Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01666

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 26 210/МА2024/01666

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02309 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* ХХК, *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Батлан даалтын гэрээ-ний дагуу 52,411,124 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, бизнес зөвлөхөөр ажиллаж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөх тухай тушаалд миний ажилласан хугацааны цалин, олговол зохих хуримтлагдсан цалин хөлс, хугацаандаа олгогдоогүйн алданги, ээлжийн амралтын олговор, зөрүү, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг тооцоог ажил олгогчийн зүгээс олгох, акт үйлдэн баталгаажуулах тухай заасан. 2023 оны 07 дугаар сарын 19, 31-ний өдрүүдэд тус бүр 5,000,000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөрийг төлөөгүй.

Иймд үндсэн төлбөр, алданги нийт 52,411,124 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* ХХК нь ******* ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түншлэлийн гэрээ байгуулж, ******* ХК-аас зарласан ******* программ хангамжийг нийлүүлэх төслийг гүйцэтгэж, 95 хувийг дуусгасан боловч 2021 оны 11 дүгээр сараас хойш төслийн санхүүжилт олгогдоогүй. Улмаар 2022 оны 07 дугаар сараас манай компани үйл ажиллагаагаа зогсоосон. Ажилтнууддаа ******* ХК-аас шалгаж дуусаад тус төслийн ажлыг хүлээж авна гэж итгэж хүлээж байсан тул тэр хүртэл үлдсэн ажилтнууддаа шалгалт дуусахаар санхүүжилтээ авч нөхцөл байдал хэвийн болж үргэлжлүүлэн ******* ХК-тай хамтран ажиллана гэж танилцуулж, хүлээж байсан. Шалгалтын дүн гарахгүй, цаашид ******* ХК-тай хамтран ажиллах итгэлгүй болсон тул 2023 оны 03 дугаар сард компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, дараагийн ажлаа бодохыг харилцан тохиролцсон.

2.2 ******* тухайн үед хавдар туссан, нэн яаралтай Солонгос явж эмчлүүлэх шаардлагатай гэж байсан тул эрүүл мэнд, эмчилгээнд нь саад болохгүй, өөрийнх нь тооцоолж хүссэнээр мөнгөн дүнг тохирч, тус төсөлд хамтарсан түнш компаниас тал мөнгийг нь гаргуулахаар тохиролцоод төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Хамтарсан түнш компанийн зүгээс төлбөрийг хуваалцаагүй, би хувиасаа 10,000,000 төгрөг төлсөн. Одоогоор компани үйл ажиллагаа явуулаагүй, ******* ХК-аас 440,000,000 төгрөгийн авлагатай учир дээр дурдсан шалгалт дуусаж, авлагаа авснаар төлбөрийг үлдэгдлийг төлөх саналыг тавьсан боловч шүүхэд хандсан учир цалингийн тооцооллыг дахин тооцох шаардлагатай. Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сараас хойш ажил хийгээгүй байтал энэ хугацааны бүх цалин, ээлжийн амралтын мөнгө, гэнэт ажлаас халагдсаны тэтгэмжийг авахаар шаардаж байгаа нь зүй бус гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 2022 онд цар тахал болон эдийн засгийн асуудлууд үүссэнээс болж *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК болон ******* нарын хооронд Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ нь компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш, мөн тус хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш байна. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага ын зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

3.2 Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үндэслэл болсон хүснэгт нь зохих хууль, журамд заасан шаардлагыг хангахгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3 дахь хэсэгт заасны дагуу *******тай байгуулсан гэрээг ******* ХХК-ийн санхүүгийн тайланд нягтлан бодогч бүртгээгүй, тооцооллыг ахлах болон ерөнхий нягтлан бодогчид хянуулаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл.

3.3 *******, ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээ нь дээр дурдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг үндэслэж байгуулагдсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг ******* ХХК болон ******* нар байгуулсан. ******* нь тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй.

4.2 ******* нь 2021 онд ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр томилогдсон. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК-ийг төлөөлж ******* тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөхөөр зохицуулчихсан байдаг.

Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 34,020,750 төгрөгийг хариуцагч ******* ХХК, ******* нараас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 18,390,374 төгрөгийн хэсэг, хариуцагч *******гийн гаргасан ******* ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 486,015 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 449,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 328,053.7 төгрөгийг хариуцагч ******* ХХК, ******* нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Гэрээний 3.2-т ...Төлбөрийг 2023-12-07 өдрийн дотор төлөх бөгөөд нарийвчилсан хугацааг гэрээний 3.4-т заасны дагуу тодорхойлов..., 3.4-т төлбөр төлөх журам ...Төлбөр төлөгч нь 20,000,000 төгрөгийг 2023.07.09-ний өдрийн дотор, 14,020,750 төгрөгийг 2023.09.08-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг 2023.12.07-ны өдрийн дотор гэрээний 3.3-т заасан дансанд шилжүүлэн тус тус төлнө... гэж заасан. Мөн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 393 дугаар, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 415 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлээр төлбөрийг дээр дурдсан хугацаанд төлөх талаар тусгагдсан байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгсэхгүй болгосон 18,390,375 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1 Хариуцагчийн зүгээс Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн үнийн дүн болон алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1 Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г ******* ХХК-ийг төлөөлж ******* байгуулсан нь тус гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж үзнэ. Учир нь, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дугаар зүйл болон ******* ХХК-ийн дүрмийн 11.3-т тус тус зааснаар болон ******* гэх хоёр хувьцаа эзэмшигчтэй /хоёр өмчлөгчтэй/. Мөн дүрмийн 6.1-т зааснаар нь компанийн гүйцэтгэх удирдлагад хамаарна. Гэрээний нийт төлбөрийн хэмжээ нь 44,020,750 төгрөг буюу Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2 дахь хэсэгт зааснаар компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш байна. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасны дагуу Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь их хэмжээний хэлцэлд хамаарч байгаа. Мөн хуулийн 87.2 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага ын зохих зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.

Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.

8.2 Гэрээний үндэслэл олж буй хүснэгт нь хуульд нийцээгүй. ******* ХХК нь *******тай байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г буюу *******д олгохоор тохирсон өр төлбөрийг ******* ХХК-ийн санхүүгийн тайлан болон нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэх ёстой байтал компанийн нягтлан бодогч бүртгээгүй. Өөрөөр хэлбэл, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үндэслэл болж буй хүснэгтийг хэн бодож гаргаж ирсэн тодорхойгүй. ******* ХХК-ийн зохих албан тушаалтан болон ахлан болон ерөнхий нягтлан бодогчид хянуулаагүй.

Иймд тус хүснэгт нь хууль, дүрэмд заасан шаардлагыг хангаагүй, хариуцсан нягтлан бодогчийн хяналтгүйгээр гаргасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

8.3 ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар мөн өдөр ******* болон ******* нарын хооронд Батлан даалтын гэрээ-г байгуулсан. Тус батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.

8.4 Анхан шатны шүүх хамтран хариуцагч *******г үүргийн гүйцэтгэлийн баталгаа гаргасан гуравдагч этгээдээр дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, ******* нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-д үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлогдоод Батлан даалтын гэрээ-д үүрэг гүйцэтгэгч биш гуравдагч этгээдээр давхар тодорхойлогдоод байгаа нь хоорондоо уялдаагүй, үндэслэлгүй.

8.5 Хариуцагч *******гийн зүгээс байгууллагын нууцтай холбоотой, зохигчид өөрөө олж авах боломжгүй нотлох баримт буюу Улсын бүртгэлийн архивд хадгалагддаг ******* ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэргийг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хариуцагчийн хувьд ******* ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэргээс хамаараад дараа дараагийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтүүдийг гаргах байсан.

8.6 Хариуцагч ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ыг тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах байсан. Учир нь, тус хэргийн шийдвэрээс хамаараад хариуцагч ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******г томилсон. Уг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, батлан даалтын гэрээг *******тай байгуулж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

9.2 Компанийн дүрмийн 8.14-д санхүү, нягтлан бодогчийн хүлээсэн үүргийг гүйцэтгэх удирдлага хариуцахаар зохицуулсан. Компанийн тухай хууль, Гүйцэтгэх удирдлагын эрх мэдлийн хэмжээгээр тухайн байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татсан.

9.3 Мөн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, батлан даалтын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу байгуулагдсан. Тухайн гэрээнүүдийг хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүй болон хүчээр байгуулсан зүйл байхгүй. Талууд Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулах санал гаргаж, талуудын хооронд бичгээр байгуулагдсан.

9.4 Хариуцагч байгууллага нь өөрөө Улсын бүртгэлийн байгууллагаас хариу тайлбарын татгалзалтай холбоотой нотлох баримт гаргуулж авах боломжтой байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК, ******* нарт холбогдуулан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Батлан даалтын гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 36,780,750 төгрөг, алданги 15,630,375 төгрөг, нийт 52,411,124 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г, Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.2 Хариуцагч ******* ХХК нь татгалзлаа ...нэхэмжлэгчийн цалингийн тооцооллыг дахин тооцох шаардлагатай, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн цалин 24,000,000 төгрөг байсан, үүний 10,000,000 төгрөгийг төлсөн байхад одоо хүү, алданги тооцож, 52,411,124 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь зүй бус гэж тайлбарласан.

3. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, зөвлөх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 023/022 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх 16-20/ Зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.

4. Улмаар ******* ХХК болон ******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 0387 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр дээрх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй ажил олгогч ******* ХХК-ийн төлбөр төлөх үүргийг тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь *******ын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан цалингийн болон ээлжийн амралтын цалингийн зөрүү, мөн 2023 оны ээлжийн амралтын цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сул зогсолтын үеийн олговор, илүү цагийн нэмэгдэл хөлсний зөрүү нийт 32,020,750 төгрөгийн үндсэн төлбөрт, мөн хугацааны алдангийн хэмжээг 12,000,000 төгрөгөөр тус тус тооцож, хариуцагч ******* ХХК-ийн төлбөр төлөх нийт үүргийг 44,020,750 төгрөгөөр тодорхойлсон байна. /хх 4/ Уг гэрээний дагуу хариуцагч нь дээрх үүргээс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

4.1 Анхан шатны шүүх ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан дээрх Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Учир нь, дээрх гэрээ нь Иргэний хуулийн үүргийн эрх зүйн тусгай ангид заасан нэрлэгдсэн гэрээний шинжийг агуулаагүй байх боловч энэ нь шууд нэрлэгдээгүй гэрээний шинжийг тодорхойлохгүй. Гэрээний зүйл, зорилго, шинж, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд тухайн гэрээний үндсэн дээр үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүх Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу хариуцагч ******* ХХК-иас 34,020,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв. Харин хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болсон байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулна.

5. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г нэг талыг төлөөлж ******* ХХК-ийн төлөөлөгч ******* байгуулсан. ******* нь ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх 12-15, 40/ ******* ХХК-ийн хувьцааг болон ******* нар эзэмшдэг, дээрх гэрээний үнийн дүн нь их хэмжээний хэлцэлд хамаарах, уг хэлцлийг бусад хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй ******* нь ******* ХХК-ийг төлөөлж байгуулсан зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

5.1 Түүнчлэн, дээрх гэрээг мөн зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан буюу хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан үнийн дүнг тооцоолсон арга, аргачлал, хэлбэр нь хууль, дүрэмд заасан шаардлагыг хангаагүй, түүнийг хариуцагч байгууллагын нягтлан бодогч баталгаажуулсан эсэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй. Иймд Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний хүчин төгөлдөр бус байдлын талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 3.4-т хариуцагч ******* ХХК нь нийт төлбөр 44,020,750 төгрөгийн 20,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор, 14,020,750 төгрөгийг мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор, үлдэх 10,000,000 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид тус тус төлөхөөр заасан. Мөн гэрээний 5.2-т ...44,020,750 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөр авагчид төлөхийг зөвшөөрч байгаа болно гэж заажээ.

6.1 Анхан шатны шүүх алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч энэ талаарх дүгнэлтийг зөвтгөн өөрчилнө. Учир нь, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1-т алдангийн хэмжээ 12,000,000 төгрөг гэж тохиролцсон байхад гэрээний 5.2-т заасан үндэслэлээр алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх гэрээний үнийн дүнд алдангийг тооцсон байхад дахин алданги шаардсан нь үндэслэлгүй. Иймд алдангийн талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. ******* болон ******* нар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 0388 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан. Гэрээгээр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-д заасан 44,020,750 төгрөг төлөх үүргийг хариуцагч ******* ХХК биелүүлээгүй тохиолдолд ******* тухайн мөнгөн хөрөнгийг төлөхөөр заажээ. /хх 5/ Уг гэрээний зорилго, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй нөхцөлд хариуцагч ******* нь ******* ХХК-ийн үүргийг гүйцэтгэхээр нэхэмжлэгчийн өмнө баталгаа гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт заасан баталгааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв. Тухайн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Батлан даалтын гэрээ-ний хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7.1 Харин анхан шатны шүүх 34,020,750 төгрөгийг ******* ХХК болон ******* нараас гаргуулж шийдвэрлэхдээ батлан даалтын гэрээний дагуу *******д төлбөрийг хариуцуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Учир нь, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь 34,020,750 төгрөгийг төлөх боломжгүй болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

8. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйг зөвтгөж нэмэлт оруулна.

9. Хариуцагч талаас Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ХХК-ийн хувийн хэргийг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, хариуцагч нь уг баримтыг өөрөө гаргаж авах боломжтой байсан тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

9.1 Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх ыг гуравдагч этгээдээр оролцуулах талаар хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжгүй. Иймд ...ыг гуравдагч этгээдээр оролцуулах байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

9.2 Хариуцагч тал нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй хуралд оролцуулалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн үндэслэлийг бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо заагаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 34,020,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,390,374 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч *******д холбогдох ******* ХХК, ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ,******* нараас гэснийг -аас гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 250,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 329,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН