Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 10

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2017/0006/З

 

        Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би Хэнтий аймгийн Дархан сумын “Үлэмж орших” хоршооны нэхэмжлэлтэй, тус аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр, Дархан сумын Засаг даргын орлогч Ж.Пүрэвхүү нарт холбогдох “... Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын үнэлгээний ажлын хэсгийн шийдвэр, тус шийдвэрт үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бадамцэцэгийн ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай мэдэгдэл, захиалагчийг төлөөлж Засаг дарга Ж.Энхтөрийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний  1/69 тоот албан бичиг тус бүрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо нь тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулиас анх 2016 оны 12 дугаар сарын 15-нд “дотуур байрны хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх” тендерийг зарласан. Тендер хойшилсон гэх шалтгаанаар сумын үнэлгээний ажлын хэсгээс дахиж 01 сарын 24-ний өдөр тендер зарлаж, 02 дугаар сарын 01-ний өдөр тендер нээх байсан боловч нээлтийг хийлгүй манай хоршооны тендерийн материалыг буцааж өгч 02-р сарын 07-нд нээнэ хэмээн тендерийг нээлтийг удаа дараалан хойшлуулсан. “Үлэмж орших" хоршоо нь Үнэлгээний ажлын хэсгийн өгсөн тендерийн баримт бичгийн дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Тус ажлын хэсгийн өгсөн тендерийн баримт бичигт үнийн саналын маягтыг ирүүлсэн байсан бөгөөд үнийн саналын маягтад захиалагчаас жилийн хугацаанд авч болох зургаан багц, дөчин нэрийн барааны нэрс, Эрүүл мэндийн яамны сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын хамтарсан 2005 оны 225/296 тоот тушаалын 5-р хавсралтаар батлагдсан 1 хүүхдийн хоногт хэрэглэх бүтээгдэхүүний физиологийн зохист норм, хүүхдийн тоо, Засгийн газрын 2012 оны 10-р сарын 27-ны 106-р тогтоолоор батлагдсан “Дотуур байрны хүүхдийн хоногт хэрэглэх хоолны үнэ /2315/”, жилд ажиллах сарууд, зэрэг үзүүлэлтүүд багтсан байсан. Энэ үнийн саналын маягтыг дээрх хөдлөшгүй үзүүлэлтүүдэд нь тулгуурлан 40 нэрийн барааны жилийн хэрэгцээг гаргаж, нэг бүрийн үнийн саналаа бичиж, нийт үнийн дүнг гаргасан. Үнэлгээний ажлын хэсгийн үнийн саналын өгөгдсөн маягтыг өөрчилж хийх боломжгүй учир манай “Үлэмж орших” хоршооны нийт үнийн санал зарлагдсан төсөвт өртгөөс өндөр гарсан.

Гэвч өрсөлдөгч “Алтан Шигшрэг” ХХК нь Эрүүл мэндийн яамны сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын хамтарсан 2005 оны 225/296 тоот тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан 1 хүүхдийн хоногт хэрэглэх бүтээгдэхүүний физиологийн зохист норм, хүүхдийн тоо, Засгийн газрын 2012 оны 10-р сарын 27-ны 106-р тогтоолоор батлагдсан “Дотуур байрны хүүхдийн хоногт хэрэглэх хоолны үнэ”, Хүнс авах хоногийн тоо зэрэг бүх хөдлөшгүй үзүүлэлтийг өөрчлөх замаар хийсвэрээр үнийг багасгаж 10.082.100 /арван сая наян хоёр мянга нэг зуун/ төгрөгийн үнэ бүхий хөдлөшгүй төсвийг 9.713.052 /есөн сая долоон зуун арван гурван мянга тавин хоёр/ төгрөг болгон хүүхдийн хоолны норм орцыг зайлшгүй бууруулах нөхцөл үүсгэж Засгийн газрын 2012 оны 10-р сарын 27-ны 106-р тогтоолоор батлагдсан “Дотуур байрны хүүхдийн хоногт хэрэглэх хоолны үнэ 2315 төгрөг байх ёстойг 2175 төгрөг байхаар бууруулж тооцон тендер шалгаруулалтанд оролцсон байна. Үнэлгээний ажлын хэсэг, Засаг дарга Ж.Энхтөр, захиалагч нь тендер шалгаруулалтын явцад дараах зөрчил дутагдлыг гаргаж манай “Үлэмж орших” хоршоог хохироосон гэж үзэж байна. Үүнд:

Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-т заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, ... байх зарчмыг баримтална” гэснийг мөрдлөг болгож ажиллаагүй, үнийн саналын маягтыг дэлгэрэнгүй танилцуулаагүй, гомдлын хариуг огт шийдвэрлээгүй, хариуг ирүүлээгүй.

Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ Захиалагч ... тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэснийг зөрчиж манай хоршоог ямар үндэслэлээр хасагдсан болохыг тайлбарлаагүй.

Захиалагч нь тодорхой бус бөгөөд Сумын Засаг дарга захиалагчийн өмнөөс давхардсан мэдэгдэл хүргүүлж тодорхой бус нөхцөл үүсгэсэн.

Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар бараа нийлүүлэх тендерийн жишиг бичиг баримтыг баталсан байдаг бөгөөд тус баримтын 32.1. Захиалагч шаардлагад нийцсэн гэж тодорхойлогдсон тендерийн арифметик алдааг шалгаж дараах байдлаар залруулна. Түүний (б) хэсэгт “Нэр төрлийн нийт үнийн нийлбэр нь тендерийн маягтад заасан тендерийн нийт үнээс зөрвөл нэр төрлийн нийт үнийн нийлбэрийг үндэслэн тендерийн нийт үнийг залруулах” гэснийг мөрдлөг болгож үнэлгээний ажлын хэсэг үнийг харьцуулаагүйн хамт үнийг саналын нэгжийн үнийг нууцалж үнийн саналыг дэлгэрэнгүй танилцуулаагүй.

Үнийн саналын маягтын хөдлөшгүй үзүүлэлт, өгөгдлийг өөрчилсөн “Алтан шигширгэ” ХХК-ний тендерийг үнэлгээний ажлын хэсэг нь тендер хянан үзэх шатандаа хасах ёстой байсан боловч илтэд нэг талд үйлчилсэн шийдвэрийг ажлын хэсэг гаргаж ажилласан.

Манай “Үлэмж орших" хоршоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан боловч бага үнийн саналтай нь ялах ёстой гэх утгатай /Сангийн яамны хариуг хавсаргав/ хариу ирүүлсэн байна. Энэ тухай Сангийн яамнаас Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд гэх хүнтэй уулзахад “Би Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа гарын үсэг л зурсан, мэдэхгүй. Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга П.Билгүүнтэй уулз” гэсэн. П.Билгүүн Хууль эрх зүйн газрын мэргэжилтэн Отгонсүрэн хянасан гэсний дагуу Отгонсүрэнтэй уулзаж шийдвэр үндэслэлгүй гарсан байна гэж тайлбарлахад Отгонсүрэн хэлэхдээ “Би нарийн норм, норматив өөрчилсөн хэсгийг нь харсангүй, худалдан авалтын үйл ажиллагаа учраас бага үнийн дүнтэйг нь харгалзаж шийдвэр, хариуг гаргасан. Норм норматив үнийн саналын маягтыг өөрчилсөн бол буруу, нэгэнт манайхаас шийдвэр гарсан тул шүүхэд хандах боломжтой. Мэргэжлийн хяналтын газарт норм, норматив хариуцсан мэргэжилтэн байгаа түүнд хандсан ч болно” гэж хэлсэн. Иймд энэхүү асуудлыг шударгаар шийдвэрлүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд тус худалдан авалтын үнэлгээний ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Алтан Шигшрэг” ХХК-ийн захирал Ө.Чимэд-Очир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Дархан сумын дотуур байрны хүүхдийн хоолны тендертэй холбоотой захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болохыг мэдсэн.

Би Бүгд Найрамдах Солонгос Улсад эрүүл мэндийн байдлаа эмчлүүлэхээр явах  тул урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох боломжгүй байна.

Иймд миний байдлыг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулахгүйгээр хийхийг зөвшөөрч байна.

Тус сумын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны тендертэй холбоотой маргаанд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхэд миний эрх ашиг хөндөгдөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн утга нь: 

1. Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо нь Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын үнэлгээний ажлын хэсгийн шийдвэр, тус шийдвэрт үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бадамцэцэгийн ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай мэдэгдэл, захиалагчийг төлөөлж Засаг дарга Ж.Энхтөрийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний  1/69 тоот албан бичиг тус бүрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

2. Хариуцагч Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр, Засаг даргын орлогч Ж.Пүрэвхүү нар нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын гэрээг “Үлэмж орших” хоршоогоор үргэлжлүүлэн баталгаажуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо нь Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр, Дархан сумын Засаг даргын орлогч Ж.Пүрэвхүү нарт холбогдуулан “... Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын үнэлгээний ажлын хэсгийн шийдвэр, тус шийдвэрт үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бадамцэцэгийн ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай мэдэгдэл, захиалагчийг төлөөлж Засаг дарга Ж.Энхтөрийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний 1/69 тоот албан бичиг тус бүрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх уг захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусч байгааг харгалзан үзээд шүүх хуралдаан товлон зарлах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутанд товлосон.

Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар  эвлэрлийн гэрээндээ:

1. Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо нь Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын үнэлгээний ажлын хэсгийн шийдвэр, тус шийдвэрт үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бадамцэцэгийн ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай мэдэгдэл, захиалагчийг төлөөлж Засаг дарга Ж.Энхтөрийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний  1/69 тоот албан бичиг тус бүрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

2. Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр, Засаг даргын орлогч Ж.Пүрэвхүү нар нь “Үлэмж орших” хоршооны цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын гэрээг үргэлжлүүлэн баталгаажуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

Гуравдагч этгээд “Алтан Шигшрэг” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрхэд миний эрх ашиг хөндөгдөхгүй, гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасны дагуу “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан.

Тухайн захиргааны хэргийн “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь” тогтоогдож байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.

Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо нь улсын тэмдэгтийн хураамжид 1800 төгрөг илүү тушаасныг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Үлэмж орших” хоршооны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр, Дархан сумын Засаг даргын орлогч Ж.Пүрэвхүү нарт холбогдох “... Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын үнэлгээний ажлын хэсгийн шийдвэр, тус шийдвэрт үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бадамцэцэгийн ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай мэдэгдэл, захиалагчийг төлөөлж Засаг дарга Ж.Энхтөрийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний  1/69 тоот албан бичиг тус бүрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр, Дархан сумын Засаг даргын орлогч Ж.Пүрэвхүү нараас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоонд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН