, түүнийгээ нотлох баримтаар нотлох нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим билээ. Нөгөө талаар дээрх асуултыг тодруулж шүүх асуух ёстой байсан ч тийм зүйл болоогүй. Хэрэв нэхэмжлэгч 150,000,000 төгрөгийн хохирлыг өөрт учирсан болохыг нотолж чадаагүй бол нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл ямар баримт, материал тулгуурлаж хохирлын хэмжээгээ тодорхойлсныг нотолж чадахгүйд хүрнэ. Угтаа бол шүүхээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хэргийн бодит байдлыг тодорхойлох, хохирлын хэмжээг тогтоохын тулд нотлох баримтуудыг судлан шинжлэж нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой байсан ч харамсалтай нь тийм зүйл болоогүй. Зөвхөн талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл-д заасан хийсвэр үнийн дүнгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан, хавсаргасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй болохыг тодорхой харуулж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

6.а.Нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн тухайд нотолбол зохих байдал нотлогдсон байхад шүүх үндсэн нотлох баримтыг үнэлээгүй. Ингэхдээ талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл-ийн үнийн дүнгийн хэсгийг анхаарч байгаа нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэж болох байсан. Нийт хэдэн удаагийн гүйлгээгээр хичнээн юань хохирол нэхэмжлэгчид учирсан болохыг шүүх шийдвэртээ дэлгэрэнгүй, тодорхой дурьдах нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрт энэ тухай дүгнэсэн хэсэг байхгүй. Харин Д.У болон нэхэмжлэгч Э ХХК нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр болохыг дурьдаж, уг гэрээн дэх хохирлыг учирсан бодит хохирол гэх байдлаар шууд дүгнэсэн нь илт үндэслэлгүй болсон. Шүүхээс эргэлзээгүй, туйлын ойлгомжтой байхад хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргаснаараа бусад нотлох баримтыг бүхэлд нь үгүйсгэж байна. Нотлох баримтыг бодитой тал бүрээс нь үнэлж дүгнэх ёстой. Түүчнлэн нэхэмжлэгч компани хохирлын хэмжээг санаатайгаар нэмэгдүүлэх зорилгоор Д.У миний огт хийгээгүй гүйлгээнүүдийг баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд би эдгээр гүйлгээ хийх хүсэлтийг гаргаагүй, гүйлгээг хийгээгүй. Жишээ нь 1-р хавтаст хэргийн 176, 292 дугаар талд байх баримтуудаас харагдана. Мөн энэ хэрэгт огт хамааралгүй ЮЖ, Ю Ш ХХК зэрэг компаний гүйлгээнүүдийг энэ хэрэгт хохирол тооцуулахаар гаргаж өгсныг шүүх дүгнэж 150,000,000 төгрөгийн хохирлыг тодорхойлсон байж болзошгүй ойлгомжгүй шийдвэр гаргасан байдаг. Хариуцагч нь шүүхийн шийдвэрээс үндсэн нэхэмжлэлийн агуулга, үнийн дүнг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд хуульд заасан тэмдэгтийн хураамжийг төлсөн болно. Дээрх байдлаар нотлох баримтуудад дүн, шинжилгээ хийхгүйгээр, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байгаа нь надад ихээхэн хохиролтой байхаас гадна бодит байдалд нийцэхгүй тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Д.У нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 9 удаагийн хуурамч захиалга хийсэн үйлдэл, 4 удаагийн захиалга хийх байсан ч хийгээгүй, хариуцсан ажлаа цаг тухайд нь хийгээгүй учраас дахин захиалга хийсний зөрүү алдагдал буюу нийт 13 удаагийн үйлдэл бүхий 152,566,948 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Компанид учирсан хохирлыг зохих хэмжээнд хариуцан ажиллахад татгалзах зүйл байхгүй гэх зэрэг тайлбарласнаас харвал хариуцагч байгууллагад хохирол учруулснаа бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн нь харагддаг. Иймд хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.У-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэг болон хохиролд нийт 208,397,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, олгосон эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, байгууллагад 150,000,000 төгрөгийн хохирол учруулсан, энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээ байгуулсан тул гэрээний үүрэг болон хохиролд нийт 208,397,500 төгрөгийг гаргуулна гэх агуулгаар тодорхойлсон.

4.а.Хариуцагч Д.У нь нэхэмжлэгч Э ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанид худалдан авалтын ажилтнаар ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4.б.Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.25-д ажилтан өөрийн буруугаас компанид ямар нэгэн хохирол учруулбал түүнийг бүрэн хариуцаж, төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасанд нийцсэн байна.

4.в.Хариуцагч Д.У нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Э ХХК-нд хандан гаргасан өргөдөлдөө ... ажлын хариуцлага алдаж, их хэмжээний хохирол учруулсан тул бүх өрөө барагдуулж дуусгана. Компаниас уучлалт гуйж байна. 150 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ. /1хх-9/

4.г.Улмаар талууд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах нэртэй гэрээ байгуулж, тус гэрээний 1.1-т Төлбөр төлөгч Д.У нь 2022 оны 02 сараас өнөөдрийг хүртэл хугацаанд байгууллагын мөнгөн хөрөнгийг шамшигдуулах, харилцагч руу шилжүүлсэн мөнгийг дур мэдэн буцаан өөрийн данс руу шилжүүлж авах, мөн харилцагчийн дансыг худал хэлж байгууллагын мөнгийг өөр данс руу авах зэрэг үйлдлийг удаа дараа гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгууллагад 150,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн ...,

3.2-т Төлбөр төлөгч нь төлбөрөө 2023 оны 07 сарын 10-ны өдрийн дотор Э ХХК-нд ... төлж дуусгах үүрэгтэй, 3.3-т Төлбөр төлөгч нь төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд төлнө гэж тус тус заасан байна.

4.д.Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Д.У нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх боловч энэхүү харилцаанаас үүссэн хохирлыг талууд Төлбөр барагдуулах гэрээ байгуулах замаар барагдуулахаар тохиролцжээ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч Д.У нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол болох 150,000,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үүргийг нэхэмжлэгч Э ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

4.е.Иймд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар үндсэн төлбөр болон алдангид нийт 170,000,000 төгрөгийг хариуцагч Д.Уас гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

4.ё.Мөн анхан шатны шүүх нотариатын зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч энэхүү зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарч байгааг анхаараагүй буюу шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн анзын хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг 232.2.8 гэж буруу бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилаагүй зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

5.Хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлдээ ажил олгогч нь бодит хохирлыг тогтоогоогүй, айлган сүрдүүлж төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулсан, тус гэрээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэжээ. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлсэн гэдэгт хэлцлийн нөгөө тал санаатайгаар хэлцэл хийх үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар худал хэлэх, худал мэдээлэл өгөх, эсхүл мэдэгдэх ёстой нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй байх зэргийг ойлгодог.

5.а.Хариуцагч Д.У-ын хувьд бараа захиалгын ажлыг гүйцэтгэх явцдаа байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулсан үйл баримтыг өөрийн тайлбараар зөвшөөрсөн, улмаар хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн өргөдлийг ажил олгогчид хандан гаргаж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, энэхүү гэрээг байгуулахдаа ажил олгогчийн дарамт, шахалт, худал мэдээлэлд автсан гэх байдал тогтоогдсонгүй. Иймд шүүх бодит хохирлыг тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6.Анхан шатны шүүх төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 186.1, ... гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, ... 232.2.8 ... гэснийг 232.8 гэж,

3 дахь заалтын ... 56.1 ... гэсний дараа 56.2 гэж, ... 1.198.537 төгрөгийг ... гэсний дараа хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,960 төгрөгийг тус тус гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,018,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