| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/00176/И |
| Дугаар | 210/МА2024/01667 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01667
2024 08 26 210/МА2024/01667
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн/ШШ2024/03086 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Нэгж талбарын 00 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Билэгтмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн/ШШ2023/00197 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлалаар ******* ХХК-иас 16,728,173,770 төгрөг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт манай компанийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 10,853,957,434 төгрөгийн үнэлгээг тогтоосон.
1.2 Хөрөнгийн үнэлгээ маргаантай бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шүүхэд гомдол гаргаж иргэний хэрэг үүсгэсэн байхад тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж хөрөнгийн үнэлгээний маргаан шийдвэрлэгдэж дууссан хойно өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийн шинжээчийн дүгнэлтэд заасан үнээр худалдан борлуулах эсэхийг шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, үнэлгээчний тогтоосон үнэлгээ нь маргаантай байхад дуудлага худалдаа явуулах нь хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл.
1.3 Албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг зөвхөн шүүх хүчингүй болгох бөгөөд хүчингүй болгоогүй тохиолдолд зах зээлийн үнэлгээнээс илт доогуур үнээр үнэлж, харьцуулах боломжгүй жижиг хэмжээтэй газартай харьцуулж үнийг гаргасан зэрэг зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр компанийн өмч, хөрөнгө худалдан борлогдоход хүрээд байна.
1.4 Иймд нэгж талбарын 00 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 507 дугаар магадлалаар ******* ХХК, нараас 16,728,173,770 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан ******* ХХК-ийн эзэмших эрхтэй нэгж талбарын 00 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, хороонд байрлах 150,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, хороо, уулын баруун хоолой зам гудамж ,,,,,,, тоот хаягт байрлах тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн байна.
2.2 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах 13/40 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд орох санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *******т холбогдох, Сонгинохайрхан дүүрэг, хороонд байршилтай, нэгж талбарын 00 дугаартай, 150,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг хороо, уулын баруун хоолой, гудамж, ,,,,,,, тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаартай, тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бөөрний үрэвслээ үзүүлэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд өдрийн эмчилгээнд Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд эмчилгээнд хамрагдаж байгаа, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөлийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг, эмчийн магадалгааны хамт [email protected] и-мэйл хаягаар 09 цаг 57 минутад явуулахад ...ирээгүй байна гэх шалтгаанаар дахин 10 цаг 09 минут илгээсэн. Шүүх хурал 10 цаг 23 минутад эхэлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ амаар тайлбарлах, нотлох баримт гаргах, хүсэлт гомдол гаргах зэрэг, нэхэмжлэгчийн мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.5 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн регистрийн дугаар, хаяг зэргийг илт алдаатай бичсэн байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараа дэмжиж байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан нэгж талбарын 00 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар, үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаартай, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн/ШШ2023/00197 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 16,191,700,539 төгрөг гаргуулан ХХК-д олгож, хариуцагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх 44-54/
3.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА/2023/00507 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 16,728,173,770 төгрөг гаргуулан ХХК-д олгохоор өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 55-66/
3.2 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00479 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 66/
3.3 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн, нэгж талбарын 00 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн 000000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23410953/01, 23410953/02, 23410953/03, 23410953/04, 23410953/05, 23410953/06, 23410953/07, 23410953/08 дугаар тогтоолуудаар, 000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23410953/18 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 93-109, 113-114/, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23410953/19 дугаар тогтоолоор хураан авсан /хх 116-117/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.
4. Төлбөр төлөгч ******* ХХК, , төлбөр авагч ХХК нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал тохиролцоогүй /хх 123-135/ тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны 11/412 дугаар тогтоолоор үнэлгээ тогтоох шинжээчээр Б.Бат-Энхийг томилсон /хх 136/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
5. ХХК-ийн үнэлгээчин шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг *******т 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. Иймд хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар товлосон нь хуульд нийцжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Улмаар, мөн өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-т нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зуржээ. /хх 206/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн/ШЗ2024/012386 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /хх 211/
6.1 Анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан 10 цаг 19 минутад эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт шүүх хуралдаан эхлэхэд хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаан эхэлснээс хойш бүртгэгдсэн болох нь шүүхийн дардсаар тогтоогдож байна. /хх213-214/ Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ирцтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн/ШШ2024/03086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН