| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0858/Э |
| Дугаар | 858 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 858
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
шүүгдэгч М.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02626 1078 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.М, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, математикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Нью таун хотхон 43б-1011 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч М.М нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дашваанжил газ түгээгүүрийн газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Болдбаяртай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цээжний зүүн хэсэгт хайчаар хатгаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Болдбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний ажил болох “Улиастай шар дэлгүүрийн хажууд байх Дашваанжил газ түгээгүүрийн газарт ажил дээрээ байж байхад 12 цагийн үед эхнэр Мандухай ирж намайг ажлын газрын залуугийн эхнэртэй хардаж хэрүүл хийсэн. Эхнэр М цонхны тавцан дээр байсан хар өнгийн хайчийг авч өөрийнхөө баруун гуяанд нэг удаа зоогоод дараа нь миний цээжний зүүн хэсэгт 1 удаа зоосон...” гэх мэдүүлэг. /хх 5-6/,
Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хохирогч Б.Болдбаярын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Дашваанжил газ түгээгүүрийн газарт нөхөр Б.Болдбаяртай маргалдаад улмаар уураа барьж дийлэлгүй цонхны тавцан дээр байсан хайчаар Б.Болдбаярын цээжний зүүн хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна миний буруу...” гэх мэдүүлэг /хх 34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №77 дугаартай дүгнэлт:
1. Б.Болдбаярын цээжний зүүн хэсгийн хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадьар тогтонги алдагдахгүй. гэх дүгнэлт /хх-28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-14/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-13/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч М.М нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дашваанжил газ түгээгүүрийн газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Болдбаяртай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цээжний зүүн хэсэгт хайчаар хатгаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Болдбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний ажил болох “Улиастай шар дэлгүүрийн хажууд байх Дашваанжил газ түгээгүүрийн газарт ажил дээрээ байж байхад 12 цагийн үед эхнэр Мандухай ирж намайг ажлын газрын залуугийн эхнэртэй хардаж хэрүүл хийсэн. Эхнэр М цонхны тавцан дээр байсан хар өнгийн хайчийг авч өөрийнхөө баруун гуяанд нэг удаа зоогоод дараа нь миний цээжний зүүн хэсэгт 1 удаа зоосон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.М-д хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.М-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.М-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, бариул хэсэг нь 10 см урттай, ажлын хэсэг нь 16 см урттай, төмөр, хар өнгийн бариултай хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР