Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/111

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э

Шүүгдэгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бийн Аэд холбогдох 1912000990092 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:  О овогт Бийн А/РД:А............/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Борбургаст гэх газраас иргэн Л.Бийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1912000990092 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Л.Бийн өгсөн: 

 “...2018 оны 04 сарын 20-дын үеэр манай хонгор зүсмийн үрээ тамир тэнхээ нь их муудаад өргүүлээд тэжээлгээд байсан. Тэгээд хэд хоноод өөрөө явдаг болоод яваад өгсөн тэгэхээр нь зөнгөөр нь орхичихсон гэтэл өөрөө явж байгаад Хайрхан багийн Б.А гэдэг хүний үрээнүүдтэй нийлсэн, би мэдээгүй байж байгаад сүүлд нь мэдээд хоёр ч удаа очиж үзэх гээд чадаагүй Б.Атэй уулзаад асуухад Б.А манай үрээнүүд дунд хонгор үрээ байхгүй хонгор даага байгаа гэж ярьж байсан. Б.Аийн дүү нь нэрийг нь мэдэхгүй Ш гэдэг залуу надад танай хонгор үрээ манай үрээнүүдтэй цуг байгаа ш дээ Б.А ах 88 гэсэн тамган дээр нь чандмань тамга дарчихсан гэж ярьсан. Миний үрээ ямар ч гэсэн байгаа юм байна даа  гэж бодоод байж байтал 2018 оны 09-р сарын сүүлээр шиг санаж байна цас орчихсон байсан Б.Аийнхтэй ойрхон байдаг С, Х гэдэг 2 хүн манайхаар ирэхээр нь би манай хонгор үрээ Б.Аийн үрээнүүд дунд байна уу гэсэн чинь Б.А тэр үрээг чинь зарчихсан бараг хот руу ачих гэж байгаа байх гэхээр нь би маргааш нь эхнэртэйгээ мал ачиж байгаа хүмүүсийг сурж яваад Говилуур гэдэг газар миний хонгор үрээг сумын төвд байдаг О гэдэг хүний том ачааны машинд ачаад авч явах гэж байхаар нь энэ чинь миний үрээ гээд буулгаж авсан хэн энэ үрээг өгсөн юм бэ гэсэн чинь Харйхан багийн Б.А өгсөн гэж хэлсэн. Үрээгээ буулгаж авчихаад сумын төв ороод Б.Аийг хүмүүсээс асууж сурсан чинь сургуулийн урд талын хороололд аавындаа байхад нь очоод уулзаад чи яахаараа хүний үрээг ачуулдаг юм бэ гэсэн чинь чи таниад буулгаад авсан бол одоо яах вэ дээ гэж хэлсэн тэр үед Б.А их согтуу байсан. Миний алдсан үрээ хонгор зүсмийн шүдлэн настай, одоо ногооны хязаалан үрээ, зөв талын гуяндаа 88 гэсэн тамгатай, өөр содон шинж байхгүй. Би хонгор үрээгээ 500.000 төгрөгөөр үнэлнэ. Улаанбаатар хотод байдаг Чулуут сумын гаралтай Х гэдэг махны ченжид өгсөн байсныг би буулгаж авсан. Яг хэдэн төгрөгөө наймаа хийсэн талаар Б.Аээс асуугаагүй. Сүүлд нь сонсоход Х гэдэг хүн нь Б.Атэй төрөл садан хүмүүс гэж сонсогдсон. Би өөрийнхөө үрээг олоод авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/

*Гэрч Г.Бгийн өгсөн:

“...2018 оны 04 сарын 20-ны үеэр манай хонгор үрээ босч чадахгүй байж байгаад хэд хоногийн дараа хонгор үрээ өөрөө босоод явчихсан. Жаргалантын нуруу гэдэг газар ганцаараа явж байгаад Б.А гэдэг айлын үрээнүүдтэй нийлсэн байсан. Манай нөхөр Б.Аээс манай хонгор үрээ танай үрээнүүдтэй хамт байгаа гэсэн гэж хэлэхэд хонгор үрээ байхгүй, хонгор даага байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд намар цас орчихсон байсан үед Хайрхан багийн С, Х хоёр манайхаар ирэхээр нь манай хонгор үрээ байна уу гэж асуухад Б.А үрээг чинь авч яваад мал авч байгаа хүнд өгчихсөн гэхээр нь нөхөр бид хоёр Говилуур гэдэг газар Х гэдэг хүн мал авч байсан сураг сонсоод очсон чинь О гэдэг хүний том ачааны машин дээр манай хонгор үрээг ачсан байхаар нь буулгаж авсан. Мал ачиж байхад хажууд нь мал авч байсан Х, жолооч О, Э, Д.Б гэдэг хүмүүс байсан. С, Х хоёр ирж хэлээгүй бол мэдэхгүй ачуулаад явах байсан байх, тэгээд сумын төв ороод Б.Аийн аавынд очиход Б.А өөрөө байсан. Манай нөхөр чи яахаараа манай үрээг ачуулдаг юм бэ гэсэн чинь чи таниад буулгаад авсан бол болж хө гээд тоохгүй байсан. Хонгор зүстэй, шүдлэн үрээ, зөв талын гуяндаа 88 гэсэн тамгатай, өөр содон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,

*Гэрч Г.Мын өгсөн:

“...2018 оны 04 сарын сүүлээр шиг санаж байна Л.Б ахын хонгор үрээ нь муудаад хэд хоног тэжээсэн тэгсэн өөрөө зөнгөөрөө яваад өгсөн хаашаа явсныг нь мэдээгүй дараа нь хайгаад олоогүй дараа нь сураг сонссон чинь Хайрхан багийн Б.А гэдэг айлын үрээнүүдтэй нийлсэн гэсэн тэрийг Л.Б ахыг айлд байхад нь Б.Аийн дүү Ш гэдэг залуу танай үрээ чинь манай үрээнүүдтэй хамт явж байгаа Б.А ах 88 гэсэн тамган дээр нь өөрийнхөө чандмань тамгыг дарсан гэж хэлсэн гэсэн айлын адуунд байгаа юм чинь гайгүй биз гэж бодоод нэг их тоогоогүй гэсэн. Л.Б ах өөрөө Б.Аийн үрээнүүд дээр очиж үзсэн чинь өөрийнх нь үрээ мөн байсан гэсэн Б.Аэд манай үрээ байна гэсэн чинь танай үрээ биш гэж хэлсэн гэсэн 88 тоо тамган дээр нь дараад чандмань тамга дарсан байна гэж гэртээ ирээд ярьж байсан. Тэгсэн 2018 оны 09-р сарын сүүлээр санаж байна Л.Б ахыг гэртээ байж байхад нь Хайрхан багийн 2 хүн гэрээр нь орохдоо Б.Аийн үрээнүүдтэй хамт байсан хонгор үрээг чинь Б.А махны ченжид өгчихсөн бараг ачаад явчихсан байх гэхээр нь Л.Б ах, Г.Б эгч хоёр машинтай Говилуур гэдэг газар сумын төвд байдаг О гэдэг хүний том машинд ачсан байхад нь буулгаж авсан гэсэн. Б.А тэр үед сумын төвд байна гэхээр нь Л.Б ах уулзаж гэж очсон чинь урдаас нь сонин сонин утгагүй юм яриад өөр юм яриад дүйвүүлээд байсан гэсэн. Л.Бийн хонго зүсмийн шүдлэн үрээ зөв талын гуян дээрээ 88 гэсэн тамгатай, өөр содон шинж байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/

 

*Гэрч А.Сын  өгсөн:

“...2013 оны 10 сарын эхээр цас ороод бага зэрэг хүйтэрсэн байсан, өдрийг нь санахгүй байна нэг өглөө би адуугаа хайх гэж явахдаа Хаахай/Л/-г авч явсан. Тэгээд Хүрэм багийн Л.Б гэдэг айлд ороод би өөрийнхөө адууг асуусан тэгсэн чинь надтай хамт явж байсан Хаахай Б.Аийн үрээнүүдтэй хамт явж байсан хонгор үрээг чинь Б.А хүнээр хөтлүүлээд Хүрэм баг руу явуулсан гэж хэлсэн. Тэгсэн Л.Б яаж байгаа юм болоо Б.Аийн дүү Шарка надад танай хонгор үрээ манай үрээнүүдтэй цуг явж байгаа гэж хэлсэн ш дээ гэж байсан. Тэгээд бид хоёр адуугаа ололгүй оройхон Л.Б эхнэртэйгээ  явж байхад таарахад нөгөө үрээгээ ачуулсан байхад чь буулгаж авлаа гэж ярьж байсан. Адуугаа хайж явахдаа Л.Бийнд ороод Хаахай чиний хонгор үрээг Б.А хүнд хөтлүүлээд явуулсан гэж хэлсэн чинь Б.Аийн үрээнүүдтэй нийлээд тогтсон байсан гэж ярьсан. Тэгэхэд нь би хонгор үрээг нь Б.Аийн үрээнүүдтэй нийлсэн байна гэдгийг мэдсэн. Тэрнээс өмнө би мэдээгүй байсан. Хэн гэдэг хүн авчирч өгсөн талаар яриагүй том машинд ачсан байхад нь буулгаж авлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/

*Гэрч Д.Лгийн өгсөн:

“...Хавар хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй Л.Бийн хонгор үрээ Б.Аийн үрээнүүдтэй нийлсэн гэдгийг манай тэр хавийнхан бүгд мэдсэн, хавар ногооны үеэр Б.А нөгөө хонгор үрээг тамгасан, тэр хонгор урээ 88 гэсэн тамгатай байсан 88 гэсэн тамга нь Хүрэм багийн Б гэдэг хүний хүү нь манай тамга гэж байсан. Б.А 88 гэсэн тамган дээр нь өөрийнхөө доороо сартай чандмань тамгыг дарсан байсан. Манай нутгийнхан бүгд мэдэж байсан. Тэгээд намар 10-р сард байсан хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Өглөө үхэр туугаад явж байхад Б.Аийн гэрийн гаднаас Өлзийт гол багийн нэрийг нь мэдэхгүй Улаанай гэдэг хүн нэг хүнтэй хамт хоёулаа морьтой гурван адуу хөтлөөд явсан. Тэгээд би Сжавтай цуг адуунд явах замдаа Л.Бийнд ороод Б.Аийн үрээнүүдтэй хамт байсан хонгор үрээг чинь өнөө өглөө Б.А хүнд хөтлүүлээд явуулчихсан гэсэн чинь юу ярьж байгаа үрээгээ олж авъяа гээд эхнэртэйгээ Нуурын хоолой гэдэг газар руу явсан. Тэгээд оройхон Сжав бид хоёрыг сумын төв рүү ирэх замд Л.Б тааралдаад манай үрээ мөн байна машинд ачсан байхаар нь буулгаад авчихлаа гэж ярьсан. Л.Б ярихдаа Б.Аийн дүү Шарка/О/ зун Хүрэмд тааралдахдаа танай хонгор үрээ Б.А ахын үрээнүүдтэй нийлсэн Б.А ах барьж аваад тамган дээр нь давхарлаад өөрийнхөө тамгыг дарсан гэж Л.Бт хэлсэн гэсэн. Б.А адуугаа урд орой нь авчирч хашиж хоноод маргааш өглөө нь явсан. Улаанайтай хамт явсан хүнийг танихгүй. Улаанай хамт явсан хүнтэйгээ бор хээр морь, хээр байдас, хонгор үрээ гэсэн 3 адуу хөтөлж явсан. Ямар хүнд хэдэн төгрөгөөд зарсанг мэдэхгүй. Өглөө Улаанай нэг хүнтэй хамт 3 адуу хөтлөөд явахаар нь би адуунд явах замдаа Л.Бт хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/ 

*Гэрч Б.Цын өгсөн: 

“...2018 оны 10-р сард өдрийг нь санахгүй байна, Улаанбаатар хотод байдаг манай сумын А гэдэг хүн ирээд мал мах авсан. Тэгэхдээ манайхаас морь унаад надтай хамт Хайрхан багийн Б.А гэдэг айлаас 2 адуу аваад Хүрэм багийн төв дээр өмнө нь авсан малаа бөөгнүүлсэн байсан. Би 2 морио аваад гэр рүүгээ явсан. Манайх тэр үед сумын төвийн урд талд Чавчлага гэдэг газар байсан. Б.Аийнд очиход адуугаа хашсан байсан А бид хоёр бор хээр хязаалан байдас, хонгор шүдлэн үрээ хоёр яваад явсан. А хонгор үрээг нь жижигхэн туранхай байна гэж голоод байсан. Тэгээд аваад явахаар явсан. Им тамга, содон шинж тэмдгийг нь ажиглаагүй А, Б.А нар өмнө нь наймаа хийсэн юм шиг байна лээ. А манайд ирээд Хайрхан багаас 2 адуу авах гэсэн юм хоёулаа хамт явъя гэхээр нь би хамт явсан дээрээс хойш авчирч өг гээд авчирч өгөхгүй байгаа юм очиж авахаас гээд явсан. А бид хоёр сумын төвд Б.Аийн аавынд очиж уулзахад Б.Аийн ээж нь Б.А рүү утсаар яриад адуу малаа ойртуулж бай нөгөө хүн чинь адуугаа авах гэж байна гэж хэлсэн. Би гэртээ ирээд А хот явсан байх сүүлд нь утсаар ярьсан чинь нөгөө хонгор үрээ нь өөр хүнийх болж таараад эзэн нь аваад үлдсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Оийн өгсөн: 

“...2018 оны 10 сард өдрийг нь сайн санахгүй байна. Цохиот гэдэг газар машиныхаа чиргүүлийг орхиод машинтайгаа Хүрэм багийн төв дээр ирээд А гэдэг хотын ченжийн авсан хэдэн үхэр 2 адуу ачаад Цохиотод ирж хоноод маргааш өглөө нь малаа ачиж дуусаад байж байтал манай сумын Лр/Б/ гэдэг хүн утсаар яриад зай байна уу адуу ачих гэсэн юм гэхээр нь би 3 адуу ачиж болох байх гэсэн чинь хүрээд ир гээд мал ачсан чиргүүлтэй машинтайгаа очоод машиныхаа толгой дээр Лын адуу ачиж байтал Хүрэм багийн Б гэдэг залуу эхнэртэйгээ мотоциклиор ирээд манай хавар алдсан үрээг ачсан байна гэхээр нь А гэдэг хүн өө тэгвэл наад адуугаа буулгаад ав гэхээр нь би ч гэсэн ийм асуудалтай мал ачихгүй буулгаж ав гэж хэлээд буулгасан. Л.Б ярихдаа хавар алдаад Хайрхан багийн Б.Аийн адуунд нийлсэн байхад харж байгаарай гэж үлдээсэн байсан өнөө өглөө хүн хэлэхээр нь ирж байна гэж хэлсэн. Тэгээд Л.Бын хонгор үрээг буулгаад оронд нь Лын 5 адууг ачаад явсан. Хүрэм багийн төвөөс үхэр ачсан тоог нь санахгүй байна, 2 адуу ачаад Цохиотод ирж хоносон. Нэг хээр адуу, нэг хонгор зүстэй бага шиг үрээ ачигдсан. Цохиотоос адуу ачаагүй дандаа үхэр ачсан. Би им тамгыг нь ажиглаагүй. Маргааш нь Цохиотоос Говилуур гэдэг газар очиж Лын адууг ачиж байхад Хүрэм багийн Л.Б ирж үзээд хонгор үрээг миний хавар алдсан үрээ мөн байна гээд буулгаж авсан. Ямар наймаа хийснийг нь мэдэхгүй. Л.Б ирээд хонгор үрээгээ таниад буулгаж авахад нь ярьж байсныг нь сонсоход их эрт наймаа хийгээд тэгээд энэ хоёр адууг авч байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/ 

 

*Гэрч Ч.Аийн өгсөн: 

“...2018 оны 09 сарын үед байх манай хамаатан болох Б.А надтай уулзаад мал өгье мөнгөний хэрэг байна гэж надад хэлэхээр нь би 2 удаа мөнгө өгсөн. Эхнийх нь удаа машин засах гэж 500.000 төгрөг, дараа нь аав, ээж нь хуриманд явах гэж байна гээд 300.000 төгрөг нийтдээ 800.000 төгрөг авсан. Тэгээд 2018 оны 10 сард би Чулуут суманд мал авч байхдаа Б.Аээс малаа авъя гээд мотоцикльтой очсон чинь адуугаа олоогүй байна гэхээр нь дахин Б.Аийн аавынд очиж уулзаад адуугаа ойрхон байлгаж бай маргааш очно гэж хэлүүлээд би Өлзийт гол багийн Улаанай/Б.Ц/-тай хамт хоёулаа мориор очиж Б.Аынхаас хонгор шүдлэн үрээ, шар хээр хязаалан байдас 2 аваад Хүрэм багийн төв дээр ирээд ачих машинаа авчирхаар сумын төв рүү явсан. Багийн төвийн ойролцоо айлаас үхэр авсан болохоор цугт нь авъя гээд 2 морио уяад үлдээсэн. Маргааш нь Хүрэм багийн төв дээр О гэдэг жолоочтой машинтай ирж адуу үхэрээ ачаад Цохиот гэдэг газар очиж хоноод маргааш нь малаа ачаад дуусч байтал Говилуур гэдэг газраас Л гэдэг хүн утсаар яриад адуу ачих гэсэн юм зай байна уу гэхээр нь зай байна гэхэд хүрээд ир гэхээр нь очсон чинь Л 4 адуу ачих гэсэн юм гээд ачих гэж байтал Хүрэм багийн Л.Б гэдэг залуу мотоциклиор эхнэртэйгээ хамт ирээд машин дээр гарч үзсэнээ энэ миний алдсан үрээ мөн байна гэж хэлэхээр нь чи таньж байгаа юм уу, мөн юм уу гэсэн чинь мөн байна гэхээр нь тэгвэл буулгаад ав нэг суманд байсан хүмүүс учраас олох байх гэж хэлсэн. Хажууд мал ачиж өгч байсан хүмүүс бүгд мэднэ. Шар хээр зүсмийн хязаалан байдас, зөв талын гуяндаа чандмань тамгатай байсан. Хонгор зүсмийн шүдлэн үрээ, им тамгыг нь ажиглаагүй. Тамга нь их бүдэгхэн байсан. Би Чавчлана гэдэг газар байсан Ц гэдэг хүнтэй хамт мориор явж үрээ, байдас хоёрыг ачиж Хүрэм багийн төв дээр үлдээгээд маргааш орой нь ачсан. Би үрээ, байдас хоёрыг 800.000 төгрөгөнд бодож авсан. Хонгор үрээ нь туранхай биеэр жижиг байсан, би эхлээд голж байгаад сүүлдээ ер нь мөнгөө олж авсан нь дээр гэж бодогдоод авсан. Мөнгө ч үгүй хоцорч магадгүй гэж бодсон. Би мал ачиж байхад ирээд миний үрээ мөн байна гэхээр нь чи таньж байгаа юм уу гэсэн чинь таньж байна миний үрээ мөн байна гэхээр нь таньж байгаа бол буулгаад ав гэж хэлэхэд буулгаж авсан. Сүүлд нь мал авч явахад ямааны арьс үнэтэй байна гэхээр нь би Б.Аээс 4 ямаа, 1 хонь авч өргүй болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-36 дугаар тал/ 

 

*Яллагдагч Б.Аийн өгсөн: 

“...Л.Бийн хонгор үрээ манай адуунд 2018 оны хавар 04 сарын үед бэлчээрээрээ нийлсэн байсан, манай гэр Л.Бийн гэр манайхаас саахалт зайтай, бэлчээрээрээ адуу нэг дор бэлчих тохиолдол байдаг. 2018 оны хавар манай адуунд нийлсэн байх үед нь Л.Б надаас хонгор үрээ нийлсэн үү гэж асууж байсан, би тэр үед нь даага ч юм уу, үрээ ч юм уу биеэр бага шиг хонгор адуу манай адуунд байгаа гэж хэлсэн. Тэгээд манай адуунд очиж үзээд явсан байх, үзчихээд надтай уулзаагүй. Тэрнээс хойш 2018 оны зун дахин надаас нэг удаа Л.Б асуухаар нь хонгор адуу байгаа, адуу уулын хяраар байгаа очиж үзээрэй гэж хэлсэн, очиж үзээгүй байх, тэрнээс хойш 2018 оны 08 дугаар сард Л.Бийг мотоцикль дээрээ сундлаад бэлчээрт байсан адуундаа очиж хонгор үрээг үзүүлэхээр явсан боловч хонгор үрээ, миний нэг хээр үрээтэй нийлээд адуунаас салаад явсан байсан учир олоогүй, үзүүлж чадаагүй учир хэд хоногийн дараа бэлчээрээс нь олж ирээд хонгор үрээний зүүн гуянд нь чандмань тамга дарсан. Тэр хонгор үрээ өмнө нь тамгатай байсан, гэхдээ тамга нь ямар тамга гэдэг нь мэдэгдэхгүй байсан учир хуучин тамгыг нь шүргүүлээд тамга дарсан. 2018 оны намар 10 сард үрээнүүд дагуулж яваад гүйцэгдэхгүй байхаар нь Б.А гэдэг хүнд 350,000 төгрөгөөр зарсан, өөр ямар нэгэн асуудал байхгүй. Зарсны дараа Л.Б очиж үзээд миний үрээ мөн байна гэж таниад авсан байсан. Үрээнүүдтэй нийлж адуунаас салж яваад гүйцэгдэхгүй байхаар нь зарчихсан, өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би ганцаараа зарсан. Хонгор үрээтэй хамт явсан хээр үрээг зарахаар үзүүлсэн чинь туранхай байна гэж голоод хонгор үрээг нь авъя гэхээр нь аваад яв гэж хэлээд зарчихсан, хулгайн адуу гэж мэдээгүй, хулгайн адуу гэж хэлсэн асуудал байхгүй. Тэр адуу манай адуунд өөрөө ирээд нийлсэн байсан. Тухайн хонгор адууг хүний адуу гэж мэдэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-51 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай: “...Шүдлэн үрээний үнэлгээг 2018 оны 10 сарын байдлаар 350.00/гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/ 

*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-ийн 3-5 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 56 дугаар тал тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Борбургаст гэх газраас 1 тооны адуу алдагдаж иргэн Л.Бт 350.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.А үйлдсэн болох нь хохирогч Л.Бийн“...2018 оны 09-р сарын сүүлээр шиг санаж байна цас орчихсон байсан Б.Аийнхтэй ойрхон байдаг С, Хаахай гэдэг 2 хүн манайхаар ирэхээр нь би манай хонгор үрээ Б.Аийн үрээнүүд дунд байна уу гэсэн чинь Б.А тэр үрээг чинь зарчихсан бараг хот руу ачих гэж байгаа байх гэхээр нь би маргааш нь эхнэртэйгээ мал ачиж байгаа хүмүүсийг сурж яваад Говилуур гэдэг газар миний хонгор үрээг сумын төвд байдаг О гэдэг хүний том ачааны машинд ачаад авч явах гэж байхаар нь энэ чинь миний үрээ гээд буулгаж авсан хэн энэ үрээг өгсөн юм бэ гэсэн чинь Хайрхан багийн Б.А өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бгийн “...Тэгээд намар цас орчихсон байсан үед Хайрхан багийн С, Хаахай хоёр манайхаар ирэхээр нь манай хонгор үрээ байна уу гэж асуухад Б.А үрээг чинь авч яваад мал авч байгаа хүнд өгчихсөн гэхээр нь нөхөр бид хоёр Говилуур гэдэг газар Х гэдэг хүн мал авч байсан сураг сонсоод очсон чинь О гэдэг хүний том ачааны машин дээр манай хонгор үрээг ачсан байхаар нь буулгаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мын “...Л.Б ах өөрөө Б.Аийн үрээнүүд дээр очиж үзсэн чинь өөрийнх нь үрээ мөн байсан гэсэн Б.Аэд манай үрээ байна гэсэн чинь танай үрээ биш гэж хэлсэн гэсэн 88 тоо тамган дээр нь дараад чандмань тамга дарсан байна гэж гэртээ ирээд ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Сжавын”...Тэгээд Хүрэм багийн Л.Б гэдэг айлд ороод би өөрийнхөө адууг асуусан тэгсэн чинь надтай хамт явж байсан Хаахай Б.Аийн үрээнүүдтэй хамт явж байсан хонгор үрээг чинь Б.А хүнээр хөтлүүлээд Хүрэм баг руу явуулсан гэж хэлсэн. Тэгсэн Л.Б яаж байгаа юм болоо Б.Аийн дүү Шарка надад танай хонгор үрээ манай үрээнүүдтэй цуг явж байгаа гэж хэлсэн ш дээ гэж байсан. Тэгээд бид хоёр адуугаа ололгүй оройхон Л.Б эхнэртэйгээ  явж байхад таарахад нөгөө үрээгээ ачуулсан байхад нь буулгаж авлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Лгийн”...Тэгээд би Сжавтай цуг адуунд явах замдаа Л.Бийнд ороод Б.Аийн үрээнүүдтэй хамт байсан хонгор үрээг чинь өнөө өглөө Б.А хүнд хөтлүүлээд явуулчихсан гэсэн чинь юу ярьж байгаа үрээгээ олж авъяа гээд эхнэртэйгээ Нуурын хоолой гэдэг газар руу явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн”...Б гэдэг залуу эхнэртэйгээ мотоциклиор ирээд манай хавар алдсан үрээг ачсан байна гэхээр нь А гэдэг хүн өө тэгвэл наад адуугаа буулгаад ав гэхээр нь би ч гэсэн ийм асуудалтай мал ачихгүй буулгаж ав гэж хэлээд буулгасан. Л.Б ярихдаа хавар алдаад Хайрхан багийн Б.Аийн адуунд нийлсэн байхад харж байгаарай гэж үлдээсэн байсан өнөө өглөө хүн хэлэхээр нь ирж байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Б.Аийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Аийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аэд хорих ял оногдуулахгүй тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овогт Бийн Аийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг  мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Б.Аэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР