Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 183/2024/01447/И |
Дугаар | 210/МА2024/01689 |
Огноо | 2024-08-30 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01689
2024 08 30 210/МА2024/01689
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02636 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 4,891,942 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр *******ээс н.*******аагаар зуучлуулан 65,000,000 төгрөгөөр ******* /*******/ маркийн автомашиныг худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл *******, н.******* хоёр тухайн үед банкнаас зээл авахдаа уг машиныг барьцаанд тавьсан байсан. Ингээд *******, н.******* хоёр зээлийг хааж дуусгахаар болж би урьдчилгаа 35,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн. Уг зээлийг н.*******ын нэр дээр авсан гэдэг ба н.*******, ******* нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй.
1.2 Тэд зээлийг графикийн дагуу төлөөд 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох үед нь би хүү төлөхгүйгээр зээлийг хааж машиныг авахаар болсон. Гэтэл уг зээл 2023 оны 07 дугаар сард нэхэгдэж, 2023 оны 03 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй байсан. 2023 оны 08 дугаар сард надад машиныг зээлийн үлдэгдэлгүй авчирч өгөх байтал 2024 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжилсэн. Би зээлийн хүү төлөх үүрэг хүлээгээгүй. Энэ хоёр зээл бүрэн төлөөгүйгээс Голомт банк н.*******од холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, машин хураагдах болсон. Ингээд би 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр н.*******ын дансанд 46,641,942 төгрөг шилжүүлж, Голомт банкнаас н.*******ын зээлсэн мөнгөний өр төлбөрийг би төлж машинаа өөрийнхөө нэр дээр болгож авсан.
1.3 Иймд анх ******* рүү шилжүүлсэн 35,000,000 төгрөг дээр н.******* руу шилжүүлсэн 46,641,942 төгрөгийг нэмээд нийт 81,641,942 төгрөгөөр *******ийн өгсөн 10,250,000 төгрөгийг, н.*******ын төлсөн 1,500,000 төгрөг, мөн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 65,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4,891,942 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие 2022 оны 08 дугаар сард 13-67 дугаартай ******* /*******/ маркийн автомашиныг *******од 75,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед 35,000,000 төгрөг аваад машинаа хүлээлгэж өгсөн. 2024 оны 02 дугаар сард *******од 10,250,000 төгрөг өгсөн бөгөөд ******* машиныг Голомт банкнаас суллаж аваад унаад явж байгаа. Би өөрийн нэг жил унасан хугацааны хүүг *******ын унасан нэг жил гаруй хугацааны хүү зэргийг бүгдийг нь төлсөн тул одоо төлбөр тооцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 30,108,058 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 4,891,942 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* 35,000,000 төгрөг төлөх бус анх машин худалдаж авна гээд авч явсан н.*******аа төлөх үүрэг хүлээж амаар гэрээ хийсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр талуудын тайлбараар нотлогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хамааралгүй хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг дүгнэж, хариуцагчийн тайлбарыг нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь автомашинаа н.*******аад зараад машинаа өгч явуулсан ба нэхэмжлэгчийг танихгүй, уулзаж байгаагүй, тэдний хооронд ярилцаж тохирсон, амаар гэрээ хийсэн аливаа асуудал байгаагүй учир түүний өмнө үүрэг хүлээх үндэслэлгүй юм.
4.2 Шүүх нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагатай ямар холбогдолтой болох талаар заагаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Тухайлбал, Голомт банкны тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БГ1205194061 дугаар барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ВР21060602 дугаар автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашины мэдээлэл хүлээлцсэн акт, техник үйлчилгээний хуваарь зэрэг баримтууд нь Р.*******той холбоотой байх бөгөөд хэргийн оролцогч биш хүний болон банктай холбоотой гэрээний асуудлыг шүүх шийдвэрлээгүй байтал яаж холбогдож нотлох баримтаар үнэлсэн нь тодорхойгүй байна.
4.3 Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 02- ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч *******ийн шилжүүлсэн 10,250,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Голомт банкны мемориалын баримтаар Р.*******оос *******од шилжүүлсэн 1,500,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Голомт банкны мемориалын баримтаар Р.*******оос банкинд 46,641,942.16 төгрөг шилжүүлсэн баримтуудаар давхар нотлогдож байна.
4.4 Нэхэмжлэгч *******ын Р.*******ын банкинд төлөх 46,641,942.16 төгрөгийг төлсөн гэх тайлбар, хариуцагч *******тэй тохирсон гэх 65,000,000 төгрөг тус тус нотлох баримтаар нотлогдохгүй байхад хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь машины үндсэн эзэн нь ******* гэж тайлбарласан боловч Р.*******ын дансанд машины үлдэгдэл төлбөрт 46,641,942 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчид хамааралгүй байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн.
4.5 Хариуцагч ******* нь анх автомашинаа н.*******аад зарсан ба хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ амаар хийгээгүй, үүргийн харилцаанд ороогүй байхад нэхэмжлэгч ******* нь дамжуулан зарсан н.*******аатай асуудлаа шийдвэрлэх байтал огт хамааралгүй Р.*******ын *******т төлөх 30,000,000 төгрөгийн төлбөртэй холбож тайлбарлаж, хэргийн оролцогч биш З.*******ын зээлийн гэрээний үүргийг төлсөн мэтээр тайлбарлаж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байхад хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй байхад шүүх нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хальж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2, 118 дугаар зүйлийн 118.4, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийг тус тус зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн хэрэгт нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн ба үүнийг анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үнэн зөв дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч ******* нь татгалзлаа нотолж чаддаггүй бөгөөд энэ талаарх ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т хэргийг нотлох баримтын хүрээнд буюу шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн тайлбаруудаар нотлогдоно.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж *******ээс 4,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хохиролд тооцон банкинд төлсөн хүү 4,892,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, би өөрийн нэг жил унасан хугацааны хүү, *******ын унасан нэг жил гаруй хугацааны хүү зэргийг бүгдийг нь төлсөн тул одоо төлбөр тооцоо байхгүй гэж үгүйсгэн маргажээ.
3. Нэхэмжлэгч нь автомашиныг 65,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж, хариуцагч нь автомашиныг 75,000,000 төгрөгөөр худалдсан гэж тус тус тайлбар гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 10,250,000 төгрөгийг нэхэмжлэгч *******од буцаан шилжүүлсэн /хх 44/ байх тул тухайн автомашиныг 65,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
3.1 Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 15,000,000 төгрөгийг тус тус *******т шилжүүлсэн. /хх 10-11/ ******* нь Голомт банк ХК-д 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 46,641,942 төгрөгийг төлж, тухайн автомашиныг барьцаанаас сулласан үйл баримт тогтоогдсон байна. /хх 42/
4. Анхан шатны шүүх *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж 4,891,942 төгрөгийг гаргуулж *******од олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
5. Голомт банк ХК болон Р.******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1205194061 дугаартай Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Голомт банк ХК нь 51,200,000 төгрөгийг зээлдэгч Б.*******од жилийн 12 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон. Мөн өдрөө талууд барьцааны гэрээ байгуулж, арлын дугаартай, ******* /*******/ маркийн, улсын дугаартай автомашиныг 64,000,000 төгрөгөөр үнэлж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалсан байна. /хх 5-8/
5.1 Хэрэгт авагдсан баримтуудаар Р.******* нь тухайн автомашиныг ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан, мөн зээлийн болон барьцааны гэрээ Голомт банк ХК болон Р.******* нарын хооронд байгуулагдсан байх тул *******ээс зээлийн хүүд төлсөн мөнгийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, Р.*******ын зээлийг төлж хохирсон гэх 4,891,942 төгрөгийг *******ээс шаардах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******т холбогдох, 4,891,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН