Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 101/2023/04828/И |
Дугаар | 210/МА2024/01669 |
Огноо | 2024-08-26 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01669
2024 08 26 210/МА2024/01669
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02513 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* НҮТББ
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24/23 дугаар тушаалаар намайг ажлаас халсан нь үндэслэлгүй. Би ажиллах хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн, ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй.
1.2 Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заагаагүй.
Иймд урьд эрхэлж байсан ******* НҮТББ-ын Төслийн ажилтан-ны ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* НҮТББ-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь Завхан аймаг дахь салбарын төслийн ажилтны нэг байсан. ******* НҮТББ нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Завхан аймаг дахь салбарт Дотоод хяналт шалгалт хийсэн. Тухайн шалгалтаар Завхан салбар нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 9,506,000 төгрөгийн үнийн дүнтэй 11 удаагийн худалдан авалтыг ******* НҮТББ-ын гэрээлэгч биш байгууллага буюу *******ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Оч Фүүдс ХХК-тай хийж, төлбөрийг хийсэн байсан.
2.2 *******ын дээрх үйлдэл нь ******* НҮТББ-ын Ёс зүйн журмын 4 дэх зүйлд заасныг зөрчсөн. Энэ нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4-т заасан зөрчилд хамаарна. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан сургалт үйлчилгээ зохион байгуулах, санхүүгийн багтай хамтран худалдан авах ажиллагааны явцыг цаг тухайд нь дэмжих зэрэг үүргээ гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.а-д заасан өөрийн албан тушаалаа сөргөөр ашигласан буруутай үйлдэл гаргасан гэсэнд хамаарч байна. ******* нь дээрх үйлдлүүдийг удаа дараа үйлдсэн гэдгээ хүлээсэн зөвшөөрсөн.
2.3 Ажил олгогчийн зүгээс ажилтны гаргасан дээрх үйлдлүүд нь илт ашиг сонирхлын зөрчилтэй, ажилтан нь өөрийн эзэмшдэг компанид давуу тал олгосон, ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдээгүй, худалдан авалтаас татгалзаагүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг ******* НҮТББ-ын төслийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* НҮТББ-с нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 40,337,421 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* НҮТББ-ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* НҮТББ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* НҮТББ-с улсын тэмдэгтийн хураамжид 359,637 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* НҮТББ-аас нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрүүдэд 11 удаагийн гүйлгээгээр 9,506,000 төгрөгийг сургалт, уулзалтад оролцогчдын цайны зардал худалдан авсан төлбөрт ******* ХХК-д шилжүүлсэн. Хүлээн авагч ******* ХХК нь тус байгууллагатай гэрээт харилцагч биш, ажилтан *******ын 100 хувийн эзэмшлийн компани байсныг 2023 оны 4 дүгээр сард тус салбарт ажилласан дотоод аудитын шалгалтаар илэрч санхүүгийн шалгах хуудаст тусгасан.
******* нь өөрийн эзэмшлийн, ажил олгогчтой гэрээгүй компани гэдгийг ажил олгогчид мэдэгдэлгүй ашиг сонирхлын зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ёс зүйн журамд заасан ноцтой зөрчил бөгөөд 11 удаагийн гүйлгээ хийхэд энэ талаар нэг ч мэдэгдээгүй нь удаа дараагийн зөрчил гэж үзэж, тэдгээр зөрчил нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан ажлаас шууд халах үндэслэл болсон гэж үзэж 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Түүний гаргасан зөрчлийг 6 сарын дотор илрүүлэн даруй тайлбар шаардахад тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ...зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг и-мэйлээр ирүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.2 Хөдөлмөрийн гэрээний 2.2.2.е-д зааснаар ******* нь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах этгээд мөн. Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, захиран зарцуулах нь тусдаа эрх, үүрэг хүлээх тул *******ыг 2.2.2.е-д заасан бүрэн бүтэн байдлыг хариуцах этгээдийн хувьд дээрх 11 гүйлгээг хийгээгүй боловч ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ 2.2.2.е болон Ёс зүйн журамд заасан үүргийн дагуу мэдэгдээгүй нь ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж тушаалын үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн эрхтэй холбоотой үүргийг ийнхүү тодорхой заасан байхад шүүх үндэслэх хэсэгтээ хариуцах эрхтэй этгээд биш гэж илт буруу дүгнэлт хийсэн.
Харин мөнгө буюу эд хөрөнгө захиран зарцуулах эрхийн тухайд түүнд ийм эрх, үүрэг олгогдоогүй тул үүнтэй холбогдуулж ажил олгогчийн итгэлийн алдсан гэж тушаалын үндэслэл болгоогүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэгт заасныг баримталсан. Гэвч нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ ажлаас халж буй тушаалын тодорхойлох хэсэгт тусгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* НҮТББ-ын гүйцэтгэх захирал ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ******* тухайн байгууллагад ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Гэвч ямар үндэслэлээр *******ыг буруутгаж байгаагаа бичгээр гаргасан тайлбартаа тусгаагүй. Мөн нэхэмжлэгч нь ******* НҮТББ-тай гэрээ байгуулаагүй этгээдтэй худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэсэн гэж дүгнэсэн. Гэвч хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар 11 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* өөрийн хамаарал бүхий компанид шилжүүлэн авсан талаар яригдаагүй.
5.2 Анхан шатны шүүх хуралдааны явцад ажиглагч н.******* нь уг 9,500,000 төгрөгийн гүйлгээ нь *******д хамааралгүй гэдгийг тайлбарласан. ******* НҮТББ-ын Улаанбаатар хотод байрладаг төв салбараас 9,500,000 төгрөгийн гүйлгээг хийсэн. Мөн 9,500,000 төгрөгтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулсан асуудалд талуудын хооронд маргаан байхгүй. Тухайн худалдан авалт хийгдэж, уг ажиллагааг зохион байгуулсан нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэж, нотлох баримтаар тогтоолгосон. Уг нөхцөл байдлыг ******* НҮТББ-ын зүгээс хүлээн зөвшөөрсөн. Мөн 11 удаагийн гүйлгээ 9,500,000 төгрөгтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гэж маргасан. Гэвч Улсын Дээд шүүхээс ноцтой зөрчлийн тодорхой тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардсан. Хэргийн материалд талуудын хооронд бичгээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар хавсаргасан. Уг хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийн тодорхой тохиолдол болох 20 тохиолдлыг нэрлэн заасан. Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан 20 тохиолдолд ажилтан *******ыг буруутгасан үндэслэл ямар нэгэн байдлаар тусгагдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайн байгууллагад мөрдөгдөж холбогдох дүрэм, журмын заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохыг дурдсан. Гэвч ямар дүрэм журам, ажилтанд үүрэг болгосон ямар зохицуулалтыг зөрчсөн эсэхийг нарийвчлан заасан зүйл байхгүй.
5.3 Ажил олгогчийн зүгээс гадаад хэл дээр авагдсан дотоод хяналт шалгалтын санхүүгийн баримтыг иш татсан. Уг баримтад гэрээ байгуулаагүй этгээдтэй харилцаанд орсон гэх үндэслэлийг дурдсан боловч тухайн баримтад *******ын талаар огт дурдаагүй. *******ыг буруутган ажлаас халсан үндэслэлийг шалгаж, тогтоосон, нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тухайн гэрээг байгуулсан. *******ыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Бичгээр тушаал, шийдвэр гарах үед талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байгаагүй. Гэвч ажил олгогчийн зүгээс *******ын ажлыг хийлгэж, цалин олгож байсан. Талуудын хооронд хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн тул үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байсан. Гэвч талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэрээний хугацаа дууссан.
5.4 Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг хариуцлага, ажлын байрны тодорхойлолтын холбогдох чиг үүргүүдээс харахад ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан мөнгө, эд хөрөнгө хариуцсан албан тушаалтанд хамаарахгүй. Нэхэмжлэгчид хөрөнгийг захиран зарцуулах, төлбөр шилжүүлэх эрх хэмжээг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор олгоогүй. Нэхэмжлэгчид төлбөр төлөх, захиран зарцуулах эрх хэмжээ байхгүй учраас нэхэмжлэгчийг буруутгаж буй 9,500,000 төгрөгийн гүйлгээг Улаанбаатар хотод байрлалтай ******* НҮТББ-аас хийсэн. Гэвч нэхэмжлэгч өөрөө захиран зарцуулах байсан тохиолдолд тухайн гүйлгээг өөрийн хамаарал бүхий компанид авсан мэтээр буруу тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн журмаар ******* НҮТББ-ын холбогдох зарим баримтуудад үзлэг хийж баталгаажуулсан. Уг үзлэгийн баримтаар *******ыг буруутгасан 11 удаагийн 9,500,000 төгрөгийн гүйлгээтэй холбоотой асуудлыг тогтоосон.
