Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 101/2023/02429/И |
Дугаар | 210/МА2024/01615 |
Огноо | 2024-08-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01615
2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2024/01615 |
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02760 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Y-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр шилжүүлэн, гэрчилгээний эх хувийг өгч, нотариатчаар гэрчлүүлсэн. Гэтэл хариуцагч нь үл хөдлөхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж хууран мэхэлж, бичиг баримт хуурамчаар үйлдэн шинээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авсан байсан. Гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн баримтыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн газар шалгахаар авсан. Улсын бүртгэлийн газраас гэрчилгээг гээгдүүлсэн гэх үндэслэлээр *******ын нэр дээр шинээр гэрчилгээ Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас олгосон байна гэж хариу өгсөн.
1.2 Цагдаагийн байгууллагаас шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хариу өгсөн. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлж өгчхөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээг гээгдүүлсэн гэх нэрээр шинээр гаргуулан авч хууль зөрчсөн.
Иймд Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* дугаар байр, зоорийн хэсэг тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Би тухайн орон сууцыг *******гаас худалдаж аваагүй. Анх н.*******гийн зуучилснаар 214 м.кв талбайтай зоорийн давхрыг 2017 онд *******гаас 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар орон сууцны гэрчилгээг *******гаас өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч орон сууцны бодит эзэмшлийг надад шилжүүлж өгөөгүй.
2.2 Би *******гийн өмч гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй. Биет байдлаар шилжүүлж авч чадаагүй учраас худалдсан хүмүүстэйгээ холбогдоход алга болсон. Иймд би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж орон сууц *******гийн өмчлөлд буцаан шилжсэн, 3 шатны шүүхээр шийдвэр гараад хөрөнгийг нь буцаагаад өг, мөнгийг нь буцааж өг гэсэн шийдвэр гарсан. Миний хувьд орон сууцны гэрчилгээг хууль бусаар гаргуулсан зүйл байхгүй.
2.3 Эрүүгийн журмаар тухайн хэрэг нь шалгагдаж *******, ******* хоёр хохирогчоор явж байгаа. Хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилах боломжтой. Эрүүгийн хэрэг дээр ажиллагаатай холбоотой хариу өгөх боломжгүй байна гээд мэдээлэл авахад хэрэг нь дахиад шүүх рүү шилжсэн байгаа юм байна. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх хэлцлийн үндсэн дээр бий болсон улсын бүртгэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу үнэн зөв гэж тооцогдсон гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан хариуцагч *******од холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* байр, зоорийн хэсэг тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талын эрх ашгийг хамгаалж нөлөөнд орж 3 жилийн дараа шударга биш шийдвэр гаргасан. Шүүгч, түүний туслах шүүгч гэх этгээдүүдийн учир битүүлэг шалтгаан зааж шүүх хурлыг 3 жил орчим хугацаанд хойшлуулж хариуцагчид хэргээс мултрах боломжийг илт олгосон. Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас хариуцагчийн талаар тодорхойлолт авах гэж 6 сар болгож хэргийг хуйвалдан дарагдуулж хариуцагчийн талд үйлчилж, шаардлага тавьсан нэхэмжлэгчийг үг хэл амаар доромжилж, цагдаагийн байгууллагаас тодорхойлолтоо өөрөө авах үүрэгтэй гэж загнаж саатуулсан. Энэ талаар тус дүүргийн Ерөнхий шүүгчид хандаж шүүхийн ажиллагаа шударга биш явагдаад байна, яаралтай шүүгч, туслах шүүгч нарыг сольж өгөхийг урьдчилан мэдээлж гомдол гаргасан боловч хамаарал бүхий шүүгч нар үгсэн хуйвалдаж ямар ч арга хэмжээ авалгүй өнгөрөөсөнд гомдолтой байна.
4.2 Туслах шүүгч нь шүүх хурал болох өдрийг утсаар хэлсэн ба эмнэлэгт хэвтэж байна хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэхийг зөвшөөрсөн ба прокурорын газраас ирсэн нотлох баримтыг танд танилцуулах шаардлагатай тул шүүх хурал хойшилсон гэж мэдэгдсэн. Эмнэлгээс гараад очиж баримттай танилцана гэж бодож байсан чинь маргааш нь шүүх хурал болоод өнгөрсөн гэсэн. Прокурорын газрын тодорхойлолттой танилцах боломжоор хангаагүй, шүүх хурал яаравчлан хийж нөлөөнд орсон болох нь тогтоогдсон.
4.3 Нэхэмжлэлийн шаардлагыг огт хэрэгжүүлээгүй Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газрын ажилтан нартай үгсэн хуйвалдаж, шинээр хууль бус гэрчилгээ гаргуулж авч дахин залилан хийхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг огт хэрэгжүүлээгүй. Улсын бүртгэлийн байгууллага хууль бус үйлдлийг болон хуурамч гэрчилгээг гаргасныг тогтоож, хуулийн байгууллагаар албан ёсоор хүчингүй болгох акт тогтоосныг шүүгч шийдвэртээ огт тусгаагүй, шүүгчийн үүргээ биелүүлсэнгүйд гомдолтой байна.
4.4 Хууль бус гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын утга санааг өөрчлөн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагатай огт хамаарал бус үндэслэл гарган нөлөөнд орсон шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4.5 Хавтаст хэргийн материалаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн акт байхгүй болсон байна. Хэргийн 193-200 хуудасны дугаар солигдсон. Хэргийн 107-122 хооронд байсан баримт алга байна. Хэргийн 192-193 хуудасны хооронд хуурамч баримт үйлдэж, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тов мэдэгдсэн гэх дугааргүй баримт хавчуулагдсан байна. Шүүх хурлыг нэхэмжлэгчийг оролцуулалгүй 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийсэн ба 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хурлын тов мэдэгдсэн баримт хуурамчаар үйлдэж хавсаргаж үдсэн байна. Хэргийн материалаас баримтыг устгаж, хуурамч баримт хавчуулсан гэх мэт эрүүгийн шинжтэй үйлдэл хийснээс болж, хуурамч бичиг баримт үйлдэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан нь нотлогдоод байхад илт нөлөөлд орж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хавтаст хэргээс бичиг баримт алга болоогүй. Хэргийг шийдсэн хурлын өмнөх хуралд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралд ирээгүй. Шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангахын тулд сануулаад мэдэгдсэн бөгөөд шийдсэн үгийн хуралдаанд шүүгч зарлагдсан хурлаасаа өмнө нь туслахдаа ******* гуай ирнэ гэсэн үү, хурлын тов мэдэгдсэн үү гэхэд туслах нь *******тай утсаар ярихад би ядарч байна, би шүүх хуралд орохгүй. Баримтууд нь хангалттай байгаа болохоор чи миний хэлэх зүйлийг ярь гэсэн үүнийг нь тэмдэглэл болгон үйлдсэн. Нэхэмжлэгч хурлын тов мэдэгдээгүй байхад мэдэгдсэн байдлаар баримтад үдэгдсэн байна гэх ойлголтод дээрх байдлаар хурлын товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* дугаар байр, зоорийн хэсэг тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч ...үл хөдлөх хөрөнгийг 2017 онд *******гаас 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар орон сууцны бодит эзэмшлийг надад шилжүүлж өгөөгүй тул би шүүхэд хандаж орон сууц *******гийн өмчлөлд буцаан шилжсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02191 дугаар шийдвэрээр *******ын *******д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг /хх 88-94/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2103 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай гэж өөрчлөлт оруулсан. /хх 95-99/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2022/01120 дугаар тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...олгосугай... гэснийг ...олгож, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, Пүрвээ Төрболдын нэр дээрх Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 46-а байр, зоорийн хэсэг тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцагч *******гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгасугай. гэж өөрчилж шийдвэрлэсэн байна. /хх 100-104/
3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх *******д шилжсэн байна.
4. Анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх *******ын нэр дээр бүртгэлгүй байхад *******од холбогдуулан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн маргаанд хариуцвал зохих этгээд биш байна.
5. Нэхэмжлэгчид 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн, Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-т нэхэмжлэгч гарын үсэг зурсан. /хх188/ Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/13801 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх боловч зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх 191/
5.1 Улмаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мессежээр мэдэгдсэн /хх192/, Шүүхийн мэдэгдэх хуудас-т шүүгчийн туслах нэхэмжлэгч гийн дугаарт залгаж хуралд ирж байгаа эсэхийг лавлахад би очихгүй одоо ядарч байна шүүгч хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ үү гэсэн байна. /хх 199/ Түүнчлэн, уг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хуурамч баримт үйлдсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2 Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэрэгт хавсаргасан баримт алга болсон гэж тайлбарлаж байгаа боловч ямар баримт алга болсон талаар тайлбарлаагүй. Улсын бүртгэлийн баримт алга болсон гэж байгаа боловч уг баримт нь хавтаст хэргийн 49-56 дугаар талд авагдсан байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН