Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/03865/и |
Дугаар | 1208 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 1208
МАГАДЛАЛ
2016 оны 06 дугаар сарын 22 Дугаар 1208 Улаанбаатар хот
“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03865 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,
6 033 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х,
Нарийн бичгийн дарга нар Г.Шинэцэцэг оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХ” ХХК нь “ХХХ” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тоног төхөөрөмж худалдах гэрээ байгуулан 1650 юан болон 69000 юан буюу нийтдээ 2 676 150 төгрөгийн худалдаа хийсэн. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тоног төхөөрөмж худалдаалах гэрээ байгуулан 6700 юан буюу 2 097 100 төгрөгийн худалдаа хийсэн. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тоног төхөөрөмж худалдаалах гэрээ байгуулан 1 260 000 төгрөгийн худалдаа хийсэн. Гэрээ байгуулснаас хойш нэг сарын дотор төлбөрөө хийхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан боловч худалдан авагч “ХХХ” ХХК нь төлбөрөө төлөөгүй өдийг хүрч байна. Нийт 6 033 250 төгрөгийг хариуцагч “ХХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ХХХ” ХХК-иас 5 733 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "ХХ" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "ХХ" ХХК-иac улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 678 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч "ХХХ" ХХК-иас 106 682 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "ХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийг төлөөлж гүйцэтгэх захирал ХХХХ шүүхэд компанийг төлөөлсөн боловч тухайн үед эмнэлэгт болон гэрээрээ хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж өмгөөлөгч болон төлөөлөгч авалгүй хэргийг шийдвэрлүүлсэн байсан. Мөн эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа эмнэлгээсээ чөлөө авч шүүх хуралд өөрөө ирсэн боловч 2 минут хоцорсноос болж шүүх хуралдаанд оруулалгүй, хариуцагчийг байхгүйд хэргийг шийдвэрлэсэн. Мөн талууд 3 удаа Худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Гүйцэтгэх захирал гээд ХХХХХ гарын үсэг зурж байгуулсан байдаг. Гэтэл "ХХХ" ХХК байгуулагдсанаас хойш ХХХХХ гүйцэтгэх захирал хийж байгаагүй, ХХХХ нь анхнаасаа гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллаж байсан. Мөн компаний дүрмийн 10.2 дугаар зүйлд компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах эрх зөвхөн Захирал буюу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий гүйцэтгэх захиралд олгогдсон байхад ХХХХХ гэх ажилтан компанийг төлөөлөн гэрээ байгуулан гарын үсэг зурсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж заасны дагуу анхнаасаа гэрээ хэлцэл байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан, мөн гүйцэтгэх захирлаас эрх залгамжилж итгэмжлэл аваагүй учир ХХХХХийн байгуулсан энэхүү гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус юм. Иймд эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр бус учир талууд гэрээний зүйлсийг харилцан буцааж өгөх ёстой байсан. Гэтэл Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчиж хүчин төгөлдөр бус нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэснээс гадна хариуцагч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг нь хангаагүй, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Мөн "ХХ" ХХК нь төлбөр төлөх талаар ямар нэг шаардлага тавьж байгаагүй. Учир нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д "худалдан авагчид хүлээлгэн өгсөн бараа нь баталгаат хугацаатай байх ба барааг хугацаанд худалдан авагчаас шалтгаалаагүй эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй засах, эд ангийг солих үүргийг худалдагч хүлээнэ", мөн 4.3-д "худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй барааг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй", Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх", мөн хуулийн 251.1-д "Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ", 251.2-д "Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" гэж заасны дагуу “ХХ” ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж нь 1 жил ч хүрэлгүй хугацаанд засвар авахгүйгээр эвдэрсэн, чанарын шаардлага хангаагүй учир “ХХХ” ХХК-иас доголдлыг арилгах талаар шаардлага тавьж байх үед “ХХ” ХХК-иас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд шүүхэд хандаж, шүүх түүнийг нь бүрэн судлалгүй шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хариуцагчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх нөхцөлөөр хангаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 033 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрүүдэд тоног төхөөрөмж худалдаалах гэрээ байгуулан, нэг сарын дотор төлбөрөө хийхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан боловч худалдан авагч “Натурхаан” ХХК нь төлбөрөө төлөөгүй…” гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлаа “...худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ...” гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “ХХ” ХХК болон “ХХХ” ХХК нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч 300 000 төгрөгөөс татгалзсан болно.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив. /хх-ийн 30-35 хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “1 жил ч хүрэлгүй засвар авахгүйгээр эвдэрсэн, чанарын шаардлага хангаагүй учир доголдлыг арилгах талаар шаардлага гаргаж байгаа” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
М.НАРАНЦЭЦЭГ