5.5 Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоос харахад зөвхөн төслийн ажилтан, сургагч багшийн чиг үүрэгтэй албан тушаалтай. Нэхэмжлэгч нь орон нутагт жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бизнес эрхлэгч нарт сургалт зохион байгуулах болсон талаар төв байгууллагадаа мэдэгдэх үүрэгтэй. Мөн хаана, хэдэн төгрөгийн санхүүжилтээр сургалт зохион байгуулах, нийт хэдэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулах талаарх ажлын төлөвлөгөө, тайланг төв байгууллагад байнга мэдэгдэж байсан. Тухайн тайланг төв байгууллагаас хянан үзэж, шат шатны захирал, дарга нараар гарын үсэг зурж, баталгаажуулсны үндсэн дээр уг үйл ажиллагаа бодитоор хийгдэнэ. Гэвч нэхэмжлэгчийг буруутгаж буй үйл ажиллагаа нь ******* НҮТББ-ын үйл ажиллагааны нэг хэсэг болгож, бодитоор хийсэн. Мөн тухайн үйл ажиллагаанаас болж, ажил олгогчид ямар нэгэн хохирол учраагүй болохыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөв үнэлж дүгнэсэн. Мөн холбогдох хуулийн заалтыг, зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* НҮТББ-д холбогдуулан урьд эрхэлж байсан ******* НҮТББ-ын Төслийн ажилтан-ны ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* НҮТББ-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч эс зөвшөөрч ...******* нь өөрийн хамаарал бүхий Оч Фүүдс ХХК-аас 9,506,000 төгрөгийн үнийн дүнтэй 11 удаагийн худалдан авалт хийж Ёс зүйн журмын 4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.а-д заасныг тус тус зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр үгүйсгэн маргасан.
3. ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* НҮТББ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, төслийн ажилтан албан тушаалд ажиллаж байсан. /1хх 7-11/ Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
3.1 ******* НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24/23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, ******* ТББ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.4.4, 432/22 тоот Хөдөлмөрийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.1.ж), 3.4.а), з), заалтуудыг тус тус үндэслэн ******* ТББ-ын төслийн ажилтан *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /1хх 197/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан нь үндэслэлгүй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлийг тодорхой заагаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.
6. Ажилтан ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 9,506,000 төгрөгийн үнийн дүнтэй 11 удаагийн худалдан авалтыг ******* НҮТББ-ын гэрээлэгч биш байгууллага буюу өөрийн хамаарал бүхий Оч Фүүдс ХХК-тай хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь тайлбар гаргаж байсан байна. /1хх 127/ Үүнийг ашиг сонирхлын зөрчил гаргасан буюу Ёс зүйн журам зөрчсөн гэж үзэхээр байна.
6.1 Учир нь, хөдөлмөрийн гэрээний 3.4.а)-д Ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн журам, Нууцын журам болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам болон Хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн баталсан бусад дүрэм, журмыг давтан зөрчих сахилгын зөрчлийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцох бөгөөд энэ тохиолдолд гэрээг ажилтан байгууллагад учруулсан хохирлын хэмжээнээс үл хамааран ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл бий болно гэжээ. Ажил олгогч нь уг зохицуулалтыг тушаалын үндэслэл болгосон байна. Иймд анхан шатны шүүхийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлийг тодорхой заагаагүй гэх дүгнэлт үндэслэлгүй.
6.2 Ёс зүйн журмын дөрөвт Ашиг сонирхлын зөрчил гэж Сонирхлын зөрчил гэдэг нь ажил үүргээ гүйцэтгэх явцад хувийн ашиг сонирхол нь ******* ТББ-ын болон нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ. ...Аливаа худалдан авалтын шийдвэр гаргах, эсхүл гүйцэтгэхэд нийлүүлэгч буюу гүйцэтгэх талуудтай нэгдмэл сонирхолтой, хамтран эзэмшдэг бизнестэй, эсвэл тийм оролцогч талыг зуучилж байгаа бол ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан гэж үзнэ. Хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзвэл тухайн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ ил тодоор удирдах ажилтандаа эсвэл ******* ТББ-ын худалдан авалтын хорооны даргад мэдэгдэн уг худалдан авалтын шийдвэр гаргах болон гүйцэтгэх үйл ажиллагаанаас татгалзах үүрэгтэй гэж заасан байна.
7. Дээрх үйл баримтаар ажилтан ******* нь ажил олгогч байгууллагын үйл ажиллагаа буюу албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хариуцагч байгууллагын 9,506,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр 11 удаагийн гүйлгээрээр өөрийн хамаарал бүхий байгууллагаас эд зүйл худалдан авалт хийсэн нь ашиг сонирхолын зөрчилд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 3.4.а)-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Иймд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
8. Түүнчлэн, нэхэмжлэгч *******ын гаргасан зөрчилд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр арга хэмжээ авсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчөөгүй байна.
9. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхгүй.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* НҮТББ-д холбогдох, урьд эрхэлж байсан ******* НҮТББ-ын Төслийн ажилтан-ны ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* НҮТББ-д даалгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН