| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0003/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/05 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт Аын Эт холбогдох эрүүгийн 1812005210309 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овогт Аын Э/РД:А........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Майнт гэх газраас иргэн Д.Жийн эзэмшлийн алдуул 1 тооны /хул зүсмийн хазаалан байдас/ малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1812005210309 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Жийн өгсөн:
“...Би 2018 оны 08 сарын 18-нд өөрийн адуугаа очиж үзэхэд манай адуунаас хул зүсмийн ширээтэй сэрээ тамгатай хязаалан байдас хулгайд алдагдсан байсан. Тэгээд ойр орчим эрж хайсан боловч олдоогүй хоёр хоносон. Энэ үед Хайрхан сумын Могой багийн малчин Д гэх айлын гадаа аргамжаатай байхаар нь хул байдсаа Дынд хэзээ хэрхэн ирсэн талаар асуухад Хайрхан сумын Жарантай багийн малчин А.Э өрөндөө 2018 оны 08 сарын 26-ны өдөр манайд авчирч ирсэн гэж байсан. Тэгээд миний хулгайд алдсан хул зүсмийн ширээтэй сэрээ тамгатай хязаалан байдас мөн байхаар нь авсан өгсөн хүн нь эргээд авчирч өгнө биз гээд хул байдсаа орхиод явсан. Манай адуу байсан гэх газраас Дынх хүртэл 70 орчим км зайтай. Би хулгайд алдсан хул зүсмийн хязаалан байдсаа 700000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-10 дугаар тал/
* Хохирогч Д.Жийн дахин өгсөн:
“...Би Орхон аймгийн Жаргалант сумаас 3 жилийн өмнө Хайрхан суманд малтайгаа шилжиж ирсэн. Миний алдсан хул зүсмийн унаган адуу бөгөөд азарга нь адуунаасаа өөрийнхөө охин төлийг хасаад байдаг. Тийм болохоор хул байдас өөрөө хүний адуутай нийлэх боломжтой. Азарга нь өөрийнхөө төлийг хээлтүүлээгүй. А.Эынх адуу ихтэй, манай адууны бэлчээрт А.Эын адуу зарим үед нийлчихсэн байдаг. 2018 оны 06 сард хул байдас танихгүй хүний адуутай нийлсэн байхад нь би олж авч байсан. Өөр салж байгаагүй. А.Эын хонгор азаргатай адуу их цөөхөн болохоор сул явж байгаа адууг хураах магадлал ихтэй. Тийм болохоор манай хул байдас өөрөө бусдын адуунд нийлсэн байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/
* Гэрч Б.Дын өгсөн:
“...Би А.Эт 2018 оны 05-р сард адууны мөнгө өгөөч би шүдлэн байдас өгье одоо 100.000 төгрөг өгчих би сүүлд нь хэдийд л хэрэгтэй байна тэр үед нь оруулаад өгье гэхээр нь мөнгөө өгөөд явуулсан. Энэ үед 250000 төгрөгөөр тохирсон. Тэгээд дараа нь би 2018 оны 08 сарын 13-нд А.Эаас очиж адуугаа авахаар хөдөө гэрт нь очиход адууныхаа хашаанд хул зүсмийн ширээтэй сэрээ тамгатай хязаалан байдас бариад уячихсан, уг адууг өрөндөө надад өгөөд үлдэгдэл мөнгөө тоолж авсан. Тэгээд би гэртээ харьсан. Би уг адууг А.Эаас авч гэртээ авчирч гаднаа 10-д хоног адуутайгаа нийлүүлэх гэж аргамжсан. Энэ үед уг адууны эзэн Д.Ж ирж үзээд манай хулгайд алдсан адуу байна гэхээр нь мэдсэн. Тэгээд би А.Этай утсаар яриад чиний өрөндөө өгсөн адуу хулгайн адуу юм биш үү эзэн нь сая ирээд явлаа гэхэд А.Э харин тиймээ би солиог нь гаргаж өгье гээд сүүлд нь ор адууг нь надад өрөндөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/
* Гэрч П.Бгийн өгсөн:
“...Би энэ талаар Д.Жоос 2018 оны 08 сарын 23-ны үед өөрөөс нь сонссон. Д.Ж хэлэхдээ 2018 оны 08 сарын сүүлээр алдсан хул зүсмийн байдас Жарантай багийн иргэн А.Э гэдэг залуу хулгайлж аваад Д гэх хүнд өрөндөө өгсөн байна гэж хэлсэн. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Д.Жийн адуу нь зөв гуяндаа ширээтэй сэрээ тамгатай гэдгийг мэднэ. Архи тамхи хэрэглэдэг гэдгийг нь би мэднэ, бусад байдлыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/
* Гэрч Ц.Лы өгсөн:
“...Манайх 30 гаран тооны адуутай бөгөөд 2018 оны 08 сарын 10-ны үеэр манай нөхөр Д.Ж адуундаа яваад ирэхдээ хул зүстэй байдас алга болсон байна, адуунаасаа салсан юм уу хүн авсан юм болов уу гээд эрэл сураг болоод байсан. Тэгтэл нэг айлын гаднаас олоод ирсэн байсан. Би Д.Ж-оос адуугаа хаанаас олов гэтэл нэг айлын гадна байж байхаар нь аваад ирлээ А.Э өрөндөө өгсөн гэнээ гэж хэлсэн. Тэгээд А.Эыг манай байдсыг айлд өгсөн байсныг мэдсэн. Манайх одоо ямар нэгэн гомдол саналгүй болсон. Уг хул зүстэй байдас нь манай унаган адуу бөгөөд азарга нь өөрийн охин төлөө адуунаас хасаад байдаг. 2018 оны 06 сард нэг удаа хул байдас адуунаасаа салаад буцаж нөхөр Д.Ж нийлүүлж байсан гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
*Яллагдагч А.Эын өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутагт байдаг бөгөөд манай адуу гэрийнхээ ойр орчмоор бэлчээрлэдэг. Би хэд хоноод адуугаа эргэж бэлчээрээр нь бүртгэж үздэг. 2018 оны 08 сарын 10-ны үеэр гэрийн урд зүгт байдаг Баруун давааны ар гэх газарт очтол манай хонгор азаргатай 5 тооны адуунд хул хонгор зүстэй, ширээтэй сэрээ тамгатай байдас нийлсэн байсан. Би тэр байдсыг хашиж барьж аваад манай нутгийн Д гэдэг хүнд 2018 оны 08 сарын 13-ний өдөр өгсөн. Би Доос өмнө нь мөнгө авчихсан байсан бөгөөд өрөндөө шүдлэн байдас өгнө гээд тохирсон байсан болохоор уг байдсыг өгсөн. Тэгтэл Дын гадаа тэр байдасыг байж байхад нь Д.Ж гуай таньж өөрийн адуу гээд буцаагаад авчихсан байсан. Би өөрийн адуунд нийлсэн хүний адууг өөр хүнд өгсөн нь миний буруу. Би хохирогчийг гомдол саналгүй болгосон мөн Дт ч өөрийнхөө адуунаас байдас өгсөн. Би Д гуайд өртэй байсан бөгөөд өөрийнхөө адуутай нийлсэн хүний адууг өгчихсөн. Эзнийг нь мэдэхгүй байж хүний адууг өөр хүнд өгсөн нь миний буруу. Би эхлээд мэдээгүй. Уг байдсыг хүнд өгсний дараа Д.Ж ах өөрөө надтай ирж уулзсан. Тэгээд мэдсэн. Хязаалан настай хул хонгор зүстэй, зөв талынхаа гуян дээрээ ширээтэй сэрээ тамгатай, дэлгүй байдас байсан. 2018 оны 08 сарын 10-ны үеэр Д.Ж ахын гэр манай гэрийн урд зүгт 20 орчим км зайтай нутаглаж байсан. Би 200 гаруй тооны 5 азарга адуутай. Манай адуу урд зүгт гараад Д.Ж ахын адуу гэрийнхээ хойд зүгт гарвал бэлчээрээ адуунууд нийлэх боломжтой. Ер нь адуу урт хөлийн амьтан болохоор бэлчээрээ яваад хаана ч нийлчих гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаартай “...Хул зүсмийн хязаалан байдасны үнэлгээг 2018 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар үнэлэв. Хул зүсмийн хязаалан байдасны үнэлгээг 2018 оны 08 дугаар сарын байдлаар 550.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 52 дугаар тал/, хохирогч, яллагдагч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдэвлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Майнт гэх газраас иргэн Д.Жийн эзэмшлийн нэг тооны хул зүсмийн хазаалан байдас алдагдаж 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Жийн эзэмшлийн алдуул нэг тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Д.Жийн “...Миний алдсан адуу энэ үед Хайрхан сумын Могой багийн малчин Д гэх айлын гадаа аргамжаатай байхаар нь хул байдсаа Дынд хэзээ хэрхэн ирсэн талаар асуухад Хайрхан сумын Жарантай багийн малчин А.Э өрөндөө 2018 оны 08 сарын 26-ны өдөр манайд авчирч ирсэн гэж байсан. Миний алдсан хул зүсмийн унаган адуу бөгөөд азарга нь адуунаасаа өөрийнхөө охин төлийг хасаад байдаг. Тийм болохоор хул байдас өөрөө хүний адуутай нийлэх боломжтой. Азарга нь өөрийнхөө төлийг хээлтүүлдэггүй. А.Эынх адуу ихтэй, манай адууны бэлчээрт А.Эын адуу зарим үед нийлчихсэн байдаг ..” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын”... Тэгээд дараа нь би 2018 оны 08 сарын 13-нд А.Эаас очиж адуугаа авахаар хөдөө гэрт нь очиход адууныхаа хашаанд хул зүсмийн ширээтэй сэрээ тамгатай хязаалан байдас бариад уячихсан, уг адууг өрөндөө надад өгөөд үлдэгдэл мөнгөө тоолж авсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Бгийн”... Д.Ж хэлэхдээ 2018 оны 08 сарын сүүлээр алдсан хул зүсмийн байдас Жарантай багийн иргэн А.Э гэдэг залуу хулгайлж аваад Д гэх хүнд өрөндөө өгсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Лы “.... Би Д.Жавхпандоржоос адуугаа хаанаас олов гэтэл нэг айлын гадна байж байхаар нь аваад ирлээ А.Э өрөндөө өгсөн гэнээ гэж хэлсэн. Тэгээд А.Эыг манай байдсыг айлд өгсөн байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч А.Эын “...2018 оны 08 сарын 10-ны үеэр гэрийн урд зүгт байдаг Баруун давааны ар гэх газарт очтол манай хонгор азаргатай 5 тооны адуунд хул хонгор зүстэй, ширээтэй сэрээ тамгатай байдас нийлсэн байсан. Би тэр байдсыг хашиж барьж аваад манай нутгийн Д гэдэг хүнд 2018 оны 08 сарын 13-ний өдөр өгсөн…” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч А.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч А.Эыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын саналын харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Аын Эыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 900/есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000/есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан 900/есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000/есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР