Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/01747

 

 

    2024          09            11                                        210/МА2024/01747

 

 

Г.Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/03066 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ц гийн хариуцагч Ч.Ү ад холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Ү , хариуцагчийн өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Г.Ц нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо , *** дугаар хороолол /****/, Нарны зам гудамж *** байр, *** тоот хаягт байршилтай 127,47 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

1.2. 2023 оны 04 дүгээр сараас эхлэн миний өмчлөлийн дээрх орон сууцанд хариуцагч Ч.Ү хууль бусаар эзэмшин амьдарч эхэлсэн ба энэ хугацаанд удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлсээр өдийг хүрч, сүүлдээ бусадтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж хэлэх болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Ц д өмчлөх эрх үүссэн тул бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй. Иймд, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Ү ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаараа нэхэмжлэгч Г.Ц гийнх болох нь тодорхой байх тул үүнд маргахгүй.

2.2. Гэвч хариуцагч уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйлгүй тул орон сууцыг нэхэмжлэгчид албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, хариуцагч Ч.Ү нь эхнэр Л.О гийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э ХХК -аас худалдаж авахаар болж 177,000,000 төгрөгийг Э ХХК -ийн Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансанд, мөн 110,000,000 төгрөгт тооцож Баянзрүх дүүргийн ** дугаар хороо , 1** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, **а байрны ** тоот, 66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны эзэмшил, ашиглалтыг шилжүүлж, үлдэх төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Э ХХК нь Э ХХК -тай гэрээг дүгнээгүй маргаантай байгаа гэсэн. Хариуцагч нь гэр бүлийн хамт уг орон сууцанд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Г.Ц ирж уулзаж байгаагүй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ үнэн зөв гаргах, үйл баримтыг бүрэн тусгах үүрэгтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй.

2.3. Хариуцагчийн хувьд уг орон сууцны өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авахаар бусадтай хэлцэл хийсэн байгаа байдал, мөн хэлцлийн үндсэн дээр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан чөлөөлөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо , ** дугаар хороолол , Нарны зам гудамж, ***а байр *** тоот хаягт байршилтай, орон сууцыг хариуцагч Ч.Ү ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ү аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагад нийцээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл хариуцагч нь нэрлэн заасан хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тохиоддолд өмчлөгч хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Гэвч миний бие уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй тухай тайлбар гаргаж зохих баримтуудыг хэрэгт гарган өгсөн. Харин тодорхой хэлцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сараас эзэмшиж, ашиглаж байгаа шударга эзэмшигч бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтаа хэрэгт хавсаргасан.

4.1. Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсанд шүүх дүгнэлт хийлгүй, зөвхөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ түүний нэр дээр байгааг үндэслэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрээс харагдана.

4.2. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-т заасны дагуу шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргасан ба мөн татгалзлалын үндэслэл болж буй, өөрт байгаа, өөрөө олж авах боломжтой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн журмаар нэхэмжлэгчээс, мөн өөр бусад этгээдүүдээс татгалзлалын үндэслэл болж буй нотлох баримтаа гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн атлаа, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг миний өмгөөлөгч болох Б.Г т мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр, хариуцагчийн эрхийг хязгаарлаж шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна.

Түүнчлэн, шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, Э ХХК -ийн захирал Л.Э, Э ХХК -ийн захирал Э.Б нарыг гэрчээр асуусан бол хэргийн үйл баримт бодитоор тогтоогдох байсан боловч гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй, хэт нэг талыг баримталж, хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломж олгоогүй. Тухайлбал, хариуцагчийн өмгөөлөгчийн өмнө товлогдсон шүүх хуралдаан давхацсан учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүх ач холбогдолгүй зүйлээр шалтаглан хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч тал бүрэн хүрэлцэн очсон, нэхэмжпэгч тал ирээгүй байхад шүүх хуралдааныг албан бусаар хойшлуулж байсан болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хүчингүй болгож, эсхүл дахин шийдвэрүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгч нь хэрэгт ач холбогдолтой оролцоогүй Б.Г өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдаан хойшилсон. Үүнээс хойш Б.Г өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Шүүх хуралдааны тов мэдэгдэхтэй холбоотой хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа хөдөө ажилтай байсан гэдгээ хэлсэн. Мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэдэгт шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах хангалттай хугацаа байсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Хариуцагчийн зүгээс хариу тайлбарт маргаан бүхий өмчийн асуудал Г.Ц гийнх гэдэгт маргадаггүй. Э ХХК-тай байгуулсан гэрээний улмаас бид нар хууль бус эзэмшигч биш гэх агуулгаар тайлбар гаргадаг. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдээр тайлбарлуулан зохих нөхцөл байдлуудын хэлэлцэж нотлох баримтаар шинжлэн судалсан. Иймд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Ч.Ү ад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/10859 дугаар захирамжаар “хариуцагчийн татгалзлын ямар үндэслэлийг нотлох, хэрэгт ямар ач холбогдолтой, хариуцагч юу нотлохыг хүссэн нь тодорхойгүй” гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Хэдийгээр хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч 2018 онд маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон боловч шүүх тухайн асуудлыг буюу маргааны зүйл болж буй орон сууцны улсын бүртгэл дэх өмчлөгч нь хэн болохоос гадна хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаарх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Ү нь “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч мөн болохоо нотлох зорилгоор Э ХХК -аас худалдан авсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, хууль бусаар эзэмшээгүй” гэх байдлаа нотлохоор хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бүрдүүлэх үндэслэлд хамаарч байна.

5. Хариуцагч тал татгалзлаа нотлохоор хэрэгт гаргаж өгсөн баримтаас үзвэл Э ХХК , Э ХХК -ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байх ба Э ХХК нь Г.Ц гийн өмчлөлийн орон сууцыг ямар шалтгааны улмаас дээрх гэрээний ажлын хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсон, тэрээр тус компанитай  ямар хамааралтай эсэх болон хариуцагч Ч.Ү нь орон сууцыг чухам ямар үндэслэлээр хэнтэй тохиролцож эзэмшиж байгаа зэрэг үйл баримтыг тодруулсанаар талуудын маргаж байгаа хөрөнгийн эзэмшил хууль ёсны эсэх нь  тодорхой болох ач холбогдолтой юм.

Мөн Ч.Ү нь Э ХХК болон Г.Ц тай гэрээний эрх зүйн харилцаанд шууд ороогүй, харин Э ХХК-тай гэрээний харилцаанд орсон байхад анхан шатны шүүх зохигч талуудаас тухайн хоёр компанийн захирлуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх зүйн байдалтай оролцуулах талаархи хүсэл зоригийг тодруулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан үндэслэлд хамаарч байна.

6. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, түүнийг нотлох баримт хүргүүлсэн, хариуцагчийн өмгөөлөгчид хурлын тов мэдэгдээгүй байхад хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдол гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүх эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/03066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД                             Т.ГАНДИЙМАА

 

                                                 Д.ЦОГТСАЙХАН